Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2024/00244

 

 

М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 133/ШШ2024/00171 дүгээр шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 215/МА2024/00012 дугаар магадлалтай,

М-ийн нэхэмжлэлтэй,

Л, Я, С, М, Д нарт холбогдох

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 40,762,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б болон хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р , Э , хариуцагч Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч М-ийн өмгөөлөгч Г , хариуцагч С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д , хариуцагч Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. М - нь Л, Я, С, М, Д нарт холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 40,762,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч,  маргажээ.

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 133/ШШ2024/00171 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Л, М, Я, С, Д тус бүрээс нь 6,120,619 төгрөг буюу нийт 30,603,099 төгрөгийг гаргуулан “Т ” ХК дахь ...  тоот дансанд оруулж, нэхэмжлэгч М-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч Л, М, Я, С, Д нараас 10,159,381 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч М - нь хариуцагч Л, М, Я, С, Д нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Л, М, Я, С, Д тус бүрээс нь улсын тэмдэгтийн хураамжид 62,193 төгрөг буюу нийт 310,965 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 215/МА2024/00012 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 133/ШШ2024/00171 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л, Я нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч М-ийн өмгөөлөгч Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Лын итгэмжлэгдсэн төлөөлөгч Бын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.17-ны өдрийн 133/ШШ2024/00171 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.02-ны өдрийн 215/MA2024/00012 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хамтын шийдвэр буюу эрх зүйн шинэ ойлголтод хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдлыг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх “хариуцагч Л, Я, С, М, Д нарын саналын дагуу 5 төлөөлөгч өгсөн болох нь бусад төлөөлөгчдийн болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байна” гэсэн дүгнэлт хийсэн нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид хамтын шийдвэр гаргахад оролцож “санал” өгснийхөө төлөө хариуцлага хүлээхээр байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, арван зургаадугаар зүйлийн 9 дэх хэсгийг тус тус зөрчиж байгаа бөгөөд хамтын шийдвэрийн төлөө хэн, эсхүл бүгдээрээ, эсхүл нэг хэсэг нь хэрхэн хариуцлага хүлээх талаар хууль гараагүй, хууль хэрэглээний тухай Улсын дээд шүүхээс хараахан тогтоол, тайлбар гараагүй байна. Тийм учраас “эрх зүйн шинэ ойлголт” гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхийн “бусад төлөөлөгчдийн тайлбараар нотлогдож байна” гэсэн боловч бусад төлөөлөгч нар энэ хэрэгт оролцож тайлбар мэдүүлэг өгөөгүй байна. Үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “буруутай” албан тушаалтан гэж ганц тоон дээр бичиж хуульчилсан. Хамтын шийдвэрийг ч энэ хуулийг хэрэглэж шийдэж болно гэж заагаагүй байна. А ийг ажлаас чөлөөлсөн Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019.01.10-ны өдрийн 02 дугаартай тогтоолыг тэргүүлэгч Л, Ш , М , Я, С, Ж , М, Ж , Д, А нарын 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр олонхоор шийдсэн хамтын шийдвэр байгаа. Тэргүүлэгч нар бүрэн эрхийн хүрээнд өгсөн саналынхаа төлөө хамтын шийдвэрийн өмнөөс хариуцлага хүлээх, мөнгө төлөх боломжгүй, хууль байхгүй. Анхан шатны шүүх “тэмдэглэлд А ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн болон дэмжихээс татгалзсан тэргүүлэгчдийн нэрсийг тусгайлан заагаагүй, хэн, ямар санал өгсөн болох нь  тусгагдаагүй байна” гэсэн дүгнэлтийг хийсэн нь эргэлзээ төрүүлж байна. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022.06.16-ны өдөр 215/МА2022/00020 дугаартай магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр хуулийн хучин төгөлдөр болсон. Энэ хэргийн нэхэмжлэгч нь Төрийн албаны -, хариуцагч нь иргэн Л байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт: “нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр болсон, хэргийг хэрэгсэхгүй болгосон” шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байна. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023.08.03-ны өдөр 133/ШТ2023/00031 дугаартай тогтоол гаргаж, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй иргэн Л, Ш , М , Я, С, Ж , М, Ж , Д, А  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-г буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ хуульд “... этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол...” гэж заасан байхад энэ буруутай үйлдлийг тогтоосонгүй, дүгнэлт хийсэнгүй. Тэргүүлэгч санал өгсөн нь буруутай үйлдэл биш гэж үзнэ. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээж төлнө” гэж заасан ба А  ажилдаа эргэж ороогүй. Ажлын байр нь бэлэн байсан. Анхан шатны шүүх энэ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагч Мийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.17-ны өдрийн 133/ШШ2024/00171 шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.07.02-ны өдрийн 215/МА2024/00012 магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг цаг алдалгүй биелүүлж, захиргааны актын улмаас учирсан хохирол өсөн нэмэгдэхгүй байхад чиглэсэн тодорхой үйлдэл хийсэн /асуудал хэлэлцүүлэхгүйгээр санал гаргасан/ гэх байдлаа нотлоогүй” гэжээ. Нэгэнт Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.20-ны өдрийн шийдвэрээр А ийг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, 5,562,856 төгрөгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шууд биелүүлэх асуудал л Ажлын алба дээр яригдана. Ажилд нь эгүүлэн авах үүргийг Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанд олгосон байдаг. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Санал тэнцсэн боловч дэмжсэн санал өгсөн үйл баримтыг төрд санаатай шууд хохирол учруулсан гэж үзэхээр байна” гэжээ. Гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондох шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруутай байх гэж үздэг. Тухайлбал:

1) Хууль бус үйлдэл: Хууль тогтоомжийг зөрчсөн байхаас гадна нийгмийн зан суртахуун, ёс зүйг зөрчсөн байхыг хамаарна.

2) Санаатай үйлдэл: Өөрийн үйлдлийн үр дагаврыг сайн мэдэж байх төдийгүй уг үр дагаврыг бий болгохыг хүсэж хийсэн байх

3) Болгоомжгүй үйлдэл: Өөрийн үйлдлийн үр дагаврыг урьдаас мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан эсхүл үүнээс зайлсхийх боломжийг ашиглаагүй, хөнгөмсгөөр хандсанаар бусдын эрхэнд халдсан.

Анхан шатны шүүх Мийн санаатай үйлдэл гэж дүгнэсэн. Харин Хурлын дарга нь нэг асуудалд давхар хоёр дэмжсэн санал өгсөн байдаг. Түүний шууд санаатай үйлдэл бөгөөд чөлөөлөх асуудлыг оруулж ирсэн, санал хураалгасан, санал тэнцчихээд байхад дахин санал өгөх замаар чөлөөлсөн, тогтоолд тэргүүлэгчдээс санал авч шийдвэрлэхгүйгээр дур мэдэн гаргасан гэх идэвхтэй, санаатай, хүсэж үйлдсэн үйлдэл байдаг. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.6-д зааснаар Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын томилуулах саналыг тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” эрхийг хэрэгжүүлсэн байдаг юм. Мөн шүүхийн тухай бүрийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гэж эсрэг, идэвхтэй ямар нэгэн үйлдэл гараагүй юм. Мөн урьдчилан тайлбар авах, санал хүсэлтийг нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулах эрх нь Хурлын даргад байдаг бөгөөд Хурлын даргын гүйцэтгээгүй үүргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхгүй тэргүүлэгчид гүйцэтгэх боломжгүй бөгөөд уг үндэслэлээр гэм бурууг үүрүүлж болохгүй юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгийн 23-т “... Дээрх нэр бүхий төлөөлөгч нар буюу хариуцагч нар А ийг ажлаас чөлөөлөхөөр санал гаргасны улмаас А ийг ажлаас чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасан” гэж дүгнэсэн. М нь А ийг ажлаас чөлөөлөх саналыг тэргүүлэгчдийн хуралд оруулж ирээгүй, Хурлын даргын хэлэлцүүлэхээр санал болгосныг тэргүүлэгчид хэлэлцээд санал өгсөн нь тэнцсэн, Хурлын даргын санал өгсөн талд шийдвэр гарсан. Шүүх энэхүү үйл байдлыг буруу дүгнэж шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Мийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална” гэж зааснаар санал өгч, таслах эрхтэй оролцдог. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.1, 22.1.2 болон 22.1.3 дах заалт “Тэргүүлэгчид, хороо, түр хороо, төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангах”, мөн хуулийн 22.1.4 дах заалтаар “эрх бүхий этгээдээс Хуралд тэргүүлэгчээр хэлэлцүүлэхээр тавьсан санал хүлээн авах, гаргах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдааныг хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах” үүрэгтэй. Энэ нь хурлын бэлтгэл ажлыг хангах, шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг нь Хурлын даргад хуулиар тусгайлан олгосон байдаг. Хэлэлцэх асуудал нь хууль ёсны байх байдлыг хангах нь Хурлын даргын үүрэг бөгөөд оруулж ирсэн асуудалд тэргүүлэгчид санал өгдөг дэгтэй юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгийн 24-т “... М нарын хууль бус шийдвэрийн улмаас ... төрд учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй. М нарын АИТХурлын тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаанд хамаарах 6,120,619 төгрөгийг хариуцагч тус бүрээр гаргуулах” гэжээ. Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд холбогдуулан шүүхээс дараах шийдвэрийг гаргасан байдаг. Үүнд:

1) Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.20-ны өдрийн шийдвэрээр 5,562,856 төгрөгийг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас гаргуулах,

2) Говь-Алтай аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.27-ны шийдвэрээр 16,359,626 төгрөг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас гаргуулах,

3) Говь-Алтай аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.17-ны шийдвэрээр 21,033,805 төгрөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас гаргуулах,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу тухай бүрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй этгээд болох Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба биелүүлээгүй. Хэрэв анхны шийдвэрийг биелүүлээд аваад явсан бол үр дагавар нь 42,956,285 төгрөг болтлоо ихсэж явахгүй байсан. Гэтэл Говь-Алтай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүйгээс болж анх шийдвэр гаргахад санал өгсөн тэргүүлэгчдээс хохирлыг гаргуулж байгаа нь үндэслэлгүй юм. Шалтгаант холбоо нь Ажлын албаны буруутай үйлдлээс болж үүсэх хохирлыг яагаад тэргүүлэгч төлөх ёстой гэж. Шийдвэрийг биелүүлээгүй буруутай этгээд болох нь Говь-Алтай Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба юм. М нарын А ийг чөлөөлсөн шийдвэр хууль бус юм бол шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 5,562,856 төгрөгийг таван тэргүүлэгчид хувааж 1,112,571 төгрөгийг төлнө. Харин уг шүүхийн шийдвэрийг билүүлээгүйгээс болж ихэссэн дүнг Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба хариуцах нь шударга ёсонд нийцнэ. Учир нь Говь-Алтай аймаг дах сум дундын иргэний хэргийн шүүхийн 2021.08.17-ны өдрийн шийдвэр 21,033,805 төгрөгийг сайн дураараа биелүүлэх Эвлэрлийн гэрээг Төлөөлөгчдийн хурлын Ажлын алба хийж төлбөрийг төлсөн байдаг. М нь 5,562,856 төгрөгийг 40 сая төгрөг болгох хууль бус шийдвэр, буруутай үйл ажиллагаа явуулаагүй юм. Анхан болон давж заалдах шатны шүүх холбогдох шийдвэр, магадлал нь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор үнэлээгүй, маргаанд тодруулбал нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нарын татгалзалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, гэм буруутай үйлдлийн эзэн холбогдогчийг зөв тогтоохгүйгээр бүхэлд нь хавтгайруулан тогтоосон, төрд учирсан хохирлын хариуцвал зохих этгээд, мөнгөн дүнг оновчтой гаргаж чадаагүй, бодит байдлыг шийдвэрээрээ үгүйсгэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан тул шүүхийн шийдвэр, магадлалыг хянаж өгнө үү” гэжээ.

6. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.10.24-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2024/01161 тогтоолоор хариуцагч Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгч М - /цаашид М  гэх/ нь хариуцагч Л, Я, С, М, Д нарт холбогдуулан төрийн албан хаагчийг ажлаас халсан хууль бус шийдвэр гаргаж, төрд хохирол учруулсан гэсэн үндэслэлээр 40,762,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019.01.10-ны өдрийн хуралдааны тогтоолоор ... ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А ийг төрийн албанаас халсан. А Захиргааны хэргийн шүүхэд хандаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаснаар 2021-2022.04.04 хүртэл хугацаанд нийт 40,726,481 төгрөгийг А д олгосон. ... ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэр нь хамтын зарчмын үндсэн дээр гаргасан шийдвэр бөгөөд буруутай шийдвэр гаргасан нэр бүхий хурлын Тэргүүлэгчдээс төрд учирсан хохирлыг гаргуулна” гэжээ.

Хариуцагч Л, Я, С, М, Д нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, “ ...төрд хохирол учруулсан санаатай болон илтэд болгоомжгүй үйлдэл гаргаагүй, Тэргүүлэгчийн хувьд санал өгснийг санаатай үйлдэл гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, ...А  нь төрийн захиргааны албан хаагч биш байсан, ...энэ асуудлаар урьд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байхад дахин хохирол нэхэмжилж байгаа нь хууль бус, нэхэмжлэгчийг төлөөлөхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, ...тухайн үед ...хурлын 11 тэргүүлэгчид хуралдаж, хамтын шийдвэр гаргасан Хурлын Тэргүүлэгч санал өгснийхөө төлөө хариуцлага хүлээж, төлбөр төлөх хууль байхгүй” гэсэн агуулгатай тайлбар гарган маргасан байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...хуралдааны тэмдэглэлд А ийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлаар санал хураахад тэргүүлэгчдээс 5 нь чөлөөлөхийг дэмжиж, 5 нь чөлөөлөхгүй гэсэн саналтай, ...дэгд заасны дагуу ИТХ-ын даргын санал өгсөн талд шийдвэрлэснээр А  даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тогтов гэсэн ба дэмжсэн болон дэмжихээс татгалзсан тэргүүлэгчдийн нэрсийг тусгайлан заагаагүй, хэн нь ямар санал өгсөн болохыг тусгаагүй байна. Гэвч Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.03-ны өдрийн 133/ШТ2023/00031 Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт А ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар Л, Я, С, М, Д нар нь санал тус тус өгсөн, ...энэ саналын үндсэн дээр А  нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээс халагдсан, ...чөлөөлөхийг дэмжсэн санал өгсөн үйл баримтыг төрд хохирол учруулсан шууд санаатай үйлдэл гэж дүгнэхээр байна. ...хариуцагч нарын тэргүүлэгчийн бүрэн эрх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн дүнгээр 2020.11.04-ний өдөр дуусгавар болсон тул энэ хугацаагаар хязгаарлан 30,603,099.40 төгрөгийг хариуцагч Л, М, Я, С, Д нараас тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулах эрх зүйн үндэслэлтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.

9. Давж заалдах шатны шүүх “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн” гэж дүгнэн, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л, Я нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч Мийн өмгөөлөгч Г  нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

10. Хариуцагч Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, М-ийн нэхэмжлэлтэй хариуцагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

11. Хэргийн баримтаас үзэхэд Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019.01.10-ны өдрийн 02 тогтоолоор аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А ийг албан тушаалаас нь халсан байх бөгөөд тэрээр энэ тогтоолыг эс зөвшөөрч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.20-ны өдрийн 112/ШШ2019/0011 шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019.07.31-ний өдрийн 221/МА2019/0398 магадлалаар А ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

Хариуцагч Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурал захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс А нь иргэний хэргийн шүүхэд хандсанаар түүнд ажилгүй байсан хугацааны олговорт нийт 42,956,287 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019.01.10-ны өдрийн хуралдааны тэмдэглэл болон Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоолд үндэслэн хариуцагч нарын 5 тэргүүлэгчийг А ийг ажлаас чөлөөлөх саналыг дэмжиж, хамтын шийдвэр гаргасан нь буруутай гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэнгүй.

13. Нэхэмжлэгч М  нь М тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байх бөгөөд энэ нь  “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэсэн зохицуулалт байна.

14. Хэргээс үзэхэд маргааны үйл баримт нь дээрх 2019.01.10-ны өдрийн 02 дугаар тогтоолтой холбоотой байх ба энэ үед 2006.12.15-ны өдөр батлагдсан буюу хуучин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль үйлчилж байсан байна. Энэ хуулийн 20 дугаар зүйлээр Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тодорхойлсон байх бөгөөд 20 дугаар зүйлийн 20.3-т “Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Төсвийн тухай хуулийн 10.1.2-т заасан тухайн жилийн төсөвт багтаан Тэргүүлэгчид өөрөө тогтооно” гэж, 20.4-т “Ажлын албаны дарга нь Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байна” гэж зохицуулжээ.

15. Өмнө нь үйлчилж байсан хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга” нь төрийн албаны аль ангилалд хамаарахыг хуулиар шууд зохицуулаагүй, тухайн үед үүрэг гүйцэтгэгч байсан А ийг М тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэх нь тодорхойгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх М-ийн нэхэмжлэлтэй энэ маргааныг хянан шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй байна.

16. М тухай хуулийн үндсэн зорилгын нэг нь төрийн жинхэнэ албан хаагч, тэр дундаа төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн эрх зүйн байдлын үндсэн баталгааг хангах, төрийн албаны тогтвортой байдлыг хамгаалах үүргийг хуульчилсан гэж тайлбарлах бөгөөд энэ ч утгаараа уг хуулийн 50 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн буруутай албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг өөрөө хариуцах эрх зүйн үндэслэлийг хуульчилсан байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан аймгийн ИТХ болон Тэргүүлэгчдийн Хурлын дэг, хуралдааны тэмдэглэл зэрэг баримтыг хэрэг маргааныг шийдвэрлэхдээ “талуудын зарчим”-ыг баримталдаг иргэний хэргийн шүүхээс үнэлэн, дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д нийцэхгүй бөгөөд үүнийг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж дүгнэв.   

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, М-ийн хариуцагч Л, Я, С, М, Д нарт холбогдуулан гаргасан “Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 40,762,481 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч М нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 133/ШШ2024/00171 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 215/МА2024/00012 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар М-ийн нэхэмжлэлтэй, Л, Я, С, М, Д нарт холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 40,762,481 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д-ийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 114,080 төгрөг, хариуцагч Л-ын  2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 114,080 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧИД                                                 Н.БАТЗОРИГ

                                                                                          Н.БАТЧИМЭГ                                                             

                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД