| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 183/2020/03622/И |
| Дугаар | 182/ШШ2021/01210 |
| Огноо | 2021-06-03 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2021/01210
2021 06 03 182/ШШ2021/01210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ГМ ХХК‑ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ТМ ХХК-д холбогдох
Гэрээний үүргийн биелэлт болон хохиролд 3,022,649,538 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.У, хариуцагчийн төлөөлөгч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ГМ ХХК нь 2018.06.18-ны өдөр ТМ ХХК-тай хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэрээгээр Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Зүүн хөшөөтийн нүүрсний уурхайд 2019.07.01-ний өдрийг хүртэл ажилласан. Гэрээгээр ажлын хөлсийг хөрс хуулалт м.куб нь 6,200 төгрөг, нүүрс олборлолт 1 тн 5,250 төгрөг байхаар тохиролцсон. Хийсэн ажлын тухайд ямар нэгэн маргаан байхгүй, манай байгууллага ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн байгаа. Харин хариуцагч ТМ ХХК нь гэрээнд заагдсан төлбөрөө хугацаанд нь төлөх үүргээ удаа дараа зөрчсөн хэдий ч манай зүгээс хүлээцтэй хандаж ирсэн. Гэрээний хугацаа дуусгавар болж 2019.07.08-ны өдөр тооцоо нийлсэн актаар баталгаажуулахад гэрээний үндсэн төлбөр 2.163.654.570 төгрөг байсан ба 2019.08.30-ны өдөр 20.000.000 төгрөг, 2020.05.05-ны өдөр 400.000.000 төгрөг, 2020.09.07-ны өдөр 100.000.000 төгрөг төлснөөр гэрээний үндсэн төлбөр 1.643.654.570 төгрөг болсон. Талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, 5 дугаар зүйлийн 5.1.3‑т зааснаар алдангийг 2019.07.01-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2020.09.16-ны өдрийг хүртэл 0,5%‑иар тооцоход гүйцэтгээгүй үүрэг болох 1.643.654.570 төгрөгийн 50%‑иас хэтэрч байгаа тул Иргэний хуульд нийцүүлэн 821,827,285 төгрөг болж байна.
Мөн хариуцагч ТМ ХХК нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учир манай байгууллага бусад байгууллагуудтай байгуулсан гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон. Үүнд ЭПТХХК‑тай 2018.07.10‑ны өдөр байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлж чадаагүйн улмаас ХУДИХАШШ‑ийн 2019.10.16‑ны өдрийн 2207 дугаар шийдвэрээр манай байгууллагаас 72,288,053 төгрөгийн алдангийг гаргуулж ЭПТХХК‑нд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Мөн 2018.08.24-ны өдөр МТ Баянзүрх ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ болон 2018.10.19‑ний өдөр байгуулсан гэрээний үүрэгт 1,140,122,373 төгрөг гаргуулахаар мөн ХУДИХАШШ‑д хандсан. Тус нэхэмжлэлд дурдсан 655.242.743 төгрөг гэрээний үндсэн төлбөр, хүү 157,258,260 төгрөг, алданги 327,621,370 төгрөг байгаа. Энэ хэрэг шийдвэрлэгдээгүй байгаа. Бид тухайн үедээ энэ байгууллагуудаас авсан шатахуунаа Тефис майнинг ХХК‑ийн ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулсан учир Иргэний хуулийн 227.3‑т зааснаар хохирсон гэж үзэж байгаа болно. Ингээд ажлын хөлсний үлдэгдэлд 1.643.654.570 төгрөг, алдангид 821,827,285 төгрөг, хохиролд 557,167,683 төгрөг, нийт 3,022,649,538 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага бичгээр зөвшөөрөхгүй гэсэн тайлбар өгсөн байдаг. Гэхдээ манай байгууллага байгуулсан гэрээ, хийсэн ажил, төлсөн төлбөр болоод үлдэгдэл төлбөрийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Ажлын хөлсний үлдэгдэл 1.643.654.570 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Гол нь алданги, хохирол төлөхийг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хоёр байгууллагын удирдлагууд хоорондоо алданги, хохирол төлөхгүйгээр зөвхөн үндсэн төлбөр төлөх дээр тохиролцоонд хүрсэн боловч гэрээг бичгээр байгуулж чадаагүй байгаа. Өөрөөр хэлбэл манай байгууллагын ажил эхлээгүй, Ковидын нөхцөл байдалтай холбоотой нөхцөл байдал хүнд байгаа, хохирлын хувьд нэхэмжлэгч байгууллагын өөр байгууллагатай байгуулсан гэрээний алдангийг бид төлөх ёсгүй, тэрийг хохирол гэж үзэх боломжгүй, гэрээгээр хохирол төлөх тохиролцоо байхгүй тул алданги, хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ГМ ХХК нь хариуцагч ТМ ХХК‑нд холбогдуулж гэрээний үүргийн биелэлт болон хохиролд 3,022,649,538 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн байхад хариуцагч тал хөлс төлөх үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн төлсөн хөлснөөс бид өөр байгууллагад төлбөр төлөх ёстой байтал төлж чадаагүй, тус байгууллагуудаас шатахуун зээлээр авч, хариуцагчийн ажилд зарцуулсан, тус байгууллагуудад төлбөр, алданги төлөхөөр шүүхийн шийдвэр гарч бид хохирч байх тул гэрээний дагуу үлдэгдэл төлбөр, алданги, хохирлыг хамтад нь шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу ажлын үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна, харин алданги төлөх асуудлыг хоёр байгууллагын удирдлага тохиролцож, алданги авахгүйгээр үндсэн төлбөр төлж эвлэрэхээр яригдсан боловч гэрээгээ байгуулаагүй, манай байгууллагын ажил эхлээгүй, Ковидын нөхцөл байдалтай холбоотой хүнд байдалд байна, нэхэмжлэгч байгууллагын бусадтай байгуулсан гэрээний дагуу төлөх ёстой алдангийг манай байгууллага төлөх үндэслэлгүй, гэрээгээр хохирол төлнө гэж тохиролцоогүй тул алданги, хохирлыг төлөхгүй гэж мэтгэлцсэн.
Зохигчдын хооронд 2018.06.18-ны өдөр Хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч ГМ ХХК нь хариуцагч ТМ ХХК-ийн эзэмшдэг Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Зүүн хөшөөтийн нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажлыг 2018.07.01-ний өдрөөс өөрийн тоног төхөөрөмжөөр, уулын ажлын төлөвлөгөөний дагуу 2019.07.01-ний өдрийг хүртэл хугацаанд нь хийж гүйцэтгэх, хариуцагч ТМ ХХК нь 1 м.куб ажлын хөлсийг НӨАТ-ыг оруулан 6200 төгрөгөөр тооцон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5%-ийн алданги төлөхөөр тохиролцсон байна.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ГМ ХХК нь хариуцагч ТМ ХХК-ийн эзэмшдэг Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Зүүн хөшөөтийн нүүрсний уурхайд тохиролцсон хугацаанд хөрс хуулалтын ажлыг зохих ёсоор гүйцэтгэн хариуцагч ТМ ХХК-нд хүлээлгэн өгсөн, ийнхүү зохигчид 2019.07.08-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, нийт үлдэгдэл төлбөрийг 2,163,654,570 төгрөг болохыг баталгаажуулсан, хариуцагч ТМ ХХК нь уг төлбөрөөс 2019.08.30-нд 20,000,000 төгрөг, 2020.05.05-ны өдөр 400,000,000 төгрөг, 2020.09.07-ны өдөр 100,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1,643,654,570 төгрөг болжээ.
Харин хариуцагч ТМ ХХК нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн боловч шүүх хуралдааны явцад хариуцагч, түүний төлөөлөгч нь ажлын хөлсөнд нийт 520,000,000 төгрөг төлсөн талаар баримтгүй хэдий ч маргаагүй, үлдэгдэл төлбөр 1,643,654,570 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн болно.
Шүүх зохигчдын хооронд үүссэн энэхүү харилцааг дурдсан үйл баримтууд, гэрээний агуулга, зохицуулалтыг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна гэж дүгнэсэн бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”,
344 дүгээр зүйлийн 344.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно”,
350 дугаар зүйлийн 350.1-д “ажил гүйцэтгэгч дараах үүрэг хүлээнэ:” 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх”, 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”,
351 дүгээр зүйлийн 351.1-д “захиалагч дараах үүрэг хүлээнэ:” 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч ГМ ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1, гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-т зааснаар хариуцагч ТМ ХХК-иас ажлын үлдэгдэл хөлс, алданги, хохирлыг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,022,649,538 төгрөгийг:
1.ажлын хөлсний үлдэгдэл 1.643.654.570 төгрөг,
2.алданги 2019.07.01-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020.09.16-ны өдрийг хүртэл 0,5%‑иар тооцоход гүйцэтгээгүй үүрэг болох 1.643.654.570 төгрөгийн 50%‑иас хэтэрч байгаа тул Иргэний хуульд нийцүүлэн 821,827,285 төгрөг,
3.хохиролд ЭПТХХК‑тай байгуулсан 2018.07.10‑ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болсон 72,288,053 төгрөгийн алданги, МТ Баянзүрх ХХК-тай байгуулсан 2018.08.24-ний өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу шүүхэд хандсан нэхэмжлэлд дурдсан хүү 157,258,260 төгрөг, алданги 327,621,370 төгрөг, нийт 557,167,683 төгрөг гэж задлан тайлбарлав.
Шүүх дээрх тооцооллыг хууль болон гэрээнд заасны дагуу нягталж үзвэл:
1. ажлын хөлсний үлдэгдэл 1,643,654,570 төгрөг /энэ талаар хариуцагч маргаагүй, төлөхийг зөвшөөрсөн талаар дээр нэгэнт дүгнэсэн бөгөөд гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3-т зааснаар хариуцагч ТМ ХХК нь ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг нэхэмжлэгч ГМ ХХК-нд төлөх үүрэгтэй байна./
2. алданги 821,827,285 төгрөг /зохигчид гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т алдангийн талаар тохиролцсон байх бөгөөд гүйцэтгээгүй үүрэг болох 1,643,654,570 төгрөгөөс алдангийг тооцвол: 1,643,654,570 төг * 0,5% = 8,218,272 төг/1хоног. 2019.07.01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020.09.16-ны өдрийг хүртэл 441 хоног * 8,218,272 төг = 3,624,257,952 төгрөг болов.
Харин энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч байх тул хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүрэг болох 1,643,654,570 төгрөгийн 50% буюу 821,827,285 төгрөгийг алданги гэж тооцсон нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэл бүхий байна.
Өөрөөр хэлбэл, алданги буюу анз нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг бөгөөд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй буруутай тал нь гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийн, хариуцлагын шинжтэй байдаг, нөгөө талаас хариуцагч Тефис майнинг ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, 5 дугаар зүйлийн 5.1.3, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар ажлын үлдэгдэл хөлс болох 1,643,654,570 төгрөгийг төлөх үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй гэм буруутай байх тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар ажлын хөлс, алдангийг төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч ТМ ХХК-ийн гаргасан “хоёр байгууллагын удирдлагын түвшинд алданги төлөхгүйгээр үндсэн төлбөр төлөх дээр эвлэрч байгаа боловч гэрээ байгуулаагүй, манай байгууллагын ажил эхлээгүй, ковидын нөхцөл байдалтай холбоотой хүнд байдалд байгаа” гэсэн тайлбараар алдангиас чөлөөлөх үндэслэлгүй юм.
Тодруулбал, шүүх зохигчдыг эвлэрэх боломжоор хангасан байхад эвлэрээгүй, гэрээний цаг хугацаа нь ковидын нөхцөл байдалд хамаарахгүй, хариуцагч ТМ ХХК нь хүнд нөхцөл байдалд байгаа гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотолсонгүй.
3.Нэхэмжлэгч ГМ ХХК нь 2018.07.10-ны өдрийн ТХ /ЭНП/ ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.16-ны өдрийн 2207 дугаар шийдвэр, 2018.08.24-ний өдрийн МТ Баянзүрх ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2018.10.19-ний нэмэлт гэрээнүүдийг үндэслэж, хохиролд 557,167,683 төгрөгийг шаардаж байна.
Дээрх баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч ГМ ХХК нь ТХ /ЭПМ/ ХХК, МТ Баянзүрх ХХК-иудаас шатахуун зээлээр худалдан авсан байх бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан ТХ /ЭПМ/ ХХК шүүхэд нэхэмжлэл гарган, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.16-ны өдрийн 2207 дугаар шийдвэрээр зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50,799,756 төгрөг, алданги 21,488,297 төгрөг болохыг дүгнэн, нийт 72,288,053 төгрөгийг ГМ ХХК-иас гаргуулж ЭПТХХК-нд олгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байна.
Мөн МТ Баянзүрх ХХК-ийн нэхэмжлэлтэй ГМ ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа болохыг нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байх боловч МТ Баянзүрх ХХК нь хүү 157,258,260 төгрөг, алданги 327,621,370 төгрөг нэхэмжилсэн талаар баримтгүй.
Гэхдээ энэхүү үйл баримтууд, шүүхийн шийдвэрт дурдсан 21,488,297 төгрөгийн алданги, МТ Банзүрх ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан хүү 157,258,260 төгрөг, алданги 327,621,370 төгрөгөөр нэхэмжлэгч ГМ ХХК-ийг хохирсон гэж үзэхгүй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан зардал биш байх бөгөөд, бусдаас зээлж авсан шатахууныг хариуцагч ТМ ХХК-ийн ажилд зарцуулсан болох нь тогтоогдохгүй, үүнд хариуцагч ТМ ХХК ямар буруутай болох нь тодорхойгүй, эдгээрийн хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдсонгүй.
Зохигчид гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар гүйцэтгэгч буюу ТМ ХХК ажил үүргийг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй бол захиалагч буюу ГМ ХХК гэрээг цуцалж, учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байхаар тохиролцсон, өөрөөр хэлбэл, зохигчдын өөрсдийн гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотойгоор гэрээ цуцлагдсанаас учирсан хохирлыг шаардах эрхтэй болохоос бус нэхэмжлэгч ГМ ХХК-ийн бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагч ТМ ХХК хохирлоор хариуцах үүрэггүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан “хариуцагчийн төлсөн хөлснөөс бид ЭПТХХК болон МТ Баянзүрх ХХК-ийн шатахууны төлбөрийг төлөх байсан, тус байгууллагуудаас шатахуун зээлээр авч хариуцагчийн ажилд зарцуулсан бөгөөд шүүхийн шийдвэрээр төлбөрөөс гадна алданги төлөхөөр хохирч байна” гэх тайлбар үндэслэлгүй болно.
Тиймээс хариуцагч ТМ ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл 1,643,654,570 төгрөг, алданги 821,827,285 төгрөг, нийт 2,465,481,855 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГМ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 577,167,683 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч ТМ ХХК-иас 2,465,481,855 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГМ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 577,167,683 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ГМ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 15,271,197 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТМ ХХК-иас 12,485,359 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГМ ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА