Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/548

 

 

 

 

 

 

 

 

 

   2024          6           25                                     2024/ШЦТ/548        

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Б.Солонго

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-нд *** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, “***” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай гэх, ам бүл 4; нөхөр, 2 хүүхдийн хамт *** дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байрны *** тоотод оршин суух,

ял шийтгэл: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1481 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

***дугаарын регистртэй, ** овогт ***ийн ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** нь 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хороо, ** ** дугаар гудамжны ** тоотод хохирогч ***д “... нөүтбүүкээ хэрэглүүлээч, ажил дээр сургалт орж байгаа, орой ажил тараад аваад ирье” гэж хуурч, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний эзэмшлийн “Dell” маркийн зөөврийн компьютерыг шилжүүлэн авч 2.465.250 төгрөгийн хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хийсэн хэргийнхээ талаар үнэн зөв ярьсан тул надад нэмж ярих зүйл байхгүй. Хохирогчийн нөүтбүүкийг нь ломбардаас аваад буцааж өгсөн. Бас ломбардын зээлийг төлсөн. Надад торгох ял оногдуулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч **** “... би 2024 оны 2 дугаар сарын 26-ны орой найзууд болох ***, ***, *** нартай хамт уулзаж ууж сууж байгаад шөнийн 02:00 цагийн үед найз ***той хамт гэр рүүгээ явсан. Өглөө нь *** “... найздаа нөүтбүүкээ хэрэглүүлээч, ажил дээр сургалт орж байгаа юм, орой ажил тараад аваад ирье” гэж хэлэхээр нь би итгээд өөрийн хэрэглэдэг “Дэлл” маркийн нөүтбүүкийг өгч явуулсан. Орой нь утсаар залгаж нөүтбүүк яасан гэж асуухад орой болсон байна, маргааш аваачаад өгье гэж хэлсэн. Гэтэл маргааш нь утас нь холбогдохгүй чат бичихээр аваачиж өгнө, одоо өглөө, маргааш өгье, хөдөө явж байна гэж худлаа хэлсээр байсан. Тэгээд 3 дугаар сарын 13-ны өдөр чат бичиж “ломбардад тавьчхаад авч чадахгүй байна, 5 дахь өдөр цалин орохоор авч өгье гэсэн. Би 5 дахь өдөр нь асуусан чинь хариу бичээгүй. Хагас сайн өдөр нь надад авчирч өгье гэж чатаар хэлсэн боловч бас ирээгүй. Тэгээд би цагдаад гомдол гаргасан. “Дэлл” маркийн Ай7-той мөнгөлөг саарал өнгөтэй, нугас нь хойшоо бүтэн таблет болдог, дэлгэц дээрээ мэдэрдэг, өөрөөсөө камертай нөүтбүүк байсан. “Пи Си молл”-оос 2022 оны 9, 10 сарын орчимд 4.699.900 төгрөгийн үнэтэй 2 жилийн хугацаанд лизингээр төлөх нөхцөлөөр авсан. Одоо ирэх 10 сард зээлийн хугацаа дуусна. Би одоо болтол зээлийг нь төлж байгаа. Баянгол дүүргийн 21 хороо, Горький 18 дугаар гудамжны 553 тоотод гэртээ байхдаа өгч явуулсан” /хх-н 7-8/ гэж,

гэрч **** “... *** гэх иргэн 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “Дэлл” загварын Ай7 -ын 12 дугаар үеийн 89690021 гэсэн паспорт нэвтрэх нэртэй нөүтбүүкийг 950.000 төгрөгийн барьцаанд тавьж, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эргүүлж авсан. Баримт бичиг нь байгаа. Өөрөө гарын үсэг зураад авсан” /хх-н 14-15/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***гийн ***г хуурч, бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзав.

Тухайлбал шүүгдэгч *** урьд өмнө Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1481 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь түүний хувийн байдалтай холбоотой баримт юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар ялтан ***гийн 15.000.000 төгрөгийн торгох ялаас нэг ч төгрөг төлөгдөөгүй байна. /хх-н 40/

Иймд түүнд энэ шийтгэх тогтоолоор дахин “торгох” ял оногдуулах нь зохимжгүй, “зорчих эрхийг хязгаарлах”, “хорих” ялуудын хувьд түүний эрх зүйн байдлыг дордуулна гэж шүүх үзээд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгов.

 

Харин ялтан ***д ***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1481 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 15.000.000 төгрөгийн торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах “нийтэд тустай ажил хийлгэх” ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоов.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч ****“... миний хохирлыг барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 12/ гэсэн тул шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 53/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 55-56/  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 43/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1481 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 26-38/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлт бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                  

 

                            ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ийн ***г хуурч, бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ***д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1481 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.ЖАНЧИВНЯМБУУ