| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2021/01547/И |
| Дугаар | 183/ШШ2021/01849 |
| Огноо | 2021-08-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2021/01849
2021 оны 08 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2021/01849 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо,00-00тоотод оршин суух, Д овогт Д.Г /РД:ЙГ00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 00 гудамж, 000 тоотод оршин суух, И.М овогт Ц.Д /РД:УХ00000000/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,270,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Ц.Д нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2020 оны 5 дугаар сарын 21 -ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчид 2,000,000 төгрөг, эгч Д.Б зээлүүлсэн 900,000 төгрөг, гэрээний үүргийн дагуу 2020 оны 7 дугаар сарын 01 -ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 27-ний өдрийг хүртэл 37 хоногийн алданги 370,000 төгрөг нийт 3,270,000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэжээ.
Хариуцагч Ц.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчээс 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөг аваагүй. Харин 900,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эгч Д.Б авсан нь үнэн. 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг өмнөх гэрээтэй уялдуулж хийсэн. Манай нөхөр 50,000,000 төгрөгийг Д.Гээс зээлж 92,000,000 төгрөг болгож төлөхөөр эвлэрсэн. Надад 2,000,000 төгрөгийг өгөх бодол байгаагүй яагаад гэвэл манай нөхөр 50,000,000 төгрөгийг зээлээд бид 90,000,000 төгрөг болгож төлсөн. Тухайн үед нэхэмжлэгч Д.Г 2,000,000 төгрөг дээр гэрээ хийнэ гэхээр нь би хийе гээд хийсэн. Бэр эгчийн нэр дээр манай амины орон сууц буюу хаус байсан. Тэгээд бэр эгчтэйгээ зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөг зээлсэн. Би нэхэмжлэлийн шаардлагаас 900,000 төгрөгийг эгчээс нь авсан тул эгчид нь төлөхийг зөвшөөрч байна. Харин үлдэгдэл 2,370,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би Д.Б авсан 900,000 төгрөгийг өөрт нь өгнө нэхэмжлэгчид өгөхгүй ...” гэв
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
Хариуцагч Ц.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөг, алданги 370,000 төгрөг, эгч Б зээлсэн 900,000 төгрөг нийт 3,270,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч би 2020.05.21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу бодитоор 2,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Д-д өгөөгүй. Өмнө надаас 50,000,000 төгрөгийг Ц.Д-гийн нөхөр зээлж аваад 92,000,000 төгрөг болгож өгөхөөр болж шүүхээр орж эвлэрлийн гэрээ байгуулж хэргээ шийдүүлсэн. Уг эвлэрлийн гэрээний дагуу надад 90,000,000 төгрөгийн төлсөн, үлдсэн 2,000,000 төгрөгийг төлөөгүй тул 2020.05.21-ний өдөр хариуцагч Ц.Д-тэй зээлийн гэрээ байгуулсан. Эгч Б мөнгийг нэг мөр хамтад нь шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан... ” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Д.Г-ээс өмнө зээлж байсан 50,000,000 төгрөгийг 90,000,000 төгрөг болгон манай нөхөр бид хоёр нэхэмжлэгчид төлсөн. 2020 оны 5 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу Д.Г надад бодитоор 2,000,000 төгрөг өгөөгүй тул төлөх үндэслэлгүй. Эгч Б нь 900,000 төгрөг авсан үнэн. Эгчээс нь авсан тул нэхэмжлэгчид төлөхгүй, уг мөнгийг эгчид төлнө ...” гэж маргажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 281.2-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Г 2,000,000 төгрөгийг хүүгүй, 2 сарын хугацаатай зээлэхээр 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Ц.Д-тэй Зээлийн гэрээ байгуулсан, талууд гэрээнд гарын үсэг зуржээ. /х.х-ийн 7 хуудас
Харин 2020.05.21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Г зээлийн гэрээний зүйл болох 2,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Д-д шилжүүлж өгөөгүй талаар хэн аль маргаагүй байна. Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч, гэрээний зүйл болох 2,000,000 төгрөгийг зээлдэгч Ц.Д-д шилжүүлээгүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна
Нэхэмжлэгч нь Д.Г нь эгчийнхээ зээлсэн 900,000 төгрөгийг түүний өмнөөс хариуцагч Ц.Д-гөөс нэхэмжилж байгаа гэж шүүхэд тайлбарлан 900,000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч эгч Бямбацогзол нь түүнд өөрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрхийг олгоогүй байх тул нэхэмжлэх эрхгүй этгээдийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна
Иймд хариуцагч Ц.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2 дах хэсэгт заасныг баримтлан Ц.Д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 67,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ