Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1063

 

      2020           8              20                                        2020/ДШМ/1063                              

 

 

     П.Зт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,

шүүгдэгч П.З, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/517 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.З, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, Б.Гантөмөр нарын гаргасан давж заалдах гомдлоор П.Зт холбогдох эрүүгийн 1809011050490 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

         

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 589 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

 

          П.З нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Блю Скай тауэр”-ын, 4 давхарын 403 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 5-ны хооронд менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр байгууллагынхаа нэрийн өмнөөс “Ноён-Уул Эрдэнэ” ХХК-тай хамтран ажиллах санал тавьж, “Дижитал инк” ХХК-ийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн охин компани гэж төөрөгдөлд оруулж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэх байдлаар “Ноён-Уул Эрдэнэ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сг хуурч, 14.520.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 

          мөн дээрх аргаар төөрөгдөлд оруулж 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэх байдлаар “Сан Хэлт Каре” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гийг хуурч, 9.167.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 

          мөн дээрх аргаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэх байдлаар “Лэнд.мн” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тыг хуурч, 11.000.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 

          2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “Ариг банк” ХХК-ийн үйл ажиллагааг сурталчлах мэдээ бэлтгэж өгнө, нэг удаагийн нэвтрүүлэг хийсэн тохиолдолд гэрээ байгуулах шаардлагагүй хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Ариг банк” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нийг куурч, 2.200.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан, залилах гэмт хэргийн улмаас бусдад нийт 36.887.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

          Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Блю Скай тауэр”-ын 4 давхарын 403 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 21-нээс 2018 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн хооронд менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Жайка Край” /JICA KRI/-ийн “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн албан ёсны захиалгын хуудасны дагуу 50 секундын рекламыг “Bloomberg Media Screen”-ээр нийт 60 удаагийн давтамжтай 3 өдөр цацах хэлцлээр тохиролцсон төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ захиалгын хуудсан дээрх мөнгийг байгууллагын дансанд хийхгүйгээр өөр байдлаар буюу бэлнээр 4.500.000 төгрөгийг хувьдаа авч завшсан,

 

          2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн АГГ-16/056 дугаартай “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК, “Эко Капитал” банк бус санхүүгийн байгууллага хоёрын хооронд харилцан тохиролцож хийсэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “Мөнгөн урсгал” мэдээллийн хөтөлбөрийн цагуудад захиалагч талын зар сурталчилгаа, цацах ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Өргөн дэлгэц” ХХК-ийн нэрээр төлбөрийн нэхэмжлэх бичих байдлаар бэлнээр 5.000.000 төгрөг, “Өргөн дэлгэц” ХХК-ийн 453132376 дугаарын дансаар 8.440.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 13.440.000 төгрөгийг хувьдаа авч завшсан,

 

          2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Бид Энд Бид” ХХК-ийн “Шинэ сонголт” тавилгын дэлгүүр нь “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн албан ёсны захиалгын хуудасны дагуу 12.000.000 төгрөгийн үнэ бүхий байгууллагын реклам, сурталчилгааг “Bloomberg Media Screen”-ээр нэвтрүүлүүлэхээр тохиролцсон ба 100 хувь бартераар төлөх төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ захиалгын хуудсан дээрх бартерыг байгууллагад шилжүүлэлгүй өөр байдлаар буюу 5.223.700 төгрөгийн үнэ бүхий тавилгыг хувьдаа авч завшсан,

 

          2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Нейшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн албан бичгийг ашиглан 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн АГГ-17/007 дугаартай “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК, “Эм Си Эс Кока Кола” ХХК хоёрын хооронд харилцан тохиролцож хийсэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу байгууллагын танилцуулга, видео болон зар сурталчилгааг хийсэн ажлын үлдэгдэл төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас өөр байдлаар буюу “Дижитал Инк" ХХК-ийн 453150707 тоот дансаар 22.000.000 төгрөгийг авч хувьдаа завшсан,

 

          2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу мөн ажлын байрны тодорхойлолтод заасан харилцагчтай борлуулалтын уулзалт зохион байгуулж хэлцэл хийх явцдаа “Зоос Одон тэмдэг” ХХК-ийн сурталчилгааг ЛЕД дэлгэцээр явуулах тухай аман хэлцэл хийж “Bloomberg Media Screen”-ээр сурталчилгааг хийлгүүлж ажил үүрэг гүйцэтгүүлсний төлбөрийг байгууллагын дансанд хийхгүйгээр өөр байдлаар буюу 1.000.000 төгрөгийн үнэ бүхий бараа, бэлнээр 3.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг хувьдаа авч завшиж, завших гэмт хэргийн улмаас нийт 49.163.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

          2019 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах Революшн /Revolution/ бааранд иргэн П.Ойдовжамцтай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         

          Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан шилжүүлэн авч залилсан” гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Зыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Зыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Зын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч П.Зын нийт эдлэх ялын төрөл хэмжээг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч П.Заас нийт 104.000.000 төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Зт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.З давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “... удаа дараа болсон шүүх хуралдааны явцад “Дижитал инк” ХХК-ийн захирал Б.Т болон хэрэгт холбоотой этгээдүүдэд хэрэг нээж шалгаагүй. Мөн “Бид Энд Бид” ХХК болон “Шинэ сонголт” тавилгын дэлгүүрийн маркетингийн албаны даргаар ажиллаж байсан Ч.Птэй хамтран ажиллах захиалгын хуудас хийсэн боловч миний зүгээс ямар нэгэн тавилга, эд материал аваагүй, тавилга хүргэгдсэн байршил надтай ямар нэгэн холбоогүй бөгөөд энэ талаар удаа дараагийн шүүх хуралдааны явцад хэлсэн. Гэмт хэрэг үйлдэгдэж буй хугацаанд олон удаагийн үйлдлээр “Дижитал инк” ХХК-ийн данс болон тамга, тэмдгийг ашигласан байтал мөрдөн байцаалтын явцад дутуу ажиллагаа явуулж тус компанийн захирал Б.Т болон Ч.Пг хэрэгт холбогдуулан дутуу шалгасан. Иймд хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж, дахин шалгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч П.Зын өмгөөлөгч Б.Гантөмөр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... завших гэмт хэргийн субъектын хувьд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль буюу гэрээний үндсэн дээр итгэмжлэн хариуцахаар үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоох аргаар үйлдэгддэг. Шүүгдэгч П.З нь “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг ба уг гэрээгээр түүнд эд хөрөнгийн эрх олгогдоогүй байна. Мөн Компанийн тухай хууль болон компанийн эрх бүхий албан тушаалтны жагсаалт зэргээс судлан үзвэл, түүнийг компанийн албан ёсны шийдвэр гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог, бусдаас авах авлагыг цуглуулж авах зэрэг санхүүгийн эрх мэдэл түүнд олгогдоогүй байна. Мөн компаниудаас зар сурталчилгаа хийлгүүлсний төлбөрт шилжүүлэн өгсөн мөнгө, эд хөрөнгийг ажил олгогчийн дансанд шилжүүлэлгүйгээр зувчуулан бэлнээр болон “Дижитал инк” ХХК, “Өргөн дэлгэц” ХХК-иудын дансаар өөртөө шилжүүлэн авч завшсан бөгөөд түүний энэ үйлдэл Л.Б, Ч.П нар хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзвэл хохирогч компанийн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан бус “Жайка Край” ХХК, “Эко капитал ББСБ” ХХК, “Бид энд Бид” ХХК, “Эм Си Эс Кока Кола”, “Зоос одон тэмдэг” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгийг ажил, албан тушаалын байдлаа ашиглаж хохирогч нарт итгэл төрүүлж, хуурч мэхлэх аргаар авсан, хуурамч гэрээ байгуулах замаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилан авсан үйлдэл тогтоогдож байхад эдгээр аж ахуйн нэгжийг залилсан бус ажил олгогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв ажил олгогчийн зүгээс дээрх аж ахуйн нэгж байгууллагын зар сурталчилгааг хийж гүйцэтгээгүй, тэдгээрт учирсан хохирлыг ажил олгогчийн хувьд өөрийн ажилтны хууль бус үйлдлээс шалтгаалж харилцагч нарт хохирол учирсан байгааг хүлээн авч барагдуулаагүй бол дээрх аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийгөө залилуулсан гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлэх нь тодорхой байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг сайтар ойлгож хэрэгжүүлсэн ажил олгогчийн үйлдлээс шалтгаалж шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох учиргүй юм. Шүүгдэгч нь аж ахуйн нэгж байгууллагаас бэлэн бусаар мөнгө авахдаа “Дижитал инк“ ХХК, “Өргөн дэлгэц” ХХК-иудын дансыг ашигласан нь нотлох баримтаар тогтоогдож байхад дээрх хоёр аж ахуйн нэгжийн үйлдлийг шалгалгүйгээр, түүний эрх бүхий албан тушаалтны оролцоо тогтоогдохгүй байна гэх зэргээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хэрэгт холбогдолтой байж болох хохирсон гэх компаниуд бүгд залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч нар. Хэргийн бодит нөхцөл байдлыг 100 хувь тогтоож чадаагүй байна. Хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг нь мөрдөгч, прокурорт байгаа. Үүнийг тогтоож чадаагүйгээс болоод шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох гээд байна. Шүүгдэгчийн хэргээ хүлээж байгаа мэдүүлэг дангаараа шүүгдэгчийг буруутгах нотлох баримт болохгүй. Энэ олон үйлдэл дээр “Дижитал инк“, “Өргөн дэлгэц” гэх компаниуд дансаа ашиглуулаад байдаг нь ямар учиртай юм бэ. Энэ хэрэгт хамтран оролцсон уу, үгүй юу. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хариуцвал зохих иргэний хариуцагч байх боломжтой юу, үгүй юу. Хохирогчийн эрхийг хамгаалах, хохирол төлбөрийг барагдуулахад энэ асуудал нөлөөлнө. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч П.Зын өмгөөлөгч Г.Нямсүрэн давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдан шийтгэх тогтоолд тусгагдсан нотлох баримтуудаас харвал шүүгдэгч П.З нь “Дижитал Инк” ХХК-ийн захирал Б.Ттэй хамтран дээрх үйлдлүүдийн тодорхой хэсэг буюу “Ноён-Уул Эрдэнэ” ХХК-иас 14.520.000 төгрөгийг “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэж “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авсан, “Сан Хэлт Каре” ХХК-иас 9.167.000 төгрөгийг “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэж “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авсан, “Лэнд.мн” ХХК-иас 11.000.000 төгрөгийг “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэн “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авсан, “Ариг банк” ХХК-иас 2.200.000 төгрөгийг “Дижитал Инк”-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авсан, мөн “Эм Си Эс Кока Кола” ХХК-иас 22.000.000 төгрөгийг хуурамчаар “Нэйшнл ньюс корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэл, албан бичгийг үйлдэн “Дижитал Инк”-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 58.887.000 төгрөгийг “Дижитал Инк”-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авсан байдаг бөгөөд тодорхой хувийг “Дижитал Инк” ХХК-ийн захирал Б.Т нь компанийн дансанд үлдээдэг байсан нь хавтаст хэрэгт авагдсан “Дижитал Инк”-ийн 453150707 дугаарын дансны хуулгаар нотлогддог. Шүүгдэгч П.З нь “Нэйшнл ньюс корпорэйшн” ХХК-д борлуулалтын хэлтэст менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдоогүй. Хөдөлмөрийн гэрээний 6.1.1 болон “Хөдөлмөрийн дотоод журамд борлуулалтын менежер нь борлуулалтын суваг нээх, шинээр харилцагч олох, шинэ харилцагчтай холбогдох ажлын талаар тохиролцох эрхтэй байдаг. Тиймээс “Ноён-Уул Эрдэнэ” ХХК, “Лэнд.мн” ХХК, “Ариг банк” ХХК, “Сан Хэлт Каре” ХХК-иудад хамтран ажиллах санал тавьж, харилцагч компаниуд саналыг хүлээн авч хамтран ажиллах явцад П.З нь албан тушаалын байдлаа ашиглан “Нэйшнл ньюс корпорэйшн” ХХК-д орох ёстой байсан борлуулалтын орлогыг завшсан байна. Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэрэг үйлдээгүй харин “Нэйшнл ньюс корпорэйшн” ХХК-д орох ёстой байсан борлуулалтын орлогыг завшсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үйлдсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.” гэж заасан. Шүүгдэгч П.З нь өмнөх 2 удаагийн шүүхийн хэлэлцүүлэгт “Дижитал Инк” ХХК-ийн захирал Б.Т, “Бид энд Бид” ХХК-ийн борлуулалтын албаны дарга Ч.П нарыг хамтран гэмт хэрэг үйлдсэн талаар удаа дараа мэдүүлсээр атал энэ талаар шалгаагүй. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын дүгнэх хэсэгтээ “…түүний энэ үйлдэлд Л.Б, Ч.П нар хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэсэн нь дээрх оролцогч нарыг гэмт хэрэгт үгүйсгэсэн тухай үндэслэлээ тодорхой заагаагүй байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Л.Б гэх хүний талаар дурдаагүй бөгөөд Б.Т гэх хүнийг шалгуулахаар хэлсээр байтал Л.Б гэж дүгнэлтдээ дурдсан нь ойлгомжгүй байна. Дээрхийг дүгнэж үзвэл шүүгдэгч П.Зыг албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч П.Зын үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, зорилгыг шалгаж тогтоосноор үргэлжилсэн залилах гэмт хэрэг үйлдсэн эсэх, эсхүл бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн эсэхийг бүрэн тогтоох боломжтой байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж хуульчилсан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтаас харвал “Дижитал Инк” ХХК-ийн Б.Т нь гэмт хэрэг үйлдэхэд компанийхаа дансыг ашиглуулж, түүнээс нь тодорхой хувь хэмжээ тохирч авч байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд: Прокуророос шүүгдэгч П.Зт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ мөрдөн байцаалтаар тогтоогдсон нийт хохирлын хэмжээг 86.050.700 төгрөгөөр тогтоож шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирлын хэмжээг 114.117.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шудрагаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх” бөгөөд мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” хэмээн хуульчилсан байдаг. Б.Т, Ч.П нарын дээрх гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог нь ялгаж заагласнаар шүүгдэгч П.Зын эрх зүйн байдал нь дээрдэж, хэн нь хэр хэмжээний хохирол төлөхийг тодорхой нарийвчлан тогтоож өгөх ёстой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцааж өгнө үү.” гэв.

 

Прокурор П.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх энэ хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч П.Зыг залилах, завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Өмгөөлөгч Б.Гантөмөрөөс бүх үйлдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж байна. Албан тушаалын байдлаа ашигласан гэдгийг хангалттай нотолж тогтоосон. Шүүгдэгч П.З нь “Нэйшнл ньюс Корпорэйшн” ХХК-д ажиллаж байсан. Энэ байдал нь хавтас хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ зэргээр хангалттай нотлогдон тогтоогддог. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. “Нэйшнл ньюс Корпорэйшн” ХХК-ийн ерөнхий захирлын гарын үсгийг нь хуурамчаар үйлдэн, хуурамч ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Уг гэрээндээ “Дижитал инк” ХХК-ийг “Нэйшнл ньюс Корпорэйшн” ХХК-ийн охин компани гэж итгүүлэн, хуурах аргаар бусдыг хуурч мэхлэн залилах гэмт хэргийг үйлдэж мөнгө авсан болох нь хангалттай нотлогдон тогтоогддог. Завших үйлдэл дээр гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхээд өгсөн төлбөрийг байгууллагын дансаар хүлээн авах үүргийг л П.Зт олгосон болохоос биш, шүүгдэгч П.Зыг хувийн дансаараа мөнгийг ав гээгүй юм. Иймд завших гэмт хэрэг болох нь тогтоогдсон тул хоёр зүйлээр зүйлчилж, хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд Үндсэн хуулийн Цэц дээр маргаантай байгаа тул хэлэлцэхгүйгээр хэргийг түдгэлзүүлсэн байгаа. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч П.Зт холбогдох хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

          П.З нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Блю Скай тауэр”-ын, 4 давхарын 403 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 5-ны хооронд менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр байгууллагынхаа нэрийн өмнөөс “Ноён Уул Эрдэнэ” ХХК-тай хамтран ажиллах санал тавьж, “Дижитал инк” ХХК-ийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн охин компани гэж төөрөгдөлд оруулж, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэх байдлаар “Ноён Уул Эрдэнэ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сг хуурч, 14.520.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 

          мөн дээрх аргаар төөрөгдөлд оруулж 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэх байдлаар “Сан Хэлт Каре” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гийг хуурч, 9.167.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 

          мөн дээрх аргаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэх байдлаар “Лэнд.мн” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тыг хуурч, 11.000.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 

          2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “Ариг банк” ХХК-ийн үйл ажиллагааг сурталчлах мэдээ бэлтгэж өгнө, нэг удаагийн нэвтрүүлэг хийсэн тохиолдолд гэрээ байгуулах шаардлагагүй хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Ариг банк” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нийг хуурч, 2.200.000 төгрөгийг “Дижитал Инк” ХХК-ийн 453150707 дугаарын дансаар шилжүүлэн авч залилан, залилах гэмт хэргийн улмаас бусдад нийт 36.887.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

 

          Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Блю Скай тауэр”-ын 4 давхарын 403 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 21-нээс 2018 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн хооронд менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Жайка Край” /JICA KRI/-ийн “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн албан ёсны захиалгын хуудасны дагуу 50 секундын рекламыг “Bloomberg Media Screen”-ээр нийт 60 удаагийн давтамжтай 3 өдөр цацах хэлцлээр тохиролцсон төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ захиалгын хуудсан дээрх мөнгийг байгууллагын дансанд хийхгүйгээр өөр байдлаар буюу бэлнээр 4.500.000 төгрөгийг хувьдаа авч завшсан,

 

          2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн АГГ-16/056 дугаартай “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК, “Эко Капитал” банк бус санхүүгийн байгууллага хоёрын хооронд харилцан тохиролцож хийсэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “Мөнгөн урсгал” мэдээллийн хөтөлбөрийн цагуудад захиалагч талын зар сурталчилгаа цацах ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Өргөн дэлгэц” ХХК-ийн нэрээр төлбөрийн нэхэмжлэх бичих байдлаар бэлнээр 5.000.000 төгрөг, “Өргөн дэлгэц” ХХК-ийн 453132376 дугаарын дансаар 8.440.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 13.440.000 төгрөгийг хувьдаа авч завшсан,

 

          2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Бид Энд Бид” ХХК-ийн “Шинэ сонголт” тавилгын дэлгүүр нь “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн албан ёсны захиалгын хуудасны дагуу 12.000.000 төгрөгийн үнэ бүхий байгууллагын реклам, сурталчилгааг “Bloomberg Media Screen”-ээр нэвтрүүлүүлэхээр тохиролцсон ба 100 хувь бартераар төлөх төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ захиалгын хуудсан дээрх бартерыг байгууллагад шилжүүлэлгүй өөр байдлаар буюу 5.223.700 төгрөгийн үнэ бүхий тавилгыг хувьдаа авч завшсан,

 

          2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Нейшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн албан бичгийг ашиглан 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн АГГ-17/007 дугаартай “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК, “Эм Си Эс Кока Кола” ХХК хоёрын хооронд харилцан тохиролцож хийсэн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу байгууллагын танилцуулга, видео болон зар сурталчилгааг хийсэн ажлын үлдэгдэл төлбөрийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу төлүүлэхдээ ажил гүйцэтгэх гэрээнд зааснаас өөр байдлаар буюу “Дижитал Инк" ХХК-ийн 453150707 тоот дансаар 22.000.000 төгрөгийг хувьдаа авч завшсан,

 

          2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу мөн ажлын байрны тодорхойлолтод заасан харилцагчтай борлуулалтын уулзалт зохион байгуулж хэлцэл хийх явцдаа “Зоос Одон тэмдэг” ХХК-ийн сурталчилгааг ЛЕД дэлгэцээр явуулах тухай аман хэлцэл хийж “Bloomberg Media Screen”-ээр сурталчилгааг хийлгүүлж ажил үүрэг гүйцэтгүүлсний төлбөрийг байгууллагын дансанд хийхгүйгээр өөр байдлаар буюу 1.000.000 төгрөгийн үнэ бүхий бараа, бэлнээр 3.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг хувьдаа авч завшиж, завших гэмт хэргийн улмаас нийт 49.163.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхцэцэгийн /1хх 11-12, 2хх 7-8, 38-39, 71-72, 3хх 133/, хохирогч “Ноён Уул Эрдэнэ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сгийн /1хх 36-37, 2хх 5-6, 3хх 130/, хохирогч “Сан Хэлт Каре” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бадрангуй, Х.Г нарын /1хх 52, 1хх 244-245, 3хх 138/, хохирогч “Ариг банк” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямцэрэнгийн /1хх 248-249/, хохирогч “Лэнд.мн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Тын /3хх 54-55, 136/, гэрч Э.Долгионы /1хх 15, 61, 2хх 105/, гэрч М.Баярцэцэгийн /1хх 16/, гэрч Д.Мөнхдэлгэрийн /1хх 17, 60/, гэрч Л.Бгийн /1хх 23, 2хх 15-16/, гэрч Б.Тгийн /1хх 55, 56/, гэрч Э.Анхбаярын /2хх 17-18/, гэрч Д.Чимэдрэгзэнгийн /2хх 19-20/, гэрч Б.Энхболдын /3хх 140/, гэрч Х.Ганбаатарын /2хх 21/, гэрч Б.Амгалангийн /2хх 74/, гэрч Ч.Пгийн /3хх 141/, П.Зын яллагдагчаар өгсөн /1хх 25-26, 38-39, 63-64, 3хх 67-68/ мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2733 дугаартай дүгнэлт, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /1хх 80-81, 83-84, 86-87 89/, П.Зын баталгаа гаргасан баримт /1хх 128/, “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн гэрээ, санхүүгийн баримтууд болон бусад баримтууд /1хх 90-110, 125-127, 130, 132-133, 135-138, 206-219/, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1хх-158-160, 161-163/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Шүүгдэгч П.Зыг албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

П.Зын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 5-ны хооронд “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д менежерээр ажиллаж байхдаа 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг үг үйлдлээрээ хуурч, төөрөгдүүлж, хуурамч гэрээ байгуулан залилж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан шилжүүлэн авч бусдад нийт 36.887.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

 

“Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 21-нээс 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хооронд менежерээр ажиллаж байх хугацаандаа 5 удаагийн  үргэлжилсэн үйлдлээр ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт тэдгээрийн үндсэн дээр гүйцэтгэж байсан албаны чиг үүрэг болон бусдын эд хөрөнгийг хариуцах болсон энэ байдлуудыг ашиглаж бусдыг хуурч, төөрөгдүүлэн хуурамч гэрээ байгуулсан, байгууллагын дансанд орох ёстой мөнгө, эд хөрөнгийг өөртөө завшсаны улмаас нийт 49.163.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч П.Зын “... Б.Т,Ч.П нарыг уг хэрэгт хамтруулан шалгах шаардлагатай ...” гэх гомдлын хувьд, шүүгдэгч болон уг хэрэгт гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн Б.Т, Ч.П нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч П.Зын үйлдсэн уг гэмт хэрэгт Б.Т,Ч.П нарын хамтран оролцсон байдал тогтоогдоогүй, энэ талаар шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд анхан шатны шүүхийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөрийн “... “Дижитал Инк” ХХК болон “Өргөн Дэлгэц” ХХК-ийн дансыг ашигласан тул дээрх компаниудыг шалгах, бусдыг залилсан байхад завшсан гэж хэргийг зүйлчилсэн нь үндэслэлгүй ...” гэх гомдлын хувьд, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.З нь дээрх 2 компанийн албан бичиг, тамга тэмдгийг ашиглан бусадтай хуурамч гэрээ байгуулан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан шилжүүлэн авч залилсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон бөгөөд уг мөрдөн шалгах ажиллагааны явцад уг 2 компанийн удирдлагууд уг хэрэгт хамааралгүй болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлгүүд, компанийн удирдлагуудын гэрчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлодохгүй байгаа ба дээрх 2 компанийн нэрийг ашиглаж олсон мөнгө, эд хөрөнгийг бэлнээр болон дээрх 2 компанийн дансаар өөртөө шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон тул гомдлыг мөн хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг гарсан дээрх хугацаанд шүүгдэгч нь тухайн байгууллагад менежерээр ажиллаж байсан бөгөөд ажил үүргийн хувьд харилцагч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах, төлбөр мөнгийг шаардаж авах, гэрээний биелэлтэнд хяналт тавих эрх үүрэгтэй байсан нь хэрэгт авагдсан шүүгдэгчийг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ болон гэрч Б.Энхболдын мэдүүлгээр нотлогддог бөгөөд дээр дурдсан 5 удаагийн үйлдлийн хувьд шүүгдэгч нь албан тушаалын байдлаа ашиглан харилцагч байгууллагуудаас зар сурталчилгаа хийлгүүлсний төлбөрт авах ёстой мөнгө, эд хөрөнгийг “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-ийн дансанд шилжүүлэлгүйгээр хувьдаа завшсан үйлдэл нь “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг,

 

мөн шүүгдэгч П.З дээр дурдагдсан албан тушаалын байдлаа ашиглаж байгууллагынхаа нэрийн өмнөөс бусад компаниудад хамтран ажиллах санал тавьж “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хуурамчаар үйлдэх байдлаар, мөн тухайн компанийн үйл ажиллагааг сурталчлах мэдээ бэлтгэж өгнө, гэрээ байгуулах шаардлагагүй хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлдд оруулж “Дижитал инк” ХХК-ийн дансаар бусдын мөнгө, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь “бусдыг залилах” гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна гэж үзэв.

 

Түүнчлэн шүүгдэгч нь дээр дурдсан байдлаар албан тушаалын байдлаа ашиглан бусдыг залилах, хөрөнгө завшсаны улмаас 86.050.700 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд түүний бусдыг залилах, хөрөнгө завшсаны улмаас бусдад учруулсан шууд бус хохирол буюу хор уршиг болох 28.066.300 төгрөгийн хохирлыг  “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК нь төлбөрийг бэлнээр төлөх, ажил үйлчилгээ явуулах замаар төлж барагдуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК-д учирсан үр дагаврыг 114.117.000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан шаардлагад нийцнэ.

 

Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.З болон түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, Б.Гантөмөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/517 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.З болон түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, Б.Гантөмөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

          2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ