| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2023/00381/И |
| Дугаар | 001/ХТ2024/00217 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2024/00217
“А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01251 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/01117 дугаар магадлалтай,
“А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“З ” ГҮТББ холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “З ” ХХК, “У ” ТӨХК,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А ” ХХК нь хариуцагч “З ” ГҮТББ-д холбогдуулан ... , Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01251 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “З ” ГҮТББ-д холбогдох ... , Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай “А ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,830,956 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/01117 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01251 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар ... , Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “А ” ХХК-ийг тогтоосугай.” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч “З ” ГҮТББ-аас 1,830,956 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А ” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.11-ний өдрийн 01251 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.27-ны өдрийн 01117 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч нь анх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа ... , Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай гэж тодорхойлон “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэлдээ хавсаргасан. Хөрөнгийн үнэлгээний тайланд дээр дурдсан хаягт байрлах 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах цех буюу объектыг үнэлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө гэж шаардлагаа тодорхойлон үнэлгээ хийсэн нотлох баримтыг хавсаргасан атлаа шаардлагын үндэслэлдээ дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс гадна түүний дотор суурилуулсан дулааны шугам сүлжээний тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох гэж бичсэн байсан. Дулааны шугам сүлжээний тоног төхөөрөмж бол өөрөө хөдлөх эд хөрөнгийн шинж чанартай. Анхан шатны шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч 2023.01.16-ны өдөр иргэний хэрэг үүсгэхдээ "өмчлөгчөөр тогтоолгох тухай" гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр гэж тодорхойлсон энэ тохиолдолд шүүгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох эсэх асуудалд дүгнэлт хийх ёстой байсан боловч үл хөдлөх эд хөрөнгөөс гадна түүний дотор суурилуулсан дулааны шугам сүлжээний тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох гэж дурдсан байсан учир хариуцагчаас уг шаардлагатай нь холбогдуулан тайлбар, мэдүүлгээ гаргаж, мөн гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргасан. Ингээд шүүх дулааны шугам сүлжээний тоног төхөөрөмжтэй холбоотой хэсэгт голчлон дүгнэлтийг хийж шийдвэрийг гаргасан.
Анхан шатны шүүх шийдвэртээ талууд гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй гэж дүгнэдэг боловч хариуцагчаас талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус, төрийн өмчлөлд уг дулааны шугам сүлжээний тоног төхөөрөмж, түүний гаднах барилга буюу үл хөдлөх эд хөрөнгө шилжих ёстой. Учир нь Хөдөө аж ахуйн их сургууль хүртэлх төвийн шугамаас салаалан татсан шугам нь нийтийн эзэмшлийн орон сууцны барилгад зориулагдсан шугам сүлжээ тул Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 290 дүгээр тогтоолын хавсралт Дулаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журмын 2.11-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу “У ” ТӨХК-д шилжих ёстой гэж тайлбарласныг шүүх хүлээн авч, уг тайлбарт үндэслэн Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна", хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т "нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх" гэж, Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.20-д "дулаан дамжуулах 200 мм-ийн голчтой болон түүнээс дээш голчтой төв шугам, салаа шугам, түүний анхдагч таслах хаалт нь эрчим хүчний дамжуулах шугам тоноглол тул түүнийг төрийн өмчлөлд шилжүүлэх" гэж тусгайлан заасан тул нэхэмжлэгчийн дулааны иж бүрэн тоног төхөөрөмж, түүнтэй холбогдсон шугам хоолойн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т "дулаан дамжуулах сүлжээ" гэж эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг" ойлгоно гэж заасан. Нэхэмжлэгч шаардах эрхээ талуудын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 2.1.1 дэх заалтыг үндэслэн тодорхойлсон ба уг гэрээгээр тохирч байгаа гэрээний зүйл нь техникийн нөхцлөөрөө тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх болзолтойгоор олгогддог тул гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад хамаарч байна гэж үзсэн. Харин анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа "... , Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон түүний дотор суурилуулсан дулааны шугам сүлжээний тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэж бичих байсан ч "... , Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай" гэж тодорхойгүй шийдвэрийг гаргасан. Угтаа анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзах, эсхүл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахыг шаардах, хэрэв тодруулж өгөөгүй тохиолдолд зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагад дүгнэлт хийх ёстой байсан ч Иргэний процессын хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Нэхэмжлэгч “А ” ХХК нь давж заалдах гомдолдоо манайх ... , Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан. Учир нь манай “А ” ХХК нь Зайсангийн аманд байрлалтай Танктай дулаан дамжуулах төвөөс Х хотхон хүртэлх ... / шугамыг дангаар өмчилдөг билээ. Улмаар 2010 оноос эхлэн Зайсан толгойн зүүн болон зүүн урд талаар аялал жуулчлалын цогцолбор, орон сууцны хороолол, хотхон ихээр баригдаж манай өмчлөлийн дулаан дамжуулах төвд холбогдож, дулаанаар хангагдах хүсэлт ихээр гаргах болсон учраас “З ” ГҮТББ-тай 2016.09.30-ны өдөр 16/25 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний 2.1.1-д "Шинэ ДДТ /үүнд: Дулаан дамжуулах төвийн барилга, түүн дотор угсарч суурилуулсан дулааны иж бүрэн тоног төхөөрөмж/-ийг “А ” ХХК-ийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ" гэж заасан ч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна гэж бичсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх хүлээн авч дүгнэхдээ магадлалын хянавал хэсгийн 3 болон 5-д "анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, мөн Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсгийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу" гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ингэж өөрчлөлт оруулахдаа талуудын хооронд байгуулсан гэрээг “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээ бөгөөд, хуулийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу үгийн шууд утгыг анхаарна гэх заалтыг тайлбарлан хариуцагч “З ” ГҮТББ нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, түүний дотор угсарч суурилуулсан дулааны иж бүрэн тоног төхөөрөмжийг “А ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх нь хууль зөрчөөгүй" гэж дүгнэсэн. Угтаа нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох л шаардлага гаргасан болохоос бус тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаагүй. Иргэний процессын хуулинд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоёр тодорхой буюу ижил байхыг шаарддаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэсэн хирнээ үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгөөс гадна тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр гэж байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөх, боломжгүй тохиолдолд нэхэмжлэлийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх ёстой атал эсрэгээрээ гэрээнд дүгнэлт хийж байгаа нь давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт авагдсан баримтад үндэслэн, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хуульд нийцсэн эсэхийг шалгах замаар хэргийг шийдвэрлэх, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүх ямар хуулийн аль заалтыг буруу хэрэглэсэн болохыг, ямар нотлох баримтыг дутуу үнэлсэн болохыг, ямар хуульд заасны дагуу хэрхэн үнэлэх ёстой байсан болохыг тайлбарлах замаар анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөх байсан. Гэтэл ямар ч хуулийн зөв ойлголт, хэрэглээг тайлбарлахгүйгээр зөвхөн Иргэний хуулийн гэрээний ерөнхий заалтыг баримтлан шийдвэрийг хүчингүй болгосон. Тодруулбал, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх заалт нь гэрээний шууд утгыг анхаарна гэдэг боловч агуулгаараа хууль, дүрэм журмаа зөрчихийг зөвшөөрсөн ойлголт биш. Тийм атал давж заалдах шатны шүүх гэрээнд бичсэн л бол биелүүлэх үүрэгтэй гэдэг утгаар тайлбарлан хэрэглэж байгаа нь хуулийн зөрүүтэй хэрэглээг харуулж байна. Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтууд болон Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Дулаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журам зэрэгт зааснаас үзвэл нийтийн орон сууц, хотхоны дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмж болон иргэн, хуулийн этгээдийн хувийн эзэмшлийн шугамын голч нь 200мм-с дээш тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлнэ гэж заасан. Тоног төхөөрөмж, шугам хоолойг өргөтгөх, шинэчлэх, шинээр барьж байгуулахад олгодог зөвшөөрлийн Техникийн нөхцөл гэж нэрлэсэн баримтад хүртэл 200мм-с дээш хэмжээтэй өргөтгөсөн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэхийг үүрэг болгосон. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хийж буй шугамын голч нь 300мм, 350мм, 400мм учраас өмчлөгчөөр шаардах эрх нь нэхэмжлэгчид бус гуравдагч этгээдэд үүсэх ёстой. Хууль болон дүрэм журмаараа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгон зохицуулсан заалтыг талуудын хооронд үүссэн маргаанд баримтлах ёсгүй буюу хамааралгүй гэж давж заалдах шатны шүүх тайлбарласан нь хуулийг мөн л буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Танктай дулаан дамжуулах төвөөс З хотхон, давж заалдах гомдолд дурдаад байгаа Танктай дулаан дамжуулах төвөөс Х хотхон гэдэг нь хувийн эзэмшил бус нийтийн эзэмшлийн орон сууцны хотхон байх бөгөөд энэ нь өөрөө Засгийн газрын тогтоолын хавсралт Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 5.1.18 дахь заалтад хамаарч байхад талуудын хооронд байгуулсан гэрээнд хамаарахгүй гэж дүгнэж байгаа нь гэрээний эрх зүйн харилцаа хууль зөрчиж болно гэх агуулгаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэлбэр юм.
Үүнээс гадна шүүхийн шийдвэр хоёрдмол утгагүй, биелэгдэх боломжтой байх ёстой. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 7-д "хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хувьд шинэ ДДТ-ийг “А ” ХХК өмчлөх эрхтэй, харин “А ” ХХК-ийг бусдын өмнө өмчлөгч болохыг уг магадлал нотлохгүй болохыг дурдах нь зүйтэй" гэснээ "тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн хувьд шүүх “А ” ХХК-ийг өмчлөгч болохыг тогтоох үндэслэлтэй бөгөөд өмчлөгчөөр тогтоосон үйл баримт нь гуравдагч этгээд /У ТӨХК/-ийн хувьд өмчлөгч гэж улсын бүртгэлд бүртгэгдэх эрх үүсэхгүй" гэжээ. Ингээд тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар ... , Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “А ” ХХК-ийг тогтоосугай" гэж заасан. Дээрх хэсгээс харвал “А ” ХХК нь ... , Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдоод байна уу? эсхүл уг эд хөрөнгөөс гадна дулаан дамжуулах тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр давхар тогтоогдоод байна уу? Мөн “А ” ХХК нь зөвхөн “З ” ГҮТББ-н өмнө л уг эд хөрөнгийн өмчлөгч, бусад иргэн, хуулийн этгээдийн өмнө өмчлөгч биш гэсэн үг үү? Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үүргээ биелүүлж гэрээний зүйлийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаад байна уу эсхүл анхнаасаа уг үл хөдлөх эд хөрөнгө, түүний дотор суурилуулсан дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн өмчлөгч нь “А ” ХХК байсан гэдэг утгаар нь өмчлөгчөөр тогтоогоод байна уу? гэдэг нь тус тус ойлгомжгүй буюу тодорхойгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан З хотхон ... /, давж заалдах гомдолд дурдсан Х хотхон ... / нь бодит байдал дээрээ ердөө 1 газар буюу нэг хотхон бөгөөд үүнийг нэхэмжлэгч нэршлийг нь Монгол хэл руу орчуулсан болон орчуулахгүйгээр шууд крил үсэг рүү хөрвүүлсэн байдлаар ашиглаж шүүхийг зориуд төөрөгдүүлэхийн зэрэгцээ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан Х хотхон гэдэг нэршлээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэл нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018.01.30-ны өдрийн 00274 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Давж заалдах шатны шүүхийн 2018.05.16-ны өдрийн 1152 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2018.10.18-ны өдрийн 01445 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр бий гэдгийг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тохиолдолд түүнийг дахин хэлэлцэх үндэсгүй, тийм атал өөр шүүхэд, өөр нэршлээр нэг үйл баримтыг дахин хэлэлцүүлж шийдвэр, магадлал гаргаж байгаа нь хуулийн зөрүүтэй хэрэглээг харуулж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.09.16-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/01043 тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч “А ” ХХК нь хариуцагч “З ” ГҮТББ-д холбогдуулан ... хороо, Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж, үндэслэлээ “...Зайсангийн аманд байрлалтай Танктай дулаан дамжуулах төвөөс “З ” хотхон хүртэлх дулааны шугамыг дангаар өмчилдөг. “З ” ГҮТББ-аас манайд хүсэлт тавьсны дагуу талууд 2016.09.30-ны өдрийн 16/25 “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, хариуцагч нь өөрийн болон гишүүн байгууллагатай хамтран “Шинэ дулаан дамжуулах төв”-ийг барьж, тус төвийн барилга, түүний дотор угсарч суурилуулсан дулааны иж бүрэн тоног төхөөрөмжийг манай өмчлөлд шилжүүлэхээр, харин манай компани тус төвийг барих газрын зөвшөөрөл авах, шинэ төвийг өөрийн өмчлөлийн дулааны шугамд холбох, түүнчлэн гишүүн байгууллагуудыг дулааны шугамд холбогдохыг зөвшөөрөх, шинэ дулаан дамжуулах төвийн ашиглалтыг хариуцахаар тохиролцсон. Энэ төв баригдаж ашиглалтад орсон боловч хариуцагч шинэ төвийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна” гэж тайлбарласан.
Хариуцагч “З ” ГҮТББ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “...олон компаниуд хамтарсан хөрөнгө оруулалт хийж барьсан, Эрчим хүчний тухай хууль болон холбогдох дүрэм, журамд зааснаар дулаан дамжуулах төв, дамжуулах, түгээх шугам, тоноглол, дулаан дамжуулах 200 мм-ийн голчтой болон түүнээс дээш голчтой төв шугам, салаа шугам, түүний анхдагч таслах хаалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид буюу төрийн өмчлөлд шилжүүлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч биш тул шаардах эрхгүй” гэсэн агуулгатай тайлбар гарган маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцсон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “З ” ХХК нь “...нэхэмжлэгчийн өмчилдөг гэх ...дулааны шугам, тоног төхөөрөмжүүдийг барихад олон компаниуд нийлж, хөрөнгө оруулалт хийснээс манай компани 2008.11.07-ны өдрийн 11/070 гэрээний дагуу 40,297,204 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул хууль ёсны өмчлөгчдийн нэг. Энэ дулааны шугам, тоног төхөөрөмжийн өмчлөлийн асуудлаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хэлэлцэгдэж байгаа, ... жинхэнэ эзэмшигч, өмчлөгчийг тогтоох маргаан шийдвэрлэгдээгүй байхад энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой” гэсэн тайлбар гаргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “У” ТӨХК-ийн тайлбарт “...төвлөрсөн дулаан хангамжийн тухай яригдана. Үйлдвэрлэгчээс дулаан хуваарилах төв хүртэлх шугамыг дулаан дамжуулах сүлжээ, хэрэглэгч хүртэлх шугамыг хангах сүлжээ гэдэг. ...200 мм-ээс дээш голчтой шугам нь дамжуулах сүлжээ байна. “У ” ТӨХК нь түгээх сүлжээ, дамжуулах сүлжээний тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа” гэжээ.
7. Анхан шатны шүүх “А ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 2.1.1 дэх заалтаар тодорхойлсон. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т “нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна” гэж зохицуулсан. Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 5.1.20-д “дулаан дамжуулах 200 мм-ийн голчтой болон түүнээс дээш голчтой төв шугам, салаа шугам, түүний анхдагч таслах хаалт нь эрчим хүчний дамжуулах шугам тоноглол тул түүнийг төрийн өмчлөлд шилжүүлэх” гэж заасан байна. Маргааны зүйл болж буй Шинэ дулаан дамжуулах төв нь дулаан дамжуулах сүлжээ гэдэгт хамаарч байх тул талууд “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-гээр Шинэ Дулаан дамжуулах төвийг нэхэмжлэгч “А ” ХХК-ийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохоор байна. Өөрөөр хэлбэл, гэрээний уг заалт нь Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсгийг зөрчсөн, гэрээний энэ заалт нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь уг дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй” гэж дүгнэсэн.
8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэхдээ “...Анхан шатны шүүх гэрээний 2.1.1 дэх заалтыг Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсгийг зөрчсөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэн мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэж үзэж, 2.1.1-д заасныг “...үгийн шууд утгыг анхаарна” гэснээр тайлбарлавал “З ” ГҮТББ нь ...Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн барилга, түүн дотор угсарч суурилуулсан дулааны иж бүрэн тоног төхөөрөмжийг “А ” ХХК-ийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэг хүлээж, талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон дээрх нөхцөлийг харилцан тохиролцон хэлцэл байгуулсан нь хууль зөрчөөгүй учир гэрээний энэ нөхцөлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 30 дугаар зүйлийн 30.1.13-т заасан зохицуулалт нь талуудын хооронд байгуулсан гэрээний маргаанд хамааралгүй тул гэрээний дээрх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Гэвч давж заалдах шатны шүүх “ Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хувьд шинэ ДДТ-ийг “А ” ХХК өмчлөх эрхтэй, харин “А ” ХХК-ийг бусдын өмнө өмчлөгч болохыг уг магадлал нотлохгүй болохыг дурдах нь зүйтэй. Тодруулбал, зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн хувьд шүүх А ХХК өмчлөгч болохыг тогтоох үндэслэлтэй бөгөөд А ХХК-ийг өмчлөгчөөр тогтоосон үйл баримт нь гуравдагч этгээдийн хувьд өмчлөгч гэж улсын бүртгэлд бүртгэгдэх эрх үүсэхгүй” гэсэн дүгнэлт хийсэн байна.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж тогтов.
10. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч шаардах эрхийнхээ үндэслэл болгож буй талуудын хооронд 2016.09.30-ны өдөр байгуулагдсан 16/25 дугаартай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 2.1.1 дэх нөхцөлийг маргааны үйл баримтад хамааруулан хоёр өөрөөр тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг ялгаатай шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарах хэдий ч маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад тус шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
11. Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2016.09.30-ны өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-гээр хариуцагч нь өөрийн гишүүн байгууллагуудын хөрөнгөөр гэрээнд заасан Шинэ дулаан дамжуулах төвийг хийж гүйцэтгүүлэх, нэхэмжлэгч нь Шинэ дулаан дамжуулах төвийн ажлын үр дүнг хүлээн авч, уг төвийн ашиглалтыг хариуцаж ажиллах, “З ” ГҮТББ-ын нэр бүхий хуулийн этгээдийг дулааны шугамд холбогдоход аливаа саад учруулахгүй байх үүргийг хүлээж, мөн Шинэ Дулаан дамжуулах төвийг “А ” ХХК-ийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэх үүргийг хариуцагч хүлээсэн байна. Зохигчдын хооронд үүссэн маргаан нь дээрх гэрээний 2.1.1-д зааснаар “Шинэ ДДТ-ийн барилга, түүн дотор угсарч суурилуулсан дулааны иж бүрэн тоног төхөөрөмжийг “А ” ХХК-ийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэсэн нөхцөл байх бөгөөд нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ энэ заалтаар тодорхойлжээ.
12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ... хороо, Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай байх бөгөөд шаардах эрхийн үндэслэл болж буй гэрээний нөхцөлд барилга, түүн дотор угсарч суурилуулсан дулааны иж бүрэн тоног төхөөрөмжийг хариуцагч өөрт нь шилжүүлэх үүрэгтэй гэжээ.
Эрчим хүчний тухай хуульд “дулаан дамжуулах сүлжээ” гэж эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг, “дулаан түгээх сүлжээ” гэж дулаан хуваарилах төв, түүнээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг хэлнэ тодорхойлсон байна.
Талуудын хооронд үүссэн маргааны зүйлийг Эрчим хүчний тухай хуулийн зохицуулалтад хамаарах “дулаан дамжуулах төв, түүний үйл ажиллагаа”-нд хамааралтай гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Зохицуулах хороо”-ны бүрэн эрхийг тодорхойлсон ба хуулийн 9.1.2-т “ энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж, харин 9.1.6-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх” гэж тус тус заасан байна.
Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “дулаан дамжуулах” үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл авах ба 12.7-д зааснаар тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглосон зохицуулалт үйлчилж байна.
Түүнчлэн 14 дүгээр зүйлд цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрлийн зохицуулалт байх бөгөөд 14.4-т “Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна” гэж заасан ба 16 дугаар зүйлд цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг хийжээ.
13. Нэхэмжлэгчийн шаардаж буй ... хороо, Зайсан тойруу гудамж, Зайсангийн аманд байрлалтай 264,47 м.кв талбай бүхий дулаан дамжуулах төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагад заасан ДДТ нь Эрчим хүчний тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн аль төрөлд хамаарах талаар баримтгүй, улмаар маргалдагч талууд тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн эсэх нь тодорхойгүй, түүнчлэн тухайн ДДТ-д суурилуулсан тоног төхөөрөмж нь техникийн нөхцөлийн хувьд тусгай зөвшөөрлийн аль стандартад хамаарах талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад маргааныг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзэхгүй.
Түүнчлэн Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д зааснаар тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглосон зохицуулалттай, нөгөөтэйгүүр ДДТ-ийн өмчлөлийн асуудлыг хамтран ажиллах гэрээний тохиролцоогоор нэг нь нөгөөдөө шилжүүлэх асуудлаар хоёр хуулийн этгээд маргалдаж байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “У ” ТӨХК нь өөрийгөө уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч гэснээс өөрөөр мэргэжлийн тайлбар гаргаж оролцоогүй нь учир дутагдалтай байна.
Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/01251 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/01117 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 1,832,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН