Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0494

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е, хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар захирамжаар байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-г дүгнэх ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Д.Пнарыг оролцуулан МХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжаар байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-г дүгнэх ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: М ХХК, 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжаар байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-г дүгнэх ажлын хэсэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэрийн МХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/******* дугаар захирамжаар манай компанийн МҮ-******* түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон. Тус захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж маргааныг шүүхээр хэлэлцэх явцад нэхэмжлэгч хариуцагч нар Эвлэрлийн гэрээ байгуулснаар 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамж гарч, талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Бид 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээний дагуу баримт бичгийн бүрдүүлэлтийг шат дараатайгаар улирлын онцлогт тааруулан хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээгээр биелүүлсэн үүргээ биелүүлэн ажиллаж Нийслэлийн Байгаль орчны газарт 2019 оны 05 дугаар сарын 08-нд, 2019 оны 05 дугаар сарын 10-нд болон 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрүүдийн албан тоотуудыг бичиг баримтын бүрдлийн хамтаар хүргүүлсэн.

Дээрх Эвлэрлийн гэрээгээр гагцхүү манай компани үүрэг хүлээгээгүй, гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн Байгаль орчны газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавихаас гадна дэмжлэг үзүүлэхээр харилцан тохиролцсон боловч энэхүү дэмжлэг нь бодитоор хэрэгжээгүй юм. Тухайлбал манай компаниас хүргүүлж байсан удаа дараагийн албан бичгүүдэд зохих хариуг өгч, түргэн шуурхай шийдвэрлэж ажиллаагүйн дээр асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, саад учруулахгүй байх зэрэг үүргээ зөрчин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд бидэнтэй огт уулзаагүй, удаа дараагийн хүсэлт тайлбарыг харгалзаж үзэлгүй Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан түүнээс гарсан дүгнэлтээр бидний зөвшөөрлийг цуцалсан. Ингэхдээ тухайн ажлын хэсэг нь бидэнтэй огт уулзаагүй, түүнээс гарсан дүгнэлтээ мэдэгдэж, танилцуулаагүй.

Үүний дараа 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаар албан бичигт Тусгай зөвшөөрөл бүхий 34 аж ахуйн нэгжийн Эвлэрлийн гэрээний биелэлтийг дүгнэсэн ажлын хэсгээс танай компани үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн тул МҮ-******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариу өгсөн.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлээс харахад тус ажлын хэсгийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-д зааснаар Хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалт болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж, байгаад хяналт тавиг чиг үүргийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан гэж ойлгогдохоор байна. Гэтэл хуулийн эрх олгогдоогүй субъект /ажлын хэсэг/-ийн дүгнэлт гэхийг үндэслэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан шаардлагыг хангахгүй болсон, эрх бүхий байгууллагын дүгнэлт, санал гарсан зэрэг үндэслэл бүхий нөхцөл байдал бий болоогүй байхад манай компанийн эрх ашиг хохирол учруулахуйц нөхцөлийг бий болгож эрх сэргээхгүй хэмээн хууль зөрчсөн шийдвэр гарсанд гомдолтой байна.

Бидний зүгээс Нийслэлийн Засаг дарга болон НЗДТГ-т хандан компанийн
гүйцэтгэсэн ажлыг бүрэн бодитой дүгнээгүй байгаа талаар мэдэгдэж, удаа дараагийн гомдол албан бичгийг хүргүүлсэн боловч эрх сэргээх боломжгүй, Ажлын хэсгийн дүгнэлт үндэслэл бүхий гарсан. Ажлын хэсэг гэрээний үүргээ биелүүлсэн эсэхийг дахин хяналт шаардлагагүй гэж үзэж байна гэх хариуг НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Д-өгч ирсэн.

Улмаар бид уг асуудлаар шүүхэд хандан 2019 оны 12 дугаар сарын 16-ны нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 182/Ш32020/0355 дугаар захирамжаар буцаан шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжид дурдсанаар ..ажлын хэсгийн дүгнэлтийг хавсаргаж ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын 2019 оны ******* дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг ирүүлээгүй нь тухайн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны акт мөн эсэхийг тодорхойлох боломжгүй хэмээн дүгнэсэн. Нийслэлийн Засаг даргын 2019 оны ******* дүгээр захирамж, түүний дагуу байгуулагдсан ажлын хэсгийг дүгнэлтийг гаргуулахаар НЗДТТ-т хүсэлт гаргаж хариуг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуг гардаж авсан. Уг албан бичигт Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл гэхийг хавсаргаж ирүүлсэн бөгөөд Ажлын хэсгийн зүгээс Эвлэрлийн гэрээний биелэлтийг дүгнээд нэр бүхий 15 аж ахуйн нэгжүүд эвлэрлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул энэ тухай албан бичиг хүргүүлж, мэдэгдэхээр шийдвэрлэлээ гэжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад талуудын хооронд шийдэгдсэн маргааныг Ажлын хэсэг байгуулах замаар дахин шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Дээрх хууль бус шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг нь 9 гишүүнтэй ба манай компанид холбогдох шийдвэрийг 2019 оны 07 дугаар 05-ны өдөр уг ажлын хэсгийн дарга*******, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга ******* гэсэн 2 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, хурлын тэмдэглэлээр шийдвэр гаргасан байна.

Бид 10 гаран жил лицензийн төлбөрийг төлж ирсэн ч компанийн зорилгод нийцсэн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд захиргааны байгууллагын үндэслэл тодорхой бус, зорилгодоо үл нийцсэн дээрх шийдвэрийн үр дагавраар хохирч байгаад гомдолтой байна.

Иймд зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаж байгаа ажлын хэсгийн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын 5, 6 шинж чанарыг бүрэн агуулсан захиргааны акт тул үүн дээр огт маргахгүй байгаа. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс захиргааны акт мөн гэдгийг баталсан. Нэхэмжлэгч тал хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлын хэсгийн дүгнэлтийг авснаасаа хойш урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг удирдах дээд шатны албан тушаалтнуудад хандаж байсан.

Нийслэлийн Засаг даргад өргөдөл гомдол гаргаж, түүнийхээ хариуг авсны дараа хуульд заасан үндэслэл журмын дагуу хугацаандаа захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ асуудлаар хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар үндэслэлийг ярихгүй байгаа. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын үндсэн шинж, хэлбэр, агуулгыг хангасан байх ёстой. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн дараах заалтуудыг зөрчсөн хууль бус шийдвэр гарсан гэж үзэж байна.

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан хуульд үндэслэх гэснийг зөрчсөн.

Захиргааны байгууллага, албан тушаалтнаас явуулж байгаа аливаа үйл ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хуульд үндэслэсэн байх ёстой. Ажлын хэсгийн дүгнэлтийг гаргахдаа ямар хуулийн, ямар зүйл заалтыг барьж шийдвэр гаргаснаа дурдаагүй. Хариуцагч талыг төлөөлж байгаа төлөөлөгч нар асуулт хариултын явцад үүнд тодорхой хариулт хэлж чадаагүй.

2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэснийг зөрчсөн.

Талууд Эвлэрлийн гэрээ байгуулахад нэхэмжлэгч тал гэрээгээр 4 төрлийн үүрэг хүлээсэн. Нэг дэх үүрэг бол бичиг баримтын бүрдлийг хангах үүрэг байсан. Өмнөх шүүх хуралдааны явцад баримт бичгийн бүрдлийн талаар ярьж шаардлагатай гэх нотлох баримтыг цуглуулахаар хойшилсон. Нэхэмжлэгч тал тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл газрын төлбөрийг төлж байсан гэдгийг Налайх дүүргийн Газрын албанаас ирсэн баримтаар тогтоогдож байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарах үед газрын гэрээ байгуулагдаагүй байсан гэх асуудлыг ярьдаг. Газрын гэрээний нэг тал нь захиргааны байгууллага, албан тушаалтан байдаг учраас тэдгээрийн шийдвэр, хүсэл зоригийн дагуу хийгддэг ажиллагаа. Нэхэмжлэгч талаас өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг авсан. Газрын төлбөрийг төлж газрын гэрээг байгуулъя гэсэн хүсэлтээ Газрын албанд удаа дараа илэрхийлж байсан. Газрын албаны зүгээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлагдсан байгаа учраас газрын гэрээ байгуулахгүй, газрын төлбөрийн асуудал яригдахгүй гэх асуудлыг гаргаж ирдэг. Энэ нь төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоо муу, Эвлэрлийн гэрээнд заасан тохиролцооноосоо гажсан хууль бус шаардлагуудыг тавьж байсан гэдэг нь харагдаж байна. Мөн барьцаа хөрөнгийн асуудал байна. Манай зүгээс барьцаа хөрөнгө байршуулж байсан мөнгөний баримтыг гаргаж өгсөн. Шүүхээс холбогдох баримтуудыг шаардаж авсан байгаа учраас энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж байна. Мөн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хянан баталгааны төлбөр төлж байсан гэх баримтыг шүүхэд өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагч нарын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч байгууллага Нийслэлийн Засаг даргатай байгуулсан шүүгчийн захирамжаар баталгаажиж хүчин төгөлдөр болсон эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Газрын гэрээ байгуулагдаагүй нөхцөл байдалд нэхэмжлэгч байгууллагыг яагаад буруутгаад байгаагаа ажлын хэсгийн дүгнэлтдээ тодорхой дурдаж ёстой байсан. Бичиг баримтын бүрдлийг шалгаж гаргасан дүгнэлтийнхээ гол хэсэгт эвлэрлийн гэрээний үүргийг бүхэлд нь биелүүлээгүй мэтээр бичиж нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт гэж үзэж байна.

3. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтад заасан захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэснийг зөрчсөн.

Манай зүгээс гол маргаж байгаа асуудал бол ажлын хэсэг гаргаж дүгнүүлж байгаа асуудлыг өмнө нь шийдвэрлэчихсэн асуудал байна. Өөрөөр хэлбэл өмнө Нийслэлийн Засаг даргатай Эвлэрлийн гэрээ байгуулж, тус гэрээг шүүхийн журмаар батлуулж шүүгчийн захирамж гаргасан. Шүүгчийн захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68, 69 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгддэг эцсийн шийдвэр байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжид тусгасан асуудлаар дахиж шийдвэр гаргах эрхгүй байдаг. Гэтэл ямар үндэслэлээр дахин дүгнэлт гаргаж байна вэ. Энэ талаараа дүгнэлтдээ тусгаагүй. Энэ талаар хариуцагч тал тодорхой хариу тайлбарыг хэлж чадахгүй байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэснийг зөрчсөн.

Тус заалтад заасны дагуу дүгнэлт гаргах үндэслэлийг ажлын хэсгийн дүгнэлтдээ тусгаагүй. Хариуцагч тал энэ талаар дэлгэрэнгүй тайлбарыг гаргаж чадахгүй байна гэж харж байна. Эцэслэн дүгнэхэд Нийслэлийн Засаг дарга, Ажлын хэсгийн гаргаж байгаа үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийг зөрчсөн хууль бус шийдвэр байна гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой байтал тус шийдвэрт тусгагдаж баталгаажсан асуудлаар дахин захиргааны акт гаргаж нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж шийдвэр гаргаж байгаад нэхэмжлэгч талаас туйлын гомдолтой байна. Хариуцагч талаас гаргасан захиргааны акт нь мөн адил хууль бус байх тул нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: МХХК-ийн 1. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэрийн МХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. М\/-******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээх шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Минжит булган гол" ХХК-ийн М\/-******* дугаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/******* дүгээр захирамжаар хүчингүй болгож, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон. Тус компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад тодорхой чиг үүргийг 3 сарын хугацаанд биелүүлэх нөхцөлтэйгөөр нэхэмжлэгч хариуцагч эвлэрлийн гэрээ байгуулсныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дүгээр шүүгчийн захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Эвлэрлийн гэрээний 1.1-д Нэхэмжлэгч тал энэхүү гэрээнд заасан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлсэн тохиолдолд хариуцагч тал Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт МХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах М\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргэсэнд тооцно гэж заасан. Гэрээнд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлсэн эсэхийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны ******* дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар ирүүлсэн баримт материалыг шалгаж, дүгнэхэд тус компани эвлэрлийн гэрээнд заасан чиг үүргээ бүрэн биелүүлээгүй байсан. Эвлэрлийн гэрээний 2.1.1-д заасан уурхай дээр зайлшгүй байх баримт бичгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүрдүүлбэрийг хангасан байх ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, тайлан, Уулын ажлын төлөвлөгөө, тайлан, газар ашиглах гэрээ болон төлбөрийн баримтын хуулбар, байгаль орчны тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгийн төлбөрийн хуулбар гэх мэт/ гэсэн баримт бичгүүдээс ТЭЗҮ-ийн нүүр хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, Уулын ажлын төлөвлөгөө зэргийг ирүүлж бусад баримт бичгүүдийг ирүүлээгүй болно.

Мөн гэрээний 2.1.2-д газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх гэж заасан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр холбогдох мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан тухай баримт бичиг ирүүлж, тус ажлыг хийгээгүй байсан.

Иймд дээрх Ажлын хэсгээс гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн Минжитбулган гол ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй болсныг мэдэгдсэн болно. Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээс тус компанид холбогдох хэсгийг салган Ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж, МХХК-д хүргүүлсэн бөгөөд хурлын тэмдэглэлийн эхэнд ямар хүмүүс оролцсон тухай мэдээлэл байгаа бөгөөд 2 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан гэх нь буруу ойлголт юм.

Тус хурлаар 15 компанийн баримт бичгийг шалгаж, дүгнэсэн бөгөөд бусад компаниудын мэдээллийг өгөх боломжгүй учир зөвхөн тус компанид холбогдох хэсгийг хүргүүлсэн болно. Захиргааны байгууллагын зүгээс хууль зүйн үндэслэлтэй үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлын хэсэг гарсан шалтгаан бол шүүгчийн захирамжаар баталгаажсан эвлэрлийн гэрээ нь тодорхой нөхцөл шаардлагын үндсэн дээр байгуулагдсан. Тус Эвлэрлийн гэрээнд заасан үүргийг хэрхэн биелүүлсэн болохыг шалгахын тулд Нийслэлийн Засаг даргын зүгээс ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн баримт бичгийг дүгнэн үзэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Хэрэгт авагдсан болон нэхэмжлэгч талаас шинээр гаргаж өгсөн баримтаас харахад нэхэмжлэгч тал өөрсдийн зүгээс хийх ёстой ажлаа хийгээгүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч тал газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, барьцаа хөрөнгө байршуулаагүй. Эвлэрлийн гэрээнд заасан үүргийг 3 сарын хугацаанд биелүүлж дуусгахаар заасан байсан хэдий ч манай зүгээс уг 3 сарын хугацааг баримтлаагүй гэдгийг өмнө хурал дээр хэлсэн. Эвлэрлийн гэрээнд үүрэг болгосон ажлыг 3 сарын хугацаанд гүйцэтгэх боломжгүй гэдгийг ойлгож байсан учраас бид байгууллагуудад боломж олгох ёстой гэж үзэн гэрээний биелэлтийг 7 дугаар сард дүгнэсэн. Ажлын хэсгийн дүгнэлтэд МХХК-ийн ирүүлсэн баримт материалууд нь бүрэн биш ч гэсэн төрийн байгууллагууд нь татаж авсан байх тул тус баримтуудыг байгаа гэж үзсэн талаар бичсэн. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг хувийн байгууллагаар хийлгэж ерөнхий шинжээчээр батлуулсны үндсэн дээр бүрэн хийгдсэнд тооцогдоно. Нэхэмжлэгч байгууллагаас ерөнхий шинжээчээр батлуулсан гэх баримтыг ирүүлээгүй зөвхөн мэргэжлийн байгууллагаар хянан баталгаа гаргуулсан гэх баримтыг ирүүлсэн тул хянан баталгааг хийлгээгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчийн хамт ирж надтай уулзахад нь би Засаг даргаас асууна гэж хэлээгүй. Би шийдвэр гүйцэтгэгчид холбогдох тайлбарыг өгч гарын үсэг зуруулаад явуулсан. Тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай өрөөнд хамт байсан ба биднийг хэл амаар доромжилж түрүүлээд манай өрөөнөөс гарсан. Гэтэл даргаасаа асууна, дарга нь ажлаа мэддэг гэж ярьж болохгүй байх. Мөн үүнийг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Налайх дүүргийн Засаг даргатай уулзсан, газрын төлбөрийг график гаргаж төлье гэх хүсэлт, саналыг тавьсан гэж байна. Газрын төлбөр болох 35,160,000 төгрөгийн үлдэгдлийг график гаргаж төлөх бүрэн боломжтой байсан. Гэхдээ Налайх дүүргийн газрын албанд газрын төлбөрийг төлье гэх хүсэлт ирээгүй. Удаа дараа хүсэлт тавьсан гэх асуудал нь 2019 оны 12 дугаар сард газрын албан руу явуулсан албан бичигтээ манай байгууллага газрын төлбөр төлөх боломжгүй байна, үйл ажиллагаа эхэлж ажил жигдрэхээр газрын төлбөрийг төлөх хүсэлтэй байна гэсэн албан бичгийг явуулсан. Нэхэмжлэгч байгууллага Нийслэлийн Газрын албатай нэг ч удаа ирж уулзаагүй. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд нэхэмжлэгч байгууллагаас 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ганцхан удаа албан бичиг явуулж байсан. Тус албан бичиг манай хуулийн хэлтсийн мэргэжилтэнд очсон. Хуулийн хэлтсийн мэргэжилтнээс тусгай зөвшөөрөл цуцлагдсан тул боломжгүй гэсэн хариуг өгсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч МХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэр (тэмдэглэл)-ийн МХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална, 37.1.3-т тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан, 37.6-т Аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол мэргэжлийн хяналтын байгууллагад, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол татварын асуудал эрхэлсэн байгууллага, төрийн захиргааны байгууллагад тус тус мэдэгдэнэ, Газрын хэвлийн тухай хуулийн 2 дугаар зүйлд Хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно, 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч МХХК болон хариуцагч Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 07/11 тоот Эвлэрлийн гэрээг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0******* дугаар Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Уг шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч тал Эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д Нэхэмжлэгч тал түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын МV-******* дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ, 2.1.1-д уурхай дээр зайлшгүй байх баримт бичгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүрдүүлбэрийг хангасан байх /ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлыг нарийвчилсан үнэлгээ, Байгаль, орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, тайлан, Уулын ажлын төлөвлөгөө, тайлан, газар ашиглах гэрээ болон төлбөрийн баримтын хуулбар, байгаль орчны тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгийн төлбөрийн хуулбар гэх мэт гэж, 2.1.2-т газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх, 2.1.3-д гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангасан талаар Нийслэлийн Байгаль орчны газар /цаашид НБОГ гэх/-аар тодорхойлолт гаргуулах ба талбайг ашиглахад шаардлагатай баримт бичгүүдийг НБОГ-т гаргаж өгөх гэж, 2.1.4-д Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /цаашид НМХГ гэх/, НБОГ-ын шаардлагыг тухай бүрд биелүүлж ажиллах зэрэг үүргүүдийг хүлээжээ.

Мөн Эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д зааснаар нэхэмжлэгч тал Эвлэрлийн гэрээний 2.1-д заасан гэрээг байгуулж, Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхээр баталгаажуулснаас хойш 3 сарын дотор бүрэн биелүүлсэн тохиолдолд Эвлэрлийн гэрээний 2.2.5-д заасны дагуу МХХК-ийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг сэргэсэнд тооцохоор харилцан тохиролцсон байна.

Улмаар уг гэрээний дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжаар Ажлын хэсэг байгуулах тухай Нийслэлийн Засаг даргатай эвлэрлийн гэрээ байгуулж нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 34 аж ахуйн нэгжийн Эвлэрлийн гэрээний биелэлтийг дүгнэж, газар дээр нь очин ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталж, гэрээний биелэлтийг батлагдсан журам, стандартын дагуу дүгнэж, цаашид авах арга хэмжээний саналын хамт 2019 оны II улиралд багтаан танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгож, уг захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчид тус тус даалгажээ.

Дээрх захирамжаар байгуулагдсан Эвлэрлийн гэрээг дүгнэх үүрэг бүхий ажлын хэсэг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, нийт 15 аж ахуйн нэгжийн Эвлэрлийн гэрээний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан талаарх ирүүлсэн баримт бичгийг үндэслэн дүгнэж, ажлын хэсгийн гишүүдийн №02 тоот тэмдэглэл гарсан байна.

Уг тэмдэглэлийн 2 дахь хэсэг буюу МХХК-д холбогдох хэсэгт дурдсанаас үзвэл тус компанийг ...ТЭЗҮ батлуулсан, БОНБНҮ-г батлуусан боловч нарийвчилсан үнэлгээний огноо тодорхойгүй, ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө буюу уулын ажлын төлөвлөгөөг НБОГ-т ирүүлсэн боловч батлаагүй хүлээгдэж байна, БОМТ хянагдаагүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, мөн газрын төлбөр төлсөн талаар баримт ирүүлээгүй буюу байхгүй, БОАЖЯ-нд байгаль орчны нөхөн сэргээх баталгаа (барьцаа хөрөнгө) байршуулсан талаар мэдээлэл ирүүлээгүй болон байршуулаагүй, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг мэргэжлийн байгууллагуудтай 2019.05.13-нд гэрээ байгуулсан. Уг гэрээний хугацаа 2019.07.01-нд дууссан боловч Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа нь хийгдсэн эсэх, батлагдсан эсэх талаарх мэдээллийг ирүүлээгүй байна... гэсэн үндэслэлүүдээр ажлын хэсгийн гишүүдийн 100 хувийн саналаар Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өмнө нь шүүхээр баталсан Эвлэрлийн гэрээг дүгнэх эрхгүй..., хариуцагч талаас ...нэхэмжлэгч компанийг Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д зааснаас үзэхэд хариуцагч гэрээгээр тохиролцсон үүргийн биелэлтийг 3 сарын дараа дүгнэх эрхтэй гэж ойлгогдохоор байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нэхэмжлэгч МХХК-иас 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар ирүүлсэн баримт материалыг шалгаж, дүгнэхэд тус компани эвлэрлийн гэрээнд заасан чиг үүргийг биелүүлээгүй байсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Тухайлбал, Эвлэрлийн гэрээний 2.1.1-д заасан уурхай дээр зайлшгүй байх баримт бичгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүрдүүлбэрийг хангасан байх ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, тайлан, Уулын ажлын төлөвлөгөө, тайлан, газар ашиглах гэрээ болон төлбөрийн баримтын хуулбар, байгаль орчны тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгийн төлбөрийн хуулбар гэх мэт/ гэсэн баримт бичгүүдээс ТЭЗҮ-ийн нүүр хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, Уулын ажлын төлөвлөгөө зэргийг ирүүлж бусад дурдсан баримт бичгүүдийг ирүүлээгүй, 2.1.2-т заасан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгээгүй, 2.1.3-т заасан гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангасан талаар Нийслэлийн Байгаль орчны газар /цаашид НБОГ гэх/-аар тодорхойлолт гаргуулж талбайг ашиглахад шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 11.2.3-т хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалт болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжаар Эвлэрлийн гэрээг дүгнэх ажлын хэсгийг байгуулсан байх тул уг захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргийг дүгнэж шийдвэрлэсэн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх гэж заасантай нийцсэн бөгөөд нэгэнт талууд Эвлэрлийн гэрээгээр тогтоосон хугацаанд тодорхой үүргүүдийг хэрэгжүүлэхээр сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсон байх тул гэрээгээр хүлээсэн үүргийг дүгнэсэн ажлын хэсгийн тэмдэглэлийн холбогдох хэсгийг өмнө нь тусгайлан танилцуулаагүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болохгүй.

Учир нь нэхэмжлэгч шүүх дээр Эвлэрлийн гэрээг байгуулахдаа эдгээр үйл баримтыг тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр МХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэрийн МХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3, 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч МХХК-ийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжаар байгуулагдсан Эвлэрлийн гэрээ-г дүгнэх ажлын хэсэгт холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэрийн МХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч Минжитбулган гол ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР