Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2021/01856

 

 

 

 

 

 

 

 

 

   2021         08         17                                       182/ШШ2021/01856

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Ж-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ТБ ХХК-нд холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Ж анх 2016.11.21-ний өдрийн Б/1458 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар “ТБХХК”-ийн ****-*****аймаг дах салбарын захирлаар томилогдож, 5 сарын хугацаанд туршилтаар ажиллаж, 2017.04.12-ны өдөр 329 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулан албан ёсоор ****-*****салбарын захирлаар ажиллах болсон. Х.Ж нь хөдөлмөрийн гэрээ болон хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж ирсэн боловч ТБ-ны гүйцэтгэх захирлын 2020.10.22-ны өдрийн Б/1507 тоот “Х.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаал гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчийн хувьд “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.10.22-ны өдрийн Б/1507 тоот шийдвэрийг зөвшөөрөхгүй бөгөөд уг тушаалд заасан зөрчлүүд буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байгаа. Тухайлбал НТХХК-нд зээл олгох асуудлыг Төв банкнаас шийдсэн, түүний дагуу зээл олгосон, зээлийн хорооны шийдвэрт ямар нэмэлт нөхцөл заасан нь тодорхойгүй, тэтгэврийн зээлд нягтлан бодогч, ахлах теллер гарын үсэг зурж баталгаажуулдаг, бид бүгд мэднэ, банкин дээр очоод аав, ээжийнхээ тэтгэврийн зээлийг авахад тэр дор нь теллер шийдээд л зээлийг олгодог, үүнд заавал гүйцэтгэх захирал гарын үсэг зураад байх шаардлагагүй, мөн нэхэмжлэгч нь 1 сард нийлбэр дүнгээр ажлын 8 цаг ажил тасалсан зүйл байхгүй, хариуцагчаас өгсөн цагийн бүртгэлийн баримт нь хуулбар, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа.

 Харин өөрийн салбарын ажилтнуудаас зээл авсан явдал нь иргэд хоорондын зээлийн гэрээний асуудал, түүнээс биш албан тушаалаа ашигласан зүйл байхгүй. Мөн 2 зээлдэгчид бизнесийн 40 сая төгрөг олгосон зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэх боловч ямар хүмүүст зээл олгосон гэдэг нь тодорхойгүй, энэ нь хяналт шалгалтын тайлангаас харагдахгүй байгаа. 2019.11.11-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг зөвшөөрч байгаа, тухайн үедээ гомдол гаргаагүй гэдэг. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн нэр хүндэд халдсан, хохирол учруулсан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч Х.Ж гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Тушаал хүчингүй болгох нь шаардлага биш үндэслэл болохыг өмнө нь шүүхэд тодруулж өгсөн байгаа гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Ж нь давтан болон ноцтой зөрчлийн аль алиныг гаргасан нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон гэж үзэн ажлаас нь чөлөөлсөн. Эдгээр зөрчил нь:

1.Х.Ж ирцээ бүртгүүлдэггүй байсан. Энэ нь сая гаргаж өгсөн ирцийн мэдээллээс харагдана. Ирцээ бүртгүүлсэн үедээ бол 10, 11 цаг гэх мэт ажлын цагаас 2-3 цагаар хоцорч бүртгүүлдэг байсан нь харагдаж байгаа ба энэ үйлдэл нь ТБ-ны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.1 зүйлд заасан “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, эсхүл ажлын цагаас удаа дараа хоцорсон, эрт тарсан нь нийлбэр дүнгээр нэг сард 8 цаг болсон, 2 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгэх программд бусдаар дамжуулан ирцээ бүртгүүлсэн эсхүл өөр этгээдийн хурууны хээг ирц бүртгүүлэх программд бүртгүүлсэн” гэх зөрчил болж байгаа юм.

2.Зээлтэй холбоотойгоор Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.5, 5.28.17, 5.28.28, 5.28.37 зүйлүүд болон ТБ-ны ажилтны ёс зүйн дүрмийн 5.1.5 заасан зөрчлийг гаргаж, хоёр ажилтнаараа нийт 24.200.000 төгрөгийн зээл гаргуулан авч хувьдаа ашигласан.

400 гаруй зээлдэгчийн 796.118.221 төгрөгийн тэтгэврийн зээлийг олгохдоо, тамга тэмдэг дарж баталгаажуулахгүйгээр зээл олгосон. Энэ нь хэрэгт нотлох баримтаар хэрэгт өгсөн байгаа Зээлийн үйл ажиллагааны журмын 17.2.4 зүйлд зааснаар “Зээлийн ажилтан нь холбогдох зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн зээлийн төрлөөс хамааруулан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, фидуцийн гэрээг хавсралт 4.1-4.17 зүйлүүдэд заасан загварын дагуу зээлдэгчтэй байгуулж, нэг талаас Банкны эрх олгогдсон албан тушаалтан, нөгөө талаас зээлдэгч иргэн, хуулийн этгээдийг төлөөлж буй эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарна” гэсэн байхад энэхүү заалтыг зөрчиж гарын үсэг зуралгүйгээр зээлдэгчид зээлийг олгосон байдаг.

4.Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.37 зүйлд зааснаар “Зээл олгохын өмнөх шаардлага хангагдаагүй байхад зээлийг олгох зөвшөөрөл олгосон, зээл олгох зөвшөөрөл олгогдоогүй байхад гүйлгээ хийсэн” гэх заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч талаас хэлж байгаагаар зээлийн хороогоор шийдвэрлэгдсэн зээлийг олгосон гэж хэлж байгаа боловч, НТХХК-д зээл олгосон байдаг. Энэ нь Х.Жын төрсөн аавынх нь компани байгаа юм. Хэдий Төв зээлийн хорооноос зээл олгохоор шийдвэрлэсэн боловч тухайн салбар нь нэмэлтээр тавьдаг шаардлагыг бүрэн хангаагүй байхад нь зээл олгохоор гарын үсэг зурж, зээл олгосон. Шаардлага хангаагүй байхад зээл олгох ёсгүй байдаг байтал ашиг сонирхлын зөрчил гарган зээл олгосон гэсэн үг.

5.Мөн дотооддоо буюу салбарын ажилчдадаа хяналт шалгалт хийж шат дараалсан шаардлагыг тавих ёстой байтал ямар нэгэн шаардлагыг тавиагүй. Өөрийнх нь шууд удирдлага доор ажиллаж байсан ажилчид ажилдаа ирсэн явсан цагаа бүртгүүлээгүй 56 удаа, ажил тасалсан 76 удаа, хоцорсон 96 удаа гэх мэт, нийт 227 ирцтэй холбоотой зөрчилтэй байхад хяналт шалгалт хийж, шаардлага тавиагүй байсан нь хяналт шалгалтын тайлангаас харагдаж байгаа юм.

6.ТБ-ны Зээлийн хорооны журмын 2.3 зүйлд зааснаар “Орон нутгийн салбар тооцооны дарга нь орлон ажиллах ажилтныг томилох бөгөөд нийт зээлдэгчид олгох зээлийн эрхийн хэмжээг зөвшилцсөний үндсэн дээр салбарын захирлын тушаалаар баталгаажуулна” гэж заасан байхад 2020.05.11-2020.05.13, 2020.06.02-07.17-ны өдрүүдэд орлон ажиллах ямар нэгэн баримт, ажил хүлээлцсэн акт үйлдээгүй байгаа юм.

7.Зээлийн үйл ажиллагааны журмын 17.2.4 зүйлд “Зээлийн ажилтан нь холбогдох зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн зээлийн төрлөөс хамааруулан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, фидуцийн гэрээг хавсралт 4.1-4.17 зүйлүүдэд заасан загварын дагуу зээлдэгчтэй байгуулж, нэг талаас Банкны эрх олгогдсон албан тушаалтан, нөгөө талаас зээлдэгч иргэн, хуулийн этгээдийг төлөөлж буй эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарна” гэж заасан байхад 2 зээлдэгчид 40.000.000 төгрөгийн зээлийг ямар нэгэн байдлаар баталгаажуулаагүй олгосон.

8.Х.Ж нь 2019.11.11-ний өдрийн ТБХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1744 тоот тушаалаар сахилгын шийтгэл авсан байсан. Энэ сахилгын шийтгэлээр үндсэн цалинг 6 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулсан бөгөөд тушаал хүчин төгөлдөр болж, цалин хөлснөөс нь суутгаад явсан. Өөрөөр хэлбэл сахилгын зөрчилгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин дээр дурдсан зөрчлүүдийг гаргасан нь давтан зөрчилд хамаарч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Ж нь хариуцагч ТБХХК-нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг гаргажээ.

                          

Нэхэмжлэгч Х.Ж нь уг нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2‑т заасан хугацаа буюу 1 сарын дотор шүүхэд гаргасан гэж үзэхээр байх бөгөөд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг би ажлаас халах хэмжээний ноцтой зөрчил гаргаагүй, дотоод хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон гэж үзэхгүй, зөрчлийн улмаас байгууллагад ямар нэгэн хохирол учирсан, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй гэж тайлбарласан.

 

Хариуцагч тал нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар тохиролцсон ноцтой зөрчил болон сахилгын давтан зөрчил гаргасан нь дотоод хяналт, шалгалтын тайлангаар тогтоогдсон гэж мэтгэлцсэн.

 

             Нэхэмжлэгч Х.Ж нь 2016.11.21-ний өдрөөс ТБХХК-ийн ****-*****салбарт туршилтын хугацаагаар захирлаар ажиллаж эхэлсэн, 2017.04.12-ны өдрөөс захирлаар, мөн өдрөөс хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, түүнчлэн 2020.01.09-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг хугацаагүй тус тус байгуулан,

          ажлын байрны тодорхойлолтод зааснаар хариуцсан салбар, түүний харьяа нэгжүүдийг орон нутгийн банк, санхүүгийн зах зээлд тэргүүлэгч нэгж байлгаж, бүтээгдэхүүнээр чанарын дээд түвшинд үйлчлэн, бүтээмжийг дээшлүүлэх замаар нэгж бүрийг ашигтай ажиллуулж, харилцагчийн үйлчилгээ, харилцааг өндөр түвшинд байлгах зорилготойгоор удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд тодорхой үүрэг хүлээн захирлын ажлыг хийж байгаад 2020.10.22-ны өдрийн Б/1507 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

           Энэхүү үйл баримтууд нь зохигчдын гаргасан тайлбар, 2017.04.12-ны өдрийн, 2020.01.09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнүүд, 2017.04.12-ны өдрийн үндсэн ажилтнаар ажиллуулах тухай гүйцэтгэх захирлын тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2020.10.22-ны өдрийн Б/1507 дугаар ажлаас чөлөөлсөн тушаал, ажлын байрны тодорхойлолт, хүний нөөцийн хорооны хурлын шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Хариуцагч ТБХХК нь 2020.10.22-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч Х.Жтай ажил хүлээлцэх хугацааг заагаагүй, уг тушаалыг хариуцагч ТБХХК-иас нэхэмжлэгч Х.Жад хэзээ хүлээлгэн өгсөн талаар зохигчдын хэн аль нь тодруулж чадаагүй боловч нэхэмжлэгч талын гаргасан “бид тушаалыг хэзээ гардаж авснаа мэдэхгүй байна, гэхдээ хуулийн хугацаан дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэх тайлбарыг хариуцагч талаас маргасангүй.

 

          Хариуцагч ТБХХК нь 2020.10.22-ны өдрийн Б/1507 тоот тушаалдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.1, 5.28.3, 5.28.5, 5.28.17, 5.28.28, 5.28.37, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.3, 7.4.5, 7.4.17, 7.4.28, 7.4.37 дахь заалтыг  удирдлага болгон,

          “...Х.Ж нь ТБ-ны ажилтны ёс зүйн дүрмийн 5.1.5 дахь заалтыг зөрчиж, 2 удаагийн үйлдлээр нийт 24,200,000 төгрөгийг банкны ажилтнуудын нэр дээр зээл гаргуулж авах замаар хувьдаа ашигласан,

          - Зээлдэгч НТХХК-нд 2020.07.24-ний өдөр 160,000,000 төгрөгийн бизнесийн зээл олгохдоо зээлийн дэд хороогоор өгөгдсөн нэмэлт шаардлагууд бүрэн биелээгүй байхад гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудсыг бөглөн зээл олгох зөвшөөрөл өгсөн,

          - Зээлийн үйл ажиллагааны журмын 17.2.4 дэх заалтыг зөрчин, 400 зээлдэгчид 796,111,251 төгрөгийн тэтгэврийн зээл олгохдоо зээлийн гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг даран баталгаажуулаагүй, 2 зээлдэгчид олгогдсон 40,000,000 төгрөгийн бизнесийн зээлийн гэрээнд салбарын захирал гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулаагүй,

          - Зээлийн хорооны ажиллах журмын 2.3 дахь заалтыг зөрчин, 2020.05.11-ний өдрөөс 2020.05.13-ны өдрийг хүртэл, 2020.06.02-ны өдрөөс 2020.07.17-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хорооны даргын ажлыг салбарын харилцааны ахлах менежер, тооцооны төв хариуцсан менежер нар даргалсан байх бөгөөд эдгээр өдрүүдэд эрх шилжүүлсэн тушаал гаргаагүй, ажил хүлээлцээгүй,

          - шалгалт хамрах хугацаанд 9 удаа өглөө, оройн аль нэг ирц бүртгүүлээгүй, 15 удаа өглөө, оройн ирц огт бүртгүүлээгүй, нийт 24 удаа ирцийн бүртгэл хийгдээгүй, Хөдөлмөрийн дотоод журмын 9.28 дахь заалтыг зөрчин шууд удирдлагад нь ажиллаж буй ажилтнууд нь цагаа бүртгүүлээгүй 56 удаа, өглөө ирсэн цагаа бүртгүүлээгүй 76 удаа, орой ажлаас тарсан цагаа бүртгүүлээгүй 96 удаа, давхардсан тоогоор нийт 227 удаагийн ирц нь цаг бүртгэлийн төхөөрөмжид ороогүй... гэх мэт байхад хяналт тавьж ажиллаагүй зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан нь дотоодын хяналт, шалгалтаар тогтоогдсон,

          - мөн сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын 2019.11.11-ний өдрийн Б/1744 дүгээр тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай, 20% бууруулах сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан” гэсэн үндэслэлүүдийг заажээ.

 

 

 

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын агуулга нь зохигчид хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, түүний үндсэн дээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар, ямар зөрчил гаргавал сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх талаар тухайлан тохиролцсон байхыг ойлгох бөгөөд энэхүү зөрчил нь тогтоогдсон байх учиртай.

 

          Хариуцагч ТБХХК-ийн Дотоод хяналт, шалгалтын газраас 2020 онд ****-*****салбар, харьяа 16 тооцооны төвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт, иж бүрэн шалгалтыг 2019.08.25-ны өдрөөр тасалбар болгон явуулсан байх бөгөөд уг хяналт, шалгалтын тайлангаар нэхэмжлэгч Х.Жыг ажлаас нь чөлөөлсөн тушаалын дээр дурдсан үндэслэлүүдийг тогтоосон гэж үзжээ.

 

          Харин энэхүү шалгалт нь ****-*****салбар, харьяа тооцооны төвүүдийн үйл ажиллагаа нь банкны зүгээс баталсан эрх зүйн баримт бичигт, хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалган нягталж, дутагдлыг арилгуулах, алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг даалгавар өгч, дүгнэх зорилготой байх бөгөөд тайлангийн 97-101 дүгээр хуудас буюу 10 дугаар хэсэгт нэгдсэн дүгнэлт, үүрэг даалгаврын талаар дурдаж, цаашид үйл ажиллагаанд тогтмол хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгч, энэ талаарх дэлгэрэнгүй тайлан бичиж 2020.11.16-ны өдрийн дотор ирүүлэхийг ****-*****салбарт даалгаж, бичгийн тайланг нэхэмжлэгч Х.Ж болон бусад ажилтнуудад танилцуулж, гарын үсэг зуруулсан байна.

 

          Түүнчлэн энэхүү тайлангийн 8 дугаар хэсэгт буюу 96-97 дугаар хуудсанд шалгалтын явцад алдаа зөрчил гаргасан, нэр бүхий 26 ажилтанд арга хэмжээ авахуулах тухай санал, үүн дотор захирал Х.Жыг ажлаас халах саналыг Хүний нөөцийн хороонд оруулах талаар дурджээ. Энэхүү саналын дагуу 2020.10.22-ны өдөр хүний нөөцийн хороо хуралдаж, гишүүдийн 100%-ийн саналаар ****-*****салбарын захирал Х.Жыг ажлаас нь халахыг дэмжсэн болох нь тайлан, хүний нөөцийн хорооны хурлын шийдвэрээр тогтоогдсон.

 

          Тайлан болоод ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд дурдсан зөрчлүүдийг авч үзвэл:

 

          1.Х.Ж нь ТБ-ны ажилтны ёс зүйн дүрмийн 5.1.5 дахь заалтыг зөрчиж, 2 удаагийн үйлдлээр нийт 24,200,000 төгрөгийг банкны ажилтнуудын нэр дээр зээл гаргуулж авах замаар хувьдаа ашигласан болох нь хяналт, шалгалтын тайлангийн 3-4 дүгээр хуудас буюу 1 дүгээр хэсгээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

          ТБ-ны ****-*****салбарын харуул ажилтай К.Т нь 2020.05.25-ны өдөр, орон сууцны тусгай нөхцөлөөр зээлж авсан 42,000,000 төгрөгөөс 14,500,000 төгрөгийг нь захирал Х.Жад өгсөн, нэхэмжлэгч Х.Ж нь тус мөнгийг 2020.08.03-ны өдөр түүнээс зээлж авсан тухайгаа тус тус тайлбарласан байна.

 

         

          Мөн ****-*****салбарын теллер Р.С нь захирал Х.Жын гуйлтаар өөрийн нэр дээр 2019.12.10-ны өдөр 9,700,000 төгрөгийн зээлийг авч, захиралдаа өгсөн, 2 удаагийн төлөлтийг захирлаас бэлэн авч төлсөн, зээлийг  2020.03.20-ны өдөр төлж дуусгасан тухайгаа тайлбарласан байх ба, нэхэмжлэгч Х.Ж ч үүнийгээ зөвшөөрсөн, түүний эдгээр үйлдэл нь Зээлийн үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.2.2, 8.3.4, 2020.01.09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.28, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.28, Ажилтны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

          Тодруулбал, нэхэмжлэгч Х.Ж нь өөрийн шууд удирдлагад байх ажилтнууд, тус байгууллагын зээлдэгч гэж үзэх К.Т, Р.С нарт зүй бусаар нөлөөлж, тэдэнтэй хувийн харилцаа тогтоон, тэднээр зээл авахуулах хүсэлт гаргуулж, хүсэлтийг нь мэдсээр байж хүлээн авч, судлан холбогдох зээлийг олгосон, энэхүү зээлээ өөрийн хэрэгцээнд ашигласан гэж үзэхээр байна.

 

          Иймд нэхэмжлэгч талын гаргасан “өөрийн салбарын ажилтнуудаас зээл авсан явдал нь иргэд хоорондын зээлийн гэрээний асуудал, түүнээс биш албан тушаалаа ашигласан зүйл байхгүй” гэх тайлбар үндэслэлгүй, энэ тайлбарыг нотолсон бичгийн баримтгүй болно.  

 

           2.Зээлдэгч НТХХК-нд 2020.07.24-ний өдөр 160,000,000 төгрөгийн бизнесийн зээл олгохдоо зээлийн дэд хороогоор өгөгдсөн нэмэлт шаардлагууд бүрэн биелээгүй байхад “гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудас”-ыг бөглөн зээл олгох зөвшөөрөл өгсөн болох нь хяналт, шалгалтын тайлангийн 67-68 дугаар хуудас буюу 5 дугаар хэсгээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

          ТБХХК-иас НТХХК-нд 2020.07.24-ний өдөр 160,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг, 60 сарын хугацаатай, жилийн 16,8%-ийн хүүтэй олгохоор шийдвэрлэсэн байх ба, зээлийг олгохоос өмнө зээлийн дэд хорооны хурлын нэмэлт шаардлагыг биелүүлэх байжээ.

 

          Гэтэл ****-*****салбар нь зээлийг олгохдоо нэмэлт шаардлага болох НТХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг авч, хувийн хэрэгт хавсаргаагүй, НТХХК нь Хас банкны зээлийн үлдэгдлээ хаасны дараа зээлийг олгох байтал зээл олгосны дараа Хас банк руу 126,000,000 шилжүүлсэн болохыг тайланд дурдаад, энэ нь Зээлийн үйл ажиллагааны журмын 24 дүгээр зүйлийн 24.7.2.е, 24.5.2.д, 15 дугаар зүйлийн 15.2.8 гэх мэт заалтуудыг зөрчсөн зөрчил гэж үзжээ.

         

          Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.Ж нь НТХХК-ийн зээлийг судалсан ажилтан М.Тилеген дутуу материал бүрдүүлж, зээл олгохын өмнөх шаардлагыг хангаагүй байхад зээл олгох зөвшөөрөл олгосон нь Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.37, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.37 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

          Иймд нэхэмжлэгч талын гаргасан “НТХХК-нд төв банкнаас зээл олгох шийдвэр гаргасан, ****-*****салбар ямар нэмэлт шаардлага биелүүлэх ёстой байсан, юуг нь биелүүлээгүй талаар хяналт шалгалтын тайланд тусгагдсан зүйл байхгүй” гэх тайлбар үндэслэлгүй болно.

         

         

 

          3.Зээлийн үйл ажиллагааны журмын 17.2.4 дэх заалтыг зөрчин, 400 зээлдэгчид 796,111,251 төгрөгийн тэтгэврийн зээл олгохдоо зээлийн гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг даран баталгаажуулаагүй болох нь хяналт, шалгалтын тайлангийн 68 дугаар хуудас буюу 5 дугаар хэсгээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

          Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлийн гэрээнд салбарын захирал хяналт тавьж, гарын үсэг зурж, тамга дараагүй, хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнүүд харилцагчтай байгуулсан нь Зээлийн үйл ажиллагааны журмын 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, шалгалтын хугацаанд салбарт хадгалагдаж байгаа зээлийн гэрээнүүдэд нөхөн гарын үсэг зуруулж, баталгаажуулсан талаар тайланд дурджээ.

 

          Тодруулбал, Зээлийн үйл ажиллагааны журмын 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар тэтгэврийн зээлийн саналыг теллер болон харилцааны менежер боловсруулан ерөнхий нягтлан бодогчоор, эсхүл ахлах теллерээр хянуулан нэгжийн захирлаар гарын үсэг зуруулж олгох байтал захирал болох Х.Ж гарын үсэг зураагүй, зээл олгохын өмнөх шаардлага хангагдаагүй байхад зээл олгосон нь Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.37, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.37 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

          Иймд нэхэмжлэгч талын гаргасан “тэтгэврийн зээлийн хувьд салбарын захирал гарын үсэг зурж олгодог зээл биш юм байна лээ, зээлдэгчийн хүсэлтийг хүлээн аваад, теллер тэр дор нь зээлийг олгодгийг та бид биднэ, тийм байхад теллер олгосон зээлийн гэрээнд салбарын захирал гарын үсэг зураагүй гэж буруутгах ямар ч үндэслэл байхгүй” гэх тайлбар няцаагдав.

 

          Харин 2 зээлдэгчид олгогдсон 40,000,000 төгрөгийн бизнесийн зээлийн гэрээнд салбарын захирал гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулаагүй гэх зөрчил хяналт, шалгалтын тайланд тусгагдаагүй, хэн гэдэг зээлдэгчид, хэзээ, ямар хэмжээний зээл олгосон болох нь тодорхойгүй, энэ байдал баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэл бүхий байна гэж үзлээ.

 

          4.Зээлийн хорооны ажиллах журмын 2.3 дахь заалтыг зөрчин, 2020.05.11-ний өдрөөс 2020.05.13-ны өдрийг хүртэл, 2020.06.02-ны өдрөөс 2020.07.17-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн хорооны даргын ажлыг салбарын харилцааны ахлах менежер, тооцооны төв хариуцсан менежер нар даргалсан байх бөгөөд эдгээр өдрүүдэд эрх шилжүүлсэн тушаал гаргаагүй, ажил хүлээлцээгүй болох нь хяналт шалгалтын тайлангийн 94-95 дугаар хуудас буюу 7 дугаар хэсгээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

          Өөрөөр хэлбэл, Зээлийн хорооны ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.3-т заанаар нэхэмжлэгч Х.Ж нь өөрийн эзгүйд зээлийн хорооны даргыг орлон ажиллах ажилтныг томилж, орлон ажиллах хугацаанд нэг зээлдэгчид олгох зээлийн эрхийн хэмжээг тогтоож, тушаал гаргах байтал гаргаагүй, хяналт шалгалт хамрах хугацаанд буюу 2019.11.04-2019.11.15, 2020.02.06, 2020.03.09-2020.03.13, 2020.05.11-2020.05.13, 2020.06.02-2020.07.17-ны өдрүүдэд эрх шилжүүлсэн тушаалгүйгээр ХАМ, ТТХМ нар салбарын захирлыг орлон зээлийн хороог даргалсан байна.

 

          Дээрх байдлыг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн бөгөөд, “ингэснээрээ банк болон эрх бүхий албан тушаалтанд ямар нэгэн байдлаар хохирол учруулсан зүйл байхгүй” гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

          5.Шалгалт хамрах хугацаанд 9 удаа өглөө, оройн аль нэг ирц бүртгүүлээгүй, 15 удаа өглөө, оройн ирц огт бүртгүүлээгүй, нийт 24 удаа ирцийн бүртгэл хийгдээгүй, Хөдөлмөрийн дотоод журмын 9.28 дахь заалтыг зөрчин шууд удирдлагад нь ажиллаж буй ажилтнууд нь цагаа бүртгүүлээгүй 56 удаа, өглөө ирсэн цагаа бүртгүүлээгүй 76 удаа, орой ажлаас тарсан цагаа бүртгүүлээгүй 96 удаа, давхардсан тоогоор нийт 227 удаагийн ирц нь цаг бүртгэлийн төхөөрөмжид ороогүй... гэх мэт байхад хяналт тавьж ажиллаагүй болох нь хяналт, шалгалтын тайлангийн 31-32 дугаар хуудас буюу 1 дүгээр хэсгээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

          Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.Ж нь шалгалт хамрах хугацаанд 9 удаа өглөө, оройн аль нэг ирц бүртгүүлээгүй, 15 удаа өглөө, оройн ирц огт бүртгүүлээгүй, нийт 24 удаагийн ирцийн бүртгэл хийгдээгүй болох нь Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.1, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1-т заасныг зөрчжээ.

 

Шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч талаас нэхэмжлэгч Х.Жын цагийн бүртгэлийн 1 хуудас цахим баримт ирүүлсэн нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй. Тийм учраас нэхэмжлэгч талын тайлбарласнаар “нэхэмжлэгч Х.Жын ажлаас хоцорсон, эрт тарсан цагийн нийлбэр дүн нь 1 сард 8 цаг болсон эсэх”-ийг тухайн баримтыг үндэслэн тооцох шаардлагагүй гэж үзлээ.

 

Харин Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар нэхэмжлэгч Х.Жын ажлын цагаас удаа дараа хоцорсон, ирцээ бүртгүүлээгүй байдал, ажилтнуудын цагийн бүртгэлд хяналт тавиагүй байдал нь дотоод хяналт, шалгалтаар нэгэнт тогтоогдсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч талын гаргасан “Х.Жын ирцийн бүртгэлийг харвал, ажил тасалсан, хоцорсон цагийн нийлбэр 8 цагт хүрэхгүй, 8 цагаас хэтэрсэн зүйл байхгүй” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

 

          6.Мөн сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын 2019.11.11-ний өдрийн Б/1744 дүгээр тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай, 20% бууруулах сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан нь хяналт, шалгалтын тайлан, 2019.11.11-ний өдрийн Б/1744 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаалаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

          Хариуцагч ТБХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.11-ний өдрийн Б/1744 дүгээр Х.Жад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар “...Х.Ж нь ажлын байрны тодорхойлолтод заасан салбар, харьяа нэгжүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нэгдсэн удирдлагаар хангах, зайны болон биечлэн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажиллагаа болон зээлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллах чиг үүргүүдийг хангалттай түвшинд хэрэгжүүлж ажиллаагүйгээс тус салбарын харьяа Буянт тооцооны төв болон Сагсай тооцооны төвийн нийт 5 ажилтан ашиглан, залилангийн шинжтэй үйлдэл гаргаж, шалгах өдрийн байдлаар банкинд 197,276,333 төгрөгийг бодит хохирол учруулсан.....” гэх мэт зөрчлүүд гаргасан, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.1, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлээр Х.Жад цалинг 3 сарын хугацаагаар, 20%-иар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

         

 

          Нэхэмжлэгч Х.Ж нь энэхүү тушаалыг мэдэж, танилцсан, тэрээр тушаалд ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон, тушаалын дагуу түүний цалин хөлснөөс суутгал хийгдсэн үйл баримтын талаар зохигчид маргасангүй.

         

          Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч Х.Ж нь  дахин дээр дурдсан зөрчлүүдийг гаргасан байгаа нь Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.3-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

 

          Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, хариуцагч ТБХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.10.22-ны өдрийн Б/1507 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй, ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирсон, нэхэмжлэгч Х.Ж нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан дурдсан зөрчлүүдийг гаргасан нь хариуцагч ТБХХК-ийн дотоод хяналт, шалгалтын тайлангаар тогтоогдсон, энэхүү зөрчил, тайланг үндэслэн 2020.10.22-ны өдрийн Хүний нөөцийн хорооны хурлын шийдвэрийн дагуу түүнийг ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгч Х.Жын гаргасан дурдсан зөрчлүүдийн шинж чанар, үр дагаварт тохирсон байна гэж дүгнэлээ.

 

          Иймд нэхэмжлэгч Х.Жын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул, ТБХХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Х.Жын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

          Х.Жын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал, тэрээр 2020.11.20-ны өдөр тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байна. Харин түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Жад олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ТБХХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Х.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Ж нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.Жад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Т.ЭНХТУЯА