Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2021/02048

 

 

 

 

 

 

   2021         09          21                                     182/ШШ2021/02048

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЭТМС ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Э-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,287,500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдан борлуулах, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Иргэн Х.Э-той 2019.12.24-ний өдөр бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэрээр 6,900,000 төгрөгийн үнэтэй EVapor 3000i маркийн тоос сорогч, уурын индүү болох олон үйлдэлтэй иж бүрэн төхөөрөмжийг урьдчилан 600,000 төгрөгийн төлөлтийг хийгээд үлдсэн төлбөрийг 10 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 630,000 төгрөгөөр тус тус төлж дууссан байхаар тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу манай байгууллага 2019.12.24-ний өдөр акт үйлдэн дурдсан төхөөрөмжийг ямар нэгэн эрхийн болон эд хөрөнгийн доголдолгүйгээр хариуцагч Х.Э-д хүлээлгэн өгсөн, харин Х.Энь 2019.12.24-нд өдөр 600,000 төгрөг, 2020.02.06-нд 600,000 төгрөг, 2020.07.06-нд 600,000 төгрөг, 2020.10.09-нд 600,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлтийг хийгээгүй, сар бүрийн төлөлтийг тасалдуулсан. Манай байгууллага түүний оршин суугаа хаягаа очиж уулзах гэхлээр гэртээ байдаггүй, тэгсэн хэрнээ утсаа аваад яриад байдаг, төлнө гэх боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд 6,900,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2,400,000 төгрөгийг хасаад төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 4,500,000 төгрөг болж байна. Түүнчлэн бид гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар алдангид 0,1%-ийг төлөхөөр тохиролцсон, энэхүү тохиролцооны дагуу алдангийг тооцвол, 2020.11.01-ний өдрөөс 2021.03.30-ныг өдрийг хүртэл 175 хоног, 787,500 төгрөг болж байна. Манай байгууллага өмнө нь 03 сард шүүхэд хандаж байсан, тийм учраас энэ хугацаагаар алдангийг тооцсон. Ингээд нийт 5,287,500 төгрөгийг хариуцагч Х.Э-с гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ЭТМСХХК нь хариуцагч Х.Э-д холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,287,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Зохигчдын хооронд 2019.12.24-ний өдөр “бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах” гэсэн нэртэй гэрээ байгуулагдсан байх ба, уг гэрээгээр хариуцагч Х.Энь EVapor 3000i маркийн тоос сорогч, уурын индүүний олон үйлдэлтэй иж бүрэн төхөөрөмжийг 6,900,000 төгрөгөөр худалдаж авах, урьдчилгаанд 600,000 төгрөг төлөх, үлдэгдэл мөнгийг 10 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 630,000 төгрөгөөр төлж дуусгах, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөр төлөлтийн нийт үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх алданги төлөх, нэхэмжлэгч ЭТМСХХК нь төхөөрөмжийг хариуцагч Х.Э-д шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ЭТМСХХК нь 2019.12.24-ний өдөр гэрээний зүйл болсон EVapor 3000i маркийн тоос сорогч, уурын индүүний олон үйлдэлтэй, иж бүрэн төхөөрөмжийг хариуцагч Х.Э-д хүлээлгэн өгсөн, хариуцагч Х.Энь 2019.12.24-ний өдөр 600,000 төгрөг, 2020.02.06-нд 600,000 төгрөг, 2020.07.06-нд 600,000 төгрөг, 2020.10.09-нд 600,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч ЭТМСХХК нь үлдэгдэл 4,500,000 төгрөгийг төлүүлэх талаар хариуцагч Х.Э-той утсаар ярьж, сануулж, шаардаж байсан, гэрээний хугацаа 2020.10.24-ний өдөр дууссан байна.

 

Дурдсан үйл баримтууд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, 2019.12.24-ний өдрийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, Кирби загварын бараа бүтээгдэхүүний нийцлийн мэдэгдэл, бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн акт зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Хэдийгээр гэрээ нь “бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэсэн нэртэй байх боловч гэрээний агуулга, талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1-д заасан шаардлагад нийцэхгүй, энэхүү гэрээний нэг шинж болох хүүний тохиролцоо байхгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар бараа бүтээгдэхүүний үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч ЭТМСХХК нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар бараа бүтээгдэхүүнийг хариуцагч Х.Э-д нэгэнт хүлээлгэн өгсөн байхад хариуцагч Х.Энь төлбөр төлөх үүргээ гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар шударгаар, зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй байтал биелүүлээгүй, тийм учраас гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,1%-иар алдангийг нэмж төлөх үүрэгтэй болжээ.

 

 

Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг, анзын төрөл болохын хувьд хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иас хэтрэхгүй хэмжээгээр нөгөө талдаа төлөхөөр тогтоосон, хариуцлагын шинжтэй хууль зүйн ойлголт бөгөөд гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2-т тусгасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ.

 

 

Ийнхүү нэхэмжлэгч ЭТМСХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр 4,500,000 /6,900,000 төг – 2,400,000 төг/ төгрөг, алдангид 787,500 төгрөг, нийт 5,287,500 төгрөгийг хариуцагч Х.Эрдэнэсоёлоос шаардах эрхтэй байх боловч алдангийн талаарх нэхэмжлэгчийн тооцоолол буруу байна гэж үзлээ. Шүүх алдангийн талаарх тооцооллыг зөвтгөн, нэхэмжлэгчийн тооцсон цаг хугацаа буюу 2020.11.01-ний өдрөөс 2021.03.30-ны өдрийг дуустал тооцвол, алданги нь 150 хоногийн 675,000 /4,500,000 төг * 0,1% = 4,500 төг * 150 хон/ төгрөг болов.

 

Шүүх хариуцагч Х.Э-г2021.05.14-ний өдрийн 7605 дугаар шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, түүнд нэхэмжлэлийг 2021.06.14-ний өдөр гардуулан, эрх, үүргийг нь танилцуулан, 2021.06.28-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч Х.Энь тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч Х.Э-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул түүнээс бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 4,500,000 төгрөг, алданги 675,000 төгрөг, нийт 5,175,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭТМСХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 112,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Х.Э-д шүүх хуралдааны товыг түүний оршин суугаа хаяг болох Чингэлтэй, Баянзүрх дүүргийн дээр дурдсан хаягуудаар шуудангаар хүргүүлсэн, тэрээр Чингэлтэй дүүргийн хаягаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй, харин Баянзүрх дүүргийн хаягаар “ээж н.Баасанхүү” гэх хүн шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авчээ.

 

Иймд хариуцагч Х.Э-г шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзэх бөгөөд, тэрээр шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.Э-с 5,175,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭТМСХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 112,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ЭТМСХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 99,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Э-с 97,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭТМСХХК‑нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА