| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/2017/0599/З |
| Дугаар | 128/ШШ2017/0681 |
| Огноо | 2017-09-18 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2017/0681
| 017 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 128/ШШ2017/0681 | Улаанбаатар хот |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т аймаг, З сумын 0 дугаар багийн 00 дугаар 0 байрны 00 тоотод оршин суух Э.Н,
Хариуцагч: МУЕА,
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/170 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Төв аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.На, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Су нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Э.Н нь 2002-2014 онд Төв аймгийн өрхийн эмнэлэг, Эрүүл мэндийн газруудад ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2014 оны 11 дүгээр сард Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн шалгалтанд орж тэнцэн, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс аймгийн Засаг даргын Тамгын газарт Төсвийн нягтлан бодогч, бүртгэлийн мэргэжилтнээр ажилласан.
Э.Н Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт Төсвийн нягтлан бодогч, бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхад аудитороор ажиллах санал тавьсан бөгөөд аудитороор ажиллахад цалин нэмэгдэж, амьдрал ахуй дээшлэх тул зөвшөөрч, ажлаасаа гарч, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Төв аймгийн аудитын газарт аудиторын албан тушаалд туршилтын 1 жилийн хугацаатайгаар томилогдсон.
Төв аймгийн аудитын газрын аудитор Ч.Б нь 2017 оны 01 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч, гадаад улс руу явсан учраас би оронд нь орсон. Тухайн үед Ч.Б утсаар холбогдож асуухад ажлаасаа бүр гарсан гэж хэлсэн учраас би аудитороор ажиллах саналыг нь хүлээн авч, урьд нь хийж байсан ажлаасаа гарсан. Намайг аудитороор ажилд авахдаа туршилтын 1 жилийн хугацаагаар томилсон гэж байгаа болохоос хүний оронд түр авч байгаа гэж хэлж, танилцуулаагүй. Ажилд авсан тушаал дээр ч чөлөөтэй хүний оронд түр авсан гэсэн үг байхгүй, хүний оронд түр авах байсан бол орохгүй, хуучин ажлаа хийгээд явж байх байсан. Ингэж хэдхэн сар ажиллуулаад хална гэж бодоогүй.
Миний бие нь Төв аймгийн аудитын газарт ажиллаж байх хугацаанд Үндэсний аудитын газрын харьяа Аймаг, нийслэлийн аудитын газруудыг Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар болгон өөрчилсөнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/170 дугаар тушаал гарч, бүх ажилчдыг чөлөөлж байгаа талаар мэдэгдэж, сонсох ажиллагааг явуулан гарын үсэг зуруулсан.
Гэтэл Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/170 дугаар тушаалын 1-р хавсралтаар Төв аймгийн аудитын газрын бүх /12 хүн/ ажилчдыг чөлөөлж, 2-р хавсралтаар эргүүлэн Төв аймаг дахь төрийн аудитын газрын мэдэлд /10 хүн/ авсан албан хаагчдын нэрсийн жагсаалтад Ч.Бат-Эрдэнэ болон миний нэр ороогүй үлдсэн байна. Энэ талаар би огт мэдээгүй бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өглөө ажилдаа ирэхэд Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Ажил хүлээлцэх тухай Б/04 дүгээр тушаал болон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/170 дугаар тушаалыг надад өгсөн.
Энэ талаар Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Х тодруулахад Чамайг Ч.Б оронд түр байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас чөлөөлсөн. Энэ талаар би мэдэхгүй, Ерөнхий аудитор л мэднэ гэсэн тайлбар өгсөн.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/170 дугаар тушаалын үндэслэл болгож буй А/59, А/69, А/87 дугаар тушаалуудад орон тоог хассан, цомхотго гэсэн ямар ч заалт байхгүй байна. Тухайлбал Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрыг өөрчлөн байгуулах тухай А/59 дүгээр тушаалаар Үндэсний аудитын газрын харьяа аймаг, нийслэлийн аудитын газруудыг Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар болгон өөрчилсөн, мөн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай А/69 дүгээр тушаалыг гаргасан байх бөгөөд 3-р хавсралтад Төв аймаг дахь Төрийн аудитын газрын орон тоог хуучин хэвээр буюу 12 орон тоогоор баталсан тул Э.Н-н орон тоо хасагдсан гэж үзэхгүй. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Аймаг дахь Төрийн аудитын газрын ажлын байрны жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг батлах тухай А/87 дугаар тушаалаар ажлын байрны жагсаалт, тодорхойлолтыг баталсан байна. Эдгээр тушаалууд нь Э.Н ямар ч хамааралгүй бөгөөд түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/170 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад шинээр орох ажилтанд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам-ын 5, 6-д заасан үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл намайг томилогдсоноос хойш үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнээгүй бөгөөд мөн журмын 7, 8-д заасан болзол журмыг миний бие зөрчөөгүй, туршилтын хугацаа дуусаагүй байхад түр тушаалтай байсан гэж үзэж, өмнө нь сонгон шалгаруулалт явуулж байгаагүй атлаа сонгон шалгаруулалтад орж томилогдоогүй учраас чөлөөлсөн гэдэг. Гэтэл сонгон шалгаруулалт зарлан, үр дүнгийн гэрээ байгуулаагүй нь ажил олгогчийн өөрийнх нь буруутай үйлдэл бөгөөд үүнд нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
Нөгөөтээгүүр Э.Н ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй. Хэдийгээр Ерөнхий аудитор нь Төрийн аудиторын тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөх, тушаал гаргах эрхтэй боловч Төрийн албаны тухай хуулийг баримтлах ёстой. Э.Н нь Төрийн албаны тухай хуулийн 23, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг гаргаагүй, хариуцагч нь энэ байдлыг буюу зөрчил, дутагдал гаргасан болохыг тогтоогоогүй. Бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэж байгаа боловч бүтэц болон орон тоо нь хэвээр батлагдсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/170, Б/209 дүгээр тушаалд Э. ажлаас нь чөлөөлсөн, халсантай холбоотой үг, өгүүлбэр байхгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, төрийн албанаас халагдахгүй байх хуульд заасан баталгааг зөрчсөн. Нөгөөтээгүүр Э.Н бүтэц, орон тоогоор чөлөөлж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох ёстой. Гэтэл Э.Н ямар нэгэн тэтгэлэг өгөөгүй.
Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийхдээ зөвхөн аудитын байгууллагын нэр өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор нийт ажилчдыг чөлөөлж, эргүүлэн томилно гэж сонсох ажиллагаа хийгдэж, гарын үсэг зурсан нь дан ганц надад хамааралтай зүйл гэж би бодоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл Э.Н эргүүлж томилохгүй, бүр мөсөн чөлөөлж байгаа талаар ганцаарчлан түүнд танилцуулж, оролцох боломжоор хангаагүй тул сонсох ажиллагааг хийсэн гэж үзэхгүй.
Дээрх байдлаар төрийн аудитын байгууллага нь Э.Н эрхийг зөрчсөн хууль бус шийдвэрийн талаар дээд шатны байгууллагад хандахад шүүхийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлэх талаар зөвлөсөн. Үүний дараагаар Үндэсний аудитын газрын хүний нөөцийн ахлах нь Э.Н дуудаж уулзан буруу халсан байна гэж үзэж байгаа талаар хэлж, өөрийг нь томилсон тухай Б/209 тоот тушаалыг өөрт нь өгсөн. Э.Н нь уг тушаалын дагуу ажилдаа орохоор очих үед баярын амралт таарч байсан тул 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа эргэн орох санал тавьсан. Баярын дараа ажилдаа орох гээд очиход нь Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга нь Б/209 дүгээр тушаалыг буруу тушаал гэж үзэж байгаа талаар хэлж, Төв аймаг дахь Төрийн аудитын газарт цахимаар ирсэн Б/209 дүгээр тушаалын хавсралтад чиний нэр байхгүй байна гээд буцаасан. Үүнээс үзвэл хариуцагч байгууллага нь нэг огноо дугаартай 2 өөр тушаал гаргаж, нэхэмжлэгчийн эрхэд халдаж, төрийн байгууллага хуурамч амлалт өгсөн хууль бус үйлдэл гаргаж байна.
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/209 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар нэр бүхий 11 ажилтныг Төв аймаг дахь Төрийн аудитын газрын албан тушаалд томилсон байх боловч Э.Н томилоогүй бөгөөд хариуцагч нь томилоогүй үндэслэлээ төрийн жинхэнэ албан хаагч биш, туршилтын хугацаагаар хүний оронд түр ажиллаж байсан, журмын дагуу томилогдоогүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Э.Н нь ажил мэргэжлийн хувьд мэргэшсэн, чадвартай ажилтан учраас Төв аймгийн Төрийн аудитын газраас түүнд ажиллах санал тавьж, өмнө нь ажиллаж байсан байгууллагаасаа гарах сонголтод хүрээд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар шилжин ажилласан. Э.Н нь төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн шалгалт өгч, нийт 70 оноогоор тэнцэж, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч гэдгийг нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа.
Иймд Б/170 дугаартай тушаал нь Э.Н хууль ёсны ашиг сонирхолд нь халдаж, эрхийг нь зөрчсөн гэж үзэж байгаа учир уг тушаалын Э.Н холбогдох хэсгийг хүчингүй болгож, Төв аймаг дахь Төрийн аудитын газрын аудитороор эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос баталсан бүтэц, орон тоонд багтаан, Монгол Улсын Ерөнхий аудитор нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны А/59, А/69, А/87, Б/170, Б/209 дүгээр тушаалуудыг гаргасан.
Монгол Улсын Ерөнхий аудитор нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, түүний харьяа төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ гэж заасанд нийцүүлэн 2017 оны А/59 дүгээр тушаалаар Үндэсний аудитын газрын харьяа аймгийн аудитын газар гэж байсныг Аймаг дахь Төрийн аудитын газар болгон өөрчилсөн.
Мөн Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4 дэх хэсгүүдэд нийцүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор 2017 оны А/69 дүгээр тушаалаар орон нутаг дахь салбар байгууллагуудад төрөлжсөн аудитын нэгжтэй байхаар Төрийн аудитын байгууллагын хэмжээнд зохион байгуулж, Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилласан.
Нөгөөтээгүүр Төрийн аудитын байгууллагын хэмжээнд иргэнийг ажилд авахдаа Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журам-д заасны дагуу сонгон шалгаруулж сул орон тоог нөхдөг. Гэтэл Э.Н томилохдоо дээрх журам болон Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4 дэх хэсгийг зөрчиж томилсон. Мөн түүнийг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар туршилтын хугацаатайгаар ажиллуулсан тул түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй. Гэтэл тэр үед өөрийнхөө тушаалтай танилцаагүй гэж тайлбар хийж байгаатай санал нийлэхгүй байна. Учир нь тушаалтайгаа танилцах бүрэн боломж, цаг хугацаа байсан. Мөн Э.Н нь журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцоогүй, тангараг өргөөгүй, туршилтын хугацаагаар ажиллаж байсан бөгөөд хуучин бүтэц, орон тоо нь 10-12 гэж тодорхойгүй байдлаар тавьсныг Б/170 дугаар тушаалаар шинэчлэн баталж, 12 орон тоотой байхаар баталсан. Дээрх тушаалыг үндэслэн илүү нарийвчлан зохицуулсан А/69 дүгээр тушаалыг гаргасан бөгөөд аудиторын албан тушаал нь тооны хувьд цөөрч, 11 ажилтан, 1 хөдөлмөрийн гэрээний ажилтан /жолооч/ байхаар батлагдаж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар бүтэц орон тоо цөөрсөн тул олон жил ажилласан үндсэн ажилтнуудаа эргүүлэн томилж, түр тушаалтай болон чөлөөтэй байсан хүмүүс нь эргэн ажиллах орон тоогүй болсон учир Э.Н-г жинхэнэ албан хаагч биш, түр орон тоонд ажиллаж байгаа гэж үзэж ажлаас нь чөлөөлсөн. Төрийн аудитын байгууллага нь өөрөө босоо тогтолцоотой бөгөөд ажилтныг шинээр авах, чөлөөлөх, цалин хөлс олгох асуудлууд нь бүгд Тамгын газраар дамжин хийгддэг.
Иймд төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанаас халсан гэж нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.
Төрийн аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлд Монгол Улсын ерөнхий аудиторын эрх хэмжээг хуульчилсан байгаа учир Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн.
Түүнчлэн Э.Н нь АА-7 ангилал буюу Төрийн захиргааны ахлах түшмэлээр томилогдсон бөгөөд тухайн ангилал зэрэглэлд төрийн албаны мэргэжлийн шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаагүй бөгөөд Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын дагуу ТҮ-8 зэрэглэлээр төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байсан.
Төсвийн тухай хуулиар шууд захирагч нь Ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулж амжаагүй учир ажилчидтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Цаг хугацааны хувьд жил бүрийн 12 дугаар сарын 25-ныг хүртэл хугацаанд үр дүнгийн гэрээгээ байгуулдаг бөгөөд үр дүнгийн гэрээ байгуулаагүй нь зөрчилтэй зүйл биш, Э.Н үр дүнгийн гэрээ байгуулж амжаагүй учраас ямар нэгэн байдлаар
сайн, муу ажилласан гэдгийг дүгнэх боломжгүй.
Үндэсний аудитын газрын хүний нөөцийн албанаас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хууль, Төрийн аудитын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж ажлаас чөлөөлөх болон буцаан мэдэлд авах тухай танилцуулга хийх үед жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэйгээс бусад түр болон туршилтаар томилогдсон албан хаагчийг чөлөөлөх тухай танилцуулж, бүх ажилтнуудтай тусгайлан уулзаж, санал болон асуулттай албан хаагч байгаа эсэхийг асуухад Төв аймаг дахь Төрийн аудитын газраас болон түүний албан хаагчдаас ямар нэг санал гаргаагүй бөгөөд энэ талаар сонсох ажиллагааны тэмдэглэлд Э.Н гарын үсэг зурсан тул сонсох ажиллагаа хийгдээгүй, чөлөөлсөн гэдгийг мэдээгүй гэх үндэслэлгүй.
Э.Н нь журмын дагуу сонгон шалгаруулах ажиллагаанд оролцох эрх нь одоог хүртэл нээлттэй. Төрийн аудитын газар нь өмнө нь гаргасан тушаал шийдвэртэй холбоотой гарсан зөрчлүүдийг арилгасан.
2017 оны Б/209 дүгээр тушаалын хавсралтад Э.Н нэрийг оруулсан, оруулаагүй 2 янзаар бичигдсэн асуудал нь жирэмсний амралттай байгаа хүний оронд ажиллаж байгаа ажилтан андуурч гаргасан асуудал байгаа.
Иймд Э.Ннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Ажлаас чөлөөлж, мэдэлд авах тухай Б/170 дугаар тушаалаар[1] Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/59, А/69, А/87 дугаар тушаалуудыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Үндэсний аудитын газрын харьяа Төв аймгийн Аудитын газрын /хуучнаар/ нэгдүгээр хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагчдыг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс тасалбар болгон тус тусын албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн хоёрдугаар хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагчдыг Төв аймаг дахь Төрийн аудитын газрын мэдэлд авч, 2 дахь заалтаар энэхүү тушаал гарсантай холбогдуулан өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүргийг холбогдох албан тушаалтанд хүлээлгэж өгөх хүртэл хугацаанд хэрэгжүүлж ажиллахыг хоёрдугаар хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагчдад үүрэг болгосон байна.
Нэхэмжлэгч Э.Н нь энэхүү тушаалыг үндэслэлгүй хэмээн маргаж, уг тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Төв аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Ажлаас халсан Б/170 дугаар тушаалын үндэслэл болгоод байгаа ... тушаалуудад орон тоо хассан, цомхтгосон заалт байхгүй. ... Би уг албан тушаалд анх туршилтын 1 жилийн хугацаагаар томилогдсон болохоос түр хугацаагаар томилогдоогүй. Туршилтын хугацаа дуусаагүй байхад намайг ажил, албан тушаалаас чөлөөлсөн. ... Би Төв аймгийн Аудитын газарт 1 жилийн туршилтын хугацаагаар ажилд орж, 5 сар ажиллах хугацаандаа ямар нэгэн дутагдал, зөрчил гаргаагүй, ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн ямар ч заалтыг баримтлаагүй тул уг тушаал хууль зүйн үндэслэлгүй. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан ... гэж, хариуцагч нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/59 дүгээр тушаалаар Үндэсний аудитын газрын харьяа Аймаг, нийслэлийн Аудитын газрыг Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар болгож, өөрчлөн байгуулсан. Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо цөөрч, хасагдсан. Нэхэмжлэгч нь анх аудитын байгууллагад ажилд орохдоо мэргэшлийн шалгалт өгөөгүй ... туршилтын хугацаагаар ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхий аудитор хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргасан. Тушаал хууль зүйн үндэслэлтэй хэмээн маргажээ.
Нэг: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Ажлаас чөлөөлж, мэдэлд авах тухай Б/170 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Маргааны үйл баримтуудаас үзэхэд анх Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Э.Н Үндэсний аудитын газрын харьяа Төв аймгийн аудитын газрын аудиторын албан тушаалд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн туршилтын 1 жилийн хугацаагаар томилж, 2 дахь заалтаар Э.Н-н албан тушаалын цалингийн хэмжээг АА-7-3 шатлалаар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар, онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10 хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 15 хувиар тус тус тогтоож, томилогдсон өдрөөс нь тооцож олгохыг зөвшөөрч, 3 дахь заалтаар Э.Н үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахыг Төв аймгийн аудитын газрын даргад даалгасан байна.
Улмаар Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын ерөнхий бүтцийг баталж, төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг 389 хүнээр тогтоожээ.
Дээрх тогтоол батлагдсантай холбогдуулж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар Үндэсний аудитын газрын харьяа Аймаг, нийслэлийн аудитын газруудыг Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар болгон, өөрчлөн байгуулж, улмаар Монгол Улсын Ерөнхий аудитын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар дээрх бүтэц, зохион байгуулалтад нийцүүлж, Аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталжээ. Дээрх тушаалын дагуу Төв аймаг дахь Төрийн аудитын газрын орон тоог дарга бөгөөд тэргүүлэх аудитор 1, хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер 1, ахлах аудитор 3, аудитор буюу бусад ажилтан 7 зэрэг нийт 12 орон тоотойгоор ажиллуулахаар тогтоожээ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/87 дугаар тушаалаар Аймаг дахь Төрийн аудитын газрын ажлын байрны жагсаалт, ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтыг шинэчлэн баталсан байна.
Дээрх маргааны үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь шинээр батлагдсан Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын ерөнхий бүтэцтэй уялдуулан Аймаг, нийслэлийн аудитын газруудыг өөрчлөн байгуулж, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалтыг шинээр баталсан, үүнтэй холбогдуулж хуучин бүтэц, орон тоогоор ажиллаж байсан нэхэмжлэгч болоод Төв аймгийн аудитын газрын /хуучин нэршлээр/ ажилтнуудыг тус тусын ажил, албан тушаалаас чөлөөлж, нэр бүхий ажилтнуудыг Төв аймаг дахь Төрийн аудитын газрын мэдэлд авсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Тодруулбал Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй байх тул хуучин бүтэц, орон тоогоор ажиллаж байсан ажилтнуудыг ажил, албан тушаалаас нь чөлөөлж, нэр бүхий зарим ажилтнуудыг тус газрын мэдэлд авсныг шүүх буруутгах үндэслэлгүй байна.
Иймд маргаан бүхий Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/170 дугаар тушаал нь хуульд нийцсэн, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Монгол Улсын Ерөнхий аудитор нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй хэдий ч төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийг дээрх харилцаанд хэрэглэх үүрэгтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй .
Хоёр: Төв аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудитор нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/69 дугаар тушаалаар Аймаг дахь Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/209 дугаар тушаалаар Төв аймаг дахь Төрийн аудитын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн албан тушаалд албан хаагчдыг томилохдоо Э.Н-г тус газрын аудиторын албан тушаалд буцаан томилоогүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
1. Нэхэмжлэгч Э.Н-н эрхэлж байсан Төв аймгийн аудитын газрын аудиторын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарагдах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Н нь төрийн жинхэнэ албан хаагч юм. Иймд хариуцагчийн Э.Нтөрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн эрхзүйн байдал нь Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулагдах ёстой.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага .../-ын/ зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж, 27.2.4-т төрийн байгууллага ... өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэгдэл баталгаагаар хангах зохицуулалтыг хуульчилсан байна.
Гэтэл хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хэрхэн хангах асуудлыг зохицуулсан дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг зөрчиж, Э.Н төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд нэмэгдэл баталгаагаар хангаагүй төдийгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Төв аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын орон тоо цөөрсөн, орон тоо хасагдсан гэх нөхцөл байдал бий болоогүй болох нь нотлогдож байна.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 316 дугаар тушаалаар Аймгийн аудитын газрын орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан байх бөгөөд уг тушаалын хавсралтаар Аймгийн аудитын газрын орон тоог аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор 1, аудитын менежер 1, ахлах аудитор, ахлах шинжээч /санхүү, гүйцэтгэл, нийцлийн аудитын/ 3, аудитор, шинжээч 5-6, жолооч 1, нийт 11-12 орон тоотойгоор баталжээ. Улмаар Үндэсний аудитын газрын харьяа Аймаг, нийслэлийн Аудитын газруудыг Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар болгосонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/69 дугаар тушаалаар Төв аймаг дахь Төрийн аудитын газрын орон тоог Аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор 1, хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер 1, ахлах аудитор 3, аудитор бусад ажилтан 7, нийт 12 орон тоотойгоор ажиллуулахаар тогтоожээ. Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан аудиторын ажил, албан тушаалын орон тоо цөөрсөн буюу хасагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн ... аудиторын албан тушаал тооны хувьд цөөрсөн, нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь тус газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, батлагдсан орон тоонд нийцүүлж, албан хаагчдыг томилох ажиллагааг гүйцэтгэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын даллага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа ажилтныг шалгаруулах үйл ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй байна.
2. Хариуцагчаас Э.Н нь түр тушаалтай буюу туршилтын хугацаагаар ажиллаж байсан тул аудиторын албан тушаалд буцаан томилоогүй гэх тайлбарыг гаргаж байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тухайн тайлбар үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгч Э.Н төрийн жинхэнэ албан тушаал буюу Үндэсний аудитын газрын харьяа Төв аймгийн аудитын газрын аудиторын албан тушаалд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн туршилтын 1 жилийн хугацаагаар томилон ажиллуулсан, уг туршилтын хугацаа дуусаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хариуцагч энэ талаар маргахгүй байх бөгөөд харин нэхэмжлэгчийг түр тушаалтай учраас ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно гэж, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам болон Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад шинээр орох албан тушаалтанд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам-ын 5-д Туршилтын хугацаанд нэгжийн дарга тухайн ажилтантай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах бөгөөд туршилтын хугацаа дуусмагц үр дүнгийн гэрээг дүгнэнэ гэж, журмын 7-д Туршилтын хугацаанд байгуулсан үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж чадаагүй, цаашид төрийн аудитын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж чадах нь эргэлзээтэй, байгууллагын дотоод журамд заасан хэм хэмжээг зөрчсөн ажилтныг нэгжийн даргын саналыг харгалзан Ерөнхий аудиторын тушаалаар ажлаас чөлөөлнө гэж, журмын 8-д Эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах чадваргүй болсон, төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон, улмаар цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь байгууллагын нэр хүнд, хамт олонд сөрөг нөлөө үзүүлэхээр бол Ерөнхий аудиторын тушаалаар туршилтын хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлж болно гэж тус тус заажээ.
Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл ажилтныг эрүүл мэндийн улмаас ажиллах чадваргүй болсон, төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон, улмаар цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь байгууллагын нэр хүнд, хамт олонд сөрөг нөлөө үзүүлэхээр бол туршилтын хугацаа дуусахаас өмнө түүнийг ажил, албан тушаалаас нь чөлөөлөхөөр байна.
Нэхэмжлэгч Э.Н туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээ байгуулаагүй байх бөгөөд түүнийг туршилтын хугацаа дуусахаас өмнө ажил, албан тушаалаас нь чөлөөлөх нөхцөл байдал, өөрөөр хэлбэл эрүүл мэндийн улмаас ажиллах чадваргүй болсон, төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь байгууллагын нэр хүнд, хамт олонд сөрөг нөлөө үзүүлэх зэрэг нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилтныг уг хугацааг дуусахаас өмнө бүтэц, орон тооны цомхтголоор ажил, албан тушаалаас нь чөлөөлөх зохицуулалт холбогдох хууль тогтоомжид тусгагдаагүй байна.
Иймд хариуцагчийн түр тушаалтай буюу туршилтын хугацаагаар ажиллаж байсан тул түүнийг аудиторын албан тушаалд буцаан томилоогүй гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
3. Хариуцагч нь Э.Н анх ажилд томилохдоо мэргэшлийн шалгалт авах, болзол журмыг зөрчиж томилсон гэж тайлбар гаргаж байх бөгөөд, түүнийг анх Төрийн аудитын байгууллагад ороход мэргэшлийн шалгалт өгөөгүй буюу сонгон шалгаруулж аваагүй нь тухайн захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаатай холбоотой байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь нэгэнт аудиторын ажил, албан тушаалд томилогдсон нэхэмжлэгч Э.Н буруутгах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээд нь уг албан тушаалын шаардлагыг хангасан гэж үзэж, түүнийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсаар байжээ.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах боломж олгох ёстой.
Хариуцагч нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/170 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ажилтнуудад цахим хэлбэрээр танилцуулсан байх боловч тусгайлан нэхэмжлэгч Э.Н ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн шалтгаан нөхцөл, хууль зүйн үндэслэлийн талаар түүнд танилцуулаагүй, Э.Н тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй байх тул хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн ... сонсох ажиллагаа явуулсан ... гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Э.НТөв аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын ажил, албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.2.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэснийг тус тус зөрчсөн байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа-г зөрчсөн, түүнчлэн нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Э.Н-г Төв аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
4.Нэхэмжлэгч Э.Н нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа хүртэл буюу 2017 оны 09 дүгээр сарын 18-ныг дуусталх хугацаанд ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч Э.Н-г төрийн албанд үндэслэлгүйгээр эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болох нь нэгэнт тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ныг дуусталх хугацаагаар тооцож, ажилгүй байсан 3 сар 11 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.414.526 /гурван сая дөрвөн зуун арван дөрвөн мянга таван зуун хорин зургаа/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Э.Н-н ажлаас чөлөөлөгдсөн тушаал тухайн байгууллагад хоцорч ирснээс шалтгаалан тэрээр 2017 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл ажилласан болох нь Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 07 дугаар сарын 1/412 дугаар албан бичгээр тогтоогдож байгаа болно.
Хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудитор нь Албан тушаалд томилох тухай 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/209 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтыг 2 өөрөөр гаргасан байх бөгөөд Төв аймаг дахь Төрийн аудитын газрын албан тушаалд томилогдох албан хаагчдын нэрсийн жагсаалтын 12-т Э.Н-н нэрийг оруулж, томилсон[2], нэг ижил огноо, дугаартай өөр тушаалд томилогдох албан хаагчдын нэрсийн жагсаалтыг 11-ээр буюу Э.Н-г томилоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4, Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Н-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Э.Н-г Төв аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 18-ныг дуусталх хугацаагаар тооцож, ажилгүй байсан байсан 3 сар 11 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.414.526 /гурван сая дөрвөн зуун арван дөрвөн мянга таван зуун хорин зургаа/ төгрөгийг Үндэсний аудитын газрын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Ажлаас чөлөөлж, мэдэлд авах тухай Б/170 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Н-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Үндэсний аудитын газрын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Н-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН