Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/536

 

  

 

 

 

 

 

 

 

    2024           6           24                                   2024/ШЦТ/536

 

 

                          

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч М.Эрдэнэзаяа

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны * дүгээр сарын ***-нд *** аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл 4; эцэг, эх дүүгийн хамт** дүүргийн **дугаар хороо, “***” ** А байрны ** тоотод оршин суух, *** дугаарын регистртэй,

*** овогт ***гийн ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2024 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**” зочид буудалд “... насанд хүрээгүй хоёр охиныг бичиг баримтыг нь шалгуулахгүйгээр авч орлоо” гэх шалтгаанаар хохирогч *** маргалдан түүний нүүрэн тус газарт 3-6 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хацар, зүүн чихний дэлбэн, хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би гэм буруугийн талаар маргахгүй. Яллах дүгнэлтэд бүх юм зөв бичигдсэн байна. Хохирогч надаас 1.0 сая төгрөг нэхсэнээс би 800.000 төгрөг түүнд өгсөн. Тэгээд надад гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учрыг ойлгож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***** “... 2024 оны 5 дугаар сарын 01-ний орой 23:00 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” зочид буудалд найз ***тай хамт орсон. Тэгээд буудлын 304, 305 тоот өрөөнүүдэд бид хоёр салаад орсон. Өрөөнд ороод усанд орчхоод эргэж нэгнийхээ өрөөнд орж пиво ууж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа 00:00 цаг өнгөрч байхад найз *** өөрийнхөө найзаар дамжуулаад 2 хүүхэн дуудсан. Тэр 2 хүүхэн хэсэг байж байгаад гараад явсан. Би удалгүй өрөөнөөсөө доош буугаад ресейпшн дээр очоод саяны миний өрөө рүү орсон 2 хүүхэн хаагуур, хэзээдээ гараад явчхав аа гэж асуугаад зогсож байтал миний хажуу талаас үл таних 3-4 залуучууд ямар ч шалтгаангүйгээр намайг боож унагаад дээрээс өшиглөөд, улмаар лифтний хэсэг рүү чирч авч очоод ойролцоогоор 10 орчим минут зодсон. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Намайг зодсон залуу миний хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 7-8, 11/ гэж,

гэрч ***ын *** “... тэгээд үйлчлүүлж орж ирээд би бараагаа бичиж байхад “****” буудлын текний ойролцоо эрэгтэй хүн орилох чимээ гарсан. Тэгэхээр нь би гараад очтол үл таних согтуу ах буудлын ресейпшн эгчтэй хэрэлдэж байсан. Хэрэлдсэн асуудал буудлын эгч хүүхэд оруулахгүй гэхэд тэр үл таних ах яахаараа оруулдаггүй юм гэж муудалцаж байсан. Хэсэг тэр ах уурлаж байгаад өрөө рүүгээ явсан. Тэгээд би буцаад ажлаа хийж байтал дахиад хүмүүс муудалцаад байхаар нь найз Бадралсайхантай хамт гараад очтол нөгөө үл таних ах буудлын доор караокед ажилладаг манай найз ***тэй цохилцож байсан” /хх-н 14-15/ гэж,

гэрч ***ы *** “... ажил дээр нь байж байтал шөнө буудлын хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь манай найз Билгүүн үүд рүүгээ гарсан. Удалгүй би араас нь гараад очтол манай найз *** нь үл таних ахтай зодолдож байсан. Тэгэхээр нь ***бид хоёр салгах гэж нэлээд оролдсон. Тэр 2 зодолдохдоо манай найз тэр үл таних ахын зүүн хацар хэсэг рүү нь 2-3 удаа цохиж, нөгөө үл таних ах ***г алгадсан” /хх-н 18-19/ гэж,

гэрч *** “... буудлын хэсэгт хүн муудалцаж байгаа чимээ гарч байгаад удалгүй Пүүжээ ажил руугаа ороод ирсэн. Тэгэхээр нь би дээр юу болоод байна аа гэж асуухад сая нэг хүн насанд хүрээгүй хүүхдүүд дагуулж буудалд орох гээд байхаар нь би муудалцчихаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа бид 2 дээшээ гараад Жи Эс 25 дэлгүүрт ороод юм идэж байтал ***тэй муудалцсан гэх эрэгтэй орж ирээд Пүүжээтэй маргалдаж улмаар хоорондоо буудлын үүд хэсэг рүү гараад зодолдсон. Тэгэхээр нь тэнд байсан буудлын ресейпшн болон Жи Эс 25 дэлгүүрт ажиллаж байсан ажилтнуудтай нийлээд бид нар тэр хоёрыг салгасан” /хх-н 29-30/ гэж,

гэрч **** “... манай буудал хяналтын камерын бичлэгийн хадгалах зай, чанарыг сайжруулахаар 2024 оны 4 сарын 26-ны өдөр засвар хийж эхэлсэн. Уг засвар 5 сарын 04-ний өдөр хэвийн болсон ба одоо хэвийн ажиллаж байгаа. Тийм учраас 5 дугаар сарын 01-ээс 02-ний шөнийн бичлэг байхгүй, бичигдээгүй” /хх-н 21-22/ гэж,

гэрч **** “... ажиллаж байх хугацаанд 23:00 цагийн үед гаднаас халамцуу 2 ах орж ирээд тусдаа 304, 303 дугаар 1 ортой өрөөнүүдийг Төгсбаяр гэх нэр дээр авсан. Удалгүй гаднаас үл таних 2 насанд хүрээгүй юм шиг жоохон царайтай охид надад бүртгүүлэхгүй шууд лифтэнд суугаад дээшээ явсан. Би камераар харж байтал уг 2 охин 303 тоотын үүдэнд байсан. Тэгтэл нөгөө ах удалгүй бууж ирээд чи яагаад миний авчирсан хүмүүсийг хөөгөөд явуулчихдаг юм гэхэд нь би хөөгөөгүй, өөрсдөө гараад гүйчихлээ гэж хэлсэн. Тэгтэл тэр ах намайг хэл амаар доромжлоод, уурлаад дайраад байж байтал манай буудлын доор караокед ажилладаг Пүүжээ гараад ирсэн хажууд зогсож байсан. Пүүжээ тэр үл таних ахын нүүр рүү нь 2-3 удаа цохихоор нь бид нар очоод салгасан. Харилцан зодолдож байсан, гэхдээ *** илүү олон цохисон” /хх-н 32-35/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч ***гийн *** “... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гаргасан үйлдэлдээ харамсаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 58-59/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... .*** биед уруулд няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хацар, зүүн чихний дэлбэн, хөхлөг сэртэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 5978 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан /хх-н 39-40/ ба таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг баримтууд нь шүүгдэгч ***гийн гэм буруутайг нотолно.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***гийн ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 64/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 69/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-67/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 66/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирогч *** “... надад нэхэмжилсэн зүйл байхгүй. Шүүх хуралд оролцох шаардлагагүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хх-н 75/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч ***д оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлт бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ийн ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** 450.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Сандагдорж гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ