Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 62

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, 
Улсын яллагч: Ц.Батзориг, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа, 
Шүүгдэгч: Л.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Гэлэгдандар овогт Лхагвабаатарын Баасандоржид холбогдох 201715000088 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 19 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 351-27 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Гэлэгдандар овогт Лхагвабаатарын Баасандорж /РД: ЙЮ98111314/  
Шүүгдэгч Л.Баасандорж нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хангарьд” төвийн PC тоглоомын газраас иргэн М.Билгүүнтөрийн Самсунг галакси ЭС-6 маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Л.Баасандорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ээж надад гар утас авч өгсөн. Тэгээд би тэр өдөр нь гар утсаа хаячихсан юм. Тэгтэл орой гэртээ харихад ээж утсаа яачихсан юм бэ? олж ир гэсэн. Маргааш нь “Хангарьд” төвд тоглох гээд ортол утас тааралдахаар нь авчихсан. Тэгээд гадаа гараад хартал “Самсунг S-6” маркийн гар утас байсан. Тэгээд ээжид утсаа олчихсон гэж хэлсэн. Би буруу зүйл хийснээ ойлгож байна. Хохирогчид утсыг нь буцааж өгч бид сайн дураараа эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.    
Насанд хүрээгүй хохирогч М.Билгүүнтөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн үед “Хангарьд” төвийн 2 давхар PC тоглоомын газарт орж тоглосон. Би 1 цаг авч тоглоод цагаа дуусаад сандлаасаа босоод куртикныхаа халааснаас гар утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан. Би тэрүүгээр хайж байгаад PC тоглуулж байсан эгчээс хяналтын камер үзэх гэсэн юм, би гар утсаа алдчихлаа гэж хэлсэн. Тэгтэл тэр эгч ажиллуулдаг хүн нь байхгүй байна, маргааш ирж үз гэж хэлсэн. Би гар утас руугаа залгаж үзэхэд хологдох боломжгүй байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,  
Гэрч А.Гүнсэнсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр манай дэлгүүрт нэг өндөр шар залуу орж ирээд надад цагаан өнгийн Самсунг галакси S-6 маркийн гар утас үзүүлээд энэ гар утсыг өөр гар утсаар солих гэсэн юм гэхээр нь би чи яагаад солих гээд байгаа юм бэ? гэж асуухад тэр залуу миний гар утасны дэлгэц болон арын таг нь хагарчихсан юм, тэгээд солих гэсэн юм гэхээр нь би Самсунг S-3 дээр 50000 төгрөгөөр солих уу гэхэд тэр залуу зөвшөөрсөн. Тэгээд надаас Самсунг S-3 маркийн гар утас дээр 50000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,  
Гэрч Л.Даваамаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Л.Баасандорж миний том хүү, доороо 2 дүүтэй. Миний хүү Л.Баасандорж төлөв даруу, үг дуу цөөтэй, ямар нэгэн муу зуршилгүй, жаахан PC тоглоом тоглох дуртай. Хүний үгэнд амархан орно. Жаахан хөнгөн зантай. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар 10-н жилийн дунд сургуулийг 2014 онд төгссөн. Улаанбаатар хотод БХИУ-ийн ахлагчийн сургуульд явсан боловч төгсөж чадаагүй. Одоо хийсэн зүйлгүй, гэртээ байна. Манай нөхөр Лхагвабаатар гэртээ байдаггүй. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд том машин барьж байгаа. Сүүлийн үед Л.Баасандорж нь миний үгэнд орохгүй, гадуур их тэнэдэг болоод байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,  
Гэрч Б.Дэлгэрсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Баасандоржийг 2014 оноос хойш таньдаг болсон. Найзын харилцаатай. Л.Баасандорж бид 2 PC тоглоом хамт тоглож, заал авч сагсан бөмбөг их тоглож байсан. Манай найз Л.Баасандорж их найрсаг, тусч, илэн далангүй, даруу төлөв зантай сайн хүүхэд. Найз нарынхаа дунд нэр хүнд сайн. Л.Баасандорж тамхи татдаг. Архи уудаггүй, PC тоглоомонд их дуртай. Л.Баасандорж аав ээж, 2 дүүгийн хамт амьдардаг. Аав нь Өмнөговь аймагт жолооч хийдэг, ээж нь хүнс барааны зах дээр наймаа хийдэг. Л.Баасандорж өмнө нь Улаанбаатар хотод цэргийн 
сургуульд явсан боловч төгсөж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 хуудас/,  
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,  
Түр хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/,  
Гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9 хуудас/,  
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /11-12 хуудас/,  
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №03/38, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №04 дугаар үнэлгээний тайлангууд /хх-ийн 14-18, 29-33 хуудас/,  
Насанд хүрээгүй хохирогч М.Билгүүнтөр, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Түвшинтөр нарын шүүхэд ирүүлсэн “…Гэмт хэргийн улмаас алдагдсан гар утсаа буцаан авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Л.Баасандоржтой сайн дураараа эвлэрсэн болно” гэсэн хүсэлт,   
Л.Баасандоржийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 41-42, 44 хуудас/,  
Шүүгдэгч Л.Баасандоржийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 602 тоот тодорхойлолт, иргэний үнэмлийн лавлагаа /хх-ийн 45-46 хуудас/,  
Шүүгдэгч Л.Баасандоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч Л.Баасандорж нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн “Хангарьд” төвийн PC тоглоомын газраас насанд хүрээгүй хохирогч М.Билгүүнтөрийн “Samsung Galaxy S6” маркийн гар утсыг хулгайлсны улмаас 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Баасандоржийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч М.Билгүүнтөрийн “...Би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн үед “Хангарьд” төвийн 2 давхар PC тоглоомын газарт 1 цаг авч тоглоод цагаа дуусаад сандлаасаа босоод куртикныхаа халааснаас гар утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан /хх-ийн 22 хуудас/, Гэрч А.Гүнсэнсүрэнгийн “...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр манай дэлгүүрт нэг өндөр шар залуу орж ирээд надад цагаан өнгийн Самсунг галакси Эс-6 маркийн гар утас үзүүлээд энэ гар утсыг өөр гар утсаар солих гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд надаас Самсунг Эс-3 маркийн гар утас дээр 50000 төгрөг авсан. /хх-ийн 26-27 хуудас/ гэсэн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/, Түр хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/, Гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9 хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /11-12 хуудас/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №03/38, 2017 оны 04 дүгээр сарын 10ны өдрийн №04 дугаар үнэлгээний тайлангууд /хх-ийн 14-18, 29-33 хуудас/, Л.Баасандоржийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 41-42, 44 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн 
байна гэж шүүх үзлээ.   
Шүүгдэгч Л.Баасандоржид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  
Шүүгдэгч Л.Баасандорж нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэж,   
Насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн “алдсан гар утсаа буцаан авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сайн дураараа эвлэрсэн гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн болох нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” гэсэн үндэслэлээр шүүгдэгч Л.Баасандоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Л.Баасандоржийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.   Хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрэхдээ түүний эрхшээлд байгаа буюу бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадаагүй гэх үндэслэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.  
Шүүгдэгч Л.Баасандоржийн эзэмшлийн 10000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн,  Нокиа 3110 маркийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  
Шүүгдэгч Л.Баасандорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн болохыг тус тус дурьдаж,  
Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 207 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Л.Баасандоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. Иймд шүүгдэгч Л.Баасандоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож тус тус шийдвэрлэлээ.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1.Шүүгдэгч Гэлэгдандар овогт Лхагвабаатарын Баасандоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
 
 2 ..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Гэлэгдандар овогт Лхагвабаатарын Баасандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
 3.Шүүгдэгч Л.Баасандорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн болохыг тус тус дурьдсугай.   
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Л.Баасандоржийн эзэмшлийн 10000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн,  Нокиа 3110 маркийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Баасандоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.   
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
7.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Баасандоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Д.ЦЭЦЭГЭЭ