Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1949

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/01696 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Ж-д холбогдох

 

Тооцооны зөрүү төлбөрт 6 376 897 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, С.Э,

Хариуцагч М.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ж нь 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хооронд аж ахуйн менежер, аж ахуйн ахлах менежерээр А ХХК-д ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа дараа тайлангаар бэлэн мөнгө авч бараа материал авах, автомашин тэрэг засуулах, аж ахуйн материалуудыг авдаг байсан. Манай компаниас дотоод хяналт шалгалт явуулж, М.Ж-ийн гаргаж ирүүлсэн тайлан тооцоог, түүний гаргаж ирүүлсэн анхан шатны санхүүгийн баримттай тулгаж, хяналт шалгалт хийхэд М.Ж нь дараа тайлангаар авсан тооцооны зөрүү 6 376 897 төгрөгийн өр төлбөртэй гарсан. Энэ талаар акт үйлдэж 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уг төлбөрийг 2 хувааж төлөхөөр буюу 2018 оны 3 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулах хуваарь гаргаж, М.Ж нь зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл уг хугацаа болсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул дээрхи төлбөрийг гаргуулж өгнө үү. Энэ хүн төлбөр тооцоогоо дуусгачих юм бол бид холбогдож тооцоог дуусгаж, бичиг баримтыг өгөхөд татгалзах зүйл байхгүй бөгөөд ажилтны цалин хөлснөөс төлбөр тооцоог хасч, тооцож авах эрх бидэнд байхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус компанид Аж ахуйн албаны ахлах менежерийн албан тушаалд 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 2 жил 5 сарын хугацаанд ажилласан. Ажилд анх ороход “А” ХХК нь хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг ганцхан хувь үлдэж гарын үсэг зуруулж авсан. Надад 1 хувийг өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт "Байгууллагад учирсан хохирлыг хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно" гэж заасан боловч “А” ХХК-ийн зүгээс хохирлыг бодитой гаргаагүй. Ажилдчын хоолны зардалд 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны 7 369 180 төгрөгийн дараа тайлангаар авч 7 369 180 төгрөгийн хоол хүнсний худалдан авалтын баримт бүхий тайланг компанид гаргаж өгсөн. Гэтэл үндэслэлгүйгээр материалын кг, тоо, хэмжээний зөрүү худалдан авалтын зөрүүнээс үүссэн төлбөр гэж надаас 2 846 222 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би уг кг-н зөрүүг хариуцах үндэслэлгүй ажил үүргийн хувьд бараа материалын худалдан авалт хийн тайлангаа гаргаж, тогоочид хүлээлгэн өгсөн. Уг мөнгөөр авахаар төлөвлөсөн ширээ нь эвдэрсэн байсны улмаас 8 хүний 2 хос ширээг 8800 юаниар ханш 368 ханшаар бодож нийт 3 238 400 төгрөгийн үнэ бүхий ширээг 1 800 000 төгрөгийн урьдчилгааг төлж, Хятад улсаас захиалсан. Тээврийн зардал нь 305 000 төгрөг болж байгаа. Ширээ Хятад улсаас нийлүүлэхэд бэлэн болсон ч үлдэгдэл төлбөр 1 438 400 төгрөгийг төлөөгүй байх тул ширээгээ авч чадаагүй байгаа. Би ажил үүргийн дагуу ширээ захиалж төлбөрийг зохих хувийг хийсэн байхад надаас нэхэмжлэх үндэслэлгүй. Би тус компанид ажиллах байх хугацаандаа өдөр бүр илүү цагаар ажилладаг байсан. Мөн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ложистик төвийн төслийн зохицуулагч агуулах хариуцсан менежерийн албан тушаалыг тус тус давхар хийж гүйцэтгэж байсан боловч ажил олгогчийн зүгээс нэмэгдэл цалин хөлсийг бодож олгож байгаагүй. 2017 оны 12, 2018 оны 01, 02 сарын цалин болон ээлжийн амралтын мөнгө олгоогүй. Эрдслийн сангийн мөнгийг буцаан олгоогүй. Мөн хувиасаа компаний өмнөөс гаргасан зардал зэрэг авлагыг барагдуулаагүй. “А” ХХК нь намайг ажлаас чөлөөгдөхөд миний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, диплом, ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гаргаж өгөөгүй. Үүнээс болоод би нийгмийн даатгалын сангаас Ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй би хохирч байгаа. “А” ХХК-ийн зүгээс дарамт шахалт үзүүлсний улмаас би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төлбөрийн актыг барагдуулах хуваарьт гарын үсэг зурсан. Тус актад "хуваарийн дагуу төлөх төлбөрийг ажилтны үндсэн, нэмэгдэл болон ээлжийн амралтын цалин, эрсдлийн сан, төрөхийн өмнөх ба төрсний дараах, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэмгэмж, шагнал урамшуулал, бусад орлогоос суутгаж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно" гэж заасны дагуу миний авлагаас суутгаж тооцох тооцож, төлбөрийг тэглэхээр заасан. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ж-ээс 6 376 897 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 116 980.35 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Ж-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 116 980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасны дагуу бодитой учирсан байх шаардлагатай. М.Ж-ийн хувьд нэр бүхий 12 төрлийн дараа тайланг хуулийн шаардлага хангасан төлбөр тооцооны баримтаар хаасан. Гэтэл хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүйгээр хохирол учирсан гэж үзсэн байна. Ажилчдын хоолны зардлын зөрүүнд нийт 2 337 647 төгрөгийг нэхэмжилсэн байна. М.Ж нь хоолны материалын зардалд 7 369 180 төгрөг авснаас санхүүгийн баримтаар 7 369 180 төгрөгөөр хаасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс санхүүгийн баримт нь тогоочийн тэмдэглэлээс зөрсөн гэж үзэн 2 340 647 төгрөгийн зөрүүг гаргаж ирсэн байдаг. Уг тэмдэглэл нь нотлох баримт шинжлэн судлахад нотлох баримтын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон. Хоолны материалын мөнгө хүлээн авах захиалгын хуудсан дээр "өмнөх дараа тооцоо" хаасны дагуу дараагийн мөнгө олгодог байсан нь мөнгө олгосон баримтаас харагдаж байна. Хэрвээ үнэхээр худалдан авсан хэмжээнээсээ бага хоолны материалыг хүлээлгэн өгсөн гэж үзэж байгаа бол М.Ж, тогооч, нярав нарын гарын үсэг зурсан акт үйлдэх шаардлагатай байсан. Нэхэмжлэгчийн зүгээс хэрхэн бодитоор 2 340 647 төгрөгөөр хохироод байгаа нь тогтоогдохгүй байна.

М.Ж нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Хятад улс руу тус ширээг захиалсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа атал шүүх нотлох баримтыг хавсаргаж өгөөгүй гэж тайлбарсан байна. Уг ширээ захиалгатай баримтыг гар утасаа шүүх хурал дээр авчран гар утсанд үзлэг хийлгэх байдлаар нотлох баримтаа үнэлүүлэх хүсэлт гаргахад шүүх талууд энэ талаар маргаагүй, нэгэнт тогтоогдсон үйл баримт гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болно. М.Ж нь ажиллаж байх үедээ уг ширээг Хятад улс руу захиалсан бөгөөд ажил олгогчийн зүгээс 2018 оны 02 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн тул уг ширээг хүлээн авах ажлыг өөр албан тушаалтан хариуцан нь зүйтэй. Уг ширээг М.Ж хувьдаа захиалаагүй бөгөөд ажил албан тушаалаа эрхэлж байх үедээ компанийг төлөөлөн хэлэлцээр хийсэн тул ширээг компани хүлээн авах нь зүйтэй. Компанийн зүгээс ширээг хүлээн авахад л болохоор байна. Бодит хохирол учраагүй байна.

Агуулах дотор тохижилтын ажлын зардлын зөрүүнд 152 000 төгрөгийг хохиролд нэхэмжилж байгаа боловч мөн 152 000 төгрөгөөр хохирсон нь тогтоодохгүй байна. Дараа тайлангаар авсан 1 400 000 төгрөгийг санхүүгийн баримтаар хаасан байхад шүүх мөн хохиролд тооцсон байна. Ажил олгогчийн зүгээс 1 400 000 төгрөгөөр авсан бараа материалыг авсан болохоор хүлээн зөвшөөрдөг боловч 152 000 төгрөгийг зориулалтын бус зүйлийг авсан гэж тайлбарлаж хохирлоор нэхэмжилж байгаа болно. Гэвч уг 152 000 төгрөгөөр авсан бараа материал нь анх авсан зориулалтаар зарцуулагдаагүй ч агуулахын доторх тохижилтын ажилд зарцуулагдсан болох нь санхүүгийн баримтаар нотлогдож байгаа М.Ж-ийн хувьд уг мөнгийг хувьдаа ашиглаагүй, компанид зориулж зарцуулсан учир хохиролд тооцох нь үндэслэлгүй болно. Уг 152 000 төгрөгөөр худалдан авсан бараа материалыг тухайн үедээ компани хүлээн зөвшөөрөөд ашигласан байна.

Засварын дараа тайланд 4 064 700 төгрөгнөөс зөрүү 1 515 300 төгрөгийг хохиролд нэхэмжилж байгаа. Мөн санхүүгийн баримтаар хаасан байхад хохиролд тооцсон байна. Нэхэмжлэгч уг 1 515 300 төгрөгийг нэг бараа материалыг хоёр баримтаар хаасан тул нэхэмжилж байгаа гэж тайлбарладаг боловч нотлох баримтыг шинэжлэн судлахад тогтоогдоогүй болно. Мөн компанийн менежерийн хувьд тус мөнгөөр авсан бараа материалыг хүлээн авсан тухай бичгээр бичсэн байдаг. М.Ж нь бүх тооцоог санхүүгийн баримтаар хаасан байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т "дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй" гэж үзэж байгаа нь мөн заалтыг буруу тайлбарласан байна. Шүүх М.Ж-ийн гаргаж өгсөн санхүүгийн баримтад үндэслэн өр төлбөрийн талаар акт тогтоосон нь гэж шийдвэрт тусгасан байх боловч тус актыг М.Ж-ийн гаргаж өгсөн санхүүгийн баримтад үндэслэн гаргаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсгийг үндэслэн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтны гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх шаардлагатай. М.Жийн хувьд ажил үүргээ гүйцэтгэж, дараа тайланг тухай бүрд санхүүгийн баримтаар хааж, дараагийн ажлын мөнгийг авдаг байсан. Ажил үүргийн хувьд болон хувьдаа зарцуулсан мөнгө байхгүй.

Сөрөг нэхэмжлэл хүлээн аваагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, мэтгэлцэх боломжоор хангаагүй. Нэхэмжлэгчээс М.Ж-ийн ажил үүргийн ажлын байрны тодорхойлолтыг гаргуулахыг шаардахад М.Жийн гарын үсэггүй ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгсөн. М.Ж-ээс анх байгуулсанаас өөр тодорхойлолт гаргаж өгсөн байсан. Гэтэл шүүх хариуцагчийг тус ажил үүргийг Ажлын байрны тодорхойлолтын дагуу хийж гүйцэтгэдэг байсан нь тогтоогдож байна гэж нотлох баримтыг буруу үнэлсэн. М.Ж-ийн хувьд 2018/01 төлбөрийн актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Компанийн зүгээс байнга шахаж дарамталсны дагуу Төлбөрийн акт барагдуулах хуваарьт "Хуваарийн дагуу төлөх төлбөрийг үндсэн, нэмэгдэл болон ээлжийн амралтын эрсдлийн сан, төрөхийн ба төрсний дараа, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, шагнал, урамшуулал, бусад орлогоос суутгаж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно" гэж оруулсны дагуу харилцан тохиролцож төлбөр тооцоог хоёр талаас хааж гарын үсэг зурсан болно. Өөрөөр хэлбэр хоёр талаас өглөг авлагыг тэглэж акт үйлдсэн. Гэтэл шүүх хуралдаанд гаргасан цалин хөлс, хохирол, авлага 11 532 214 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргахад хүлээн авахаас татгалзсан, мөн нотлох баримтыг хүлээн аваагүй. Ингэснээр мэтгэлцэх боломжоор хангаагүй, хэргийг шийдсэн болно. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж гаргаагүй, шүүхийн шийдвэрт тусгаагүй. Үүнээс болоод улсын тэмдэгтийн хураамжаа буцаан авч чадахгүй байгаа. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч М.Ж-д холбогдуулан тооцооны зөрүү төлбөрт 6 376 897 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагатай 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулан аж ахуйн менежер, аж ахуйн ахлах менежерээр ажилласан ба нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын13-ны өдрийн Б-057 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин хариуцагч нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа нэхэмжлэгч байгууллагад хохирол учруулсан эсэх үйл баримтын талаар талууд маргасан байна.

 

            Хариуцагч М.Ж нь нэхэмжлэгч байгууллагын аж ахуй, засвар үйлчилгээ, түгээлтийн машин болон техник, бусад эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, тэдгээрт хяналт тавих, дараа тайлангаар санхүүжилт авах, авсан санхүүжилтээ буцаан тайлагнаж байснаас үзвэл түүнийг эд хариуцагч гэж үзнэ. Нэхэмжлэгч нь хариуцагч М.Ж-тэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч М.Ж хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа нэхэмжлэгч байгууллагаас дараа тайлангаар бэлэн мөнгө авч, бараа материал авах, машин тэрэг засуулах, аж ахуйн материалуудыг авсан талаар тайлагнаж байжээ. Нэхэмжлэгч нь хариуцагч М.Ж-ийг эд хариуцагчийнх нь хувьд хийж гүйцэтгэж байсан ажил үүрэгтэй холбогдуулж 2018 оны 1 дүгээр сард дотоод хяналт шалгалт явуулж, түүний гаргасан тайланг анхан шатны санхүүгийн баримттай тулгахад дараа тайлангаар авсан тооцооны зөрүү 6 376 897 төгрөг гарсан талаар акт үйлджээ. Уг актыг хариуцагч зөвшөөрч гарын үсэг зурж улмаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн төлбөр барагдуулах хуваарийг нэхэмжлэгч байгууллагатай хийсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

Уг актыг үндэслэж дараа тайлангаар санхүүжилт авсан мөнгөнөөс ажилчдын хоолны зардлын зөрүү 2 843 222 төгрөг, агуулахын дотор тохижилтын зардлын зөрүү 152 000 төгрөг, эм ханган нийлүүлэх төвийн засварын зөрүү 1 515 300 төгрөг, бичиг хэргийн материалын зөрүү 161 750 төгрөг нийт 4 672 272 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Хариуцагч нь дээрх зөрүү 4 672 272 төгрөгийг зарлагын падаан, худалдан авалтын баримт бүхий тайлангаар нотлогдоно гэх боловч нэхэмжлэгч нь уг баримтуудыг дараа тайлангаар авсан санхүүжилттэй тулган үзэхэд гарсан зөрүү мөнгө байх ба тус зөрүү мөнгийг хариуцагч баримтаар няцаасангүй.

 

Мөн хариуцагч нь ажиллаж байх хугацаандаа байгууллагад 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт гаргаж ширээний үнэ 2 210 000 төгрөг аваад уг мөнгөөр ширээ захиалж үүргээ биелүүлсэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байх тул энэ талаарх харицагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч байгууллага нь дотоод хяналт шалгалтын хүрээнд М.Жийн гаргаж өгсөн санхүүгийн баримтад үндэслэн өр төлбөрийн талаар дээрх актыг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хариуцагч нь төлбөрийн актыг үндэслэлгүй талаар баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэж, хариуцагч М.Ж-ээс 6 376 897 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах үндэслэлгүй болно.

 

            Хариуцагч нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гар утсанд үзлэг хийлгэх тухай хүсэлт, цалин амралтын мөнгө болон бусад тооцоог хийж дуусгаагүй тул 11 532 214 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох үндэслэлгүй, хариуцагч нь уг асуудлаар тусдаа нэхэмжлэл гаргах боломжтой, хариуцагчийн үзлэгээр тодруулах ажиллагаанд нэхэмжлэгч маргахгүй байгаа гэж тайлбарлаж байгаа тул шүүх хариуцагч М.Ж-ийн гар утсанд үзлэг хийлгэх хүсэлт болон сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул сөрөг нэхэмжлэл хүлээн аваагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн учир давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хянах боломжгүй. Харин хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж буцаан авах асуудлаар анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/01696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 116 981 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХТӨР

 

                ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ