Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 60

 

 хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,   Улсын яллагч Д.Ганцэцэг,   Хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батсайхан, Т.Оюунчимэг,   Хохирогч, шүүгдэгч Н.Банзрагч, Д.Төмөр-Очир,   Нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар   Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн                         99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Хүү Лхагва овгийн Намжилдоржийн Банзрагч, Жамба овгийн Даръяагийн Төмөр-Очир нарт  холбогдох эрүүгийн 201715000075 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                   Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд 1965 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, халх, эрэгтэй, 52 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хүү Лхагва овгийн Намжилдоржын Банзрагч. /РД:ЙЙ65120512/  
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд 1965 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, халх, эрэгтэй, 52 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, 5 хүүхэд, 1 ачийн хамт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг “Цагаан Толгойн Эхэн Өтөг” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Жамба овгийн Даръяагын Төмөр-Очир. /РД:ЙЙ65100119/  
Шүүгдэгч Н.Банзрагч нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хавчиг” гэх газарт Д.ТөмөрОчиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодолдож Д.Төмөр-Очирын биед хөнгөн гэмтэл,  Шүүгдэгч Д.Төмөр-Очир нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хавчиг” гэх газарт Н.Банзрагчтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодолдож Н.Банзрагчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.   
ТОДОРХОЙЛОХ нь:   
  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                                                                                                                                                    Шүүгдэгч Н.Банзрагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт мэдүүлэг өгөхгүй  гэв.  Шүүгдэгч Д.Төмөр-Очир шүүх хуралдаанц хэлэлцүүлэгт мэдүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.  Хохирогч Н.Банзрагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Шүүгдэгч Д.Төмөр-Очиртой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Иймд Д.Төмөр-Очирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.  
 Хохирогч Д.Төмөр-Очир шүүх хуралдаанц хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Шүүгдэгч Н.Банзрагчтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Иймд Н.Банзрагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэв.  
Хохирогч Д.Төмөр-Очирын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би хөдөө малын бэлчээр дээр малаа услаж байсан чинь Н.Банзрагч мотоцикльтой хүрээд ирсэн. Тэгээд нэг шил “Өглөө” гэдэг нэртэй, 500  граммтай архи задласан. Тэрийг нь бид хоёр талд нь ортол хувааж уусан. Тэгээд явах гэхэд Н.Банзрагч нөгөө архиа хагалчихсан. Би архи хэзээ хагалж байсан юм гэсэн. Тэгсэн чинь намайг баян тарган байж архины хойноос үхэх гээд байна гээд  хорон үгээр идээд байсан. Тэгэхээр нь би уурлаад Н.Банзрагчийг нэг удаа цохисон. Дурантай гараараа цохичихсон байна лээ. ...Тэгсэн чинь намайг Н.Банзрагч хоёр өшиглөж авсан. Миний хамар хугарчих шиг болсон. Тэгээд баахан цус хамраас гарсан. Н.Банзрагч сандраад намайг гэрт маань хүргэж өгсөн. Гэртээ очоод цус гоожоод тогтохгүй байсан чинь Н.Банзрагч эмч дуудаж өгсөн. Удалгүй эмч ирээд үзээд авч явсан. Намайг аймагт очиж зураг авхуул гэхээр нь би аймаг явж Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлсэн. Тэгээд цагдаад хандаж өргөдөл гаргасан юм. Тухайн үедээ гомдоод өргөдөл өгчихсөн чинь буруу юм хийчих шиг боллоо. Бид хоёр найз байгаа юм. Одоо болъё гэж бодож байна. Би ч бас буруутай шүү дээ. Тийм болохоор бид хоёр хэн хэндээ гомдоод яах билээ. ... Би Н.Банзрагчдаа ямар ч гомдол санал байхгүй” гэсэн  мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар хуудас/,   Хохирогч Н.Банзрагчийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хасбаатар гэдэг айлд орсон. Гарахад надад нэг шил “Өглөө” гэдэг нэртэй, 500 граммтай архи бэлгэнд өгсөн. Тэрийг нь өвөртлөөд явж байгаад Д.Төмөр-Очирынд орсон. Д.Төмөр-Очир байгаагүй хониндоо явчихсан байсан. Тэгэхээр нь хонин дээр нь очоод хоёулаа нэг анги, цэрэгт хамт явж байсан болохоор нэлээн юм ярьж сууцгаасан. Би өвөртөө байсан айл бэлгэнд өгсөн “Өглөө” гэдэг нэртэй 500 граммтай архийг гаргаж задлаад тэндээс нь нэг ундааны сав олж хийж хувааж уусан. Тэр архийг талд нь ортол уусан. Тэгээд хоёулаа архиа уухаа болъё гээд би үлдэгдэлийг нь шидчихсэн чинь хагарчихсан. Тэгсэн чинь чи архи хагалчихлаа яасан баян хүн бэ гэж намайг Д.Төмөр-Очир хэлсэн. Тэгэхээр нь би баян хүн биш ээ, харин чи баян болсон юм биш үү гэсэн чинь, чи тэгвэл эхнэр хүүхдээ тэжээж чадахгүй болоод явуулчихсан юм байна л даа гэж намайг доромжилсон. Тэгэхээр нь би тэжээж чадахгүйдээ биш бид хоёр хоорондоо маргалдаад явсан юм хө. Чи их баян болж дээ гэж би хэлсэн. Тэгсэн чинь намайг барьж байсан дурантай гараараа нэг цохисон. Тэгээд миний баруун хөмсөгний дээд талд дух хагарсан. Жоохон хэсэгхэн газар сүрхий гүнзгий хагарсан. Хагарах ч гэж дээ арьс нь гүнзгий зүсэгдэж орсон байсан. Манай сумын Дуламсүрэн эмч үзээд нэг оёдол тавьж өгсөн. ... Юмны учрыг олохгүй хөдөлгөөн хийж намайг цохисон нь түүний буруу гэдгийг ойлгох хэрэгтэй. Би одоо Төмер-Очирт ямар ч гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18 дугааp хуудас/,  Гэрч П.Чимэддуламын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... 1988 онд би Д.Төмөр-Очиртой гэр бүл болж сууж байсан. Тэрнээс хойш хамт амьдарч байгаа. Би тэр талаар мэдэхгүй. Би хөдөө гэртээ байгаагүй юм. Сүүлд нь манай хүүхэд аавыг аймагт эмчид үзүүлэх гээд явж байна. Н.Банзрагч ахтай маргалдаад зодоон хийсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би мэдээд аймагт ирж өөртэй нь уулзсан чинь зодоон хийсэн талаараа ярьсан. Цагдаад шалгагдаж байгаа гэсэн. Би яг хэзээ зодоон хийсэн талаар нь мэдэхгүй. Д.Төмөр-Очирын биед учирсан гэмтэл, бэртлийг би мэдэхгүй. Ирээд харахад жоохон эрүүний хэсэгт нь хөхөрсөн байсан. Хамар нь өвчтэй байна гэж надад хэлж байсан. Өөр сүртэй юм байхгүй байсан. ...Би Н.Банзрагчыг сайн таньдаг. Н.Банзрагч манай нөхөр Д.Төмөр-Очиртой нас чацуу нэг ангийн хүн байгаа юм. Манайд ирж хонодог. Мал дээр байнга шахуу тааралддаг. Манай нөхрийн найз сая юу болоод ийм юм болсонг  нь би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр хуудас/,   
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 107 дугаартай: “... Н.Банзрагчийн биед баруун хөмсөгний дээд хэсгийн мэс засал оёдолтой шарх бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүсэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг 
тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ххийн 25 дугаар хуудас/,  Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 108 дугаартай: “... Д.Төмөр-Очирын биед хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, этмойд хөндийн ханын цөмөрсөн хугарал, хамар, эрүүний зөөлөн эдийн гэмтэл, хамрын зулгаралтын сорви, эрүүний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,    Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-10 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-14 дүгээр хуудас/, Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 50-54 хуудас/, Шүүгдэгч Н.Банзрагчийн ял шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Төмөр-Очирын ял шалгах хуудас/ хх-ийн 49 дүгээр хуудас/, Шүүгдэгч Н.Банзрагчийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 25-26, 39-42 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Төмөр-Очирийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 27-28,43-46 дугаар хуудас/ зэрэг болно.,  
Шүүгдэгч Н.Банзрагч нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хавчиг” гэх газарт Д.ТөмөрОчиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодолдож Д.Төмөр-Очирын биед хөнгөн,  Шүүгдэгч Д.Төмөр-Очир нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хавчиг” гэх газарт Н.Банзрагчтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодолдож Н.Банзрагчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.    
Үүнд: Хохирогч Н.Банзрагчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Шүүгдэгч Д.Төмөр-Очиртой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Иймд Д.Төмөр-Очирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” Хохирогч Д.Төмөр-Очирын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Шүүгдэгч Н.Банзрагчтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Иймд Н.Банзрагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэсэн мэдүүлгүүд, Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Төмөр-Очирын “... Би архи хэзээ хагалж байсан юм гэсэн. Тэгсэн чинь намайг баян тарган байж архины хойноос үхэх гээд байна гээд хүн хорон үгээр идээд байсан. Тэгэхээр нь би уурлаад Н.Банзрагчийг нэг удаа дурантай гараараа цохичихсон. Гараараа цохих гэсэн чинь дурантай байсан гараараа цохиод толгойг нь хагалчихсан. Тэгсэн чинь намайг Н.Банзрагч хоёр өшиглөж авсан. Миний хамар хугарчих шиг болсон...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 17/, хохирогч Н.Банзрагчийн “... Чи их баян болж дээ гэж би хэлсэн. Тэгсэн чинь намайг барьж байсан дурантай гараараа нэг цохисон. Тэгээд миний баруун хөмсөгний дээд талд дух хагарсан. Жоохон хэсэгхэн газар сүрхий гүнзгий хагарсан. Хагарах ч гэж дээ арьс нь гүнзгий зүсэгдэж орсон байсан. Манай сумын Дуламсүрэн эмч үзээд нэг оёдол тавьж өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18/, гэрч П.Чимэддуламын мэдүүлэг. /хх-ийн 19/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 107 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч 
Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 108 дугаартай дүгнэлт /хх-ийн 27/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-10/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-14/, шүүгдэгч Н.Банзрагч, Д.Төмөр-Очир нарын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болно.,  
Шүүгдэгч Н.Банзрагч, Д.Төмөр-Очир нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Н.Банзрагчийг Д.Төмөр-Очирын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Д.Төмөр-Очирыг Н.Банзрагчийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.  
Шүүгдэгч Н.Банзрагч, Д.Төмөр-Очир нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдав.  
Шүүгдэгч Н.Банзрагч, Д.Төмөр-Очир нар нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн, мөн хохирогч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Н.Банзрагч, Д.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Н.Банзрагч, Д.Төмөр-Очир нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.  
Шүүгдэгч Н.Банзрагч, Д.Төмөр-Очир нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг удирдлага болгон шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэсэн болно.  
Хэрэгт шүүгдэгч Н.Банзрагчийн эзэмшлийн AK6537342 серийн дугаартай 10000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, шүүгдэгч Д.Төмөр-Очирын эзэмшлийн AK4400345 серийн дугаартай 10000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.  
Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар  шүүгдэгч Н.Банзрагч, Д.Төмөр-Очир нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Н.Банзрагч, Д.Төмөр-Очир нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус  удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч Хүү Лхагва овгийн Намжилдоржийн Банзрагч, Жамба овгийн Даръяагийн Төмөр-Очир нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Хүү Лхагва овгийн Намжилдоржийн Банзрагч, Жамба овгийн Даръяагийн Төмөр-Очир нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
3. Шүүгдэгч Н.Банзрагч, Д.Төмөр-Очир нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.   
4. Шүүгдэгч Д.Төмөр-Очироос хураан авсан түүний томографийн зураг 1 ширхэг, рентген зураг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Төмөр-Очирт буцаан олгосугай.   
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт шүүгдэгч Н.Банзрагч, Д.Төмөр-Очир нарын AF 653734288, AK4400345 серийн дугаартай 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэгийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Банзрагч, Д.Төмөр-Очир нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Банзрагч, Д.Төмөр-Очир нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МАНДАХБАЯР