| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 104/2018/00234/и |
| Дугаар | 1950 |
| Огноо | 2018-09-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 1950
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШШ2018/00292 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Н” ХХК-д холбогдох
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгө 2 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Х.С, Э.Б нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны 151 дүгээр "Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай" тогтоол, Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээ болон дээрх хууль тогтоомжуудтай холбогдон гарсан бусад дүрэм, журам, тогтоол шийдвэрийг удирдлага болгон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс тус санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажилладаг. Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд албан татварт ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг, үүнээс шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь дараах хувь хэмжээгээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 38 тоот тогтоолоор 2009 онд санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 800 000 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 57 тоот тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1 000 000 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 тоот тогтоолоор 2011, 2012, 2013 онуудад санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1 500 000 төгрөг байхаар тус тус тогтоосон. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдөр "Н" ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон. Иймд дээрх хувь хэмжээний дагуу хөрөнгө төлөх талаар "Н" ХХК-иас 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9/347 тоот албан бичиг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7/849 тоот албан бичгийг явуулж байсан. Гэтэл хариуцагч шаардлагыг хүргүүлснээс хойш өнөөг хүртэл хуулиар хүлээсэн албан татварт ногдуулах хөрөнгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Харин "Налайх трейд" ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2010 оны 34 дүгээр тогтоолоор цуцпагдсан. Иймд "Н" ХХК нь 2011, 2012 онд үйл ажиллаагаа явуулаагүй байх тул 2 800 000 төгрөгийн шаардлагаас татгалзсан. Харин 2008, 2009, 2010 оны төлбөр 2 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үүсгэн 3 байгуулагдаад ачаа илгээх, хүлээн авах /каргоны/ үйл ажиллагаа явуулах эрхийн тусгай зөвшөөрлийг мөн ондоо Харилцаа холбооны зохицуулах хорооноос авсан. Үйл ажиллагаагаа 2008 оны цагаан сар хүртэл явуулсан. Түүнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй ба тусгай зөвшөөрөл сунгах тухай хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргаагүй. Би цуцлагдсан гэж бодсон. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.З.-т зааснаар тусгай зөвшөөрлийг өргөдлийн дагуу сунгаж байж манай компани Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төлбөр төлөх үүрэг үүсэх ёстой гэж үзэж болно. Ер нь манай компани тусгай зөвшөөрөл авахдаа Харилцаа холбооны зохицуулах хороотой гэрээ байгуулсан. Энэ гэрээнд санд төлбөр төлөхөөр ямар нэг үүргийн талаар заагаагүй байсан. Мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон сантай ямар нэг гэрээ байгуулаагүй. Энэ талаар хэн ч мэдэгдээгүй. Харин 2017 онд ирсэн албан бичгээр мэдсэн. Иймд Харилцаа холбооны зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг сунгаагүй, цуцлалгүй байж байгаад 2010 онд цуцалсны хариуцлагыг манай компани хүлээх ёсгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг шүүх анхаарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., 82 дугаар зүйлийн 82.1,-д заасныг баримтлан хариуцагч "Н" ХХК-иас 2 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцээгүй.
Уг сангийн хөрөнгийн эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн албан татвар ногдуулах орлогын 2 хувьтай тэнцэх орлогоос төвлөрүүлэх болон давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч үйлчлэгч этгээдээс төвлөрүүлэх мөнгөн хөрөнгө гэсэн хоёр төрөлтэй байна. ...Харилцаа холбооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3-д зааснаар Засгийн газар Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах ба Засгийн газраас баталсан "Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам"-ын 2.1-д "Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар хариуцна" гэсэн байдаг. Иймд тус газраас гаргасан нэхэмжлэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх эрхийг хамгаалах аргад нийцнэ гэж үзэж байна. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-д зааснаар давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх эрхтэй байна. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүсэд үйлчилгээ үзүүлэгч үйлчлэгчдээс төвлөрүүлэх хураамжийн хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2008 оны 21 дүгээр тогтоолоор 2008 онд Улаанбаатар хотод 800 000 төгрөг, 2008 оны 38 дугаар тогтоолоор 2009 онд Улаанбаатар хотод 800 000 төгрөг, 2009 оны 57 дугаар тогтоолоор 2010 онд Улаанбаатар хотод 1 000 000 төгрөг байхаар тус тус тогтоосон. Дээрх байдлаар Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх хэмжээг хуулиар тогтоосон, хариуцагч "Н" ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дээр дурдсан холбогдох заалтуудыг Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол, бусад дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллах үүрэгтэй байх тул хариуцагчийн татгалзал, тайлбар үндэслэлгүй, шүүхээс хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд хүлээлгэсэн үүрэг бус тусгай зөвшөөрлийн гэрээний үндсэн дээр үүсдэг тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хөлстэй адилтган үзэж тайлбарласныг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд жил тутам төлөх хураамжийг төлөөгүйтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхгүй бөгөөд Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх нь дээр дурдсан хуулиудаар хүлээлгэсэн үүрэг тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт "хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна." гэж заасан нь энэ харилцаанд үйлчилнэ гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан 2008-2012 онд бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төлөх төлбөр 5 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2008-2010 онд төвлөрүүлэх хөрөнгө 2 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэргийн 8 дугаар талд авагдсан баримтаас үзвэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 34 тоот тогтоолоор “Н” ХХК-ийн УБ-БНСУ-ын Сөүл, Ансан хотуудын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нь 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ачаа илгээх, хүлээн авах үйл ажиллагаа явуулах чиглэлээр тусгай зөвшөөрөл авч 2008 он хүртэл хугацаанд тухан үйл ажиллагааг явуулсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа зөвшөөрлийг сунгуулах талаар хүсэлт гаргаагүйн зэрэгцээ “Ачаа илгээх, хүлээн авах” үйл ажиллагаа дахин явуулаагүй гэж тайлбарласан боловч тусгай зөвшөөрлийг олгосон болон сунгасан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно”, 6.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгаж болно”, 6.3 дахь хэсэгт “хэрэв хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана”-аар зохицуулжээ.
Дээрх Харилцаа холбооны зохицуулах хорооны 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 34 тоот тогтоол гарах үед хариуцагч нь тусгай зөвшөөрөлтэй байсан үйл баримт тогтоогдож байгаа боловч хариуцагч “Н” ХХК нь УБ-БНСУ-ын Сөүл, Ансан хотуудын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэх тусгай зөвшөөрлийг анх хэзээ, ямар хугацаатай олгосон болон хугацаа дууссанаас хойш сунгасан эсэх талаар үйл баримт тодорхойгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлбөр төлөх хугацааг тодорхойлоход энэхүү үйл баримт тодорхой байх учиртай.
Харилцаа холбооны тухай хуульд 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гэрээ байгуулах”-аар заасан боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгт авагдаагүй байна.
Талууд ямар хугацаатай гэрээ байгуулж төлбөрийг хэрхэн төлөх талаар тохиролцсоныг үндэслэн шүүх гэрээнээс үүссэн үүрэг үү, хуулиар үүссэн үүрэг үү гэдэгт дүгнэлт хийж, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцох талаар дүгнэлт хийх шаардлагатай.
Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 104/ШШ2018/00292 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ