Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1060

 

 

 

 

 

 

 

         2020           8              20                                       2020/ДШМ/1060

                                                                         

     М.Над холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,

хохирогч Ч.А,

шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/839 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Нын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1708029051197 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            М овгийн М-ын Н,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж 2 жилийн хорих ялаар тогтоосон,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

 

             М.Н нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Фэйсбүүк” олон нийтийн цахим хэрэгсэл ашиглаж, иргэн Б.Од “Айфоне-икс маркийн гар утас 3,500,000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 10 хувийг төлөөд ав” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны дансаар 330,000 төгрөгийг шилжүүлэн авч, 330,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2017 оны 8 дугаар сард “Фэйсбүүк” олон нийтийн цахим хэрэгсэл ашиглаж, иргэн Г.Огээс “Солонгос улсын виз гаргаж өгнө гэж залилсан н.А гэгчийг олсон, хамтарч хохирлоо барагдуулж авъя, өмгөөлөгчийн хөлс хэрэгтэй, данс шүүлгэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Завхан аймгийн Тэс суманд байрлах Хаан болон Төрийн банкны дансаар 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 170,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 636,900 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 70,000 төгрөг буюу нийт 2,226,900 төгрөгийг шилжүүлэн авч, 2,226,900 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.Дд “Сонгинохайрхан дүүргийн Халамжийн хэлтсийн Амгалан гэж хүн байна, 150 ахмад настанг хамраах газрын сонгон шалгаруулалтанд оролцуулж өгнө, дэнчингийн мөнгө шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Номтын ам гэх газарт байрлах “Гоё сэлэнгэ” амралтын газраас Хаан банкны дансаар 496,000 төгрөгийг шилжүүлэн авч, иргэн Б.Даваажавт 496,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр “Фэйсбүүк” олон нийтийн цахим хэрэгсэл ашиглаж, иргэн Б.Ут “төслийн зуух зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Итгэл төв” доторх АТМ-ээс 95,000 төгрөгийг, “Жанжин зах” доторх АТМ-ээс 115,000 төгрөгийг авч, нийт 210,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ч.Аад “Мөнгөн хүдэр ресурс” ХХК-ийн захирал Батдэлгэр гэж хүн байна, 2,000,000 төгрөгөөр контейнер зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон контейнерийн урьдчилгаа төлбөр болох 1,000,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны дансаар шилжүүлэн авч, 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2017 оны 12 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Фэйсбүүк” олон нийтийн цахим хэрэгсэл ашиглаж, мөрөөдөл үргэлжлэл гэх хаягнаас иргэн Г.Нд “Айфоне-икс нэртэй гар утасны азтан боллоо, НӨАТ-ын 10 хувь 238,000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлээд утсаа аваарай, мөн манай нэг азтан мөнгө нь хүрэхгүй байна, 120,000 төгрөг шилжүүлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баязүрх дүүргийн 28 дугаар хороо, ХБ-ын  дугаар хэсэг 2168 тоотоос Хаан банкны дансаар 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 238,700 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 120,000 төгрөгийг буюу нийт 358,700 төгрөгийг шилжүүлэн авч, 358,700 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 4,621,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Ныг үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Над 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 29 хоног хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн М.Нын нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 11 сар 29 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Над оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Нын энэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон нийт 91 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Наас нийт 4,621,600 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Од 330,000 төгрөг, хохирогч Г.Од 2,226,900 төгрөг, хохирогч Б.Даваажавт 496,000 төгрөг, хохирогч Б.Ут 210,000 төгрөг, хохирогч Ч.Аад 1,000,000 төгрөг, хохирогч Г.Нд 358,700 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Н давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “... өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 8 хоног дээр нэмж нэгтгэсэн боловч ялын тооцоо буруу бодогдсон. Мөн Сүхбаатар дүүрэгт шалгагдаж буй хэрэгтэй нэгтгүүлэх хүсэлтэй байна. Иймд ялын тооцооны дутуу хугацааг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. ...” гэжээ. 

 

Хохирогч Ч.А “шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

 

Шүүгдэгч М.Нын өмгөөлөгч Б.Минжүүрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Нын хувьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэг хэрэг хянагдаж байгаа бөгөөд тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх гэхээр энэ хэргийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй. Ийм учир, түүний эрх зүйн байдал дордох нөхцөл байдалд хүргэж байна. Шүүгдэгч нь давж заалдах гомдолдоо урьд өмнө эдэлж байсан ялын хугацааны зөрүүтэй байдал байгаа, цагдан хоригдсон хугацааг буруу тооцсон гэдэг. Энэ хэргийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа хэрэг шийдвэрлэгдэх боломжтой. Иймд шүүгдэгч М.Нын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

 

Прокурор А.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ”Анхан шатны шүүхээс М.Над 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Тухайн шүүх хуралдаанд Сүхбаатар дүүрэгт хэрэгт шалгагдаж байгаа талаараа яриагүй. Хэрэв одоо үйлдэгдсэн хэрэг байвал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн ялын тооцоон дээр ямар нэг зөрүүтэй зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

          М.Н нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Фэйсбүүк” олон нийтийн цахим хэрэгсэл ашиглаж, иргэн Б.Од “Айфоне-икс маркийн гар утас 3,500,000 төгрөгөөр зарна, урьдчилгаа 10 хувийг төлөөд ав” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны дансаар 330,000 төгрөгийг шилжүүлэн авч, 330,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2017 оны 8 дугаар сард “Фэйсбүүк” олон нийтийн цахим хэрэгсэл ашиглаж, иргэн Г.Огээс “Солонгос улсын виз гаргаж өгнө гэж залилсан н.А гэгчийг олсон, хамтарч хохирлоо барагдуулж авъя, өмгөөлөгчийн хөлс хэрэгтэй, данс шүүлгэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Завхан аймгийн Тэс суманд байрлах Хаан болон Төрийн банкны дансаар 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 170,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 300,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 636,900 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 150,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 70,000 төгрөг буюу нийт 2,226,900 төгрөгийг шилжүүлэн авч, 2,226,900 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.Дд “Сонгинохайрхан дүүргийн Халамжийн хэлтсийн Амгалан гэж хүн байна, 150 ахмад настанг хамраах газрын сонгон шалгаруулалтанд оролцуулж өгнө, дэнчингийн мөнгө шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Номтын ам гэх газарт байрлах “Гоё сэлэнгэ” амралтын газраас Хаан банкны дансаар 496,000 төгрөгийг шилжүүлэн авч, иргэн Б.Даваажавт 496,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр “Фэйсбүүк” олон нийтийн цахим хэрэгсэл ашиглаж, иргэн Б.Ут “төслийн зуух зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Итгэл төв” доторх АТМ-ээс 95,000 төгрөгийг, “Жанжин зах” доторх АТМ-ээс 115,000 төгрөгийг авч, нийт 210,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ч.Аад “Мөнгөн хүдэр ресурс” ХХК-ийн захирал Батдэлгэр гэж хүн байна, 2,000,000 төгрөгөөр контейнер зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон контейнерийн урьдчилгаа төлбөр болох 1,000,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны дансаар шилжүүлэн авч, 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 12 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Фэйсбүүк” олон нийтийн цахим хэрэгсэл ашиглаж, мөрөөдөл үргэлжлэл гэх хаягнаас иргэн Г.Нд “Айфоне-икс нэртэй гар утасны азтан боллоо, НӨАТ-ын 10 хувь 238,000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлээд утсаа аваарай, мөн манай нэг азтан мөнгө нь хүрэхгүй байна, 120,000 төгрөг шилжүүлчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баязүрх дүүргийн 28 дугаар хороо, ХБ-ын  дугаар хэсэг 2168 тоотоос Хаан банкны дансаар 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 238,700 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 120,000 төгрөг нийт 358,700 төгрөгийг шилжүүлэн авч, 358,700 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 4,621,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Оюундарийн: "...Би 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгууллагын шинэ жил болоод утсаа гээгдүүлсэн. Тэгээд маргааш нь гар утас авахаар фэйсбүүкээр үзэж байхад "Айпони-Экс" маркийн гар утсыг лизингээр авах боломжтой гэсэн зарлал байсан. Тэгээд 86660030 дугаараар холбогдоход эрэгтэй хүн байсан бөгөөд 3.500.000 төгрөгийн үнэтэй утас, урьдчилгаа 10 хувийг төлөөд авч болно гэсэн. Би өөрийн данснаас 330.000 төгрөгийг тэр хүний дансанд шилжүүлснээс хойш сураггүй алга болсон. ... Хаан банкны данс байсан Мягмаржавын Н гэсэн овог, нэртэй хүний данс байсан..." /1хх 24-26, 27-28/,

 

хохирогч Г.Огийн: "... Н нь “А гэгчийг олж мөнгөө авъя, миний таньдаг хүн Худалдааа хөгжлийн банкинд ажилладаг болохоор Агийн нэрээр дансыг нь шүүхэд Цэцэгмаа гэдэг хүнтэй хамтран эзэмшдэг данс байдаг юм байна. Тэр дансанд нь 22.400.000 төгрөг байна. Энэ дансаараа Солонгос улсаас мөнгө шилжүүлээд байна хоёулаа цагдаад өгөөд хохирлоо барагдуулж авъя надад таньдаг өмгөөлөгч байна. Тэр өмгөөлөгчийн хөлс 1.800.000 төгрөг гэж байна.” гэхээр нь 900.000 төгрөгийг Нын данс руу шилжүүлсэн. Дараа нь дахин 1.600.000 төгрөг шилжүүлсэн. ... Би өмнө дансны хуулга харалгүйгээр мэдүүлэг өгөхдөө Над 2.500.000 төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлсэн. Дараа нь дансны хуулгаа харахад нийт 2.226.900 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч залилуулсан байсан. ... Би дээрх мөнгүүдийг Завхан аймгийн Тэс суманд байхдаа гэрээсээ мобайлаар болон банк дээр очиж шилжүүлж байсан. ..." /1хх 161-163, 164,167/,

 

хохирогч Д.Дамбын “... 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 88980069 дугаараас “Сонгинохайрхан дүүргийн халамжийн хэлтсийн мэргэжилтэн Амгалан байна, манай байгууллага 150 ахмад настанг Сэлэнгэ аймагт амраах болсон бөгөөд Сэлэнгэ аймагт байдаг амралтын газруудыг судлахад танайх 150 хүнийг 50, 50 хүний 3 ээлжээр тус бүр 5 хоногоор хүлээж авах бололцоотой юм байна” гэсэн. Тэгээд наадмын дараа дарга солигдоно. 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөр эхлэн нэхэмжлэл бичээд “шалгаруулалтын дэнчингийн мөнгө болох 248.000 төгрөгийг шилжүүл” гээд 496.000 төгрөгийг Нын данс руу шилжүүлсэн...." /1хх 248-249/,

хохирогч Б.Даваажавын “... Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Номтын ам” гэх газарт байрлах "Гоё сэлэнгэ" амралтын газарт өөрийн талийгаач нөхөр Д.Дамбын хамт байхад 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай талийгаач нөхрийн гар утасруу “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Амгалан гэх хүн байна”, “Сонгинохайрхан дүүргийн 150 ахмадыг амраах тендерт танай байгууллагыг шалгаруулалтанд оруулах гэж байна” гэсэн. Тэгээд тухайн хүн нь “яаралтай мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна, тендерээс хоцрох гээд байна” гэж хэлээд “248.000 төгрөг шилжүүл” гэсэн. Манай талийгаач нөхөр Д.Д Сэлэнгэ аймгийн төв орж, Цэрэнсодном гэх хүний данснаас Н гэх хүний данс руу нийт 496.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр өдөр Амгалан гэж өөрийгөө утсаар танилцуулсан эрэгтэй хүн нь “танай байгууллага руу одоо Улаанбаатар хотоос очлоо” гэж хэлээд удалгүй гар утас нь холбогдохгүй болсон..." /2хх 6-9/,

хохирогч Б.Уын “... 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 24-550 тоотод байрлах гэртээ байж байхад манай ээж Байгальмаа утсаар залгаад “Фэйсбүүк дээр төслийн зуух зарна гэсэн зар байна, чи дугаар руу нь залгаад асуугаадах” гэхээр нь би уг дугаар руу нь залгахад нэг эрэгтэй хүн авсан. Би “төслийн зуух зарна гэсэн үү” гэж асуухад “тиймээ зарна, урьдчилгаа 95.000 төгрөг хийх шаардлагатай” гэхээр нь би 12 дугаар хорооны "Итгэл төвийн" Хаан банкны АТМ-ээс тэр хүний данс руу 95.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд гэртээ хариад байж байхад нөгөө хүн дахин залгаад “нэг хүн зуух авах гэж байгаад больчихлоо, чи авах уу” гэхээр нь “авъя” гээд дахин өмнөх данс руу нь урьдчилгаа мөнгө гэж 115.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд гэртээ ирээд хэсэг хугацааны дараа нөгөө дугаар руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан” /2хх 112/,

хохирогч Ч.Аын “... Би Шуурхай зар сонинд контейнер худалдаж авахаар зар тавьсан. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өөрийгөө "Мөнгөн хүдэр ресурс" ХХК-ийн захирал Батдэлгэр гэж танилцуулсан хүн 91904434 дугаараас залгаад “надад 2.000.000 төгрөгөөр зарах контейнер байна” гэсэн. Би урьдчилгаа 1.000.000 төгрөгөө компанийн менежер болох Доржжагдагийг явуулж гэрээ байгуулаад, мөнгөө дансруугаа шилжүүлж авъя гэж хэлэхээр нь би контейнерийг нь авахаар болсон. Тэгээд Доржжагдаг гэх хүн ирэхээр нь хамт нотариат орж гэрээ байгуулаад, дээрх данс руу нь урьдчилгаа болох 1.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Гэтэл маргаашнаас нь гар утас нь холбогдохгүй байсан.” /2хх 180-181, 182/,

хохирогч Г.Нгийн “... Би 2017 оны 12 дугаар сарын 2-ны орой гэртэй байж байхад миний “Ганбат Н” нэртэй фэйсбүүк хаяг руу “Мөрөөдөл үргэлжлэл” нэртэй хаягнаас найзын хүсэлт ирэхээр нь аваагүй. Тэгтэл маргааш нь “та манай хуудсанд лайк дарж, шэйр хийсэн тул “Айпони Экс” нэртэй гар утасны азтан боллоо НӨАТ-ын 10 хувь болох 238.000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлээд утсаа аваарай” гэхээр нь би тэр дансруу нь 238.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр утас руу нь залгахад гар утас нь холбогдох боломжгүй болсон. Мөн манай нэг азтан “мөнгө хүрэхгүй байна, чи дахиад 120.000 төгрөг нэмээд хийчих” гэсэн” /3хх 126/,

 

М.Нын үйлдсэн хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд /3хх 159-162, 208-211/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 51/, /1хх 179, 180, 183, 186, 187, 2хх 36/, /2хх 31/, /2хх 119, 121/, /2хх 174/, /2хх 175/, /3хх 155/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн М.Ныг 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч М.Нын өөрт нь байхгүй гар утсыг бусдад худалдах, хамтарч хохирлоо барагдуулъя, сонгон шалгаруулалтад оролцуулж өгье, төслийн зуух зарна, контейнер зарна, гар утасны азтан боллоо гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 6 удаагийн үйлдлээр бусдаас урьдчилгаа болгон 4,621,600 төгрөгийг залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч М.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж М.Нын өмнө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 29 хоногийн хорих ял дээр тус тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн М.Нын нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 11 сар 29 хоногоор тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн бөгөөд шүүгдэгч М.Нын “... нэмж нэгтгэсэн ялын тооцоо буруу бодогдсон.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч М.Нын “Сүхбаатар дүүрэгт хянагдаж буй надад холбогдох хэргийг уг хэрэгт нэгтгэж өгнө үү” гэсэн гомдлын хувьд, шүүгдэгч М.Над холбогдох хэргийн материалд өөр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй талаар ямар нэгэн баримт авагдаагүй бөгөөд хэрэв өөр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй бол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж, эдлэх ялын хэмжээг тогтоох нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдана.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад М.Н гэхийг З.Нарангэрэл гэж буруу бичсэн байсныг техникийн шинжтэй алдаа гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/839 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ