Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
Хэргийн индекс | 182/2021/00069/И |
Дугаар | 182/ШШ2021/01830 |
Огноо | 2021-08-12 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2021/01830
2021 08 12 182/ШШ2021/01830
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: В.У-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 11,460,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э, өмгөөлөгч Д.М, хариуцагч В.У /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би В.Утай 2020.08.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 сая төгрөгийг, 10 хоногийн хугацаатай, 5%-ийн хүүтэй өгсөн. Би гэрээний дагуу 5 сая төгрөгийг хоёр хувааж В.Уд шилжүүлсэн, харин В.У нь төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлсэнгүй. Бид мөн гэрээнд алданги 0,5%-иар тохирсон, хариуцагчаас болж би нэлээд хохирч байгаа тул, энэ зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5 сая төгрөг, хүү 500,000 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн 50%-иас хэтэрч байгаа тул 5 сая төгрөгийн 50%-иар тооцож 2,500,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг болж байна.
Мөн хариуцагч В.У нь гэрээгүйгээр надаас авч байсан мөнгө нь 3,460,000 төгрөг болсон байгаа, энэ мөнгөө өөрийн дансаар болон бусдаар дансаар авч байсан, энэ талаарх дансны хуулгыг хэрэгт өгсөн. Ингээд хоёр гэрээний нийт үүрэгт 11,460,000 төгрөг болж байна. Миний зүгээс В.Утай эвлэрэх ямар ч хүсэл зориг байхгүй, би энэ мөнгийг бусдаас зээл авч өгснийг мэдэж байгаа хэрнээ өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй, намайг хохироож байгаа. Гэхдээ бид зарим тооцооллыг буруу хийсэн байгааг шүүх шийдэхдээ анхаарах байх. Харин хариуцагчийн хорих ял эдэлж байгаа байгаа нөхцөл байдлыг харгалзан алдангийг 2,000,000 төгрөг болгох боломжтой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Этай зээлийн гэрээ байгуулж 5 сая төгрөгийг 5%-ийн хүүтэй авсан нь үнэн. Энэ мөнгөө хүүгийн хамт төлнө, харин алданги төлөх боломжгүй байна. Мөн зээлийн гэрээгүй дансаар 2,500,000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ энэ мөнгийг ч төлөх боломжгүй байна. Уг нь ярилцаад эвлэрэх боломж байгаа боловч нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байна. Тийм учраас миний хорих ангид, хүний гарт байгаа, ар гэрийнхэнтэйгээ холбогдож чадахгүй байгаа байдлыг харгалзан үзэж, шийдвэрээ гаргаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч В.Уд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 11,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөхгүй, намайг хохироож, удаа дараа шаардуулж байгаа бөгөөд, хугацаа алдсан тул эвлэрэх боломжгүй, тийм учраас гэрээний дагуу зээл, хүү, алдангийг, мөн гэрээгүй өгсөн мөнгөө шаардах эрхтэй, харин алдангийг 500,000 төгрөгөөр багасгаж болох юм гэж тайлбарлав.
Харин хариуцагч нь 2021.03.24-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа зээлийн 5 сая төгрөгийг, хүүгийн хамт, мөн гэрээгүй авсан 2,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги төлөх боломжгүй тухайгаа илэрхийлсэн байх боловч шүүх хуралдааны явцад тайлбараа өөрчилж, зээлийн гэрээний дагуу авсан 5 сая төгрөгийг, хүүгийн хамт төлөхийг зөвшөөрч байна, гэхдээ алдангийг, гэрээгүй авсан 2,500,000 төгрөгийн хамт төлөх боломжгүй, хорих ангид ял эдэлж байгаа байдлыг харгалзан үзнэ үү гэж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч В.Утай 2020.08.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг, 2020.08.31-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай, 5%-ийн хүүтэй зээлж, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5%-иар алданги төлөхөөр,
Мөн нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч В.Уд зээлийн гэрээгүй, амаар тохиролцон 3,460,000 төгрөгийг цувуулж зээлсэн гэх, хариуцагч В.У зээлийг эгүүлэн төлөх үүргийг хүлээжээ.
Зохигчдын хооронд үүссэн дээрх харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагад нийцсэн зээлийн гэрээний харилцаа байна.
Зохигчдын хооронд бичгээр байгуулагдсан 2020.08.21-ний өдрийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Э нь зээлийн 5,000,000 төгрөгийг мөн өдрөө 2,500,000 төгрөгөөр хоёр хувааж хариуцагч В.Угийн ХААН банкны 5315266594 дугаарын дансанд шилжүүлсэн, харин хариуцагч В.У нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д зааснаар, гэрээний 10 хоногийн хугацаанд үндсэн зээл 5,000,000 төгрөг, 5%-ийн хүү 250,000 төгрөг, нийт 5,250,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.
Мөн нэхэмжлэгч Н.Э нь 2020.09.02-ны өдрөөс 2020.10.07-ны өдрүүдэд нийт 7 удаагийн, янз бүрийн утга бүхий гүйлгээгээр, хариуцагч В.Угийн дээр дурдсан ХААН банкны данс болон бусдын дансаар дамжуулан түүнд бичгийн гэрээгүй, гуйлтынх нь дагуу 3,626,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд, хариуцагч В.У нь 2020.09.20-ны өдөр зээлсэн 250,000 төгрөгийг 2020.09.03-ны өдөр буцаан шилжүүлж, 3,376,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болжээ.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан “хариуцагч В.Уд гэрээгүй 3,460,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх, хариуцагч В.Угийн гаргасан “нэхэмжлэгч Н.Эгаас гэрээгүй 2,500,000 төгрөг авсан” гэх тайлбарууд няцаагдаж байна.
Хариуцагч В.У нь бичгээр байгуулсан гэрээний дагуу зээл, хүү төлөх үүргийг, амаар тохиролцсон гэрээний дагуу зээл төлөх үүргийг зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүрэгтэй байтал биелүүлээгүй гэм буруутай, бичгээр байгуулсан гэрээний дагуу огт төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний хугацаа 2020.08.31-ний өдөр дууссан, амаар тохиролцсон гэрээний дагуу 250,000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээүй, нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч В.Угаас зээлийн төлбөрийг удаа дараа шаардаж байсан байна.
Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, зээлийн гэрээ, нэхэмжлэгч Н.Эгийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Худалдаа, хөгжлийн банкны орлогын ордер зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Иймд нэхэмжлэгч Н.Эд зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4, 3 дугаар зүйлийн 3.7, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хоёр гэрээний зээл, хүү, алдангийг шаардах эрх, нөгөө талаар хариуцагч В.Уд зээл, хүү, алданги төлөх үүрэг үүссэн гэж үзнэ.
Тиймээс хариуцагч В.Угийн гаргасан “хорих ангид ял эдэлж байгаа, ар гэрийнхэнтэйгээ холбоогүй” байна гэсэн тайлбарыг үндэслэн түүнийг алдангиас бүрэн чөлөөлөх хууль зүйн боломжгүй, тэрээр гэрээний үүргийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн, үүнд хариуцагч В.У өөрөө гэм буруутай, талууд гэрээгээр алданги төлөхөөр нэгэнт тохиролцсон, алданги нь гэрээний талуудын хариуцлага болдог учиртай.
Иймд хариуцагч В.У нь бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл, хүүд 5,250,000 төгрөг төлөх үүрэгтэй байтал уг үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн тул алдангийг гүйцэтгээгүй үүрэг болох 5,250,000 төгрөгийн 50% буюу 2,625,000 төгрөгөөр нэхэмжлэгч Н.Эд төлөх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасантай нийцнэ.
Гэхдээ шүүх нэхэмжлэгч Н.Эгийн тооцооллын дагуу, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алдангийг 2,500,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байх бөгөөд, нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч В.Угийн нөхцөл байдлыг харгалзан алдангиас 500,000 төгрөгийг хасч болно гэсэн учир уг 500,000 төгрөгийг хасч, нийт алдангийг 2,000,000 төгрөг гэж тооцлоо.
Ингээд хариуцагч В.У нь бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алдангид нийт 7,250,000 /5,000,000 төг + 250,000 төг + 2,000,000 төг/ төгрөг, амаар байгуулсан гэрээний дагуу, баримтаар тогтоогдсон, дээр нэгэнт дүгнэсэн, 3,376,000 төгрөг, нийт 10,626,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Эд төлөх үүрэгтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Тиймээс хариуцагч В.Угаас 10,626,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 834,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч В.Угаас 10,626,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 834,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Эгаас тэмдэгтийн хураамжид 198,310 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч В.Угаас 184,966 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА