Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2021/01218

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        06         04                                       182/ШШ2021/01218

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ГБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

СЭ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, хариуцагчийн төлөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А оролцов.       

     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2015.09.18-ны өдрийн 6239 тоот шүүгчийн захирамжаар “СХ холдинг” ХХК-иас 203.526.870 төгрөг гаргуулж ГБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ХУД, 15 хороо, ** байр ** тоот 5өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар битүүмжилж хураан “СЭ” ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн байгууллага энэ тухай манай байгууллагад мэдэгдэлгүйгээр ажиллагааг явуулж одоо үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгож байна. Бид эд хөрөнгийн үнэлгээний талаар анхны албадан дуудлага худалдаа явагдах өдөр буюу 2019.01.18-ны өдөр мэдсэн. Ингээд асуудлыг тодруулж холбогдох албан тушаалтнуудад хүсэлт, гомдол гаргахад хуулийн хугацаа дууссан байна гээд хүлээн авахаас татгалзсаар байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, албаны дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгчид тус тус хүсэлт гаргасан боловч дээрх албан бичигтэй адил утга бүхий хариу ирүүлсэн бөгөөд албан бичигт шинжээчийн үнэлгээг танилцуулсан тухай тодорхой баримт байхгүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дугаар зүйлд ”Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө” гэж заасан байна. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан 2018.12.21-ний өдрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 27Б байрны 201 тоот 5 өрөө орон сууцыг 317.924.200.00 төгрөгөөр үнэлсэн " СЭ ” ХХК-ийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. СЭ ХХК-ийн үнэлгээ хүчингүй болсноор дараагийн ажиллагаа болох анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа дагаад хүчингүй болгох ёстой гэж бид үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.11-ны өдрийн 6239 захирамжаар СХ ХХК-иас 203.526.870 төгрөг гаргуулж ГБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж С ХХК-аас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Дорждуламын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, .. байр, .. тоот 105.5 мкв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Монгол улсын иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дүгээр зүйлд зааснаар үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2018.04.28-ны өдрийн 127 дугаар шинжээч томилох тогтоолоор үнэлгээ тогтоолгоход 117.924.200 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний мэдэгдлүүдийг талуудад 2018.12.24-нд мэдэгдсэн байна. Мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд хандах ёстой байтал нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлж шүүхэд хандсан. Өөрсдөө үнэлгээг мэдээд, дуудлага худалдааг зөвшөөрөөд явж байсан, тухайн үедээ гомдоогүй. Тиймээс эд хөрөнгө анхны албадан дуудлага худалдаанд 2019.01.18-ны өдөр, хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2019.02.15-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар худалдан борлогдоогүй барьцаа хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон. Ингэж санал болгосноор нэхэмжлэгч нь төлбөр төлөгчид зөрүү мөнгө өгөх шаардлагатай болчихоод энэ асуудал үүссэн байгаа. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

         ҮНДЭСЛЭХ НЬ:

           

          Нэхэмжлэгч ГБ ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулж СЭ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгч СЭ ХХК-ийн 2018.12.21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хуульд зааснаар 3 хоногийн дотор мэдэгдээгүй дараагийн ажиллагааг явуулсан нь үндэслэлгүй, бид эд хөрөнгийн үнэлгээний талаар анхны албадан дуудлага худалдаа болох өдөр мэдсэн, ингээд холбогдох албан тушаалтанд гомдол гаргасан боловч хүлээн аваагүй, эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болсноор дараагийн ажиллагаа болох анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгох ёстой гэж тайлбарлав.

 

          Харин хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд төлбөр төлөгч, авагч нарын хэн алинд нь эд хөрөнгийн үнэлгээний талаар хуульд заасан 3 хоногт буюу 2018.12.24-нд мэдэгдсэн байгаа, үүнийг нэхэмжлэгч тал зөвшөөрч дараагийн ажиллагаа буюу анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны ажиллагаа явагдсан, энэ талаар ч Голомт банкинд мэдэгдсэн, тухайн үедээ гомдоогүй, үнэлгээнд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн, эд хөрөнгийн үнэлгээ болон анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа хуульд заасан журмын дагуу явагдсан, харин эд хөрөнгө худалдан борлогдоогүй учир төлбөр авагчид буюу Голомт банкинд санал болгох ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд Голомт банк нь зөрүү төлбөр төлөх болчихоод энэ асуудал үүссэн, гаргасан нэхэмжлэл, тайлбараар ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

          Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.18-ны өдрийн 6239 дүгээр шүүгчийн захирамжаар СХ ХХК нь ГБ ХХК-нд 203,526,870 төгрөгийг тодорхой графикийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч НШШГГ нь дээрх шийдвэрийг үндэслэн бичигдсэн Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.20-ны өдөр 4237 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, 44 дүгээр зүйлийн 44.2.9-д зааснаар төлбөр төлөгч СС үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Д.Дөмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2 Зайсангийн гудамж, .... дугаар байрны .... тоотод байрлах, 105.5 мкв талбайтай орон сууцыг хураах, битүүмжлэх, үнэлэх зэргээр холбогдох ажиллагааг явуулжээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч НШШГГ нь маргаан бүхий дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэх зорилгоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-д зааснаар нэхэмжлэгч ГБ ХХК-иас үнийн санал авсан, төлбөр төлөгч, авагч нарын үнийн санал зөрүүтэй байсны улмаас шийдвэр гүйцэтгэгч нь 2018.04.28-ны өдрийн тогтоолоор барьцааны зүйл болсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2 Зайсангийн гудамж, 27Б дугаар байрны 201 тоотод байрлах, 105.5 мкв талбайтай, 5 өрөө орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор СЭ ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба энэ хүртэл явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн талаар нэхэмжлэгч ГБ ХХК, түүний төлөөлөгч маргаагүй болно.

 

СЭ ХХК-ийн 2018.12.21-ний өдрийн үнэлгээний тайлангаар тухайн эд хөрөнгийг 317,924,200 төгрөгөөр үнэлсэн байх ба хариуцагч НШШГГ нь 2018.12.24-ний өдрийн 4/2597 дугаар албан бичгийг нэхэмжлэгч ГБ ХХК-нд хүргүүлжээ.

 

Дээр дурдсан албан бичгийн агуулгыг үзвэл “...шинжээчийн тогтоосон үнэ болох 317,924,200 төгрөгийн 70% буюу 222,546,940 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2019.01.18-ны өдөр 10 цагт анхны албадан дуудлага худалдаа болохыг мэдэгдсэн...” байх ба, энэ албан бичгээр эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааны талаар хамтад нь нэхэмжлэгч ГБ ХХК-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, шийдвэр гүйцэтгэгч нь 2018.12.31-ний өдөр 1/14 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг гаргаж, зохих журмаар ажиллагааг явуулж, 2019.01.18-ны өдөр дуудлага худалдаа болсон байх боловч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... байр ..... тоот орон сууцанд үнийн санал ирээгүй, энэ ажиллагааны талаар нэхэмжлэгч ГБ ХХК тухайн үедээ гомдоогүй болно.

 

Үүний дараа хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019.02.01-ний өдрийн 1/11 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргаж, шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 317,924,200 төгрөгийн 50% буюу 158,962,100 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2019.02.15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар болж, энэ тухай 2019.02.01-ний өдрийн 4/3723 дугаар албан бичгээр нэхэмжлэгч ГБ ХХК-нд мэдэгдсэнийг Голомт банкны эрх бүхий албан тушаалтан 2019.02.18-ны өдөр хүлээн авсан, 2019.02.15-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар барьцааны зүйл болсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2 Зайсангийн гудамж, 27Б дугаар байрны 201 тоотод байрлах, 105.5 мкв талбайтай, 5 өрөө орон сууц худалдан борлогдоогүй байна.

 

Тиймээс шийдвэр гүйцэтгэгч нь худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг зохион байгуулахаар нэхэмжлэгч ГБ ХХК-нд мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч ГБ ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтнуудад энэ ажиллагаа болоод үнэлгээний талаар гомдол гаргасан, эрх бүхий албан тушаалтнаас “...үнэлгээний талаар талуудад мэдэгдсэн, хуульд заасан гомдол гаргах хугацаа дууссан...” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ГБ ХХК-нд хариу өгчээ.

 

Дурдсан үйл баримтууд нь зохигчдын тайлбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.05.29-ний өдрийн 4/675 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2020.06.11-ний өдрийн 4/711 дугаар хариу мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн холбогдох баримтуудаар тогтоогдсон.

 

Иймд дээрх үйл баримтуудын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан байх бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан “шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний талаар 3 хоногт мэдэгдээгүй, бид үнэлгээний талаар анхны албадан дуудлага худалдаа болох өдөр мэдсэн” гэх тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч ГБ ХХК нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах ёстой байжээ.

 

Гэтэл нэхэмжлэгч ГБ ХХК нь СЭ ХХК-ийн 2018.12.21-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдсэн 2018.12.24-ний өдрөөс, түүнчлэн өөрсдийнх нь тайлбарласан анхны албадан дуудлага худалдаа болсон 2019.01.18-ны өдрөөс тус тус тооцож үзэхэд, нэхэмжлэлийг 2020.10.21-ний өдөр буюу хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлж гаргасан нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүй, энэ талаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч хангалттай үндэслэл тайлбарлаж чадсангүй.

 

Тиймээс хариуцагч талын гаргасан “...эд хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэгч ГБ ХХК-нд 2018.12.24-ний өдөр мэдэгдсэн, тэрээр гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн...” гэх тайлбар үндэслэл бүхий байх бөгөөд, СЭ ХХК-ийн 2018.12.21-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотойгоор нэхэмжлэгч ГБ ХХК-ийн ямар нэгэн эрх ашиг хөндөгдөөгүй, үнэлгээний талаар тухайн үедээ гомдол гаргаагүй, үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй, түүнчлэн хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, дараагийн ажиллагаа буюу эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа нэгэнт зохион байгуулагджээ.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа хуульд заасан ямар журмыг зөрчсөн нь тодорхойгүй, энэ талаарх үндэслэлээ нэхэмжлэгч, түүний төлөөлөгч хангалттай үндэслэлээр тайлбарлаж чадаагүй, эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болсноор үр дагаварт нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа дагаад хүчингүй болох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд ГБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул НШШГГт холбогдох СЭ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг хүчингүй болгуулах тухай ГБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох СЭ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааг хүчингүй болгуулах тухай ГБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч ГБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Т.ЭНХТУЯА