| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2020/02562/И |
| Дугаар | 182/ШШ2021/01898 |
| Огноо | 2021-08-24 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2021/01898
2021 08 24 182/ШШ2021/01898
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Б, И.Г нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Төлбөр гаргуулахаар хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч С.Э, хариуцагчийн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нар нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ** дүгээр баг, *** дугаар байрны ** тоотод байрлах 54.67 мкв, 2 өрөө орон сууцыг 2012.12.14-ний өдөр А ХХК-иас нийт 54.670.000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-071400****дугаарт бүртгэгдэн гэрчилгээ авсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу 2012.12.14-ний өдрөөр А ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болж М.Б болон И.Г нарт өмчлөх эрх хуулийн дагуу шилжсэн. Энэ үед тухайн байр ямар нэгэн барьцаанд байгаагүй, нэхэмжлэгч нар энэхүү байраа ХААН банкны барьцаанд тавьж зээл авч байсан. Гэтэл НШШГГ нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2014.12.10-ны өдрийн 5859 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай мөн шүүгчийн 2015.03.**-ны өдрийн 9268 дугаартай захирамжийн дагуу төлбөр төлөгч А ХХК-иас төлбөр гаргуулахдаа нэхэмжлэгч нарын өмч болох улсын бүртгэлийн Ү-071400****дугаарт бүртгэгдсэн, Замын-Үүд сум, ** дүгээр баг, *** дугаар байрны ** тоотод байрлах 54.67 мкв, 2 өрөө орон сууцыг 2017.06.27-ны өдрийн 121/02 тоот тогтоолоор битүүмжилсэн. Тэгээд 2020.04.02-ны өдөр хураан авсан. Ийнхүү хураан авах үед буюу 2020.04.02-ны өдөр нэхэмжлэгч нар нь өөрсдийн эрх ашиг хөндөгдөж байгааг мэдэж, өөрсдийн өмчлөх эрхийн гэрчилгээг шийдвэр гүйцэтгэгчид үзүүлж, энэ талаарх баримтуудаа өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл А ХХК-ийн өмч биш шүү, бидний өмч, худалдаж авсан гэдгээ нотолсон. Харин шийдвэр гүйцэтгэгч мэдсээр байж цааш ажиллагаа явуулж, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна.
Шүүгчийн захирамжийн дагуу Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн 2021.08.05-ны өдрийн 607 дугаартай албан бичгээс үзвэл, маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нар худалдаж авсан болохыг дурдаад, энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг А ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-0714001****дугаараас салгаж, нэхэмжлэгч нарт 2012.12.14-ний өдөр Ү-071400****дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Харин тухайн эд хөрөнгийг салгаж бүртгэсэн боловч уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь ТБ-ны2012.03.21-ний өдрийн 3 тоот барьцаанд бүртгэгдэн хадгалагдаж байгаа тул эх гэрчилгээнээс нь хасаж гэрчилгээ бичигдээгүй. Өнөөдрийн байдлаар энэ үл хөдлөх эд хөрөнгө нь ТБ-ныбарьцааны гэрээнд үүрэг ногдуулсан бүртгэлтэй байна гэсэн утгатай байгаа. Гэтэл энэхүү албан бичиг нь ойлгомжгүй, нэгэнт нэхэмжлэгч нар А ХХК-иас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зохих журмын дагуу худалдаж авсан гэдгийг нь хэлээд, салгаад бүртгэсэн гэх боловч ТБ-ныбарьцааны бүртгэлд байгаа гэж хэлээд байгааг ойлгохгүй, нэгэнт салгаад бүртгэсэн бол өмнөх бүртгэлээс хасаж бүртгэх эсэх нь улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой байх.
Нэхэмжлэгч нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан цагаас өөрсдөө амьдарсаар ирсэн, мөн улсын бүртгэлийн үнэн, зөвд л итгэнэ, худалдан авах үед ямар нэгэн барьцаанд байгаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаад өгсөн. Тэгэхлээр нэхэмжлэгч нар маргааны зүйл болсон орон сууцыг хуулийн дагуу авсан гэж итгэсэн тэдний хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим энэ тохиолдолд үйлчлэх ёстой. Тэгээд ч шийдвэр гүйцэтгэгч нь А ХХК-ийн барьцааны үүрэгт хамаарах улсын бүртгэлийн Ү-0714001****дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн талаар ажиллагаа явуулах ёстой. Энэ Ү дугаартай гэрчилгээнд олон байр дурдагдсаны нэг нь нэхэмжлэгч нарын ** тоот орон сууц байдаг боловч худалдаж авснаар Ү...-1871 дугаараар төгссөн А ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасагдаж, нэхэмжлэгч нарт Ү...-2018 дугаараар төгссөн шинэ гэрчилгээ олгогдсон, тийм учраас шийдвэр гүйцэтгэлийн битүүмжлэх ажиллагаа нь нэхэмжлэгч нарын улсын бүртгэлийн Ү...-2018 дугаараар төгссөн үл хөдлөх эд хөрөнгөд ямар ч хамааралгүй болно. Тиймээс шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилсэн ажиллагаа хуульд нийцээгүй, төлбөр төлөгчийн эд хөрөнгөд бус шударга өмчлөгч болсон өөр этгээдийн эд хөрөнгийг хууль бусаар битүүмжлэн ажиллагаа явуулсан нь хууль зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч нарын өмч болох, улсын бүртгэлийн Ү-071400****дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, ** дүгээр баг, *** дугаар байрны ** тоотод байрлах, 54.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2017.06.27-ны өдрийн 121/02 тоот тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.12.10-ны өдрийн 5859 дугаартай шүүгчийн захирамжаар А ХХК нь 752.502.630 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигчид эвлэрсэн. Манай байгууллагаас Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2016.11.07-ны өдрийн 3/34552 дугаар албан бичгээр дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016.12.**-ны өдрийн 357 дугаар албан бичгээр Төрийн банканд 2012.03.21-ний өдөр барьцаат зээлийн гэрээгээр үүрэг оногдуулсан байна. Захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч А ХХК-ийн гүйцэтгэх захирал Волоожийн Ганзоригт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Нэхэмжлэгч нар нь 2020.04.02-ны өдөр эд хөрөнгийг хураах үед энэ асуудлын талаар мэдсэн. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дорноговь аймаг, Замын-Үүд сум, ** дүгээр баг, 88 дугаар хэсэг, 136 дугаар байрны 01, 05, 09, 10, 18, 21, **, 24, 27, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001****дугаарт бүртгэгдсэн 10 гаруй ширхэг орон сууцыг 2017.06.27-ны өдрийн 121/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020.04.02-ны өдрийн 16301188/21, 16301188/**, 16301188/20, 16301188/22, 16301188/24, 16301188/25 дугаар тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020.04.24-ний өдөр 4/224 дүгээр тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг СЭХХК-иар үнэлүүлэхэд 10 орон сууцыг 520.028.460 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020.05.01-ний өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг албан бичгээр талуудад мэдэгдсэн. Дээрх хөрөнгүүдийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан болно.
Ер нь эд хөрөнгийг хураах үед өмчлөгч нар буюу нэхэмжлэгч нар манай байгууллагад өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох баримтуудаа өгсөн. Тийм учраас бид энэ талаар тодруулахаар Дорноговь аймгийн улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч бидэнд бичгээр ямар нэгэн хариу огт ирүүлээгүй. Тиймээс шүүхэд хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу хариу албан бичиг, холбогдох баримтууд нь Дорноговь аймгийн улсын бүртгэлийн газраас ирсэн, баримтуудтай танилцсан. Хэдийгээр нэхэмжлэгч нар худалдан авч, шинэ гэрчилгээ олгогдсон байх боловч өнөөдрийн байдлаар ТБ-ныбарьцаанд бүртгэлтэй байна гэдгийг хэлсэн байна. Тэгэхлээр бид нэхэмжлэгч нарын орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй, энэ ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Б, И.Г нар нь хариуцагч НШШГГт холбогдуулж өөрсдийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-071400****дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, ** дүгээр баг, *** дугаар байрны ** тоотод байрлах, 54,67 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч А ХХК-ийн эд хөрөнгийг бус харин шударга өмчлөгч болсон бусдын эд хөрөнгө буюу нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг мэдсээр байж, битүүмжилсэн үйл ажиллагаа нь хууль бус, нэхэмжлэгч нар нь маргааны зүйл болсон эд хөрөнгийг А ХХК-иас худалдан авсан, нэхэмжлэгч нарт улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр олгогдсон, энэ үед тухайн орон сууц ямар нэгэн барьцаанд байгаагүй, улсын бүртгэлийн үнэн зөвд итгэсэн, ТБХХК-ийн барьцаанаас хасаж бүртгэх асуудал нь Улсын бүртгэлийн байгууллагатай холбоотой, тиймээс өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Харин хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан, А ХХК-ийн өмчлөлд маргааны зүйл болсон орон сууц байсан, улсын бүртгэлийн гэрчилгээнд нийт 10 гаруй үл хөдлөх эд хөрөнгө дурдагдсан байдаг, бид энэхүү үл хөдлөх эд хөрөнгөд буюу барьцааны зүйлд холбогдуулж ажиллагаа явуулсан, хэдийгээр нэхэмжлэгч нар ** тоот орон сууцыг худалдан авсан, гэрчилгээ шинээр олгогдсон байх боловч А ХХК-ийн гэрчилгээнд дурдагдсан 10 гаруй үл хөдлөх эд хөрөнгө нь тус байгууллагын Төрийн банкнаас авсан зээлийн барьцаанд байгаа болох нь Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн албан бичгээр тогтоогдож байна, иймд битүүмжилсэн эд хөрөнгөөс чөлөөлөх үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.12.10-ны өдрийн 5859 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч ТБХХК нь 2012.03.21-ний өдрийн №3 дугаартай зээлийн гэрээг 2014.12.05-ны өдрөөс цуцлах, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоох, харин нэхэмжлэгч А ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 752.502.630 төгрөгийг хариуцагч ТБХХК-нд төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн хувьд тус тус эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хариуцагч НШШГГ нь дээрх шийдвэр, ТБХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн бичигдсэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015.03.**-ны өдрийн 9268 дугаар “шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж, 2015.04.02-ны өдрийн 879 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, мөн хуулийн 44, 49, 54, 55 дүгээр зүйлүүдэд зааснаар төлбөр төлөгч А ХХК-иас ТБХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан, улсын бүртгэлийн Ү-0714001****дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ** дүгээр баг, 88 дугаар хэсэг, 136 дугаар байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, **, 24, 27, 28, 29, 43, 48 тоот, нийт 808,8 м.кв талбайтай орон сууцуудыг битүүмжлэх, хураах, үнэлэх зэргээр холбогдох ажиллагааг явуулсан байна.
Өөрөөр хэлбэл, 2017.06.27-ны өдрийн 121/02 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг В.Г-дхадгалуулахаар заасан, энэхүү битүүмжилсэн эд хөрөнгүүдэд нэхэмжлэгч М.Б, И.Г нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-071400****дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ** дүгээр баг, 88 дугаар хэсэг, 136 дугаар байрны ** тоот орон сууц багтсан, шийдвэр гүйцэтгэгч нь энэ ** тоот орон сууцыг 2020.04.02-ны өдрийн 163001188/24 дугаар тогтоолоор хураасан байх ба, “...** тоот орон сууцны өмчлөгч нар хураасан тогтоолд гарын үсэг зурахаас татгалзсан, хураахыг зөвшөөрөхгүй...” гэснийг тэмдэглэл үйлдэн баримтжуулжээ.
Энэхүү ажиллагааны явцад Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс НШШГГт ирүүлсэн 2016.12.**-ны өдрийн 357 дугаар албан бичигт “...улсын бүртгэлийн Ү-0714001****дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ** дүгээр баг, 88 дугаар хэсэг, 136 дугаар байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, **, 24, 27, 28, 29, 43, 48 тоот орон сууцуудад ТБХХК-ийн барьцааны эрх бүртгэгдсэн талаар дурдаж, захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн...” гэжээ.
Түүнчлэн хариуцагч НШШГГ нь төлбөр төлөгч А ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-0714001****дугаарт бүртгэлтэй, дээр дурдсан, нийт 808.8 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгүүдийг СЭХХК-иар үнэлүүлж, тус байгууллагын үнэлсэн 520.028.460 төгрөгийн үнэлгээг 2020.05.01-ний өдөр нэхэмжлэгч М.Б, И.Г нарт мэдэгдсэн байх ба, нэхэмжлэгч нар нь дээрх ажиллагаануудаас тэдний өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд гомдож байна.
Төлбөр төлөгч А ХХК нь 2012.02.16-ны өдрийн 02/38/24-03 дугаар актаар Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа сум дундын шүүхийн ажилчдын 48 айлын 6 давхар, 1 орон сууцыг барьж, ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн байх ба, энэхүү орон сууцнаас буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ** дүгээр баг, 88 дугаар хэсэг, 136 дугаар байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, **, 24, 27, 28, 29, 43, 48 тоот, нийт 808,8 м.кв талбайтай орон сууцуудыг 2012.03.15-ны өдөр Ү-0714001****дугаарт бүртгүүлэн өөрийн байгууллагын нэр дээр өмчилж авсан байна.
Ийнхүү төлбөр төлөгч А ХХК нь 2012.03.21-ний өдөр ТБ-ны201 дүгээр тооцооны төвөөс 980.000.000 төгрөгийн зээлийг, барилга угсралтын ажил гүйцэтгэх зорилгоор, 18 сарын хугацаатай, сарын 1,7%-ийн хүүтэй авч, мөн өдрийн 3 дугаартай зээлийн барьцаанд, улсын бүртгэлийн Ү-0714001****дугаарт бүртгэлтэй, дээр дурдсан байршилтай, 15 ширхэг орон сууцыг барьцаалжээ.
Харин нэхэмжлэгч М.Б, И.Г нар нь маргааны зүйл болсон, төлбөр төлөгч А ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-0714001****дугаарт бүртгэлтэй, нийт 808,8 м.кв талбайтай, 15 ширхэг орон сууцнаас 1 ширхэг буюу ** тоотын 54,67 м.кв, 2 өрөө орон сууцыг 2012.10.20-ны өдөр төлбөр төлөгч А ХХК-иас 1 м.кв-ыг 1,000,000 төгрөг, нийт 54,670,0000 төгрөгөөр худалдан авч, уг орон сууцыг ТБХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан 2012.03.21-ний өдрөөс өмнө буюу 2012.03.20-ны өдөр 28,000,000 төгрөгийг ТБХХК-иар дамжуулж А ХХК-нд төлсөн, үлдэгдэл 26,670,000 төгрөгийг 2012.12.25-ны өдөр А ХХК-нд төлж дуусгаснаар 2012.12.14-ний өдөр өмчлөгч болсон, ийнхүү нэхэмжлэгч нар нь уг орон сууцаа 2013.07.16-ны өдөр ХААН банк ХХК-ийн зээлийн барьцаанд тавьж, уг барьцаа нь 2019.11.06-ны өдөр дуусгавар болсон, дахин 2020.01.04-ний өдөр ТБХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан байна.
Энэхүү үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, нэхэмжлэгч нарын 2012.03.15-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020.05.20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2012.03.20-ны өдрийн ТБХХК-ийн орлогын баримт, нэхэмжлэгч М.Бийн Хаан банкны депозит дансны хуулга, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн холбогдох материалууд, тус шүүхийн 2021.06.15-ны өдрийн 5443 дугаар шүүгчийн захирамжийн дагуу 2021.08.05-ны өдөр Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг, маргааны зүйл болсон орон сууцны улсын бүртгэлтэй холбоотой холбогдох баримтуудаар тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Б, И.Г нар нь төлбөр төлөгч А ХХК-ийн өмчлөлийн Ү-0714001****дугаарт бүртгэлтэй, дурдсан байршилд байх, 136 дугаар байрны 15 ширхэг орон сууцны 1 ширхэг буюу ** тоот орон сууцыг худалдан авч, Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс тэдэнд Ү-071400****дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь нэгэнт тогтоогдсон ба, нэхэмжлэгч нар нь уг орон сууцаа ХААН банк ХХК, ТБХХК-ийн зээлийн барьцаанд тавьж байснаас үзвэл, тухайн орон сууц бусдын ямар нэгэн барьцаанд байгаагүй болох нь харагдана.
Нөгөө талаар, төлбөр төлөгч А ХХК нь маргааны зүйл болсон улсын бүртгэлийн Ү-0714001****дугаарт бүртгэлтэй, нийт 808,8 м.кв талбайтай, 136 дугаар байрны 15 ширхэг орон сууцыг ТБХХК-ийн зээлийн барьцаанд тавихдаа ** тоот орон сууцыг нэхэмжлэгч нарт худалдсан гэдгээ мэдсээр байж тавьсан, барьцаанд тавьсан талаар нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ТБХХК-ийн барьцааны бүртгэлээс хасаагүй, өнөөдрийг хүрсэн явдалд нэхэмжлэгч нарыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл нь нээлттэй, үнэн зөв байх, тус бүртгэлд итгэж эдийн баялгийн эрхийг шударгаар олж авсан этгээдийн эрх ашгийг хамгаалах үндсэн зорилготой байдаг ба, энэ агуулгаараа нэхэмжлэгч М.Б, И.Г нарын Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлд итгэсэн, дурдсан байршилд байх, 136 дугаар байрны ** тоот орон сууцыг шударгаар олж авсан эрх, ашгийг хамгаалах нь хууль болоод шударга ёсонд нийцнэ гэж үзлээ.
Тодруулбал, тус шүүхийн 2021.06.15-ны өдрийн 5443 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2021.08.05-ны өдөр ирүүлсэн 607 дугаартай албан бичгээс үзвэл, тус Улсын бүртгэлийн хэлтэс нь нэхэмжлэгч М.Б, И.Г нарын хууль ёсны дагуу бүрдүүлсэн бичиг баримтуудыг үндэслэн тэднийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ** дүгээр баг, 88 дугаар хэсэг, 136 дугаар байрны ** тоот, 54,67 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн, ингэхдээ тус ** тоот орон сууцыг төлбөр төлөгч А ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0714001****дугаараас салгаж бүртгэсэн болох нь тогтоогдож байна.
Харин тус албан бичигт дурдсан “...** тоот орон сууцыг салгаж бүртгэсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ ТБ-ны2012.03.21-ний 3 дугаартай барьцаанд бүртгэгдэн, хадгалагдаж байгаа тул эх гэрчилгээнээсээ хасаж гэрчилгээ бичигдээгүй болно...”, “...уг үл хөдлөх эд хөрөнгө нь өнөөдрийн байдлаар ТБ-ны2012.03.21-ний өдрийн 3 дугаартай барьцааны гэрээнд үүрэг ногдуулсан бүртгэл бүртгэгдсэн байна...” гэсэн нь ойлгомжгүй, агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй гэж үзэхээр болжээ.
Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийг хуульд зааснаар үнэн зөв бүртгэх нь Улсын бүртгэлийн байгууллагын үүрэг бөгөөд нэхэмжлэгч М.Б, И.Г нарын улсын бүртгэлийн Ү-071400****дугаарт бүртгэлтэй, 2012.12.14-ний өдрийн өмчлөх эрхийн бүртгэл нь нэхэмжлэгч нарын хувьд үнэн зөв байх ба, энэ үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч А ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0714001****дугаарт бүртгэлтэй, ТБХХК-ийн барьцаанд бүртгэлтэй үл эд хөрөнгүүдийн нэг гэж үзэхгүй, нэхэмжлэгч нар нь 136 дугаар байрны ** тоот орон сууцыг тухайн үед барьцаанд байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь дээр нэгэнт тогтоогдсон бөгөөд, энэхүү орон сууц өнөөдрийг хүртэл барьцаанд бүртгэлтэй байгаа асуудал нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон төлбөр төлөгч А ХХК, төлбөр авагч ТБХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэхээр байна.
Тийм учраас хариуцагч талын гаргасан “тухайн үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийг хүртэл ТБХХК-ийн барьцаанд байгаа, бүртгэлтэй болох нь тогтоогдсон, А ХХК-ийн хөрөнгө гэж үзэх тул барьцааны хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй” гэх тайлбар үндэслэлгүй болно.
Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, хариуцагч НШШГГ нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.12.10-ны өдрийн 5859 дүгээр шүүгчийн захирамжид заасан А ХХК-ийн барьцааны хөрөнгө болох Ү-0714001****дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн талаар ажиллагаа явуулсан, энэ ажиллагааны явцад буюу 2020.04.02-ны өдөр эд хөрөнгийг хураах үед нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдсөнийг мэдсээр байж, шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч А ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-0714001****дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ** дүгээр баг, 88 дугаар хэсэг, 136 дугаар байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, **, 24, 27, 28, 29, 43, 48 тоотод байрлах, нийт 808,8 м.кв талбайтай, 15 ширхэг орон сууцнаас ** тоот орон сууц нь ямар үндэслэлээр нэхэмжлэгч М.Б, И.Г нарын өмчлөлд шилжсэн болох, нэхэмжлэгч нар нь шударга өмчлөгч мөн эсэх, тус орон сууц нь төлбөр төлөгч А ХХК-ийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах эсэх, энэ үл хөдлөх эд хөрөнгөд холбогдуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж болох, эсэхийг тодруулж, ялган зааглаагүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-071400****дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ** дүгээр баг, 88 дугаар хэсэг, 136 дугаар байрны ** тоотод байрлах, 54,76 м.кв, 2 өрөө орон сууцанд битүүмжилсэн, хураасан, үнэлсэн гэх аливаа баримтгүй, энэхүү орон сууцанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах ямар нэгэн эрхийн акт, шийдвэргүй байхад уг орон сууцанд холбогдуулан битүүмжлэх ажиллагаа явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч М.Б, И.Г нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-071400****дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ** дүгээр баг, 88 дугаар хэсэг, 136 дугаар байрны ** тоотод байрлах, 54,76 м.кв, 2 өрөө орон сууцыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017.06.27-ны өдрийн 121/02 дугаар тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгөөс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б, И.Г нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-071400****дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ** дүгээр баг, 88 дугаар хэсэг, 136 дугаар байрны ** тоотод байрлах, 54,76 м.кв, 2 өрөө орон сууцыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017.06.27-ны өдрийн 121/02 дугаар тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгөөс чөлөөлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч М.Б, И.Г нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б, И.Г нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА