Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2021/01154

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        05         25                                       182/ШШ2021/01154

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХААБ ХХК-ын нэхэмжлэлтэй                                 

Хариуцагч: М ХХК-нд холбогдох  

          Гишүүнчлэлийн гэрээний үүрэгт 482,149,720 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т, Э.А, хариуцагч компанийн гүйцэтгэх захирал З.Э, түүний өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Бирж болон М ХХКнь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2003/0018 тоот Гишүүнчлэлийн гэрээ байгуулж, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн Б-н тухай хууль, Б-н үйл ажиллагааны ерөнхий журам, Гишүүнчлэлийн журам болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг үндэслэн ХААБийн Гишүүнчлэлийн журамд заасан эрхийн хүрээнд Биржээс зөвшөөрсөн үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой эрх үүргийг харилцан хүлээсэн билээ. Брокерийн компани нь харилцагчийн бараа, түүхий эдийг Б-н арилжаанд оруулсны үйлчилгээний хөлс болох арилжааны шимтгэл, хураамжийг дээр дурдсан Б-н хууль болон холбогдох дүрэм журам, гэрээнд заасны дагуу төлдөг. Б-н арилжааны шимтгэлийн хувь хэмжээг Төлөөлөн удирдах зөвлөл тогтоодог бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 5 дугаар тогтоолоор биржээр арилжиж буй угаасан ноолуураас 1 хувь, самнасан ноолуураас 0.2 хувийн шимтгэл авахаар тогтсон, бусад биржээр арилжиж буй бараа, түүхий эдийн арилжааны шимтгэл 0.3 хувь байдаг. Б-н байнгын гишүүн брокер болох М ХХКнь 2019 онд 129,665,400,000 төгрөгийн арилжаа хийсэн, нийт арилжааны шимтгэлийн дүн 1,047,397,099 төгрөг болсон байна. Тус компани нь энэхүү арилжааны шимтгэлийн төлбөрийг бүрэн төлөлгүй байсаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар өр төлбөр нь 739,597,099 төгрөгт хүрснийг талууд харилцан тохиролцон тооцооны үлдэгдлийн баталгааны хуудас болон 2019 оны шимтгэлийн тооцооны хуудсаар гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байдаг.

Гишүүнчлэлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “арилжааны шимтгэл” төлөх үүрэгтэй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дээр дурдсан хууль тогтоомж, дүрэм журам, Гишүүнчлэлийн гэрээний хэрэгжилтийг хангаж, энэхүү өр төлбөрийг төлүүлэх шаардах эрх Б-д үүсээд байна. Б-н зүгээс энэ өр төлбөр барагдуулах талаар удаа дараа уулзалт зохион байгуулж, тооцоо нийлсэн акт үйлдэж, өр төлбөрийг барагдуулах график гарган хугацаа өгч байсан бөгөөд МЭТУ ХХК-ийн зүгээс арилжааны шимтгэлийн төлбөрийг төлөхгүй гэж маргадаггүй боловч төлбөрийг төлөлгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Тиймээс Б-н холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон Гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/42 дугаар тушаалаар тус компанийн Гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлж, өр төлбөрийг барагдуулах хугацаа өгсөн боловч хэрэгжүүлээгүй тул дараагийн шатны арга хэмжээг авч, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/44 дүгээр тушаалаар тус компанийн Гишүүнчлэлийн эрхийг цуцлан Б-н клирингийн дансан дахь дэнчингийн 313,600,000 төгрөгийг албадан шилжүүлж авсан. Энэ талаар МЭТУ ХХК-нд зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн, төлбөрийг төлөх хугацаа олгосон боловч төлөөгүй учир дансанд нь байсан мөнгийг албадан шилжүүлж авсан байдаг. Ингээд үлдэгдэл төлбөрийг бид 405,394,492 төгрөг гэж тооцсон. Хэдийгээр гэрээнд алданги тохиролцоогүй боловч бид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу 313,600,000 төгрөгийг албадан суутгаж авсан 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцож 56,755,228 төгрөг авах ёстой гэж үзэж, нийт 462,149,720 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцооллын алдаанд 20,000,000 төгрөгийн зөрүү гаргаснаа мэдээд уг дүнгээр шаардлагаа нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл тооцоо нийлсэн төлбөр 739,597,099 төгрөгөөс албадан суутгасан 313,600,000 төгрөгийг хасаад 425,997,099 төгрөг, алданги 56,152,621 төгрөгийг нэмээд 482,149,720 төгрөг болсныг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ХААБийн арилжаанд оролцдог Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн арилжааны брокерийн компанийн үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийн зохицуулах хороо, ХААБтэй хамтарсан гэрээний дагуу арилжаанд орж буй ямааны түүхий ноолуур, хонины ноос, тэмээний ноосны арилжааны шимтгэл 1,1% -ийн шимтгэлийг харилцагч байгууллагаас нэхэмжлэн авч ХААБ болон санхүүгийн зохицуулах хорооны дансанд төвлөрүүлэн тушаадаг. М ХХКнь ХААБ-д 2018 оны 12-р сарын 31-нээр 342,196,719.22 төгрөгний арилжааны шимтгэлийн үлдэгдэл гарсан бөгөөд 2019 оны гэрээний дагуу арилжаанд оролцон ХААБид 1,047,397,099 төгрөгний шимтгэл төвлөрүүлэхээс 649,996,719 төгрөгний шимтгэлийг төвлөрүүлж 739,597,099 төгрөгний шимтгэлийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Энэ нь манай компаниар зуучлуулан арилжаанд оролцсон Хатант интернэйшл ХХК-ийн арилжааны шимтгэлийн өр юм. Тухайн үед Б-н арилжааны төлбөрийг долоо хоног бүр нэхэмжлэхийн дагуу төлдөг байсан. ХИХХК-ний арилжааг хийж эхэлснээс хойш уг байгууллагын арилжаатай холбоотой шимтгэлийн өр нэмэгдэж арилжаанд ороход хүндрэлтэй болж эхэлсэн. Тухайн үед ХАА Б-н захирал Х.Б болон ХИХХК-ийн захирал Д.Ням-Осортой хамт уулзаж арилжааны шимтгэлийн өр төлөх талаар ярихад Хатант интернэшл ХХК нь томоохон зээл аваад бүрэн төлж дуусах тул арилжаанд үргэлжлүүлэн орж байхыг хүссэн.

Иймд ХААБ-н захирлын зөвшөөрлийн дагуу манай компани ХИХХК-ны 2019 оны арилжааг саадгүй хийж Б-н тодорхойлолтыг гаргуулж өгсөн. Уг өр төлбөрийг удаа дараа төлөхийг шаардаж байгаа ч төлөхгүй удаж байна. Дээрх асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд ХААБирж, Санхүүгийн зохицуулах хороонд удаа дараа хандаж байсан ч дорвитой шийдвэр гараагүй өдийг хүрсэн. Мөн манай  компанийн дансанд орсон бусдын дэнчингийн мөнгийг албадан суутгаж, өрөөс хассаныг зөвшөөрөхгүй байгаа. Албадан суутгах талаар ирүүлсэн тушаал, албан бичгийг хүлээн авсан, тэр өр төлбөрийг ХИХХК төлөхийг хүлээсэн боловч төлөөгүй. Манай байгууллагын дансанд орж ирсэн 313,600,000 төгрөг өөр байгууллагын буюу ХЮРМХХК-ийн дэнчингийн мөнгө байсан, суутгаад авсан учир бид ч бас тэр байгууллагад өр төлбөртэй болоод явж байна. Мөн гишүүнчлэлийн гэрээнд ямар хувь хэмжээгээр арилжааны шимтгэл төлөх нь тодорхойгүй байна. Ер нь энэ өр ХААБ өөрөө ХИХХК-ийг өртэй байхад зөвшөөрч дахин арилжаанд оруулж энэ их өр төлбөрийг үүсгэсэн буруутай гэж үзэж байгаа. Харин гишүүнчлэлийн гэрээгээр алданги тохиролцсон зүйл байдаггүй, анзын гэрээг бичгээр хийх ёстой, тэгж байж алданги шаардах эрх үүсэх ёстой. Гэтэл гишүүнчлэлийн гэрээнд ямар нэгэн анз тохирсон зүйл байхгүй учир алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХААБ ХХК нь хариуцагч МЭТУ ХХК-нд холбогдуулж гишүүнчлэлийн гэрээний үүрэгт 482,149,720 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч М ХХКнь гишүүнчлэлийн гэрээний дагуу 2019 оны арилжааны шимтгэл төлөх үүргээ биелүүлэхгүй байх бөгөөд тооцоо нийлж үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрсөн, манай байгууллагын зүгээс төлүүлэх талаар удаа дараа шаардсан, гишүүнчлэлийн гэрээг цуцалж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авсан, мөн дансанд нь байсан 313,600,000 төгрөгийг албадан суутган авсан, энэ талаар ч хариуцагчид мэдэгдсэн, зохих ажиллагааг хийсэн боловч төлбөр төлөгдөхгүй манай байгууллагыг хохироож байгаа тул үлдэгдэл төлбөрийг, хуульд заасан алдангийн хамт нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх бөгөөд ХИХХК-ийн арилжааны шимтгэлийн өр төлбөр байгаа, энэ их өр үүсэхэд Бирж өөрөө буруутай, 7 хоног бүр өр төлбөрийг шалгаж, арилжаанд оруулдаг байтал ХИХХК-ийг өртэй байхад арилжаанд оруулахыг зөвшөөрсөн, арилжааны шимтгэлийг төлөх төлбөрийн талаар тооцоо нийлсэн нь үнэн, харин манай байгууллагын дансанд байсан өөр байгууллагын дэнчингийн мөнгийг албадан суутгаж авсныг зөвшөөрөхгүй, анзын гэрээг бичгээр хийгээгүй, гишүүнчлэлийн гэрээнд анз тохиролцоогүй учир алданги төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч ХААБ ХХК нь Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн Б-н тухай хуулийн 4, 5 дугаар зүйлд зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн Б-н арилжааг тогтсон журмын дагуу зохион байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндсэн чиг үүрэгтэй ажилладаг байх бөгөөд хариуцагч М ХХКнь Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн Б-н тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.5, 10 дугаар зүйлийн 10.2, 10.4-т зааснаар 2013.03.13-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан, Б-н арилжаанд оролцогч, арилжааны зуучлагч /брокер/, Б-н байнгын гишүүн байна.   

 

Нэхэмжлэгч ХААБ ХХК нь хуулийн дээрх зохицуулалт, чиг үүргийн дагуу 2015.06.25-ны өдөр өөрийн байгууллагын үйл ажиллагааны ерөнхий журам, 2017.02.08-ны өдөр төлбөр тооцооны журам, 2016.04.06-ны өдөр хяналтын журам, 2016.04.06-ны өдөр гишүүнчлэлийн журмыг батлан мөрдүүлсэн байх бөгөөд гишүүнчлэлийн журамд зааснаар зохигчид жил бүр гишүүнчлэлийн гэрээ байгуулдаг, энэ хүрээнд 2019.01.04, 2020.01.10-ны өдрүүдэд гишүүнчлэлийн гэрээг тус бүр 1 жилийн хугацаатай байгуулсан, гэрээнүүдийн утга агуулга хоорондоо адилхан байна.

 

Энэхүү гэрээнүүдээр М ХХКнь гишүүнчлэлийн, арилжааны эрхийг Биржээс зөвшөөрсөн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж, Б-н арилжаанд саадгүй оролцох, Биржээс тодруулга, мэдээлэл авах, санал, хүсэлт гаргах, Б-н баталсан дүрэм, журамтай танилцах, харилцагчийн болон өөрийн оруулсан аливаа захиалгын үнэн зөв байдлыг хангах, харилцагчийн арилжааны данс нээх, захиалгыг арилжааны программд шивж оруулах, захиалга өөрчлөх бүр харгалзах маягтад заасан мэдээллийг Б-н программд үнэн зөвөөр бүртгэх зэрэг эрхийг хэрэгжүүлж, үүргийг хүлээх,

ХААБ ХХК нь компанийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, холбогдох хууль тогтоомж зөрчих, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд зохих арга хэмжээ авах, системийн үйл ажиллагааны горимд шаардлагатай өөрчлөлт, шинэчлэлт хийх, үйл ажиллагаа явуулах эрх олгох, арилжаа зохион байгуулах, арилжаанд оролцох боломжийг хангах, үйлчилгээний хөлс, шимтгэл, хураамжийг холбогдох дүрэм, журмын дагуу нэхэмжлэх зэрэг эрхийг хэрэгжүүлж, үүргийг хүлээхээр тохиролцсон байна.   

 

Зохигчдын тохиролцоо, гэрээнүүдийн агуулга, зохицуулалтыг үзвэл, тэдний хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн, нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ гэрээнд үүргийн тухай нийтлэг үндэслэл нэгэн адил хамаарна.

 

Нэхэмжлэгч ХААБ ХХК-ийн үйл ажиллагааны ерөнхий журмын 2 дугаар зүйлийн 2.7-д зааснаар гишүүнчлэлийн хураамж, арилжааны шимтгэл, төлбөр тооцооны шимтгэлийн хэмжээг ТУЗ тогтоохоор байх ба, ТУЗ нь энэхүү эрх хэмжээнийхээ хүрээнд 2018.06.29-ний өдрийн тогтоолоор Б-н арилжааны шимтгэл, хураамжийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай 2015.06.25-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралын хоёрдугаар хэсгийн “арилжааны шимтгэл” хэсэгт өөрчлөлт оруулж, угаасан ноолуураас авах талын шимтгэл 0,8%, зарах талын шимтгэл 0,2%-ийн болохыг тогтоожээ.

 

Ийнхүү хариуцагч М ХХКнь 2019 онд ХИХХК-ийн угаасан ноолуурыг Биржээр дамжуулан арилжиж, 2019.01.01-ний өдрөөс 2019.12.31-ний өдрийг хүртэл 129,665,400,000 төгрөгийн арилжааг хийж, 1,047,397,099 төгрөгийн шимтгэл төлөх байснаас 649,996,719 төгрөгийн шимтгэлийг төлж, үлдэгдэл 739,597,099 төгрөгийн шимтгэлийг төлөөгүй, уг үнийн дүнгийн талаар зохигчид тооцоо нийлж акт үйлдэн, хариуцагч МЭТУ ХХК-ийг төлөөлж захирал З.Эрдэнэхуяг, нэхэмжлэгчийг төлөөлж нягтлан бодогч Д.Батцэцэг нар тус тус гарын үсэг зурж, актыг баталгаажуулсан.

 

Төлбөр тооцооны журмын 5 дугаар зүйлд шимтгэлийн гүйлгээний талаар зохицуулсан байх бөгөөд 5.1-т зааснаар байнгын гишүүний хүсэлт, эсвэл гишүүний гэрээнд заасны дагуу түүний зуулчлалын шимтгэлийг харилцагчдаас нэхэмжилж, төлбөр тооцооны дансанд төвлөрүүлэх, 5.1.2-т зааснаар байнгын гишүүний зуучлалын шимтгэлийг 7 хоног бүрээр хуримтлуулж, тухайн 7 хоногт харгалзах шимтгэлийн нийт дүнг уг 7 хоногийн сүүлийн ажлын өдрийн 17 цагаас өмнө  дансанд шилжүүлж болохоор байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ХААБ ХХК нь төлбөр тооцооны журмын 5 дугаар зүйлд зааснаар хариуцагч МЭТУ ХХК-ийн 2019 оны угаасан ноолуурын арилжааны шимтгэлийг тухай бүрт нь нэхэмжлэн авч байсан бол их хэмжээний шимтгэлийн өр төлбөр үүсэхгүй байсан гэж үзэх бөгөөд энэ талаар хариуцагч талын гаргасан “ХИХХК, Бирж, манай байгууллагын гурвалсан уулзалт болж байсан, Бирж уг арилжаа ХИХХК-ийн өр болохыг мэдэж байсан, тийм учраас бид энэ байгууллагын өмнөөс дахин арилжаанд орохгүй гэдгээ Б-д мэдэгдсэн боловч Б-н зүгээс арилжаанд оруулчих, удахгүй энэ байгууллага зээл аваад төлбөрийг төлчихнө гэсэн шийдэлд хүрч өнөөдрийн өр үүссэн” гэх тайлбар бодит байдалд нийцэж байна гэж шүүх үзсэн, өр төлбөрийн хэмжээ ихсэхэд нэхэмжлэгч ХААБ ХХК-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Гэсэн хэдий ч хариуцагч М ХХКнь 2019.01.04-ний өдрийн 1903/0018 дугаар гишүүнчлэлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХААБ ХХК-ийн ТУЗ-аас тогтоосон хэмжээний дагуу түүнд арилжааны шимтгэл төлөх үүрэг хүлээсэн, энэ үүргийнхээ хүрээнд дээрх арилжааны шимтгэлийг зохих хэмжээнд төлж байсан, үлдэгдэл болох 739,597,099 төгрөгийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч ХААБ ХХК-иас төлбөр төлөхийг удаа дараа шаардаж, 2020.04.03-ны өдөр 11 дугаартай, 2020.05.08-ны өдөр 0002/19 дугаартай албан бичгүүдийг хүргүүлж, төлбөр төлөхийг, төлөөгүй тохиолдолд гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлэх, улмаар гишүүнчлэлийн гэрээг цуцлах арга хэмжээ авахыг хариуцагч МЭТУ ХХК-нд мэдэгдсэн, уг албан бичгүүдийг хүлээн авсан талаар хариуцагч М ХХКмаргаагүй, харин төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй байна. 

 

Тиймээс нэхэмжлэгч ХААБ ХХК нь Б-н үйл ажиллагааны ерөнхий журмын 10 дугаар зүйлийн 10.3, Төлбөр тооцооны журмын 3 дугаар зүйлийн 3.4, 3.4.2, гишүүнчлэлийн журмын 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, гишүүнчлэлийн гэрээнүүдийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д зааснаар гүйцэтгэх захирлын 2020.09.18-ны өдрийн А/42 дугаар тушаалаар хариуцагч МЭТУ ХХК-ийн гишүүнчлэлийн болон арилжааны эрхийг 2020.09.18-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай түдгэлзүүлсэн, 2020.10.07-ны өдрийн А/44 дугаар тушаалаар 2020.10.05-ны өдрөөс эхлэн гишүүнчлэлийн гэрээ, гишүүнчлэлийн болон арилжааны эрхийг цуцалж, МЭТУ ХХК-ийн клирингийн дансанд байршуулсан дэнчингийн 313,600,000 төгрөгийг Б-н ХААН банкны 5131004545 тоот дансанд шилжүүлэн авчээ.

 

Дээр дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, ХААБ ХХК-ийн үйл ажиллагааны ерөнхий журам, төлбөр тооцооны журам, хяналтын журам, гишүүнчлэлийн журам, 2019, 2020 оны гишүүнчлэлийн гэрээнүүд, 2018.06.29-ний өдрийн ТУЗ-ын тогтоол, албан бичгүүд, 2020.09.18-ны өдрийн А/42 дугаар гүйцэтгэх захирлын тушаал, 2020.10.07-ны өдрийн А/44 дугаар гүйцэтгэх захирлын тушаал, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2019 оны шимтгэлийн тооцоо, ХААБ ХХК-ийн харилцагчийн гүйлгээний хуулгууд, МЭТУ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ХААБ ХХК-ийн Голомт банкны дансны хуулга, Голомт банкны цахим гүйлгээний баримт зэргээр тогтоогдсон.

 

Хариуцагч М ХХКнь 2019, 2020 оны гишүүнчлэлийн гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар арилжааны шимтгэлийг нэхэмжлэгч ХААБ ХХК-нд төлөх үүрэгтэй байх бөгөөд уг үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд, зохих ёсоор, шударгаар биелүүлэх байтал биелүүлээгүй тул нэхэмжлэгч ХААБ ХХК нь гэрээнүүдийн 6 дугаар зүйлийн 6.2.9-д зааснаар шимтгэл төлөхийг хариуцагч МЭТУ ХХК-иас шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч М ХХКнь 2019 онд угаасан ноолуурыг Биржээр дамжуулан арилжсан арилжааны шимтгэлийн үлдэгдэл 739,597,099 төгрөгөөс нэхэмжлэгч ХААБ ХХК-ийн 2020.09.17-ны өдөр албадан суутган авсан 313,600,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 425,997,099 төгрөгийг төлөх үүрэгтэй, харин алданги болох 56,152,621 төгрөгийг төлөх үүрэггүй болно.

 

Учир нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д зааснаар анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг байх бөгөөд хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6-д зааснаар анзын гэрээг бичгээр байгуулж, хуульд заасан хувь хэмжээний дотор алдангийн хэмжээг тохиролцох ёстой байтал зохигчдын хооронд байгуулагдсан гишүүнчлэлийн гэрээнүүдэд ямар нэгэн анзын тохиролцоо байхгүй байна.

 

Тиймээс хариуцагч талын гаргасан “ХИХХК-ийн арилжааны шимтгэлийг бид хариуцахгүй, мөн өөр байгууллагын дэнчингийн мөнгийг албадан суутган авсныг зөвшөөрөхгүй” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй, үндэслэл болгосон 2019 оны ХИХХК-ийн Б-н арилжаанд орсон жагсаалт, тооцоо гэсэн баримт, ХААБ-ээр арилжигдсан бараа, түүхий эдийн тодорхойлолтууд, МЭТУ ХХК-иас ХИХХК-нд хүргүүлж байсан 2020.11.02, 2021.01.11-ний өдрийн албан бичгүүд нь хуулбар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй, шаардлага хангаж өгөхийг шүүхээс удаа дараа сануулсаар байхад хүлээж аваагүй, уг баримтууд нь татгалзлын үндэслэлийг нотолсонгүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч М ХХКнь ХИХХК-ийн өмнөөс өөрийн нэрээр нэгэнт Б-н арилжаанд оролцсон, Б-н өмнө хүлээсэн шимтгэл төлөх үүрэгтэй, ХААБ ХХК болон МЭТУ ХХК-ийн хооронд байгуулагдсан гишүүнчлэлийн гэрээний үүрэгт ХИХХК ямар ч хамааралгүй, хариуцагч М ХХКнь ХИХХК-тай холбоотой гэрээний асуудлыг тусад нь шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Мөн хариуцагч М ХХКнь манай компанийн нэр дээр ХЮРМХХК-ийн дэнчингийн 293,600,000 төгрөг байршиж байсныг албадан суутган авсан гэж 2020.09.17-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримтыг үндэслэж байх боловч нэхэмжлэгч ХААБ ХХК-иас арилжааны шимтгэлийн төлбөрийн үлдэгдлийг төлүүлэх талаар шат дараалсан арга хэмжээ авахдаа хариуцагч МЭТУ ХХК-ийн дандсан дахь нийт 313,600,000 төгрөгийг зохих журмын дагуу албадан суутган авсныг хариуцагч М ХХКтухайн үедээ мэдсэн талаар дээр нэгэнт дүгнэсэн, бусдын мөнгийг өөрийнх нь өр төлбөрт суутган авсныг мэдсээр байж ямар нэгэн гомдол гаргаагүй, энэ талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул энэхүү тайлбар, татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч МЭТУ ХХК-иас 425,997,099 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 56,152,621 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

 

Нэхэмжлэгч ХААБ ХХК нь 462,149,720 төгрөгийн шаардлагад тэмдэгтийн хураамжид 2,468,698 төгрөг төлөх байтал 2,481,043 төгрөг буюу илүү 12,345 төгрөг, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох 20,000,000 төгрөгийн тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг төлөх байтал 259,239 төгрөг буюу илүү 1289 төгрөг төлсөн байх тул түүний илүү төлсөн нийт 13,634 /12,345+1289/ төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч ХААБ ХХК-нд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар зохигчид хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллын талаар харилцан тохиролцсон тул хэргийг тус шүүхэд эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар хариуцагч МЭТУ ХХК-иас 425,997,099 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 56,152,621 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч ХААБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 2,740,282 /2,481,043+259,239/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 13,634 төгрөгийг буцааж, хариуцагч МЭТУ ХХК-иас 2,287,935 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААБ ХХК-нд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Т.ЭНХТУЯА