| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 144/2020/00246/И |
| Дугаар | 182/ШШ2021/01219 |
| Огноо | 2021-06-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2021/01219
2021 06 04 182/ШШ2021/01219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Д-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: ССМ ХХК-нд холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Т.Г, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д нь ССМХХК-нд 2016.09.20-ны өдөр няравын ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн хийж гүйцэтгэн өдийг хүрсэн. Гэтэл байгууллагын зүгээс 2020.05.17-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан. Тэгээд ажлыг нь хүлээлцээгүй, онгоцоор шууд Улаанбаатар явуулсан. Б.Д нь 28 хоног ажиллаж, 14 хоног амрах гэсэн ээлжээр ажилладаг. Ажлаас халсан тушаалыг зөвшөөрөхгүй байгаа.
Эхлээд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ярья. Улсын дээд шүүхийн тогтоол, зөвлөмжид зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол шүүх сэргээж болно. Нэхэмжлэгч Б.Д нь ажлаас халагдсан тушаалаа 2020.05.20-ны өдөр хүлээн авснаас хойш чихээ үзүүлэх, хагалгаанд орох, гам сахиж эмчилгээ хийлгэх зэргээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Энэ тухай баримтуудыг үндэслээд Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.06-ны өдрийн хүсэлт шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан гомдол гаргах хугацааг сэргээсэн, энэ захирамж хүчин төгөлдөр байгаа болно.
Хариуцагч нь ажлаас чөлөөлсөн 2020.05.17-ны өдрийн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.3, 11.7.8, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.12 дугаар зүйлийг тус тус баримталсан. Тухайн зөрчил нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан аль ч зөрчилд огт хамаарахгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох зүйл, заалтыг огт баримтлаагүй байдаг. Тушаалын үндэслэлд агуулахын нярав ажилтай Б.Д нь 2020.05.15-ны өдөр хүнсний бараа ачсан машины жолоочийг эрүүл мэндийн ямар нэг үзлэггүйгээр ОТүйлдвэрт нэвтрүүлж аюулгүй ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020.05.17-ны өдрөөр цуцлав гэсэн байгаа. Нэхэмжлэгч Б.Д нь ОТХХК-ийн ажилтан биш ССМХХК-ийн ажилтан. Хэдийгээр ССМХХК нь ОТХХК-ийн туслан үүрэг гүйцэтгэгч боловч ССМХХК-ийн нярав ажилтай хүн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар ОТүйлдвэрт орох машинд зөвшөөрөл өгч оруулах талаар заалт огт байхгүй. Мөн хөдөлмөрийн дотоод журамд энэ талаар заасан зүйл огт байхгүй. Нэвтрэх зөвшөөрөл олгох, тээврийн жолоочийн халууныг хэмжих зэрэг үүрэг нь Б.Дт байхгүй. Няравын гол үүрэг нь ирсэн бараа материалыг тооцоолох мөн ажлын байрны тодорхойлолтод зааснаар гал тогооны захиалга бүхий бараа материалыг нийлүүлэх зэрэг ажлуудыг хийдэг.
Нэхэмжлэгчийн хувьд гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн зүйл байдаггүй. Байгууллагын удирдлага буюу холбогдох эрх бүхий албан тушаалтан нь ОТХХК-аас биднийг зөрчил гаргасан, холбогдох ажилтанд арга хэмжээ ав гээд байна. Харин чи зөрчил гаргасан гэдгээ зөвшөөрсөн тухай өргөдөл гаргачих, чамайг ажлаас огт халахгүй, үгүй бол удирдлагуудад хариуцлага тооцох асуудал яригдаж, олон хүн хохирох гээд байна гэж хэлээд зөрчил гаргасан учир энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэх байдлаар өргөдөл бичүүлсэн байгаа, түүнээс биш ажлаас халах тушаалын үндэслэл болсон зөрчлийг нэхэмжлэгч Б.Д огт гаргаагүй, түүнийг шалгаж тогтоосон ч зүйл байхгүй. Хэрэв ноцтой зөрчил гэж байгаа бол өөрийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан байх ёстой. Тухайн зөрчил нь Б.Дийн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил биш, үүний улмаас байгууллагын нэр хүндэд халдсан, бодитой хохирол учирсан зүйл байхгүй.
Иймд хариуцагчийн гаргасан тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Дийг агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа хоёр гол шалтгаан байна.
Нэгдүгээрт, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд 2020.10.19-ний өдөр нэхэмжлэл гаргасан. 2020.05.17-ны өдөр ажлаас халагдсан тушаал гарсан ба тушаалыг 2020.05.20-ны өдөр төв оффис дээрээс гарын үсэг зурж гардан авсан тэмдэглэл нь байна. Харин шүүхэд хандсан өдөр нь ажлаас халагдсан өдрөөс хойш бүтэн 05 сар 02 хоногийн дараа буюу гардан авснаас хойш 04 сар 29 хоногийн дараа байгаа. Нэхэмжлэгчийн хувьд эмчилгээ хийлгэж байсан, чихний хагалгаанд орсон гэсэн эмчийн магадалгаа, эмчилгээний бичиг байгаа боловч энэ нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хангалттай үндэслэл болохгүй. Хөөн хэлэлцэх хугацааг Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэний хэргийн анхан шатны шүүхээс сэргээж, түүний дагуу хэрэг хэлэлцэх ажиллагаа явагдаж байгаа боловч энэ нь хууль зөрчиж байна гэж үзэж байгаа. УДШ-ээс гаргасан зөвлөмжид зааснаар хэрэг маргааныг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх үед хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл байгаа эсэхийг харгалзан үзэх ёстой байдаг. Харин шүүх түүнээс өмнө захирамжаар нэхэмжлэл гаргах хугацаа сэргээсэн явдал нь шүүхийн практикт байхгүй үйл явдал болсон гэж бидний зүгээс харж байгаа. Иймд шүүх энэ байдлыг харгалзаад, хэрэгт авагдсан баримтуудыг дахин үнэлж үзэхийг хүсэж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай холбоотой баримтуудаар нэхэмжлэгч Б.Д хүндээр өвдсөн, нэхэмжлэл гаргах боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, байгууллагын зүгээс гаргасан тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч Б.Д нь ажиллаж байх хугацаандаа давтан зөрчлүүдийг гаргасан байдаг. Тухайн зөрчлүүд нь ноцтой зөрчлийн шинжтэй. 2020.05.09-ний өдрийн зөрчил, 2020.05.15-ны өдөр мөн зөрчил гаргасан. Энэ нь зөрчил бүртгэх хуудсанд тэмдэглэгдсэн байдаг. Хүнсний бараа ачсан машины жолоочийг эрүүл мэндийн ямар нэг үзлэггүйгээр, зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн. Тухайн үйлдэл нь холбогдох журмуудыг зөрчсөн хэрэг болсон. Тухайн үедээ өөрөө зөрчил гаргасан үйлдэлдээ тайлбар бичиж, ажлаас гарах хүсэлтээ хүртэл бичиж өгсөн байдаг. Мөн нэхэмжлэгч Б.Д нь ажилтнуудын хэрэгцээний жимснээс удирдлагын зөвшөөрөлгүй, хулгай хийж авсан нь ОТхамгаалалтын албанаас ирүүлсэн гэрэл зураг, гал тогооны хэлтсийн менежер Дебендра, хүнсний чанарын ажилтан Ц.Зориг нарын тайлбараар тогтоогдоно. Энэ мэтчилэн нэхэмжлэгч Б.Д нь байгууллагын холбогдох дүрэм, журмуудыг зөрчсөн үйлдэл нь түүнийг ажлаас халах үндэслэл болсон байдаг. Ажлаас халах тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дүгээр зүйлд заасныг дурдаагүй нь техникийн алдаа болсон. Гэхдээ түүнийгээ агуулгаараа тодруулж ажлаас халах ноцтой зөрчлийг гаргасан гэдгийг дурдсан. Иймд ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт агуулагдаж байна гэж харах үндэстэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч ССМХХК-нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг би ажлаас халах хэмжээний ноцтой зөрчил гаргаагүй, зөрчил гаргасныг зөвшөөрөөгүй, байгууллага бусад ажилтнуудыг хохироохгүйн тулд намайг чи зөрчил гаргасан гээд зөвшөөрөөд бичээд өгчих, чамайг ажлаас халахгүй, ОТкомпаниас манай байгууллагыг зөрчил гаргасан, холбогдох ажилтандаа арга хэмжээ ав гээд байна гэж гуйсны дагуу зөрчлийн хуудас бичиж өгсөн, ОТсайтад машин нэвтрүүлдэг эрх бүхий этгээд би биш, Бамбай секьюрити гэсэн хамгаалалтын алба байдаг, тэр албанаас нэвтрүүлдэг, гаргасан зөрчил гэх зүйл нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын заалттай нийцэхгүй, тушаал нь үндэслэлгүй, миний бие эрүүл мэндийн шалтгаанаар нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлснийг шүүх хүлээн авч, хугацааг нэгэнт сэргээсэн гэж тайлбарлав.
Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд ажлаас халсан тушаал үндэслэлтэй, нэхэмжлэгч Б.Д өмнө нь жижиг зөрчлүүдийг гаргаж байсан, ОТсайтад зөвшөөрөлгүй хүнсний машин нэвтрүүлж, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн, энэ нь зөрчил бүртгэх хуудсаар тогтоогдсон, тэгээд ч нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтуудыг хэргийг шийдвэрлэх үед үнэлж, дүгнэн хугацааг сэргээх эсэхийг шийдвэрлэх байтал түүнээс өмнө шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч ССМХХК-нд 2016.09.20-ны өдрөөс няраваар, 2019.04.01-ний өдрөөс эхлэн Хоол үйлдвэрлэлийн хэлтэст агуулахын няраваар, хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан, Өмнөговь аймагт 28 хоног ажиллаж, 14 хоног амрах ээлжтэйгээр, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан, талууд тохиролцон хөдөлмөрийн гэрээний хугацааг 2020.04.01-ний өдрөөс 2021.03.31-ний өдрийг хүртэл сунгаж гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Нэхэмжлэгч Б.Д нь ийнхүү ажиллаж байгаад хариуцагч ССМХХК-ийн хүний нөөцийн зөвлөх Д.Б-гийнгаргасан 2020.05.17-ны өдрийн HR2-337 дугаар “хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар мөн өдрөөр тасалбар болон ажлаасаа чөлөөлөгдсөн.
Хариуцагч ССМХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.06.11-ний өдрийн 1/26-Б дугаар “гарын үсэг зурах эрх олгох” тухай тушаалаар “хүний нөөцийн захирал албан тушаалын орон тоо хасагдсантай холбогдуулан хөдөлмөрийн харилцаатай холбоотой бүх төрлийн тушаал, гэрээ болон бусад бичиг баримт дээр ажил олгогчийг төлөөлөн гарын үсэг зурж, баталгаажуулах эрхийг 2019.06.12-ны өдрөөс эхлэн хүний нөөцийн зөвлөх Д.Бямбасүрэнд олгосон байх бөгөөд Д.Бямбасүрэн нь энэ эрхийнхээ хүрээнд дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг байгууллагыг төлөөлөн гаргасан талаар зохигчдын хэн аль нь маргасангүй.
Дээрх тушаалын дагуу хариуцагч ССМХХК нь нэхэмжлэгч Б.Дт ажлаа хүлээлгэн өгөх боломж олголгүй, түүнийг маргааш нь Өмнөговь аймгаас онгоцонд суулган Улаанбаатар хот руу явуулсан, нэхэмжлэгч Б.Д нь Улаанбаатар хотод байрлах төв оффисоос Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар 2020.05.20-ны өдөр ажлаас халагдсан тушаал, холбогдох бичиг баримтыг хүлээн авсан байна.
Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, ажлаас халсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, ажилд томилсон тушаал, тушаал гардуулсан тухай баримт зэргээр тогтоогдсон.
Нэхэмжлэгч Б.Д нь ажлаас халагдсан тушаалаа хүлээн авснаас хойш энэ тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар 1 сарын дотор шүүхэд гаргах байтал гаргаагүй, чихээ үзүүлж, хагалгаанд орж, гам сахих зэргээр эмчилгээ хийлгэж байгаад 2020.10.19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэлийг гаргажээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх хавтаст хэргийн 7-32 дугаар хуудсанд авагдсан, нэхэмжлэгч Б.Дийн эрүүл мэндийн шалтгаантай холбоотой баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.Дийн чихээ үзүүлж, хагалгаанд орж, гам сахих зэргээр эмчилгээ хийлгэсэн дээрх байдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан болохыг дүгнээд, 2021.01.06-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн байна.
Энэхүү шүүгчийн захирамж нь хүчин төгөлдөр байх ба, шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй, энэ талаарх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзээд харин ажлаас халсан тушаалд хууль зүйн дүгнэлт өглөө.
Хариуцагч ССМХХК нь 2020.05.17-ны өдрийн HR2-337 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дугаар зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.3, 11.7.8 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.12 дахь заалт, 2020.05.17-ны өдрийн ажилтанд танилцуулсан зөрчил бүртгэх хуудас болон ОТХХК-ийн хамгаалалтын албанаас болон ажилтны харьяа хэлтсээс ирүүлсэн нотлох баримт зэргийг удирдлага болгон,
“Тус компанийн ОТтөслийн салбарт Хоол үйлдвэрлэлийн хэлтэст агуулахын нярав ажилтай Б.Д нь 2020.05.15-ны өдөр сайтад ирсэн хүнсний хүргэлтийн машиныг ОТсайтад зөвшөөрөлгүй нэвтрүүлж, аюулгүй ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлийг заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцлана”, 38.1.2-т “ажил олгогч санаачилсан”,
131 дүгээр зүйлийн 131.1-д “ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131.1.3-т “ажлаас халах”,
Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2-т “ажилтны гаргасан зөрчилд дараах сахилгын шийтгэлийг ногдуулна”, 11.2.3-т “ажлаас халах”, 11.7-д “Хөдөлмөрийн тухай хууль, компанийн дотоод журамд заасан үндэслэлээр буюу дараах тохиолдолд байгууллагын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана”, 11.7.8-д “албан тушаалаа ашиглан бусдаас шан харамж авах, өгөхийг шаардах, өөрт олгосон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, үгсэн тохирох”,
Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “ажилтан доорх зөрчлүүдийн аль нэгийг гаргасан тохиолдолд /Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдэгт компанид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нь нөлөөлсөн сөрөг үр дагавар бий болгох, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгоно/ ноцтой зөрчил гаргасан гэж үзэх ба, компанийн санаачилгаар энэхүү гэрээг цуцлана”, 5.1.12-т “дэг журам, сахилга хариуцлага дээшлүүлэхээр баталж гаргасан удирдлагын шийдвэрийг биелүүлээгүй, ажлын байранд сахилга, дэг журмыг зөрчсөн, компанийн хэвийн үйл ажиллагааг аливаа хэлбэрээр алдагдуулсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан бол” гэж тус тус заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн байх явдал бөгөөд сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ямар үүргийг биелүүлээгүй болох нь тодорхой байхаас гадна, үүнийг шалгаж тогтоосон байхыг шаарддаг.
Харин ажлаас халах нь сахилгын шийтгэлийн хүнд, дээд хэлбэр бөгөөд ноцтой шинжтэй зөрчилд хэрэглэхэд тохиромжтой, сахилгын ноцтой зөрчилд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргах, зөрчлийн улмаас ажил олгогчид эд хөрөнгийн буюу ажил хэргийн нэр хүндэд сөрөг байдлаар нөлөөлж хохирол учрах зэрэг үр дагавар бүхий зөрчлийг ойлгодог.
Түүнчлэн ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дээр дурдсан холбогдох заалтууд нь нэхэмжлэгч Б.Дийг ажлаас нь чөлөөлсөн үйл баримттай тохирохгүй, тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлаагүй, хариуцагч ССМХХК-ийн 2020.05.17-ны өдрийн HR2-337 дугаартай “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь дээрх ажлаас халсан тушаалын үндэслэл болсон 2020.05.17-ны өдрийн ажилтанд танилцуулсан зөрчил бүртгэх тухай хуудсыг үзвэл, нэхэмжлэгч Б.Д нь ОТ компанийнМнэртэй гал тогоонд зөрчил гаргасан гэх ба, 2020.05.15-ны өдөр мах хүргэлтийн машин сайтад орж ирж, гал тогооны гадна, машины зогсоолд зогсох үед хүргэлтийн машин ирсэн талаар удирдлага, ариутгал халдваргүйжилтийн ажилтан, хүнсний чанарын мэргэжилтэн нарт мэдээлээгүй, ариутгал халдваргүйжилтийг цаг тухайд нь хийгээгүй, халууныг үзүүлээгүй,Мгал тогоонд хоолонд оруулж, аюулгүй байдлыг алдагдуулсан талаар тэмдэглэж, ажлаас халах арга хэмжээ авах санал болгож, ажилтнаар гарын үсэг зуруулсан байх боловч түүнээс ямар нэгэн тайлбар аваагүй байна.
Өөрөөр хэлбэл, дээрх зөрчил, ажлаас халах тушаалын үндэслэл болсон “...Б.Д нь 2020.05.15-ны өдөр сайтад ирсэн хүнсний хүргэлтийн машиныг ОТсайтад зөвшөөрөлгүй нэвтрүүлж, аюулгүй ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлтэй тохирохгүй, зөрүүтэй байх бөгөөд ажлаас халах тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.7.8, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.12-т заасан ноцтой зөрчилд огт хамаарсангүй.
Тодруулбал, хариуцагчийн үндэслэл болгосон гүйцэтгэх захирлын 2020.06.03-ны өдрийн 44 дүгээр “хүргэлтийн тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа батлах тухай” тушаал нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Б.Дийн зөрчил гаргасан гэх 2020.05.15-ны өдрөөс хойш гарсан байх бөгөөд, маргааны зүйлд хамааралгүй, нэг талын баримт гэж үзэхээр байх бөгөөд зөвхөн зөрчил бүртгэх тухай хуудсаар дээр дурдсан зөрчлийг илрүүлсэн, шалгасан гэж үзэх боломжгүй болно.
Иймд нэхэмжлэгч Б.Д нь 2020.05.15-ны өдөр бодит байдлаар ямар нэгэн зөрчил гаргаагүй байх бөгөөд энэ талаар түүний гаргасан “...байгууллагын удирдлага ОТкомпаниас зөрчил гаргасан гээд ажилтандаа арга хэмжээ тооц гээд байна, чи энэ зөрчлийг гаргасан гээд хэлсний дагуу бичээд өгчих, чамайг ажлаас халахгүй, чамд ямар нэгэн асуудал үүсэхгүй, асуудлыг ингэж хаахгүй бол олон ажилчид хохирох гээд байна гэсэн учир би зөвшөөрч, эрх бүхий ажилтны хэлсний дагуу бичсэн...” гэх тайлбар үндэслэл бүхий байна гэж үзлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.Д нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар сайтын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, түүнийг түргэн шуурхай явуулах нөхцөл бололцоог хангах, шаардлагатай бүтээгдэхүүн, бараа материалыг хүргэн үйлчлэх, түүний татан авалт, хүргэлт, захиалгыг хийн гүйцэтгэх, тухайн бараа материалын хадгалалт хамгаалалтад хяналт тавих, ажлын байрны эмх цэгцийг эрхэмлэн, байгууллагаар үйлчлүүлэгч бүрийн сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгах зорилготой ажиллах ёстой байх ба, тэрээр ОТсайтад ирсэн хүргэлтийн машиныг сайтад нэвтрүүлэх зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд биш болох нь тус ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар хэсэгт зохицуулсан “чиг үүргүүд”-ээс харагдаж байна.
Мөн хариуцагч тал нэхэмжлэгч Б.Дийг өмнө нь жимс хулгайлж байгаад баригдсан, 2020.05.09-ний өдөр меньюны дагуу жүүс оруулаагүй, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн зөрчил гаргаж байсан гэж тайлбарлан, 2020.05.09-ний өдрийн зөрчил бүртгэх тухай хуудас, хулгайн зөрчлийн талаар тайлбар, камерын бичлэг харуулсан гэрэл зургуудыг үндэслэж байх ба, нэхэмжлэгч Б.Д нь зөрчил бүртгэх тухай хуудсан дээр “...ундаа, печены захиалга меньюны дагуу байсан боловч орой 16.00 цагт сольсон шинэ меньюг гарган өгсөн, захиалганд өөрчлөлт оруулсан боловч шөнийн ажилтанд бичиж үлдээгээгүйгээс солиогүй мартсан” гэх тайлбарыг бичжээ.
Түүнчлэн хариуцагч ССМХХК-ийн хэлтсийн менежер Дебендра гэх хүн хулгайн зөрчлийн талаар монгол хэлээр тайлбар гаргасан, уг тайлбар нь “...нэхэмжлэгч Б.Дийг уут дүүрэн жимс хулгай хийсэн талаар сэжиглэж, камер шүүхэд агуулахын нярав байсан нь батлагдсан...” гэх агуулгатай байх боловч эдгээр тайлбар, баримтуудаар зөрчлийг тогтоосон гэж үзэх боломжгүй, ажлаас халсан тушаалын үндэслэл болоогүй, баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн нэг талын баримт гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч талын гаргасан “нэхэмжлэгч Б.Д өмнө нь жижиг зөрчлүүдийг гаргаж байсан, ОТсайтад зөвшөөрөлгүй хүнсний машин нэвтрүүлж, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн, энэ нь зөрчил бүртгэх хуудсаар тогтоогдсон” гэх тайлбар үгүйсгэгдэв.
Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл буюу нэхэмжлэгч Б.Дийг ажлаас чөлөөлөх болсон тушаал нь түүний гэм буруу, гаргасан зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон гэж үзэхгүй, нэхэмжлэгч Б.Д нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд зааснаар албан тушаалаа ашиглан бусдаас шан харамж авсан, өгөхийг шаардсан, өөрт олгосон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, үгсэн тохирсон, дэг журам, сахилга хариуцлага дээшлүүлэхээр баталж гаргасан удирдлагын шийдвэрийг биелүүлээгүй, ажлын байранд сахилга, дэг журмыг зөрчсөн, компанийн хэвийн үйл ажиллагааг аливаа хэлбэрээр алдагдуулсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан гэх ноцтой зөрчил гаргасан үйл баримт тогтоогдсонгүй.
Тиймээс нэхэмжлэгч Б.Дийг ажлаас нь чөлөөлсөн хариуцагч ССМХХК-ийн 2020.05.17-ны өдрийн HR2-337 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Дийн гомдлыг хангаж, түүнийг ОТтөслийн салбар, Хоол үйлдвэрлэлийн хэлтэст агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Дийн нэг сарын дундаж цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцвол 996,612 /2020 оны 4 сард 1,018,818, 3 сард 874,898 төгрөг, 02 сард 1,096,121 төгрөг = 2,989,837 төгрөг : 3/ төгрөг болов.
Нэхэмжлэгч Б.Дийг ажлаас нь чөлөөлсөн 2020.05.17-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан 2021.06.04-ний өдрийг хүртэл 12 сар /996,612 төг * 12 сар = 11,959,344 төг/ 13 өдөр /996,612 төг : 21,5 өдөр = 46,354 төг * 13 өдөр = 602,602 төг/ - ийн ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 12,561,946 /11,959,344 төг + 602,602 төг/ төгрөгийг хариуцагч ССМХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Дт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ССМХХК-нд үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.
Харин нэхэмжлэгч Б.Д нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгохыг хүссэн боловч энэ нь шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл болохыг, мөн хариуцагчийн төлөөлөгч Т.Золбаяр өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлснийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Дийг ССМХХК-ийн ОТтөслийн салбар, Хоол үйлдвэрлэлийн хэлтэст агуулахын няравын ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч ССМХХК-иас 12,561,946 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дт олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Дийн дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ССМХХК-нд үүрэг болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Д нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч ССМХХК-иас 215,941 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА