Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/543

 






                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

    

  20*******         07           09                                      20*******/ШЦТ/543

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагай хөтлөн,

Улсын яллагч: Б.Энх-Амгалан,

Шүүгдэгч: Х.Е******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт Х******* Е*******т холбогдох эрүүгийн 231000262*******53 дугаартай хэргийг 20******* оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, яс үндэс казах, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл зүйч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Өнөр хороолол, ******* дүгээр байр ******* тоотод оршин суух, урд

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 10 хоногийн хорих ялыг 1 жилийн тэнсэн харгалзах,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор 300 цаийн хугацаагаар албадан ажил хийлгэх,

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор 11 жил хорих ял,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 746 дугаартай шийтгэх тогтоолоор 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн.

Х******* овогт Х******* Е******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Е******* нь “...2022 оны 11 дүгээр сарын 15-наас *******-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энглиш гарден хотхоны хажуу талын автозам дээр хохирогч Б.Б*******тай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, цээжний баруун ар хэсэг, хоёр талын хацар, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хацар зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Е******* нь “...2022 оны 11 дүгээр сарын 15-наас *******-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энглиш гарден хотхоны хажуу талын автозам дээр хохирогч Б.Б*******тай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, цээжний баруун ар хэсэг, хоёр талын хацар, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хацар зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Е*******ийн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 231000262*******53 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б*******ын хохирогчоор өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 15-наас *******-нд шилжих шөнө би найз охин А*******ыг дагуулаад аавынхаа улсын дугаартай Тоёота Блэйд маркийн машинтайгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд уулаас доошоо буруудах замд Энглиш гарден хотхоны урд талын зам дээр явж байтал замд Тоёота Алфард маркийн улсын дугааргүй машин аваараа асаагаад зогсож байсан. Тэгээд миний урд талын машин гүйцэт түрүүлээд явсан. Тэгэхээр нь би бас дохиогоо өгөөд гүйцэд түрүүлээд явсан чинь нөгөө машин гэнэт хөдлөөд миний машиныг хойноос мөргөчихсөн. Тэгэхээр нь би аваараа асаагаад зогссон чинь тухайн машины жолоочийн суудлаас нэг хүн бууж ирсэн. Тэгэхээр нь би бас буугаад очсон чинь нэг намхан хар пальто өмссөн ах бууж ирээд ёстой уучлаарай ахынх нь машиныг хүн авч яваад ах нь яараад хөдөлчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөр ямар сонин юм бэ таны машиныг аваад явчхаж байгаа юм уу гэсэн чинь тэр ах гар бариад тавихгүй байх үед Алфард маркийн машинаас том биетэй бор савхитай ах бууж ирээд “чи муу яаж байгаа муу бацаан бэ” гэснээ хүрч ирээд намайг алгадаад хараагаад зогсоод байсан. Тэгсэн чинь ардаас ахиад нэг өндөр хар пальтотой ах бууж ирснээ “чи муу яадаг пизда вэ чи миний машиныг яаснаа хардаа, чи хаанахын бацаан” гэж хүрч ирээд миний зүүн хацар луу нэг удаа цохиод баруун хацар лүү нэг удаа цохиод ахиад зүүн хацар лүү алгадаад тэгээд цээж рүү цохисон. Тэгэхээр нь би “юу гэсэн үг юм бэ ах” гэсэн чинь “чи муу юу гэнээ пизда минь” гэж хэлээд бор савхитай ах нь миний баруун шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд хойноос угсраад нөгөө өндөр хар савхитай ах нь намайг үсдэж дараад хоёр удаа миний элэг рүү өвдөглөсөн. Тэгээд баруун хөлөөрөө хоёр удаа өвдөглөөд дээрээс ганц хоёр цохиж байснаа хажуу тийшээ саваад миний баруун хацар лүү цохисон. Тэгээд би хойшоо ухарсан. Тэгсэн чинь бор савхитай ах нь хүрч ирээд миний нүүр лүү 2-3 удаа цохиод нэг удаа алгадаад намайг шоолж инээгээд “энэ халтар бацааныг хардаа” гээд доромжлоод байсан. Тэгээд ёстой уучлаарай ах гээд гуйсан. Тэгсэн чинь нөгөө өндөр хар пальтотой ах хүрч ирээд дайраад байхаар нь би хойшлоод байж байсан чинь миний нүүр лүү хэд цохисноо миний хавирга луу аймаг хүчтэй цохисон. Тэгээд нөгөө намхан хар савхитай ах нь хүрч ирээд миний гарын барьсан. Тэгсэн чинь нөгөө өндөр ах нь хүрч ирээд инээгээд над руу ойртоод байхаар нь би нөгөө ахаас гараа   мулталж авах гэж байгаад өндөр ахын нүүр лүү санамсаргүй гараараа шүргэсэн. Тэгсэн чинь хамраас нь цус гарсан. Тэгсэн чинь нөгөө намхан ах нь чи хүн түрүүлээд цохичихлоо шүү дээ ахын дүү гээд инээгээд байсан. Тэгсэн чинь нөгөө өндөр хар пальтотой ах нь “миний хутга хаана байна чи намайг цохичихлоо” гээд цаашаа машин луугаа гүйсэн. Тэгэхээр нь би ер нь зугтъя гэж бодсон. Гэвч нөгөө жижиг хар пальтотой ах нь миний гарыг бариад тавихгүй зогсоод байсан. Тэгсэн чинь нөгөө бор савхитай ах нь над луу жийж хүрч ирээд намайг зодсон. Тэгсэн чинь нөгөө өндөр хар пальтотой ах машинаасаа над луу алхаад ирж байсан. Тэр үед нь гарт нь нэг юм гялтганаад харагдаад байхаар нь би найз охиндоо машиндаа ороод суу гэж хэлээд машинаа тойрч зургах гэж оролдсон. Тэгээд нөгөө өндөр хар пальтотой ах гарт байгаа юмаа дэлгэсэн чинь урт төмөр бороохой байсан. Тэгээд нэг эргээд харсан чинь ард зогсчихсон байхаар нь би эргэж хараад зогсож байсан чинь намхан хар пальтотой ах ах намайг дуудаад юм харуулъя гээд хүрч ирээд хар савхин гэртэй үнэмлэх шиг юм үзүүлж байсан. Тэгээд би хальт л харсан юуны тэмдэг байсан юм надад харагдаагүй. Тэгсэн чинь “бид нартай асуудал үүсгээд дэмий шүү одоо чи зүгээр зайл за юу” гэсэн. Тэгсэн чинь нөгөө хар пальтотой ах нь миний машиныг сэв болгоно гэж хэлээд миний машин луу бороохойгоороо цохисон. Тэгээд цагдаа хүлээгээд зогсож байсан чинь нөгөө хэд чинь машиндаа суучихсан явах гээд байсан. Тэгснээ над руу “чи одоо зүгээр зайл за юу” гээд байсан. Тэгэхээр нь би дээшээ машин луугаа гүйж очсон чинь яаг цагдаагаас над руу залгаж байсан. Тэгэхээр нь би шууд авч яриад цагдаад нөгөө хэдэн залууг зугтсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-104 дүгээр тал/,

Дахин өгсөн “...Намайг машинаас дөнгөж буух үед хар савхитай залуу нь ерөнхийдөө гар бариад “уучлаарай ахын дүү, одоо ингээд явчих аа, ах нь машин барьж байгаад чиний машины араас мөргөчихлөө, хоёулаа ингээд тохироод салъя” гэж ярьж байсан. Бор савхитай залуу нь “чи муу бацаан, замаа харж яваач, энэ юу гэж халтар машин бэ, муу гуйлгачин минь, нэг гичий дагуулихжээ” гэх мэтээр харааж хүрч ирээд намайг 1-2 удаа алгадсан. Тэгээд байж байхад хар пальтотой залуу машинаас үсдэж буулгаж хойшоо машин руу чирч байхдаа үсдэж дараад элэг рүү өвдөглөж, нуруу руу тохойлдоод 2 машины дунд аваачсан бас гуйлгачин, машин ямар болгосноо хараач гэх мэтээр хараасан. Бор савхитай бүдүүн залуу, хар пальтотой залуу намайг ерөнхийдөө зодсон. Энэ гэмтлүүдийг хар пальтотой залуу учруулсан. Бор савхитай залуу нь намайг 2 удаа алгадсан. Гэмтэл учруулсан гэж бодохгүй байна. Бор савхитай залуу нь бороохой гаргаж ирээд цохих гэж оролдсон боловч би бултаад цаашаа зайгаа барьсан. Зүгээр явж байгаад зодуулсандаа маш их гомдолтой байна. Миний буруутай зүйл байхгүй байхад намайг хар пальтотой Е******* гэж залуу намайг буруутай юм шиг доромжилж зодсонд гомдолтой байна. Миний нэхэмжилж байгаа 2,000,000 төгрөгийг төлж барагдуулбал ямар нэгэн гомдол санал байхгүй. Хуулийн дагуу хурдан шийдвэрлэж өгнө үү. Учир нь манай эхнэр Г.А******* бид 2 хүүхэдтэй болсон учраас дахиж шүүх цагдаагаар явах бодолгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 209-210 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Н гэрчээр өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Зайсанд манай найз болох Е*******ийн төрсөн өдөр болсон бөгөөд тухайн газраасаа 12 цаг өнгөрөөгөөд гарсан. Харин бид нар архи согтууруулах ундаа зохих хэмжээний хэрэглэсэн байсан. Тэгээд дуудлагын жолооч дуудаад, жолооч дөнгөж ирээд л явах машины хойд суудалд сууж байсан. Тэгтэл Е******* бие засъя гээд буугаад бие засаад зогсож байтал манай найзын автомашиныг нэг машин хажуу талаас нь ирээд урд талын кирло, бупер хэсэг рүү мөргөсөн байдалтай байхыг буугаад харсан. Би машинаас буугаад тухайн мөргөсөн гэх автомашин луу гар утсаараа бичлэг хийж очоод замын цагдаагаа дуудаа манай буруу байна шдээ гэж хэлээд зогсож байтал миний араас Е******* дуудаад тэрийг бариад аваарай миний хамрыг хуга цохичихлоо гээд тонгойсон байдалтай, хамраас нь цус гоожиж байсан. Тэгээд би тухайн залуу дээр очоод яаж байгаа юм бэ гэж асуутал би яасын бэ гэж миний урдаас хэлсэн. Чи энэ хүний хамар хугартал цохисон байна шүү дээ гээд бичлэг хийгээд очсон байдаг. Тэгээд тэр залууг Е******* нэг удаа алгадаад хаятал Еркин ах тухайн залууг салгаад цааш нь одоо боль гээд цагдаагаа дууд гээд салгаж байсан. Тэгээд за за наадах чинь учраа мэдэхгүй жаахан хүүхэд байна хая хая гээд бөөнөөрөө машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Е гэрчээр өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Зайсанд манай төрсөн дүү болох Е*******ийн төрсөн өдөр болсон бөгөөд тухайн газраасаа дуудлагын жолооч дуудаад зам дээр явж байгаад бие засъя гээд л буугаад бие засаад зогсоод байж байтал манай дүүгийн машиныг нэг машин хажуу талаас нь ирээд зүүн урд талын бупер хэсэг рүү мөргөсөн. Намайг яваад очтол манай дүү тухайн машины жолооч залуутай барьцалдаад зогсож байхаар нь би очоод машин мөргөсөн гэх залууг “яасан бэ ахын дүү” гээд салгасан. Тэгтэл тухайн залуу миний буруу би шүргэчихлээ гэтэл манай дүү тойроод явж чаддаггүй пизда вэ гэх мэт хэрүүлүүд болоод байсан. Харин тэр үед намайг дундуур нь орсон байх үед хоёр талаас намайг даваад цохилцоод байсан. Дүүгийн машиныг мөргөсөн залуу манай дүүгийн хамар луу 2 удаа маш хурдан цохисон. Тэгээд манай дүү зөрүүлээд 1 юм уу 2 удаа алагдах шиг л болсон. Тэгээд манай дүүгийн хамраас цус гараад доошоо сууж байгаад хамар хугарчихлаа гээд нүүр нь цус болсон байдалтай босож ирээд л манай дүү нөгөө залууг чи хамар цохичихлоо шүү дээ гээд хоёр талаасаа ална шүү гэх мэт үгнүүд хэрэглээд хэрэлдээд зууралдаад түлхэлцээд л байсан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15837 дугаартай “Б.Б*******ын биед тархи доргилт, цээжний баруун ар хэсэг, хоёр талын хацар, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117-118 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.А*******ын гэрчээр өгсөн “...Тухайн үед би нөхөр Б*******тай Зайсангийн уулын замаар уруудаад явж байхад зам дагуу аваараа асаачихсан цагаан өнгийн Алфард загварын машин гэнэт хөдлөөд манай машины ар хэсгийг мөргөх шиг болоод зогссон. Тэгсэн чинь дотроос нь согтуу 3 эрэгтэй бууж ирээд манай машин дээр ирсэн. Б******* машинаас буухад тэр хар өнгийн пальтотой залуу үсдэж машинаас нь чирч авч 2 машины голд очоод “ямар хөөрхөн машин уначихсан юм, миний машиныг ямар болгосноо хараач, ална шүү пизда минь” гэх мэтээр ёс бус үгээр хэлж байгаад бор өнгийн савхитай залуу намайг бичлэг хийгээд эхлэхэд Б*******ыг 2 удаа алгадах шиг болсон. Тэгээд тэр хар өнгийн пальтотой залуутай хамт явж байсан 2 залуу нь манай нөхрийн дагз болон бие хэсгээс нь зуураад цаана байж байхад хар өнгийн пальтотой залуу Б*******ыг нэлээн хэдэн удаа цохиж зодсон. Удалгүй цаана машинаас 2 эмэгтэй хүрч ирээд хараад зогсоод байсан. Хамт явж байсан хүмүүс “ямар хөөрхөн утас барьсан юм, ямар хөөрхөн утастай юм” гэх мэтээр доромжлоод байсан. Хар өнгийн пальтотой залуу Б*******ыг зодож байх үед нэг залуу нь энгэрээсээ нэг юм гаргаж ирж харуулаад цагдаа гэж хэлээд байх шиг байсан. Удалгүй арай гэж Б******* мултраад арай зайтай зогсож байхад хар өнгийн пальтотой залуу ална, тална, миний хутга хаана байна гэснээ урт сунадаг бороохой гаргаж ирээд цохих гэж оролдсон. Би тухайн үед айгаад машиндаа сууж байх үед миний машин дээр машин унтраад бороохойгоороо машин цохиж айлгаж сүрдүүлээд байсан. Зодуулж байгаа хэсэг нь бичлэгт сайн тусгагдаагүй байсан. Ямар ч байсан үсдэж авч явж абйгаа үеийн бичлэгийг хийж авсан. Зодоон болж байхад нэг приус машинтай хүн ирээд дуудлагын жолооч дуудсан уу гэж хэлээд тэр Алфардыг бариад цаашаагаа яваад өгсөн. Алфард машин нь урд хойноо улсын дугааргүй байсан. Зугтаагаад явж байхад нь бид 2 машинтайгаа зугтаачих байх гэж бодоод цагдаад мэдээлж баруун 4 замын Гранд плаза дэлгүүрийн хажуу талаас барьж өгсөн. Цагдаад дуудлага өгөөд явж байхад урд хальт зогсоод машинаасаа бууж ирээд яагаад дагаад байгаа юм гээд машин руу цохиж байсан санагдаж байна. Эхлээд Б*******ыг хар өнгийн пальтотой залуу нь үсдэж буулгаж ирээд дараа нь бор савхитай залуу 2-3 удаа алгадаж байгаа харагдсан. Дараа нь хар өнгийн пальтотой залуу нь толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Дагзнаас нь барьж байгаад доошоо тонгойлгож цээж рүү нь өвдөглөсөн. Гараа атгаж байгаад элэг рүү нь 2 удаа цохиж байсан. Б******* тухайн үед доошоо тонгойгоод биеэ хамгаалж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 212-213 дугаар тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Е*******ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 134 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 132 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Х.Е******* нь “...2022 оны 11 дүгээр сарын 15-наас *******-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энглиш гарден хотхоны хажуу талын автозам дээр хохирогч Б.Б*******тай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, цээжний баруун ар хэсэг, хоёр талын хацар, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хацар зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Б*******ын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч М.Нямдагва, Х.Еркин, Г.А******* нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15837 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

20******* оны 05 дугаар сарын 21-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан А/225/А/153/85 дугаартай “"Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 15837 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Х.Е*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…” гэж тус тус заажээ.

 

Хохирогч Б.Б******* нь нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй боловч шүүгдэгч нь 1,500,000 төгрөгийг төлсөн үүнийг хүлээн авсан гомдолгүй гэх хүсэлтийг хохирогч Б.Б******* ирүүлсэн байх тул шүүгдэгч Х.Е*******ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Е******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч Х.Е******* нь хохирол нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е*******ийг 1,350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Е*******т авсан Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х******* овогт Х******* Е*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е*******ийг 1,350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е*******т оногдуулсан 1,350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Е*******т авсан Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ