Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 65

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,  Улсын яллагч Ч.Мядагбадам,  Шүүгдэгч Т.Хүрэлбаатар,  Нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн                         99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Баатар овгийн Төмөрийн Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн 201715000093 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                        

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 15-27 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар 21-ний өдрийн 1/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Баатар овогт Төмөрийн Хүрэлбаатар. /РД:ЙД88082215/  
Шүүгдэгч Т.Хүрэлбаатар нь согтуурсан үедээ 2017 оны 04 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багийн 15-р гудамжны 27 тоотод Т.Цэрэннадмидтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Т.Цэрэннадмидын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  
ТОДОРХОЙЛОХ нь:  
 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
                                                                                                                                                                                                                                                            Шүүгдэгч Т.Хүрэлбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баттулга гэдэг найзтайгаа архи хувааж уугаад сууж байсан юм. Тэгж байтал хар малгайтай хүн хаалга онголзуулаад байсан. Манайх нялх хүүхэдтэй тул “Хаалгаа хаа” гэж хэлтэл нэг хүн орж ирээд Уянгаа гэдэг хүүхэн асууж, сураад байсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Тэгэх явцдаа гадаа гараад би тэр хүнийг унагааж байгаад нүүр рүү нь цохьчихсон. Тэгээд намайг цагдаа ирээд аваад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  
Хохирогч Т.Цэрэннадмидын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр найзуудтайгаа уулзаад ганц нэг шил архи уусан. Тэгээд орой эмнэлгийн цаана байдаг Төмөрхуяг гээд айлд очиход эзэнгүй байхаар нь урд хашааны айлаас асуух гэж шагайсан чинь согтуу хүмүүс байхаар нь би айлаа асуухаа больчихоод буцаад гарах гээд явж байтал урьд өмнө нь зүс үзэж байсан Хүрэлээ гэх залуу араас ирээд л шууд намайг зодсон. Тэгээд намайг газар унагааж байгаад миний нүүр рүү 2-3 удаа цохьсон чинь Ц.Баттулга араас гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд тухайн үед миний хамраас их цус гойжож байгаад тогтсон. Тэгээд би ах Төмөртогоог дуудаад Хүрэлбаатартай уулзаж учраа олох гэтэл огт тоохгүй та нар ингэж мөнгө олдог юм уу? гээд байсан. Тэгээд л цагдаагийн байгуууллагад хандсан. Тухайн зодоон болох үед Т.Хүрэлбаатар, Ц.Баттулга гээд урьд өмнө нь таньдаг залуу бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй. Миний нүүр рүү л цохиж өшиглөсөн. Намайг зодуулж байхыг Ц.Баттулга харсан. Тухайн үед би гэр рүү нь хүн асуух гээд шагайсан. Би шагайчихаад буцаад гарах гэтэл гэр дотроос Т.Хүрэлбаатар хэн бэ? ороод ир гэхээр нь орсон чинь Т.Хүрэлбаатар сууж байсан. Харин Баттулга зүүн орон дээр унтаж байсан. Тэгтэл Т.Хүрэлбаатар намайг яагаад хаалга онголзуулаад байгаа юм гэхээр нь би чи юу гээд байгаа юм бэ? гэж хэлчихээд л би гэрээс гарсан чинь араас ирээд надтай барилцаж аваад зодсон. Миний хамар л жоохон өвдөж байна. Өөр зовиур байхгүй. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хоёр согтуу хүн хоорондоо үл ойлголцсоноос болж энэ хэрүүл маргаан гарсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Т.Хүрэлбаатар нь миний эмчилгээний зардалд 100.000 төгрөг өгч хохирлыг минь барагдуулсан. Миний бие одоо ямар нэгэн зовиур байхгүй, хэвийн байдалдаа орсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-12 хуудас/,  
Гэрч Ц.Баттулгын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...Тухайн өдөр би Т.Хүрэлбаатарынд ирээд архи уусан юм. Тэднийд ирэхээсээ өмнө зах дээр нилээн архи уусан байсан. Тэгээд нилээн согтоод унтаж байсан чинь хүмүүс хоорондоо ноцолдоод байх шиг чимээ гарахаар нь би сэрээд гэрээс гараад ирсэн Т.Цэрэннадмид, Т.Хүрэлбаатар 2 дээр доороо ороод л ноцолдоод байх шиг байсан. Тэгэхээр тэр хоёрыг салгасан. Тэгээд тэр хоёрыг салгаад Т.Цэрэннадмидын хамраас цус гойжоод байхаар нь цусыг угааж өгсөн. Би согтуу байсан болохоор тэр хоёрыг юунаас болж хоорондоо маргалдаж зодолдсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Тухайн зодоон болох үед Т.Хүрэлбаатар, Т.Цэрэннадмид бид гурав л байсан. Яагаад энэ хоёр хоорондоо маргалдах болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Би өөрөө нилээн согтуу байсан болохоор тэр хоёрыг ямар байсныг мэдэхгүй байна. Гэхдээ бодвол архи ууцгаасан л байсан байх. Би харанхуй байсан болохоор сайн хараагүй. Ер нь бол их согтуу байсан болохоор зарим зүйлийг нь огт санахгүй байна. Т.Хүрэлбаатар манай багын найзын хүргэн байгаа юм. Харин Т.Цэрэннадмидыг урьд өмнө Уянга суманд хамт шороо угааж байхдаа харж танилцаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,   
Шүүгдэгч Т.Хүрэлбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай найз Ц.Баттулга хотоос ирээд бид хоёр зах дээр 2 шил “Харзтай” архи уугаад нилээн согтсон. Тэгээд 19 цаг өнгөрч байхад гэртээ очоод Ц.Баттулга зүүн талын орон дээр унтаад би зурагт үзээд буруу хараад сууж байтал гэнэт хаалга онгойх шиг болсон. Тэгэхээр нь хэн бэ? гэсэн чинь Уянга байна уу гэж асуусан юун Уянга вэ? чи яагаад шагайгаад хаалга онголзуулаад байгаа юм. Ороод ир гэсэн чинь ороод ирсэн. Тэгээд ороод ирэхээр нь чи яагаад нялх хүүхэдтэй байхад гэрийн хаалга 
онголзуулаад байгаа юм гэсэн чинь чи юу гээд байгаа юм? гээд л бид хоёр маргалдаад гэрээс гарсан. Т.Цэрэннадмид бид хоёр гэрээс гараад хоорондоо барилцаж аваад л би нэг унагаагаад хэд хэд цохиод авсан чинь  Ц.Баттулга бид хоёрыг салгасан. Тухайн зодоон болох үед Ц.Баттулга, Т.Цэрэннадмид бид гурав л байсан. Гэрийн хаалга битгий онголзуулаад бай гэж хэлсэн чинь Т.Цэрэннадмид юу гээд байгаа юм бэ? гэж хэлснээс болж л хэрүүл маргаан болсон. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бид 2 хоёулаа л согтуу  байсан. Бид хоёр урьд өмнө алт ухаж шороо угааж байхдаа л танилцсан юм. Бид 2 урьд өмнө нь хоорондоо маргалдаж байгаагүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Энэ маргаан зодоон бол 2 согтуу хүний ярианы үл ойлголцлоос л болж үүссэн. ... Би өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21 хуудас/,  
Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №127 дугаартай: “...Т.Цэрэннадмидын биед хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн зовхи, хамрын зөөлөн эдийн гэмтэл, зүүн хөмсөг, зүүн хацрын зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 15 хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 хуудас/,  
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/,  
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 32 хуудас/,  
Шүүгдэгч Т.Хүрэлбаатарын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №786 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/39 дугаартай тогтоол /хх-ийн 25, 27, 29-31 хуудас/,  
Шүүгдэгч Т.Хүрэлбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 хуудас/,  
Шүүгдэгч Т.Хүрэлбаатарыг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 24 хуудас/,  
Хохирогч Т.Цэрэннадмидын шүүхэд ирүүлсэн “Миний бие Т.Хүрэлбаатараас хохиролд 100000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэсэн хүсэлт зэрэг болно.  
Шүүгдэгч Т.Хүрэлбаатар нь согтуурсан үедээ 2017 оны 04 дүгээр сарын 04-ний орой 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багийн 15-р гудамжны 27 тоотод Т.Цэрэннадмидтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Т.Цэрэннадмидын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Цэрэннадмидын “... 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр найзуудтайгаа уулзаад ганц нэг шил архи уусан. Тэгээд орой эмнэлгийн цаана байдаг Төмөрхуяг гээд айлд очиход эзэнгүй байхаар нь урд хашааны айлаас асуух гэж шагайсан чинь согтуу хүмүүс байхаар нь би айлаа асуухаа больчихоод буцаад гарах гээд явж байтал урьд өмнө нь зүс үзэж байсан Хүрэлээ гэх залуу араас ирээд л шууд намайг зодсон. Тэгээд намайг газар унагааж байгаад миний нүүр рүү 2-3 удаа цохьсон чинь Ц.Баттулга араас гарч ирээд бид хоёрыг салгасан. ... Тухайн зодоон   болох үед Т.Хүрэлбаатар, Ц.Баттулга гээд урьд өмнө нь таньдаг залуу бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй. ... Хоёр согтуу хүн хоорондоо үл ойлгоцсоноос болж энэ 
хэрүүл маргаан гарсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Т.Хүрэлбаатар нь миний эмчилгээний зардалд 100.000 төгрөг өгч хохиролыг минь барагдуулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-12/, гэрч Ц.Баттулгын “... Би сэрээд гэрээс гараад ирсэн чинь Т.Цэрэннадмид, Т.Хүрэлбаатар 2 дээр доороо ороод л ноцолдоод байх шиг байсан. Тэгэхээр тэр хоёрыг салгасан. Тэгээд тэр хоёрыг салгаад Т.Цэрэннадмидын хамраас цус гойжоод байхаар нь цусыг угааж өгсөн. Би согтуу байсан болохоор тэр хоёрыг юунаас болж хоорондоо маргалдаж зодолдсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №127 дугаартай дүгнэлт /хх-ийн 15/, Эрүүгийн хэрэг үүгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 32/, Шүүгдэгч Т.Хүрэлбаатарын хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.   
 Шүүгдэгч Т.Хүрэлбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Т.Хүрэлбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  
 Шүүгдэгч Т.Хүрэлбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдав.  
Шүүгдэгч Т.Хүрэлбаатар нь Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн  2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д  зааснаар урьдын шийтгэх тогтоолдоо ялгүй болсон бөгөөд уг хэргийг анх удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгааг дурьдаж байна.  
Шүүгдэгч Т.Хүрэлбаатар нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Т.Хүрэлбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Т.Хүрэлбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.  
 Шүүгдэгч Т.Хүрэлбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болно.  
 Хэрэгт шүүгдэгч Т.Хүрэлбаатарын AН 9323035 серийн дугаартай 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,   
 Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 220 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар  шүүгдэгч Т.Хүрэлбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Т.Хүрэлбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож тус тус шийдвэрлэлээ

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч Баатар овгийн Төмөрийн Хүрэлбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Т.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  3. Шүүгдэгч Т.Хүрэлбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.   
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт шүүгдэгч Т.Хүрэлбаатарын AН9323035 серийн дугаартай 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Хүрэлбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Хүрэлбаатарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ