Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2024/00274

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/01671 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01331 дүгээр магадлалтай,

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.М-д холбогдох

Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 17,146,424 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэл: Зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээний үүрэгт төлсөн төлбөр болох 696,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Н ХХК” нь хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,146,424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээний үүрэгт шилжүүлсэн 696,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/01671 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.М-ээс 7,004,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,142,424 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.1.9-д зааснаар “Н” ХХК, Б.М нарын байгуулсан 2020.05.21-ний өдрийн №206211178 дугаартай “Зээлийн гэрээ”, 2020.05.21-ний өдрийн №206211178 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ” тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг дурдаж, хариуцагч Б.М-ийн зээлийн төлбөрт төлсөн 696,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,682 төгрөгийг, хариуцагч Б.М-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,460 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-ээс 121,310 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Н” ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулж Б.М-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01331 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/01671 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гаргасан хариуцагч Б.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,146,424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.М-ийн гаргасан зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч “Н” ХХК-аас 696,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.М-д олгож, хариуцагчид “BMW” маркийн **** УБД тоот улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгасугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлалтыг өөрчилж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-ийн төлсөн 243,682 төгрөг, хариуцагч Б.М-ийн төлсөн 91,460 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н” ХХК-аас 91,460 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.М-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “… Зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ 2 тусдаа гэрээ фидуцийг хүчингүй болгосон нь Зээлийн гэрээ хүчингүй гэж үзэх үндэслэлгүй бид Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар Барьцаалан зээлдэх журмын хүрээнд зээл олгосон түүний дагуу зээлийн гэрээний хугацаанд хүү бодож авах эрхтэй гэж үзэж байна. Манай байгууллага анхан шатны шүүхэд зээлийн гэрээний дагуу төлбөрөө нэхэмжилсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж фидуцийн гэрээг хамтатган оруулж, 2 гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Хуульд заасны дагуу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны хүрээнд манай байгууллагад хариуцагч Б.Мтэй зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдэгч зөвшөөрч гэрээг баталгаажуулсан байдаг. Ямар нэг дүр эсгэсэн гэрээ хийгдээгүй, автомашин худалдан авахаар Б.М манайд хандсан, түүний дагуу зээл гаргаж өгсөн байдаг.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-д заансыг тус тус зөрчиж хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, ингэхдээ хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ийн гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.01-ний өдрийн 001/ШХТ2024/01282 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч “Н ХХК” нь хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,146,424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...Б.М-тэй 2020.05.21-ний өдөр 206211178 тоот зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг тус тус байгуулж, 7,700,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,90% хүүтэйгээр олгож, үүргийн гүйцэтгэлд BMW X5 маркийн, WBAFB7290LC39412 арлын дугаартай, **** УБД улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлсэн. Хариуцагч Б.М нь фидуцийн гэрээнд тусгасан **** УБД улсын дугаартай BMW X5 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг эвдсэн тул цаашид ашиглах боломжгүй болсон үндэслэлээр фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний дагуу төлбөрийг нэхэмжилж байна. Иймд үндсэн зээл 7,373,111.30 төгрөг, үндсэн хүү 8,371,322.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,401,990.33 төгрөг, нийт 17,146,424.13 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч “...Миний бие “Н” ХХК-аас BMW Х5 маркийн автомашиныг 7,700,000 төгрөгөөр буюу зээлээр худалдан авсан,  тус компани надтай 2020.05.21-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээг тус тус байгуулсан. Гэвч худалдаж авсан автомашин нь эвдэрхий байсан, засварын газруудаар үзүүлж, засуулах гэсэн боловч засвар авах боломжгүй болох нь тогтоогдсон тул би “Н” ХХК-д 2020 оны 07 дугаар сард очиж, эдийн засагчид нь зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөх боломжгүй боллоо, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулмаар байна, авсан автомашин нь эвдэрхий одоог хүртэл замын хөдөлгөөнд оролцоогүй гэдгийг хэлэхэд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Гэтэл одоо үндсэн зээлээс давсан хүү 8,371,322 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,401,990 төгрөгийг нэхэмжилж, 7,700,000 төгрөгийн зээлийг 17,146,424 төгрөг болгож байгаа нь үндэслэлгүй. Иймд би зээлийн төлбөрийг төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9.Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээний үүрэгт шилжүүлсэн 696,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлийг “...”Н” ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйл, MNS 5274:2017 стандарт буюу Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, нийтлэг шаардлага, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 121 дүгээр тогтоол, хавсралт Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих журам-ыг дагаж мөрдөн харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс олгосон батламжийн дагуу үйл ажиллагаа явуулах учиртай. Гэтэл “Н” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэхдээ харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газраас олгосон батламжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхой бус байх тул зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг байгуулах эрхгүй этгээд гэж үзэхээр байна. “Н” ХХК нь Иргэний хуулийн 202 дугаар зүйл, 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг тус тус зөрчсөн нь гэрээг хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамаарч байна. Иймд зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн зүйлийн 56.5-д зааснаар “Н” ХХК-д зээлийн гэрээний үүрэгт төлсөн 696,000 төгрөгийг буцаан гаргуулж Б.М-д олгож, BMW Х5 маркийн автомашиныг “Н” ХХК буцаан авахыг даалгаж өгнө үү” гэжээ.

10.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Салбарын захирал Б.М-ийг 2020.06.20-ны өдөр захирлын ажил албан тушаалаас чөлөөлсөн тул гэрээ байгуулах эрхтэй байсан. Манай байгууллага нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг тул зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

11.Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...”Н” ХХК-ийн Б.М-тэй байгуулсан 2020.05.21-ний өдрийн 206211178 дугаар зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.1.9-д заасан шинжийг агуулсан хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч  нь хариуцагчаас 2020.05.21-ний өдрийн зээлийн  гэрээний үүргийг шаардах эрхгүй. Хариуцагч  нь нэхэмжлэгчээс BMW Х5 маркийн, **** УБД улсын дугаартай автомашиныг 7,700,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Харин тухайн автомашиныг засварын газарт засагдаагүй эвдэрсэн байдалтай байхад нь худалдан авсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн, ...түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасны дагуу автомашины доголдлын талаар шаардлага гаргах эрхгүй. Хариуцагч Б.М нь автомашины үнэ 7,700,000 төгрөгийг “Н” ХХК-д төлөх үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 238 дугаар зүйлийн 238.1-д заасны дагуу зээлийн гэрээний дагуу төлсөн 696,000 төгрөгийг үнийн төлбөрөөс хасч, үлдэх 7,004,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэсэн.

12.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангахдаа “... Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх этгээд тул гагцхүү хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгох эрхтэй. Гэтэл, нэхэмжлэгч хариуцагчтай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Түүнчлэн, банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш атлаа тус гэрээгээр нэмэгдүүлсэн хүү тохирсон зэрэг нь дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэрээ, хүчин төгөлдөр бус байна. Талуудын анхдагч хүсэл зоригийн илэрхийлэл нь нэхэмжлэгч “Н” ХХК-ийн өмчлөлийн автомашиныг худалдан авахаар тохиролцож, уг гэрээний үнэд тохируулан зээлийн гэрээ байгуулж, улмаар хариуцагч Б.М-ийн өмчлөлийнх гэж фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дахь хэсэгт нийцээгүй. Зохигч талууд зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тул уг зээлийн гэрээнээс үүрэг үүсгээгүй, мөн хүчин төгөлдөр бус фидуцийн гэрээний нөхцөл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно гэж зааснаар зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, халхавчлагдсан гэх худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл буюу үнэ, түүнийг төлөх журам, хугацаа, хэмжээ зэрэг зүйлүүд тодорхойгүй, үүрэг үүсгээгүй зээлийг гэрээ, мөн хүчин төгөлдөр бус фидуцийн гэрээний нөхцөл нь худалдах, худалдан авах гэрээнд үйлчлэхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Н” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийн хувьд хариуцагч Б.М-д зээл олгох үйл ажиллагааг эрхлэх эрхтэй байхад хөдлөх эд хөрөнгө барьцаалах бус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээ байгуулсныг үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн хэлцэлд хамааруулж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна” гэж үзжээ.

13.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн, фидуцийн, худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, эдгээрийн эрх зүйн үндэслэлийн талаар зөрүүтэй дүгнэлт хийж, өөр өөр шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гомдлын дагуу хэргийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болсон.

14.Хэргийн баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч “Н” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй  болох, хариуцагч Б.М нь нэхэмжлэгчээс түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн BMW X5 маркийн **** УБД улсын дугаартай автомашиныг 7,700,000 төгрөгөөр худалдан авахаар талууд тохиролцсон, гэрээний зүйл болсон автомашин нь хариуцагчийн эзэмшилд шилжигдсэн бөгөөд автомашины үнийг төлөх зорилгоор  хариуцагч нь нэхэмжлэгчээс 7,700,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээ, уг гэрээний үүргийг хангуулахаар худалдан авсан автомашиныг фидуцийн буюу эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл болгосон эдгээр гэрээ байгуулагдсан ба зээлийн төлбөрт гэж хариуцагч нь нийт 696,000 төгрөг төлсөн үйл баримтууд тогтоогджээ.

15.Нэхэмжлэгч зээлийн гэрээг үндэслэн үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардаж байгаа бол хариуцагч нь зээлийн мөнгийг шилжүүлж аваагүй, нэхэмжлэгч нь фидуцийн гэрээ байгуулах эрхгүй тул эдгээр гэрээ нь хууль зөрчсөн, зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус, худалдан авсан автомашин нь эвдрэлтэй байсан тул буцааж өгнө гэж маргажээ.

16.Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

16.1.Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан 2020.05.21-ний өдрийн зээлийн болон фидуцийн гэрээг  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжүүдийг агуулсан гэж үзсэн нь дутагдалтай, харин эдгээр гэрээ нь мөн зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

16.2.Тухайлбал, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээн дэх зарим зохицуулалтууд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний нөхцөлтэй адилаар тодорхойлогдсон хэдий ч нэхэмжлэгч ийм төрлийн гэрээ байгуулсан гэж маргаагүй, харин барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа  эрхэлдэг, энэ хүрээнд зээл олгосон гэж тайлбар гаргасан. Гэтэл анхан шатны шүүх  зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, улмаар нэхэмжлэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу зохих этгээдээс зөвшөөрөлгүйгээр гэрээ  байгуулсан, иймээс зээлийн гэрээ нь  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тогтоосон нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэх хүрээнд зээл олгох  эрхтэй бөгөөд гагцхүү гэрээндээ   тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний нөхцөлтэй адил нөхцөлийг оруулсан бол тэдгээр хэсэг нь хүчин төгөлдөр бус байж болох буюу эдгээрээс аливаа эрх зүйн үр дагавар үүсэхгүй, жишээ нь нэмэгдүүлсэн хүү  шаардах эрхгүй  болохоос бус гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй атал  эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээг байгуулсан нь хуульд нийцээгүй талаар зөв дүгнэсэн хэдий ч  фидуцийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарах хүчин төгөлдөр бус гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

16.3.Үүний зэрэгцээ анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээг банк эрх бүхий этгээдээс олгох гэрээ гэж үзсэн дээрх үндэслэлээ зааж, энэ төрлийн гэрээ байгуулсан нь нэхэмжлэгч өөрийн үйл ажиллагааны зорилгыг зөрчсөн, иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн нь  оновчгүй болжээ.

Хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэгт хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгоно. Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөөс гадуур, эсхүл улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэлээс өөр ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл боловч энэ зохицуулалтад хамаарахгүй гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасныг Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор тайлбарласан байна.

Иймд зээлийн болон фидуцийн гэрээ нь нэхэмжлэгч үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжид хамаарах хууль зүйн үндэслэлгүй байна.

16.4.Мөн анхан шатны шүүх зохигч зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулсан нь өмнө байгуулсан худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилготой байсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасантай нийцээгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэгт юуг ойлгохыг дээр дурдсан 17 дугаар тогтоолоор тайлбарлахдаа, “тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн  зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж, халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлэн хийсэн хэлцлийн нэг хэлбэр” гэжээ.

 Анхан шатны шүүх зээлийн болон фидуцийн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээг халхавчилж хийсэн гэж дүгнэхдээ, талуудын хүсэл зоригийн нэгдэл, зорилгыг, өөрөөр хэлбэл, халхавчилж буй гэх зээлийн болон фидуцийн гэрээгээр талууд эрх, үүргийг бий болгох эрмэлзэлгүй, аливаа үр дагаврыг бий болгохыг зориогүй, дүр үзүүлэн хийсэн гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй байгааг анхаараагүй байна.

17.Нэхэмжлэгч “Н” ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар  /уг зүйл, заалт нь 2023.03.01-ний өдрөөс хүчингүй болсон боловч зохигчийн хооронд 2020.05.21-ний өдөр үүссэн харилцаанд үйлчилж байсан/  барьцаат зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь тогтоогдож байгаа боловч энэ хэргийн хувьд худалдах-худалдан авах гэрээний зүйл болсон автомашин нь өмнөх зээлийн гэрээний гүйцэтгэлтэй холбоотой бусдаас хураасан байсныг  зохигч маргаагүй бөгөөд тухайн автомашиныг цааш хариуцагч Б.М-д  худалдахдаа түүний төлөх мөнгийг зээлийн гэрээний үүрэг болгож, улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хэрэглэхдээ хуулиар зөвшөөрөгдөөгүй эд хөрөнгийг өмчлөлд авах хэлбэрээр гэрээг байгуулсан нь   Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус ба энэ тохиолдолд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ талууд харилцан буцааж өгөх үр дагавар үүснэ. Нэхэмжлэгчээс зээлийн мөнгийг хариуцагчид анхнаасаа шилжүүлээгүй, гагцхүү хариуцагч зээлийн хүүд 696,000 төгрөгийг төлсөн тул уг мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй ба энэ  талаарх давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

18.Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчаас худалдсан автомашины үнийг шаардах эрхтэй гэсэн дүгнэлтийг  буруутгахдаа уг гэрээ байгуулагдсан үйл баримтыг дүгнэж чадаагүй.

18.1.Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т “Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно” гэж зааснаар зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй. Учир нь, худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл буюу үнэ, түүнийг төлөх журам, хугацаа, хэмжээ зэрэг зүйлүүд тодорхойгүй, үүрэг үүсгээгүй зээлийн гэрээ, мөн хүчин төгөлдөр бус фидуцийн гэрээний нөхцөл нь худалдах-худалдан авах гэрээнд үйлчлэхгүй гэж 17,146,424.13 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэгдээгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг   буруу тайлбарлан хэрэглэжээ.

18.2.Талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж автомашин худалдаж худалдан авахаар, үнийг 7,700,000 төгрөгөөр тохиролцсоныг зохигч маргаагүй тул  гэрээний гол нөхцөлийг зохигч амаар хэлэлцэж хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзнэ. Худалдах, худалдан авах гэрээг амаар болон бичгээр аль ч хэлбэрээр байгуулах боломжтой, иймээс тухайн гэрээ байгуулах талаар зохигчийн хүсэл зориг илэрхийлэгдэж гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хариуцагч Б.М нэхэмжлэлээр шаардаж буй мөнгийг төлөхгүй гэж татгалзсан үндэслэлдээ, автомашин доголдолтой байсан тул мөнгийг төлөхгүй, буцааж өгнө гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж гэрээгээр шилжүүлсэн автомашин доголдолтой гэх үйл баримт тогтоогдоогүй, тодруулбал, түүний тайлбар хэргийн баримтаар няцаагдсан, түүнээс гадна худалдан авсан эд хөрөнгө доголдолтой байсан бол энэ талаар шаардлага гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлснээс эрхээ алдсан, иймд автомашины үнийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, үүнээс хариуцагчийн зээл гэж төлсөн 696,000 төгрөгийг харилцан тооцож, зөрүү 7,040,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 238 дугаар зүйлийн 238.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01331 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/01671 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,  243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Н” ХХК болон Б.М нарын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 206211178 дугаар зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож,  хариуцагч Б.М-ээс 7,004,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК”-д олгож, 10,142,424 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн, 696,000 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Н” ХХК 2024.08.26-ны өдөр төлсөн 243,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ                             

ШҮҮГЧИД                                                           Н.БАТЧИМЭГ

                                                                                 Н.БАЯРМАА

                                                                                    Д.ЦОЛМОН