| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0501/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/527 |
| Огноо | 2024-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Анударв |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/527
2024 6 20 2024/ШЦТ/527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн
улсын яллагч Э.Анударь
шүүгдэгч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны * дугаар сарын **-нд *** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д ажилладаг, *** дүүргийн *** дүгээр хороо, **** дугаар гудамж *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эхнэр, хоёр хүүхдийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, “***” хотхон, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, *** дугаарын регистртэй,
******
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч .*** 2024 оны 4 дүгээр сарын 08-ны шөнийн 03:00 цагийн үед *** дүүргийн ***дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” караокены гадаа хохирогч Б.*** нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохиролд гэж 1.2 сая төгрөг өгсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учрыг ойлгож байгаа гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч ***ын ***“... 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр миний ажиллаж байсан гэх газрын сагсны тэмцээн болоод бид нар тэмцээнээ дуусгаад хамт тэмцээнд орсон хүмүүсээрээ хоолонд ороод дараа нь караоке орж тэнд ууж идсэн. Манай ажлын ***гээд ах хөлөө хугалчихсан гипстэй байсан юм. Тухайн үед тамхи татахаар гарахаар нь би түшиж гарах гэхэд манай ажлын *** бас хамт гарсан. Гадаа гараад ***тэй юм ярьж байсан чинь голоор *** орж ирж юм яриад гэнэт миний хүзүүнээс татаад доош тонгойлгоод нүүр хэсэг рүү хөлөөрөө өвдөглөөд газар унагаагаад үсдээд байсан. Тухайн үед боль, цаашаа яв гэхэд *** намайг зодож дуусаад яваад өгсөн. Ингээд би ардаас нь ***тэй хамт ороод “намайг гадаа *** зодсон, ***ийг дууд эсвэл цагдаа дууд” гэхэд хэн ч дуудахгүй байсан. Тэгээд дотор байсан Энхболд гэх хүн уурлаад заамдаад нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд би тухайн газрын хүнд хандахад дуудахгүй байхаар текнийх нь хавтанг гараараа цохиод хагалсан чинь тухайн газраас цагдаа дуудсан юм” /хх-н 7-8/ гэж,
гэрч **** “... 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр манай ажлын сагсны тэмцээн болоод би тухайн үед хөлөө гэмтээгээд эмнэлэгт байж байгаад ажлынхнаасаа хаана байна гэж асуухад бөөндөө байна гэхээр нь Мишээл экспо дээр дуусаж байхад нь очоод ажлынхаа хүмүүстэй хамт Нарны хорооллын караоке орсон. Ингээд бид нар очиход манай ажлын дүү нар ирчихсэн байсан. Ингээд тухайн дүү нар дунд ***гэх дүү байсан тухайн хүн манай ажлаас гарч байсан юм. Ингээд уугаад сууж байхад ***дотор байсан хүмүүстэй хэрүүл маргаан хийх гээд өдөөд байсан юм. Ингээд би гадаа *** тамхи татаад гадаа байж байхад ардаас *** гарч ирээд тамхи татаад зогсож байхад ******ийг хэл амаар өдөөд хэрүүл хийх гээд байхаар нь тухайн үед боль гэж хэлж байсан. Гэнэт тэр хоёр маргалдаад *** *** шанаа хэсэг рүү цохих шиг болсон. ***цаашаа хайлстай хашаа руу унаад тухайн үед *** бид хоёр татаж босгоод би ***ийг цаашаа яв гээд явуулаад буцаад караоке руу орсон юм. Гэтэл ***дотор агсраад караокены тек гараараа хагалчихсан” /хх-н 16-17/ гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч
шүүгдэгч ***ийн *** “... би тухайн хүний хохирлыг барагдуулна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” /хх-н 51-52/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.
Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... *** биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 4925 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан /хх-н 22-23/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч ***ий гэм буруутайг нотолно.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч ******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ***ий хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 55/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-57/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 58/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-н 59/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна
шүүгдэгч *** “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” тухай хүсэлт гаргажээ. /хх-н 64/
Хохирогч ***“... ***тэй тохиролцож сэтгэл санааны хохиролд 1.200.000 төгрөг авсан тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Цаашид гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг мөн гаргасан байна. /хх-н 70/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч ***д оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлт бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт ***ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ