Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1951

 

 

И.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/02513 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч И.Г-ын нэхэмжлэлтэй,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч И.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1985 онд цэргийн алба хааж, 1985 оны 7 сард АШҮН-ийн Савхин Гутлын үйлдвэрт дагалдангаар орж ажилласан. Тус үйлдвэрийн 143 дугаар тасагт хуваарилагдан ганц хадаас хийж байгаад 1 сар хүрэлгүй ажиллаад ул тавилгын дамжлага дээр гутлын ул наагчаар 15 жил ажиллаж ирсэн. Тухайн үед Хөдөлмөрийн дэвтэр дээр хийж байсан дамжлагыг бичдэггүй, гуталчин гэж бүх ажилчдын хөдөлмөрийн дэвтэрт бичсэн байдаг. Гутал үйлдвэрлэхэд маш олон дамжлага дамждаг байсан. Гутлын үйлдвэр нь 1992 оноос Гутал ХК гэж нэр нь өөрчлөгдсөн боловч ажилчид бүгдээрээ хийдэг ажлаа хийж байгаад зах зээлийн хямралаас болоод цаашид үйлдвэр ажиллах боломжгүй болж 1998 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгоод чөлөөлөгдсөн. Гутал ХК нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхийг мэдэхгүй, энэ талаарх баримт байхгүй. Иймд намайг 1985 оны 7 дугаар сарын 23-наас 1992 оныг хүртэл Гутлын үйлдвэрт, 1992-1999 он хүртэл Гутал ХК-д тус тус гуталчин, гутлын ул наагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү ...гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И.Г-ын АШҮН-ийн Гутлын үйлдвэрт 1985 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оныг хүртэл, Гутал ХК-д 1992 оноос 1998 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус гуталчин, гутлын ул наагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Гутал ХК-д 1998 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 он хүртэлх хугацаанд гуталчин, гутлын ул наагчаар ажиллаж байсныг тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би 1985-1999 он хүртэл тасралтгүй савхин гутлын үйлдвэрт гутлын ул наагчаар 15  жил ажилласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаас “...тус тус гуталчин...” гэснийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч И.Г нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан, өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон гэж тодорхойлжээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч И.Г нь АШҮН-ийн Гутлын үйлдвэрт 1985 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 он хүртэл, Гутал ХХК-д 1992 оноос 1998 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гутлын ул наагчаар ажиллаж байсан болох нь гэрч О.Алтанцэцэг, Ч.Эрдэнэбэлэг нарын мэдүүлэг болон 1986 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Гутлын үйлдвэрээс И.Гд хөдөлмөрийн дэвтэр олгосон тухай тодорхойлолт, Монголын үйлдвэрчний эвлэлийн 1980 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 067001 дугаартай гишүүний батлах, АШҮН-ийн Гутлын үйлдвэрийн даргын 1985 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 260 дугаартай ажилд авах тушаал, түүний хавсралт, Гутлын үйлдвэрээс И.Гд 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон 620 дугаартай мэргэжлийн үнэмлэх, Үйлдвэр худалдааны “Гутал” ХК-иас И.Гд 1993 оны 12 дугаар сарын 06-ны өдөр олгосон 640 дугаартай үнэмлэх, Үйлдвэр худалдааны “Гутал” ХК-ийн гүйцэтгэх захирлын 1999 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5/54 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал, түүний хавсралт, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын газрын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байгууллагын нэр өөрчлөгдсөн талаарх лавлагаа, хамт олонтойгоо авахуулж байсан фото зургууд зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч И.Г-ын АШҮН-ийн Гутлын үйлдвэрт 1985 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оныг хүртэл, “Гутал” ХК-д 1992 оноос 1998 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гутлын ул наагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, “Гутал” ХК-д 1998 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 он хүртэл хугацаанд гуталчин, гутлын ул наагчаар ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд зөв дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, хүнд хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тул гутлын ул наагчаар тогтоолгох асуудлаар шаардлага гаргасан байхад гуталчинаар давхар тогтоосон нь буруу болжээ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч И.Г “Гутал” ХК-д 1998 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 он хүртэл ажиллаж байсан талаарх бичгийн баримт хэрэгт авагдаагүй тул И.Г-ын “Гутал” ХК-д 1998 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 он хүртэл хугацаанд гуталчин, гутлын уг наагчаар ажиллаж байсан гэж үзэхгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

  

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/02513 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...тус тус гуталчин...” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Г-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР    

           

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ