Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1062

 

 

 

 

 

 

      2020           8              20                                           2020/ДШМ/1062                           

 

 

     Н.Б, А.Д,

Б.Н нарт холбогдох эрүүгийн

                 хэргийн тухай             

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Н.Б, А.Д, Б.Н,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/505 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурор Э.Амарбатын эсэргүүцлээр Н.Б, А.Д, Б.Н нарт холбогдох эрүүгийн 12009000820346 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

          Н.Б, А.Д, Б.Н нар бүлэглэж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир” дэлгүүр дотор 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 03 цагийн орчимд хохирогч С.Эыг зодож эрүүл мэндэд нь “зүүн хацар, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, зулгаралт, дээд уруул, уруулын дотор салстад шарх, баруун тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

          Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Б, А.Д, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч А.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, А.Д, Б.Н нар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүгдэгч Н.Б, А.Д, Б.Н нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Н.Б, А.Д, Б.Н нараас нийт 130.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 43.333 төгрөгийг гаргуулан хохирогч С.Эод олгох, хохирогч нь эмчилгээтэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Амарбат бичсэн эсэргүүцэлдээ:. “... улсын яллагч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар дүгнэлт гаргасан боловч анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг дурдаагүй буюу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарт торгох ял оногдуулах болсон үндэслэл, торгох ялын хэмжээний үндэслэлийг тусгаагүй, шүүгдэгч нарт оногдуулсан ял нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохироогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохироогүй, ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр Н.Б, А.Д, Б.Нт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

Прокурор Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Шүүгдэгч Н.Б “шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

 

Шүүгдэгч А.Д “шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

 

Шүүгдэгч Б.Н “шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Н.Б, А.Д, Б.Н нар бүлэглэж Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир” дэлгүүр дотор 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 03 цагийн орчимд хохирогч С.Эыг зодож эрүүл мэндэд нь “зүүн хацар, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, зулгаралт, дээд уруул, уруулын дотор салстад шарх, баруун тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Эын “... 2020 оны 1 дүгээр сарын 10-нд шилжих шөнө 02 цагийн үед найз Ц.Мягмардорж, Б, эхнэр Ч.У нарын хамт “Тамир” дэлгүүрээс архи авахаар очсон. Нэг мэдсэн дэлгүүрийн үүдэнд Ч.У хүнтэй хэрэлдэж байхаар нь бид хоёр очоод болиулаад Б Ч.Уг аваад цаашаа явсан. Ц.Мягмардорж бид хоёр үлдээд “нэг шил архи авъя, карт уншуулна” гэсэн чинь “та нарт зарахгүй” гээд жаахан маргаан үүссэн. Бид нар такси барих гээд зам гараад алхаад явж байтал араас нөгөө залуучууд дуудаад “наанаа байж бай” гэсэн. Машинтай 2 цагдаа ирээд “хэрүүл хийхгүй, явцгаа” гэж хэлээд яваад өгсөн. Тэгтэл нөгөө 6 залуу ирсэн. Барзгар нүүртэй залуу нь тоосго барьж ирээд “цохино” гэж далайсан. Тоосгоо хаяад цээж рүү өшиглөж унагаагаад нүүр лүү нилээн хэд өшиглөсөн. Тэр үед нүдний дороос цус гарсан. Хар хувцастай өндөр залуу бас нүүр, цээж, нуруу руу өшиглөсөн. Би “та нар яасан гэж намайг зодож байгаа юм” гэж хэлэхэд “зайл” гэж хэлсэн. Би “та нар тийм чадалтай юм бол дахиад зод” гэсэн чинь барзгар царайтай залуу нь “дагаад хүрээд ир” гэхээр нь би дагаж яваад “Тамир” дэлгүүр лүү орсон. Намайг оруулаад хаалгаа цоожилсон. Ороод арзгар үстэй залуу нь миний нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь нүүрээ дараад тонгойсон. Хажуунаас нүүр лүү нилээн хэд өшиглөсөн. Хар хувцастай өндөр залуу архины шилээр цохих гээд далайгаад байсан. Намайг хана налуулж зогсоогоод тэд нар тойроод зогсож байсан. Би нүүрээ хамгаалаад гараараа дарсан байсан. Тэгтэл нэг нь /хэнийг нь мэдэхгүй/ нүүр лүү цохиход хажуу талаараа газар унасан. Унасан чинь нэг нь уруул руу өшиглөсөн. Энэ тэндээс өшиглөөд дэвсээд байсан. Нэг нь босгоод “цусаа угаа” гэж хэлэхээр нь цусаа угааж байтал доороос “наад залуугаа хурдан гарга гээд байна, авгай нь цагдаа дуудаад байна” гэж хэлсэн. Тэгсэн намайг түлхэж гаргаад хаалгаа хаасан. Би нүүрээ хамгаалаад гараараа дарсан байсан болохоор яг хэдэн хүн өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна. Санаж байгаагаар 2-3 залуу тойроод зогсож байсан. Толгойн томограф 130.000 төгрөг, эм тариа 10.000 төгрөг, нийт 140.000 төгрөгийн зардал гарсан. Одоо сорвины тос авна. ...” /хх 5, 6-7/,

 

гэрч Ч.Угийн “... 2020 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед найз Б, Доржоо, нөхөр С.Э бид дөрөв архи авах гэж “Тамир” дэлгүүр дээр очсон. Үүдэнд зогсож байсан хар куртиктай өндөр залууд картаа өгсөн чинь хажуунаас Доржоо бас картаа өгөхөөр нь “эндээс уншуулчих” гэсэн чинь тэр залуу “нэг карт уншина” гэхээр нь би “юу гээд байгаа юм” гээд маргасан чинь миний цээж рүү “цаашаа” гээд түлхсэн. Архиа аваагүй зам гараад зогсож байхад 4-5 залуу ирж байсан. Араас 2-3 залуу ирээд манай нөхрийг цохиод байсан. Би салгах гээд оролдсон. ...Цагдаа дуудах гээд утсаар ярьж байх хооронд манай нөхөр дэлгүүр лүү орсон байсан. Тэгээд цагдаа ирээд хаалгыг нь цохиод байсан. Манай нөхөр гараад ирсэн. Нүүр нь нил цус болсон байсан. Маргаан болсон замын эсрэг талд такси барих гэж байхад араас ирсэн залуучууд найз Доржоо, Б хоёрыг зодоод байсан. Туранхай, хар куртиктай залуу нь манай нөхрийн гуя руу 1 удаа өшиглөөд, цээж рүү нь цохиод байсан. ...” /хх 18/,

 

гэрч Ц.Мягмардоржийн “... 2020 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө найз С.Э, Ч.У, Б нарын хамт архи авах гэж тэнд очсон. Нэг мэдсэн Ч.У руу нэг залуу орилж чарлаад байхаар нь “та нар согтуу хүмүүстэй харьцаж байж аятайхан үйлчилчих” гэж хэлсэн. Тэгээд маргалдаж байгаад бид нар такси барих гээд зам гарсан. Тэгсэн 4-5 залуу араас хүрч ирээд бид нарын толгой руу цохичихоод буцаад явчихаар нь С.Э араас нь очоод “та нар ямар их хүн зоддог юм, зодолдъё” гэсэн чинь татаж оруулаад хаалгаа түгжсэн. Бид нар нүдээд онгойлгохгүй болохоор нь цагдаа дуудсан. 10 орчим минутын дараа С.Эыг түлхэж гаргаад хаалгаа түгжсэн. С.Эын уруул, шанаа нь хавдсан, цус болсон байсан. ...” /хх 19/,

 

Н.Бийн яллагдагчаар өгсөн “... Б.Н, А.Д бид 3 тухайн залуугийн нүүрэн тус газар цохиж хохирол учруулсан. Тухайн үед бид 3 ярилцаад “намайг зодсон болгож мэдүүлэг өгье” гэж ярьсан. Б.Н, А.Д нар тухайн залууг цохисон талаараа ярихгүй байгаа байх. “Би хэргийг даагаад, тэр 2 надад хохирлын мөнгийг цуг барагдуулна” гэж ярьсан юм” /хх 64-67/ гэсэн мэдүүлгүүдээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... С.Эын биед зүүн хацар, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, зулгаралт, дээд уруул, уруулын дотор салстад шарх, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон 1433 дугаартай дүгнэлт, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” дүгнэлт /хх 24-25/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Б, А.Д, Б.Н нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Н.Б, А.Д, Б.Н нарын таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Эыг дэлгүүрт дагуулан орж, улмаар тойрч зогсоод хүч хэрэглэн эрүүл мэндэд нь зүүн хацар, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, зулгаралт, дээд уруул, уруулын дотор салстад шарх, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу бүлэглэн үйлдсэн гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүхээс Н.Б, А.Д, Б.Н нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул прокурор Э.Амарбатын “... шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохироогүй, ял хөнгөдсөн, ...” гэсэн агуулга бүхий бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.  

 

Цаашид анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасны дагуу шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тодорхой зааж байх нь зүйтэй.

 

Иймд прокурор Э.Амарбатын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 505 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Э.Амарбатын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                         Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ