Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2021/01280

 

 

2021 оны 06 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2021/01000 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Ш.Ө хотхон, өөрийн байранд байрлах, Ш.Ө СӨХ /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Ш.Ө хотхон, 00а дугаар байр, 00 дугаар тоотод оршин суух, Б овогт С.Е /РД:ЦА00000000/-д холбогдох,

Талбай чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч С.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хариуцагчийн өмгөөлөгч У.М, бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Ц.Э нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч С.Е нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Ш.Ө хотхоны 00а байрны 00 тоот хаягт байрлах нийтийн дундын эзэмшлийн, СӨХ-ны талбайг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа бөгөөд, үүний улмаас СӨХ нь байрны цахилгаан шатны болон дээврийн хэсэгт зохих засвар үйлчилгээ хийх, хийлгэх боломжгүй хэвийн ажиллагаанд саад учруулж байна. Энэ талбайг чөлөөлж өгөх тухай асуудлаар дараа буюу 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр, 2020 оны 10 дугаар сарын 04-ний мэдэгдэл өгсөн боловч, талбайг чөлөөлөхгүй, манай ажилд саад болон өнөөдрийг хүрч байна.

Иймд хариуцагч С.Е болон түүний гэр бүлийн гишүүдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Ш.Ө хотхоны 00а байрны 00 тоот хаягт байрлах талбайгаас албадан чөлөөлөх тухай шийдвэрийг гаргана уу ... гэв.

Хариуцагч С.Е шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Тус нэхэмжлэлд Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Ш.Ө хотхон, 00А байр, 00 тоотыг нийтийн дундын эзэмшлийн, СӨХ-ны талбай гэж тодорхойлсон байна. Энэ нь надад байгаа баримтаар иргэн Бавуу овогтой Батцэнгэлийн өмчлөлд байдаг, үл хөдлөх гэрчилгээний Ү-0000000000 дугаартай орон сууц бөгөөд эзэмшигч Б.Б зөвшөөрөлтэйгөөр тус орон сууцанд миний бие амьдардаг билээ.

Цахилгаан шатны болон дээврийн хэсэгт зохих засвар хийх, хийлгэх боломжгүй, саад учруулж байна гэдэгтэй санал нийлэхгүй байна. Учир нь цахилгаан шат болон дээврийн хэсэгт засвар хийх бүрд СӨХ-ны гүйцэтгэх захиралтай холбогддог, цагаа тохирдог, байнга холбоотой байж СӨХ-ийн үйл ажиллагааг дэмждэг билээ. Нөгөөтээгүүр дээвэр дээр гарах гарц зөвхөн 00 тоотоор биш, 00 тоот болон 00 тоотуудаар гарах боломжтой буюу саад учруулах ямар ч боломжгүй, санаа сэдэл байхгүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа гэдэг нь огт үндэслэлгүй бөгөөд миний хувьд хуулийн хүрээнд аливаа зөрчил гаргалгүй, ашиглалтын зардал, төлбөрөө цаг хугацаанд нь төлж амьдарсаар ирсэн.

Иймд нэхэмжлэгч талын Талбай албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү ..." гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч У.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Е нь Б.Б-ийн зөвшөөрлөөр амьдардаг. С.Е оршин суухдаа оршин суугчдын эрх ашгийг зөрчөөгүй. Уг талбайн ашиглалтын зардлыг төлөөд, ямар нэгэн эрхийн зөрчилгүй амьдарч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргаж байгаа зорилго нь өөр байна гэж хардаж байна. Ш.Ө СӨХ-ны ямар эрх ашиг зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна гэжээ.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ш.Ө СӨХ нь хариуцагч С.Е-д холбогдуулан талбай чөлөөлүүлэх тухай шаардлагыг гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Б.Бийн зөвшөөрлөөр уг ороно сууцыг С.Е эзэмшилдээ авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна

Б.Б уг орон сууцыг өмчлөх, эзэмших эрхгүй болсон болох нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00А шийдвэр, Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 000 дүгээр шийдвэрээр тус тус тогтоогдож байх тул техникийн өрөөний талбайд С.Е амьдарч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгий тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д ... оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул уг зөрчлийг арилгуулахаар Ш.Өө СӨХ нь шаардах эрхтэй байх тул С.Е-ийн хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Ш.Ө хотхоны 00а байрны 00 тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Ш.Ө хотхоны 00а байрны 00 тоот 81.24 м.кв талбайгаас хариуцагч С.Е-ийг албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 00,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Еөөс улсын тэмдэгтийн хураамжид 00,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                 Ц.ОЮУНБИЛЭГ