| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0530/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/555 |
| Огноо | 2024-06-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/555
2024 6 27 2024/ШЦТ/555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ням-Эрдэнэ хөтлөн
улсын яллагч Г.Ариунзул
шүүгдэгч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны * дүгээр сарын **-нд *** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эцэг, дүүгийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, *** дугаар хороолол, *** байр, *** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ХМ70090276 регистрийн дугаартай
*** овогт ***ийн ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр *** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр “***” кинотеатрын урд байрлах *** сүлжээ хоолны газарт хохирогч ***ийн эзэмшлийн “АйФоне 14 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Гэм буруутай үйлдэл хийснээ ойлгож, ухамсарлаж байгаа болохоор дахин мэдүүлэхгүй. Хохирогчийн гар утсыг 120.000 төгрөгөөр зараад архи авч уусан. Бас хоол хүнс, тамхи авсан. Хохирлыг нь төлөх болно. Миний дүү Солонгос явчихсан байгаа. Ирэхээр нь түүнээс мөнгө зээлээд төлнө. Эсхүл би ажил хийж байгаад төлнө. Уг нь би харуул хамгаалалтын албанд ажиллаж байсан юм. Надад оногдуулах хорих ялын талаар хэлэх санал, хүсэлт байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч **** “... 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** түргэн хоолны газарт өөрийн нөхрийн хамт хоол идэх гээд орсон. Ороод нэг сул ширээн дээр очиж суугаад манай нөхөр захиалга өгөх гээд захиалга өгдөг машин руу нь явсан. Би тэгээд араас нь картаа өгөх гээд цүнхээ ширээн дээр орхиод нөхөртөө очиж картаа өгчихөөд буцаж ширээн дээрээ ирээд цүнхнээсээ утсаа авах гэтэл утас байхгүй болсон байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. “Айфоне 14 про макс” загварын гар утас байсан. Гоулд өнгөтэй, өнгөгүй тунгалаг кейстэй утас байсан. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Тэди худалдааны төвөөс 3.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хайрцаг сав нь гэрт байгаа байх гэж бодож байна. Би тухайн үед нөхөртөө карт өгчхөөд буцаад ширээн дээр ирэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бололтой 40-45 орчим насны эрэгтэй хүн надтай зөрөөд явсан. Би тэр хүнийг сэжиглэж байна. Би дахин харвал танина” /хх-н 26-28/ гэж мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч
шүүгдэгч ****ын *** “... бусдын гар утсыг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хорооллын *** театрын урд талын ***гэх хоолны газар орж 00-д нь бие засчхаад гараад явж байсан чинь хоолны ширээн дээр эмэгтэй хүний цүнд онгорхой, дотор нь гар утас харагдаж байхаар нь авч гараад Теди гар утас худалдааны төв дээр очоод 120.000 төгрөгөөр зараад 25.000 төгрөгөөр өөртөө пүүз авч өмсөөд үлдсэн мөнгөөр нь архи авч уусан. Учруулсан хохирлоо барагдуулна” /хх-н 49-50/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.
Түүнчлэн хавтаст хэрэгт Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэлийн Г-5372 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 01/, хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Кости Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт /хх-н 31-33/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10-11/, таньж явуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-н 12-18/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч *** овогт ***ын ***ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ж.***өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэв.
Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 53/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 55/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 54/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-н 57/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 58/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч *** эзэмшлийн “Айфоне 14 про макс” загварын гар утсыг “Кости Эстимэйт” ХХКомпани 2.500.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-н 31-33/
Мөн мөрдөгчөөс хохирогч ****сэтгэцэд учирсан хохирлыг хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэл гэж тогтоосон байх ба /хх-н 37/ үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлэн 3.293.400 төгрөгийг шүүгдэгч ***өөс гаргуулж хохирогч ***д олгох нь зүйтэй.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт ***ын ***ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ***өд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хорих ял эдлэх хугацааг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж, түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өөс 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч,** дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух, *** дугаарын регистртэй, ***овогт ****д олгосугай.
6. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өөс 3.293.400 төгрөг гаргуулж хохирогч *** олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***өд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ