Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2021/02283

 

2021 оны 10 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2021/02283 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай, сентрал тауэр, 16 давхар, ш/х 0000, өөрийн байранд байрлах, М.С.Э П.Х ХХК /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ********** цогцолбор хотхон, 000-000 тоотод оршин суух, У.Б овогт Б.Н /РД:УШ00000000/;

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ********** цогцолбор хотхон, 000-000 тоотод оршин суух, Ю овогт Б.Б /РД:ФБ00000000/ нарт холбогдох,

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 322,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, хариуцагч Б.Б нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч М.С.Э П.Х ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ********** цогцолбор хотхоны 000 дүгээр байрны 000тоот орон сууцыг захиалан бариулсан байдаг. Тус барилгыг 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 00/000 дугаар барилга байгууламжийг ашиглалт оруулах комиссын актаа хүлээн авсан. Нэхэмжлэгч нь тус орон сууцыг худалдан борлуулах зорилгоор буюу 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн IG-SA-00/00 дугаар орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээг ********** ХХК-тай байгуулсан. Гэтэл Титин лайн ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө огт төлөөгүй. Өөрөөр хэлбэл урьдчилгаа 70,000,000 төгрөг төлсөн. Түүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй. Ингээд манайхаас ********** ХХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу төлбөрөө төлөөгүй тул гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлж, мэдэгдэл хүргүүлсэн. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалсан. Орон сууцыг цуцалж, уг орон сууцыг чөлөөлөхийг шаардсан боловч ********** ХХК нь гэрээнийхээ үүргийг зөрчөөд зогсохгүй Б.Н, Б.Б гэх этгээдүүдэд өмчлөгчийн зөвшөөрөлгүй тус орон сууцанд оруулсан байсан. Бид өөрийн өмчлөлийн орон сууцнаас хариуцагч Б.Н болон Б.Б нарыг гарахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл өмчлөгчийн шаардлагыг биелүүлэхгүй өдийг хүрсэн. Тухайн орон сууцыг чөлөөлүүлэхийг шаардсан боловч зөвшөөрөөгүй. Өнөөдрийг хүртэл өмчлөгчийн шаардлагыг зөвшөөрөөгүй. Манай компани тус байрыг дундаж үнээр хөлслүүлсэн бол 322,000,000 төгрөгийн орлогыг олох байсан. Иймд хууль бус эзэмшигч болох Б.Н, Б.Б нарыг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр байршилтай ********** цогцолбор хотхоны 000 дүгээр байрны 000тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлж, олох байсан орлогоо алдсан гэж үзэж орон сууц хөлсөлсөн хөлсөнд тооцон нийт 322,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэв.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч компани 73,000,000 төгрөг авч ********** ХХК-ийг оруулсан гэж байна. Тэгсэн мөртлөө дотоод журамдаа нийт үнийн дүнгийн 30 хувийг авснаар түлхүүрийг хүлээлгэн өгч эзэмшигчид олгоно гэж байсан. Нэхэмжлэгч компанийн хүмүүс надад байрыг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгчийн шүүхэд тайлбарлаж байгаа шаардлага нь Титин лайн ХХК-ийн хүмүүсийг өөрсдөө оруулчихаад Титин лайн ХХК-ийн хүмүүс нь намайг оруулсан юм шиг яриад байна. ********** ХХК-аас би байрыг худалдан авсан болохоос нэхэмжлэгч компаниас байрыг худалдаж аваагүй. Өнөөдөр би энд хариуцагчаар биш ********** ХХК-ийн хүмүүс зогсож байх байсан. Би Титин лайн ХХК-д хууль ёсны гэрээний дагуу нийт 298,000 ам.доллар, 100,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Тийм учраас би өөрийгөө хууль ёсны өмчлөгч гэж үзнэ. Би ********** ХХК-д 298,000 ам.доллар, 100,000,000 төгрөгийг тус тус өгсөн нь баримтаар хэрэгт авагдсан. Уг нь нэхэмжлэгч компанийн захирлын нөхөр н.Эрдэнэцог гэх хүн М.С.Э П.Х ХХК-ийн залуучууд руу яриад би захирлын чинь нөхөр байна, манай дүү н. Оч гэх наад байранд чинь орох гэж байгаа болохоор 73,000,000 төгрөгийн урьдчилгааг нь аваад оруулчих, үлдэгдэл төлбөрийг нь арбитрын шүүхээр явж байгаа болохоор төлнө гэж оруулсан байсан. М.С.Э П.Х ХХК-ийн байр авахыг хүсвэл байрны урьдчилгаанд 30 хувьтай тэнцэх үнийн дүнг төлж байж байранд орох эрхтэй байтал нэхэмжлэгч компани өөрсдөө сард 250,000 доллар буюу 3 тэрбум гэж үнэлсэн байраа 73,000,000 төгрөг өгөөд оруулчихсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч М.С.Э П.Х ХХК нь хариуцагч Б.Н, Б.Б нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо ********** цогцолбор хотхон 000байрны 000тоот орон сууцнаас Б.Н, Б.Б нарыг албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 322,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийн баримтаас үзвэл Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо ********** цогцолбор 19 давхар 4 блок бүхий үйлчилгээтэй орон сууцны барилга байгууламжийг М.С.Э П.Х ХХК ашиглалтад оруулсан болох нь 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 00/000 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын актаар тогтоогдож байна. /хэргийн 34-37 хуудас/

М.С.Э П.Х ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо ********** цогцолбор хотхон 000байрны 000тоот орон сууцыг 2,504,800,000 төгрөгөөр ********** ХХК-нд худалдахаар гэрээ байгуулсан болох нь орон сууц барьж худалдах-худалдан авах №ВG-SА-00/00 дугаар гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 7-15 хуудас/

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д өмчлөх эрхийн бүртгэл нь улсын бүртгэлийн нэг гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч М.С.Э П.Х ХХК нь Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо ********** цогцолбор хотхон 000байрны 000тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, өмчлөх эрх нь үүсээгүй боловч тухайн орон сууцыг ашиглалтад оруулсан эзэмшигчийнхээ хувьд шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 90.2-д шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй, 92.1-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж тус тус заасан байна.

Худалдах-худалдан авах №ВG-SА-00/00 дугаар гэрээний төлбөр төлөх үүргээ ********** ХХК биелүүлээгүй болох нь М.С.Э П.Х ХХКийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 55 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогджээ. /хэргийн-16 хуудас/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зааснаар худалдан авагч ********** ХХК нь орон сууц худалдан авсан төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн төлснөөр өмчлөх эрх ********** ХХК-нд шилжихээр хуульчилжээ.

Нөгөөтээгүүр Хан-Уул дүүргийн 11-р хороо ********** цогцолбор 000дүгээр байрны 000тоот орон сууцыг худалдан авах 2,504,800,000 төгрөгийн төлбөрийг ********** ХХК нь нэхэмжлэгч М.С.Э П.Х ХХК-нд бүрэн төлөөгүй байх тул уг орон сууцны өмчлөх эрхийг ********** ХХК хуулийн дагуу олж аваагүй байна.

********** ХХК нь Хан-Уул дүүргийн 11-р хороо ********** цогцолбор 000дүгээр байрны 000тоот орон сууцыг иргэн Б.Бд 650,000 ам.доллароор худалдахаар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу Б.Б 296,000 ам.долларыг ********** ХХК-нд төлсөн байх ба уг гэрээний үндсэн дээр маргааны зүйл болсон 000тоот орон сууцанд хариуцагч Б.Н, Б.Б нар оршин сууж, амьдарч байгаа болох нь хариуцагчийн тайлбар, худалдах-худалдан авах гэрээгээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 46-72 хуудас /

М.С.Э П.Х ХХК нь Хан-Уул дүүргийн 11-р хороо ********** цогцолбор хотхоны 19 давхар 4 блок бүхий үйлчилгээтэй орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулж, хууль ёсоор эзэмшиж байгаад 2019.02.04-ний өдөр ********** ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр ********** ХХК-ийн эзэмшилд маргаан бүхий 000тоот орон сууцыг шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь 000тоот орон сууцны шударга эзэмшигчийн хувьд өмчлөгчийн нэгэн адил эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй тул Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо ********** цогцолбор хотхон 000байрны 000тоот орон сууцнаас Б.Н, Б.Б нарыг албадан чөлөөлүүлж, уг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж тус тус зааснаас үзвэл орон сууц худалдан авагч Б.Б нь 000тоот орон сууцны өмчлөгчтэй гэрээ байгуулах, холбогдох баримт бичгийг үзүүлэхийг худалдагч ********** ХХК-иас шаардах эрхтэй бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх атал ********** ХХК, Б.Б нарын хооронд байгуулсан гэх 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг нотариат гэрчлээгүй болох нь Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 594 дүгээр албан бичгээр тогтоогдож байна. /хэргийн 163 хуудас/

Иймээс хариуцагч Б.Б хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэрээ байгуулаагүй, гэрээний дагуу тодорхой хэмжээний төлбөрийг өмчлөгч биш этгээд болох ********** ХХК-нд шилжүүлж, маргаан бүхий орон сууцыг хариуцагч нар эзэмшиж байгаа уг эзэмшлийг хуулийн дагуу үүссэн эзэмшил гэж шүүх үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 11-р хороо ********** цогцолбор 000дүгээр байрны 000тоот орон сууцыг 2,504,800,000 төгрөгөөр ********** ХХК-нд худалдахаар худалдах-худалдан авах гэрээг 2019.02.04-ний өдөр байгуулж, 000тоот орон сууцыг ********** ХХК-нд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 112.2-т тус тус зааснаар олох байсан орлогын хохирол болон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй тал болох ********** ХХК-иас шаардах эрхтэй болно.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж, 112.2-д Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй гэж тус тус заасан байна. Иймээс худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох төлбөр төлөх үүргээ ********** ХХК нь зөрчсөн байх тул гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг ********** ХХК хариуцах нь хуульд нийцэх тул хариуцагч нараас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 322,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн хариуцагч нарыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Хан-Уул дүүргийн 11-р хороо ********** цогцолбор 000дүгээр байрны 000тоот орон сууцнаас хариуцагч Б.Н, Б.Б нарыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 322,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 92 дугаар зүйлийн 92.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Н, Б.Б нарт холбогдох орон сууц хөлсөх гэрээний үүрэгт 322,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо ********** цогцолбор 000 байрны 000тоот орон сууцнаас Б.Н, Б.Б нарыг албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1,838,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                  Ц.ОЮУНБИЛЭГ