| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0540/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/579 |
| Огноо | 2024-07-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/579
2024 7 08 2024/ШЦТ/579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн
улсын яллагч Г.Ган-Эрдэнэ
шүүгдэгч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,*** оны *** дугаар сарын **-нд *** аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, тусгай дунд боловсролтой, *** мэргэжилтэй, “**” ресторанд туслах тогтооч ажилтай, ам бүл 4; эцэг, эх, эхнэрийн хамт ***дүүргийн **дүгээр хороо, *** дүгээр гудамж **тоотод оршин суух,
*** дугаарын регистртэй, *** овогт ***ийн ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “***” ХХК-ийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах агуулах бараа хадгалах хашаанаас нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 1.354.000 төгрөгийн үнэ бүхий бохирын хоолой хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Тус компанид би сантехникийн туслахаар ажилладаг байсан. Компанийн агуулахын түлхүүр *** бид хоёрт л байдаг юм. Тухайн үед цалин буугаагүй, банкны зээлийн өр нэхэгдээд байхаар нь зарья гэж бодоод агуулахаас гаргаж аваад “Сутай” зах дээр аваачиж буулгасан. Гэхдээ тэндээс би нэг ч мөнгө төгрөг авч чадаагүй. Хохирлыг биет байдлаар нь буцааж өгсөн. Хөлсөлж явсан Портер машины жолоочид 30.000 төгрөг өгсөн.
Удахгүй манай эхнэр төрөх гэж байгаа. Хуулийн заалтыг ойлгож байна. Надад аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч ***ийн *** “... манай хашаанаас эд зүйл алдагдсан талаар хэлсэн. Монгол улсад ирэх хугацаандаа гар утсаараа мэдээлэл авч явсаар байгаад ирсэн. Манай менежер болох *** тухайн бараа хулгайлж авч явсан хүн хэн болохыг олж тогтооход манайд 1 жил орчим хугацаанд ажилласан *** гэх ажилтан гаднаас машин оруулж байгаад ачаад аваад явсан байсан. Авч явсан бараагаа хаана яаж зарсан талаар нь бүгдийг олсон. Мөн алдсан барааныхаа ихэнх талыг нь олж авсан байсан. Манай ажилтан *** барааг ачиж гарсан цэнхэр өнгийн “Портер” маркийн машины улсын дугаарыг цагдаагийн байгууллагад хандаж олж тогтоон жолоочтой нь холбогдож уулзахад хөлсөөр ачаа ачдаг иргэн байсан бөгөөд тухайн хүнээс агуулахаас ачиж гарсан бараагаа хаана яаж буулгасан талаар асуухад “***” захын барилгын материалын дэлгүүрт үлдээсэн гэж хэлсэн байдаг. Ингээд ажилтан *** тухайн газарт очиж уулзаад бараагаа авахаар үнэн учраа хэлээд манай бараа зөвхөн манай байгууллагаар орж ирдэг тусгай тэмдэг, тэмдэглэгээ брэндийн логотой, ижил төстэй бараанаас ялгарах тул ялгаж авсан байсан. ***аас барааг аваад барааны мөнгийг зарж борлуулаад мөнгийг нь өгөхөөр ярилцаж тохирсон байсан ба манай барааг зарж борлуулаагүй алдагдсан бараа бүгд байсан тул тухайн иргэн бид нарт хүлээлгэн өгсөн. ***ы хүлээлгэн үлдээсэн байсан барааг бүрэн авсан байдаг ба манай байгууллага тухайн явдлаас хойш ямар нэгэн асуудлаар бараа материалын хомсдолд орох асуудал гараагүй, одоогоор үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгаа тул гомдол санал байхгүй” /хх-н 14-15, 19/ гэж,
гэрч ***ийн *** “... манай захирлын эхнэр *** над руу залгаад *** манай хүү ***аас агуулахын түлхүүр аваад Номин констракшнд агуулахаас бараа гаргаж өгнө гээд түлхүүр авах гээд байна, тэднийд бараа гаргаж өгөх захиалга байгаа юм уу гэж асуусан. Манай байгууллагад Номин констракшнд бараа гаргаж өгөх захиалга байхгүй байсан тул түлхүүр өгч хэрэггүй шүү гэж хэлсэн. Тэгээд удалгүй ***, *** хоёр хамт ажил дээр ирсэн. Тэгэхээр нь би ***аас түлхүүрээр яах гэж байгаа талаар асуухад агуулахын хашаанд байгаа саарал байшингийн юмыг янзална гэж хариулсан. Тэгэхээр нь би манаач чамайг машинтай орж ирээд бараа аваад явсан гэж байна гэж асуутал ерөөсөө юм авч гараагүй, саарал байшин цэвэрлэх гэж очтол түлхүүр байхгүй тул ороогүй, агуулахаас ердөөсөө бараа материал аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би манаач тэгж хэлж байна агуулах руу цуг явъя гэхэд за би 00 ороод ирье гэж хэлж гараад тэр чигээрээ зугтаагаад явчихсан. Бохирын хуванцар хоолой 110 диаметртэй, 1 метрийн урттай хоолой 50 ширхэг, 50 диаметртэй 2 метрийн урттай хоолой 3 ширхэг, 50 диаметртэй 1 метр урттай хоолой 100 ширхэг алдагдсан байна. Эдгээр бараа 2.018.000 төгрөгийн үнэтэй” /хх-н 22/ гэж,
гэрч **** “... *** гэх залуу өдрийн 11:43 цагт орж ирээд 12:06 цагт гарсан. Тухайн үед ***гэсэн дугаартай, цэнхэр өнгийн “Портер” машинтай орж ирээд бохирын хоолой, сангийн сэлбэгүүд аваад гарсан. Намайг асуухад “Номин”-д буулгах гэж байгаа юмаа гэж хэлсэн” /хх-н 26/ гэж,
гэрч *** “... нэг жижиг залуу ирээд 2 дугаар цахилгаан станцын хажуугаас “Сутай” захын хооронд сангийн хоолой ачина, 2-оос 3 хоног ачина, та хэдээр ачих уу гэхээр нь 40.000 төгрөг гэж хэлсэн. Маргааш нөгөөдөр дахиад ачина ахаа, та 30.000 төгрөгт ачаад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд явахаар болоод ачих газрынх нь хашааны үүдэнд нь очоод сигнал дарсан. Манаач нь гарч ирээд хаалга онгойлгоод дотогшоо орсон. Нөгөө залуу өөрөө гадаа хураасан байсан саарал өнгийн хоолойнууд ачаад гарсан. Тэгээд “Сутай” захын барилгын материалын тэнд буулгасан. Дахин ачуулна гэсэн болохоор хүлээсэн. Гэтэл дахиж холбогдоогүй. 2 хоногийн дараа нэг дугаараас залгаад та хулгай юм ачсан байна гээд би буулгасан газраа зааж өгсөн” /хх-н 33-34/ гэж тус тус мэдүүлжээ.
Түүнчлэн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-н 39-46/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн БГ2-23-511 дугаартай тайлан /хх-н 48-49/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
“Хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн тохиолдолд хэргийн зүйлчлэл хүндрэхээр Эрүүгийн хуульд хуульчилсан.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч ***овогт ***гийн ***ыг “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзав.
Тухайлбал, шүүгдэгч *** нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт нь ялын төрлийн хувьд сонгох санкцгүй буюу зөвхөн “... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
Шүүгдэгч ***ы хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 89/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 63/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 77/,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 165-174/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Хохирол, төлбөрийн хувьд;
Шүүгчийн туслахаас хохирогч ***д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “... шүүх хуралдаанд оролцохгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Алдсан зүйлээ буцааж авсан” гэжээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан.
Шүүгдэгч ***ы хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai porter” ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл түүний өмчлөлийн эд хөрөнгө биш тул үнэлгээгээр тогтоогдсон 6.860.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт ***гийн ***ыг “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ***д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **** гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai porter” ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6.860.000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ***д оногдуулсан хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ