Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/549

 

 

 

 

 

 

 

 

     2024          6           25                                   2024/ШТЦ/549       

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Билгүүн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ***дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***оны * дүгээр сарын **-нд *** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6; нөхөр, 4 хүүхдийн хамт ***дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, *** дүгээр байрны ** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** дугаарын регистртэй,

*** овогт ***ийн ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** нь *** банкны “***” салбарт зээлийн мэргэжилтнээр 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа ахлах менежерийн эрхээр харилцагчийн мэдээллийн системд хууль бусаар нэвтэрч банкны харилцагч 5 иргэний кибер орчинд хууль бусаар халдаж 6 дансны мэдээллийг лавлах, устгах, засварлах үйлдлүүдийг хийж most money үйлчилгээ авахад шаардагдах мэдээллийг өөртөө бий болгохын тулд утасны дугаар болон нууц асуулт хариулт зэргийг шинээр бүртгэл үүсгэн үндсэн системд орж most money үйлчилгээний эрхийг шинээр идэвхжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн,

улмаар үргэлжилсэн үйлдлээр *** банкны *** дугаартай харилцах данснуудад байршиж байсан мөнгөн хөрөнгөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 41 удаагийн гүйлгээгээр 252.632.150 төгрөг, 10 удаагийн гүйлгээгээр 102.147.77 юанийн зарлагын гүйлгээг өөрийн эх *** *** банк дахь *** дугаарын данс руу шилжүүлэн авч бусдын итгэмжлэн хариуцуулсан нийт 302.513.970.52 төгрөгийг “хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би буруутай үйлдэл хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Банкны системд хууль бусаар нэвтэрч хадгаламж дахь бусдын мөнгийг авах болсон шалтгаан нь би “onexbet.com” гэсэн онлайн сайт руу орж мөрий тавиад алдчихсан юм. Нийт 302.513.970 төгрөгийн хохирол учруулсныг бүрэн төлж барагдуулсан. Машинаа зарж байгаад хохирлыг төлсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх миний хүсэлт хэвээрээ байгаа. Прокурортой тохиролцсон торгох ялыг би төлөх боломжтой. Манай нөхөр тээвэр зуучийн компанид ажилладаг гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***“... 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-н иргэн ***өөрийн эзэмшлийн харилцах дансаа шалгаж үзээд мөнгө алдсан талаараа мэдэж манай банкны 1800-2020 дугаарын утсанд мэдэгдсэн. Уг мэдээллийн дагуу манай банкнаас шалгаж үзэхэд “***” салбарын ахлах менежер байсан ***дээр гомдол ирсэн. Давхар манай “***” банкны дотоод аудитын газраас шалгалт хийж үзэхэд зээлийн мэргэжилтэн ***тэй холбоотой гэдгийг тогтоосон. Мэдээллийн технологийн аюулгүй байдлаас харилцагч нарын данс руу нэвтэрч орсон, шалгасан логийг шүүж үзэхэд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хамгийн эхлээд ахлах менежер Оюунцэцэгийн компьютерын нууц үг болон NES программын кодыг тайлж харилцагч нарын данс руу нэвтэрсэн байсан. Хятад улсын нийт 5 иргэний 6 дансанд хууль бусаар нэвтрэн орж харилцагч нартай холбоотой мэдээллийг лавлах, устгах, засварлах үйлдлүүдийг хийж харилцагч most money үйлчилгээ авахад шаардагдах мэдээллийг зээлийн мэргэжилтэн *** өөртөө бий болгож утасны дугаар болон нууц асуулт хариулт зэргийг шинээр бүртгэл үүсгэн үндсэн системд орж most money үйлчилгээний эрхийг шинээр идэвхжүүлэх замаар цахим гүйлгээг *** нь өөрийн төрсөн эх ****** банкны *** дугаарын данс руу олон удаагийн давтамжтайгаар нийт 302.513.970 төгрөг шилжүүлэн авч хувьдаа завшсан байсан” /хх-н 17-19/ гэж,

гэрч ***“... би 2023 оноос хойш *** банканд ажиллаж байна. Энэ хугацаанд үнэнч шударгаар ажиллаж байсан. 2014 оноос *** банканд хяналтын ахлах албан тушаалд ажиллаж эхэлсэн. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр миний декритний хугацаа дуусаж ажилдаа буцан орохдоо “***” салбарт ахлах менежер албан тушаалд ажиллах болсон. 2023 оны 5 дугаар сард ажил дээрээ байж байхад Хятад улсын иргэдийн харилцах данснаас их хэмжээний мөнгө авсан гэх гомдол ирсэн. Уг асуудлыг судалж үзэхэд зээлийн мэргэжилтэн *** гэх хүн миний компьютерт хууль бусаар нэвтрэн орж улмаар хэрэглэгчийн интернэт эрхийг өөрийнхөө утсан дээр нээсэн байсан. Тэгээд *** нэг харилцагчийн данснаас мөнгө авсан гэж бодож байтал шалгалтаар 5 харилцагчийн данснаас мөнгө авсан болох нь тогтоогдсон. *** нь харилцагчийн данснаас мөнгө авсан үйлдэлдээ уучлалт гуйсан” /хх-н 21-22/ гэж,

гэрч ***“... би уг асуудлыг 2023 оны 5 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ мэдсэн. Эхнэр маань надад болсон зүйлийн талаар “би болохгүй юм хийчихлээ, 68.000.000 төгрөг банканд төлөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Дараа нь ажлын газраас нь над руу залгаж хэлсэн. Би эхнэртэйгээ ярилцаж байгаад өөрийнхөө унаж байсан Ланд крузер 105 загварын авто машинаа зарж төлсөн. Эхнэр маань мөрийтэй тоглоом тоглож, мөн харилцагч нарын данснаас мөнгө авч байсныг нь би мэдээгүй. Эртхэн мэдсэн бол ийм хэмжээнд хүргэхгүй байсан” /хх-н 24-25/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 11-14/, *** банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч *** 2022 оны 9 дүгээр сарын 30-ны Б/640 дугаартай, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/337 дугаартай /***ийг ажилд томилсон, түдгэлзүүлсэн/ тушаал /хх-н 76-77/, *** банкны дотоод аудитын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хяналт шалгалтын тайлан /хх-н 26-37/, *** банканд байршдаг ***, ***, ***, ***, *** дугаартай харилцах данснуудын хуулга /хх-н 46-61/, *** банкны *** дугаартай ***харилцах дансны хуулга /хх-н 65-74/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх ба эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Цахим орчинд хууль бусаар нэвтрэх нь гэмт хэрэгт тооцогдохоор Монгол Улсын Эрүүгийн хуулиар хуульчилсан бөгөөд шүүгдэгч ***ийн утасны дугаар болон нууц асуулт хариулт зэргийг шинээр бүртгэл үүсгэн үндсэн системд орж most money үйлчилгээний эрхийг шинээр идэвхжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгийн “... мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан” гэсэн шинжүүдийг агуулж байна.

 

Мөн нэр бүхий иргэд *** банканд данс нээлгэж, тухайн банкаар дамжуулан мөнгөн хадгаламж, санхүүгийн үйлчилгээ авч байсан байх ба тухайн банкны ажилтан болох шүүгдэгч *** бусдын хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан байгаа нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

“Хөрөнгө завших” гэмт хэргийн хохирогчоор тухайн банкийг тогтоосон нь хуулийн үндэслэл бүхий болжээ.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***ийн *** “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

 

Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 101/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 102/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 103/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 146/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 145/, “*** банк”-ны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 104-111/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 148-151/ “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-н 152/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирогч байгууллага болох *** банкнаас “... *** нь банканд учруулсан хохирлыг бүрэн барагдуулж дууссан тул банкны зүгээс тухайн иргэнтэй холбоотой гомдол санал байхгүй” гэсэн албан бичгийг Цагдаагийн Ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ирүүлсэн /хх-н 154/ байх ба

шүүгдэгч *** “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” тухай хүсэлт гаргажээ. /хх-н 142/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч ***т оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Харин улсын яллагч Д.Батзаяа шүүгдэгч ***т оногдуулах 15.400.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай санал гаргасныг шүүх 1 жилийн хугацаагаар тогтоов.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ийн *** “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүнд оногдуулсан торгох ялын нийт хэмжээг 15.400.000 /арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч ***т оногдуулсан 15.400.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч *** торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ