Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/1098

 

Л.Лхагвад холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Л.Лхагва,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Лхагвын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2009 00922 0570  дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Бүрэн хайрхан овгийн Ламжавын Лхагва, 1978 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 19 дүгээр гудамжны 41 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24-134 тоотод оршин суух, /РД: ДЮ78082397/;

            - Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 11 сар 26 хоногийн хорих ялаар тогтоосон,

            - Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 200 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын заримыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Төв аймгийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 260 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 318 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 28 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Л.Лхагва нь 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 23 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24-92 тоотод байрлах иргэн Б.Цэгмэдийн эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч 666.400 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.  

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Лхагвын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                                  

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Лхагвыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилан цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л.Лхагваас 416.400 төгрөг гаргуулж, хохирогч Б.Цэгмидэд олгож, Л.Лхагвад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Л.Лхагва давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол болох 666.400 төгрөгөөс 250.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 416.400 төгрөгийг нөхөн төлөх болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Л.Лхагва нь согтуугаар 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 23 цаг 30 минутын үед, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24-92 тоотод байрлах иргэн Б.Цэгмидийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Iphone 5” загварын гар утас, сейф, бахь, хутга, виски, үнэт эдлэлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 666.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.Цэгмид нь “...манай гэр 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүртэл эзэнгүй байсан ба бэр дүү Наранцэцэг ойр ойрхон ирж шалгадаг байсан. Бэр дүү очилгүй өнжсөн өдөр манай гэрт хулгай орсон байсан. Мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, чулуун мана ээмэг, шигтгээтэй шилэн ээмэг, сувдан гинж, “Iphone 5” загварын гар утас, “Grands” нэртэй виски, цагаан өнгийн Япон улсад үйлдвэрлэсэн сейф, улаан өнгийн бахь, хутга зэрэг алдагдсан. ...” /хх-ийн 32-34/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Г.Наранцэцэгийн “...2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ирж шалгахад зүгээр байсан. Маргааш нь ирэлгүй өнжөөд 2020 оны 3 дугаар сарын 3-ны өглөө 11 цагийн үед ирэхэд гэрийнх нь хаалганы цоож эвдэрсэн байдалтай байхаар нь орж үзэхэд гэрийн хамаг юмыг тараагаад хаясан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...” /хх-ийн 37-39/,

- шүүгдэгч Л.Лхагвын яллагдагчаар өгсөн “...би өдрийн 14 цагийн үед гэрээсээ гарч явахад тэр айлын хашааны хаалга онгорхой, гэр нь цоожтой харагдсан. ... өдөр Хайлаастад байдаг найзындаа очиж архи ууж байгаад ... гэр лүүгээ харих замдаа тэр айлыг харсан чинь хүнгүй байхаар нь цоожийг нь эвдэж ороод гэр дотроос “Iphone 5” загварын гар утас, ээмэг, гинж зэрэг эд зүйлсийг авсан. Авсан эд зүйлээ хаана яаж зарснаа санахгүй байна. Ямар ч байсан зараад архи уусан. ...” /хх-ийн 4-7/ гэсэн мэдүүлгүүд,

- гэмт хэрэг гарсан газар, тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг харуулсан хяналтын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн “...23 цаг 35 минут 09 секундэд ертөнцийн зүгээр баруун талаасаа зүүн тал руу хохирогчийн хашааны чиглэлтэй үл таних нэг залуу алхаж байгаа дүрс байх ба тухайн залуу ногоон өнгийн урт куртик, хар өнгийн малгайтай цамц, хөх өнгийн жинсэн өмд, өвлийн богино түрийтэй гутал өмссөн, цагаан өнгийн маск зүүсэн байдалтай алхаж байгаад хэрэг учрал болсон айл руу орж байв...” /хх-ийн 26-28/ гэсэн тэмдэглэл, уг дүрс бичлэг дээрх сэжиг бүхий этгээдийг өөрийгөө мөн болохыг таньсан шүүгдэгч Л.Лхагвын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-7/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-22/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 57-59/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Л.Лхагвыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд дээрх гэмт үйлдэлд хохирлын хэмжээ хамаарахгүй юм.

Монгол гэр нь хүн байнга амьдрах орон байранд хамаарах бөгөөд түүний хаалганы цоожийг хүчээр эвдэн нэвтэрч, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээтэй.

Хэдийгээр шүүгдэгч Л.Лхагва гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, цаашид үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх боловч тэрээр урьд нь “хүний эрүүл мэнд, өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүдэд удаа дараа ял шийтгүүлж, шүүхээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс оногдуулсан хорих ялыг тэнсэж байсан атал хувийн байдалдаа дүгнэлт хийлгүй дахин энэ төрлийн гэмт хэрэг санаатай үйлдсэн нь түүний хувийн байдлыг илтгэж байгаа тул дээрх заалтыг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Л.Лхавын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцнэ гэж дүгнэлээ.

            Иймд шүүгдэгч Л.Лхагвын хорих ял хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

            Харин хэргийн материалаас судлахад анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцээгүй дараах асуудлууд байна. Үүнд:

            1. Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 72-73/-оор Л.Лхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 11 сар 26 хоногийн хорих ялаар тогтоосон байхад шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн энэхүү байдлыг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг болон шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт тусгалгүй орхигдуулсан,

            2. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэх талд шүүгчээс гэм буруугийн шийдвэрийг уншиж танилцуулсан хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ...” гэж, мөн тэнд прокуророос ялын санал гаргасныг энэ байдлаар тусгасан,

            3. Прокурор яллах дүгнэлтдээ Л.Лхагвыг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 23 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24-92 тоотод байрлах иргэн Г.Наранцэцэгийн эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч 666.400 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байх боловч яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг тусгахдаа учруулсан хохирлын талаар буюу алдагдсан эд хөрөнгийн тоо хэмжээ, шинж онцлогийг тодорхой бус байдлаар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй,

4. Шүүгдэгч Л.Лхагва анхан шатны шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон байх боловч энэ талаарх хүсэлтээ бичгээр гаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй,

            5. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Л.Лхагвын гэм буруугийн талаар дүгнэхдээ түүний нэрийг “Д.Энхбаясгалан” гэж удаа дараа алдаатай бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байгааг буруутган тэмдэглэж, хойшид ийм хайнга, хариуцлагагүй алдаа гаргахгүй байхыг анхааруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудын “...04 /дөрөв/ жилийн...” гэснийг “...02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

                             ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                             ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН