Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0344

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И ХХК /

Хариуцагч: Байгаль орчин аялал, жуулчлалын сайд

Гуравдагч этгээд: Г ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын И ХХК-аас гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалын И " ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Т.Н нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ХХК-ийн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д хуульд үндэслэгдэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчмуудыг тусгаж өгсөн ба энэ нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагаа хууль дээдлэх зарчимд үндэслэгдэх агуулгын суурь нөхцөлүүд билээ.

Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 захирамжийн үндэслэл нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0144 шийдвэр байсан боловч уг шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор хүчингүй болсон байдаг.

Уг давж заалдах шатны шүүхийн тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газраас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүргүүлсэн байх ба анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/2018/0144 шийдвэр хүчингүй болсон нь хэргийн бүх оролцогчдод хүрсэн болно.

Дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг үндэслэж, Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 захирамж гарсан нь Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 захирамж өөрөө хууль бус захиргааны акт болохыг харуулахаас гадна манай компанид эрх олгосон сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 захирамжийн үйлчлэл сэргэсэн үйл баримт болно.

Гэтэл хариуцагчийн зүгээс өмнөх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0144 шийдвэр хянагдаж шийдвэрлэгдэж дуусаагүй байхад 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр А/407 захирамж гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс тодорхой үндэслэлээр дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүсэлт гаргасан хэдий ч уг хүсэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар 30 хоногийн хугацаанд шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д Захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хязгаарлагдсан этгээдийн талд хожим эерэгээр өөрчлөгдсөн бол хязгаарлагдсан этгээдийн хүсэлтээр Захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно гэж заасан билээ. Өөрөөр хэлбэл актын үндэслэл эсхүл эрх зүйн нөхцөл байдал эерэгээр буюу А/407 тушаалын үндэслэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0144 шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор хүчингүй болж улмаар Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан акт гаргах ажиллагаа дахин хийх үндэслэл нэхэмжлэгч компанийн хүсэлтээр үүссэн байсан.

Захиргааны ерөнхий хууль ёсоор уг хүсэлтийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д зааснаар актыг дахин гаргахдаа тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг удирдлага болгон А/407 тушаал хүчингүй болох үр дагавартай байна.

Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын өөрийн гаргасан 2018 оны А/407 тоот тушаалтай холбогдуулж гаргасан И ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалын И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/407 дугаар тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0144 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 01/158 дугаар албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 618 тоот албан бичгийг тус тус удирдлага болгосон.

И ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасныг хэрэгжүүлээгүй, хууль бус тушаал гэж үзэж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн хэрэгжүүлэхээр Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санал авахад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 01/158 дугаар албан тоотоор Байгаль орчин, аялап жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд И ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 4404 м.кв газар ашиглах зөвшөөрөл олгогдсон байна. Тухайн газрын орчинд Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн байрладаг ба уг байгууламж нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчинг бүрдүүлсэн газруудын нэг тал барилга байгууламж барих тохиолдолд олон нийтийн эрх ашиг хөндөгдөх, Бурхантай хөшөө-с зайтай бариулах талаар санал ирүүлсэн байна. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 618 тоот албан бичгээр Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газар ашиглуулах шаардлагагүй ба газрын нийслэл хотын иргэд чөлөөт цагаа өнгөрөөдөг ногоон байгууламж хэвээр байлгах гэсэн саналуудыг тус тус ирүүлсэн байна.

2. Нэхэмжлэгч И ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Шүүхийн шийдвэр биелүүлэхгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж хариуцагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг татан хэрэг хянагдаж байсан.

Шүүх хурал 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр товлогдон И ХХК-ний нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа илэрхийлээгүй бөгөөд тэднийг шүүх хуралдаанд заавал байлцуулах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт товлон зарласан. Шүүхээс шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар, өмгөөлөгчид биечлэн мэдэгдэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тайлбарласан байдаг.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарт 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр дахин ирээгүй тул Нэхэмжлэлийг буцаах тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 128/Ш32018/8063 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг буцаасан.

Мөн захирамжлах хэсгийн 3-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар уг захирамж бичгээр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дотор тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан байна.

Гэтэл Нэхэмжлэгч И ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн ахнан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 128/Ш32018/8063 дугаар захирамжийн захирамжпах хэсгийн 3-д заасан 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дотор тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д ...Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана... гэж 54.1.6-д ...Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа... гэж мөн зүйлийн 54.2-т Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана. гэж хуульчилсан байдаг.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.2 дахь хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

И ХХК-иас анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулж гаргасан Сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаа хүчингүй болгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаа хүчингүй болгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалын И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан хүрээнд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтдээ ...И т ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр актын биелэлтийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, захиргааны байгууллагаас шинэ акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 8063 дугаар захирамжаар нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй үндэслэлээр буцаасан, 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дотор дахин нэхэмжлэл гаргаагүй... тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэнэ үү гэжээ.

Гэвч дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд өмнөх нэхэмжлэлийн шаардлагаас одоогийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага агуулга, үйл баримтын хувьд ялгаатай байна.

Учир нь цаг хугацааны хувьд дахин шинээр акт гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой өмнөх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад одоогийн маргаан бүхий тушаал гарсан байх тул энэ тохиолдолд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 8063 дугаар захирамжийг мэдсэн, гардан авснаас хойш нэхэмжлэл гаргах хугацааг тооцохгүй.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаал гарсныг мөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр гардаж авснаар шинээр акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих шаардлагагүй болж, харин уг тушаалын үндэслэл болсон шүүхийн шийдвэр хүчингүй болсонтой холбогдуулан И ХХК-аас 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж А/407 дугаар тушаалаа хүчингүй болгуулах хүсэлтийг хүргүүлсэн байна.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д заасны дагуу хариуцагчаас энэхүү хүсэлтэд 30 хоногийн дотор хариу өгөөгүй, гомдол шийдвэрлэх хугацаа сунгасан эсэхийг мэдэгдээгүй учир тус компаниас 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэнтэй нийцнэ.

Иймд нэхэмжлэгчийн Байгаль орчин аялал, жуулчлалын сайдад И ХХК-аас гаргасан 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль болохыг тогтоолгох, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалын И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Зайсангийн аманд 0,44 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар И ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 0160... дугаар гэрчилгээг мөн өдөр олгож, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр газар ашиглах гурвалсан гэрээг тус компани Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай 5 жилийн хугацаатай байгуулсан.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон тухайн газрын байгаль орчны ерөнхий болон нарийвчлан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хийж, мөн 2017-2021 оныг хүртэл төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан байна.

Энэхүү газар ашиглах эрх олгосон шийдвэрийг үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 7 дугаар сарын 18-нд МЗХ2017/14-31 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, мөн аялал жуулчлалын төвийн барилгын эскиз зургийг баталж, цахилгааны холболт хийх 1865/2017 дугаартай техникийн нөхцлийг У ц т с ТӨХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр, дулааны шугамын 85/2017 дугаартай техникийн нөхцлийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрчим хүчний яамнаас тус тус олгосон, улмаар ажлын зураг төслийн баримт бичигт Барилгын хөгжлийн төв 103/2018 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гаргасан бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 4 дүгээр сарын 06-нд 060/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг олгожээ.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 357 дугаар захирамжаар тухайн байршилд буюу дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлсэн байсныг газар ашиглагч холбогдох газарт хүсэлт гарган шийдвэрлүүлсэн байдаг.

Нэг. Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын И ХХК-аас гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Г ХХК нь И ХХК-д газар ашиглах эрх олгосон шийдвэрийг буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Дээрх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 144 дүгээр шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг И ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргаснаар шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 7793 дугаар захирамжаар уг хүсэлтийг хангаж шийдвэрлэснээр гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргасан.

Уг гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Г ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Г ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр И ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалын үндэслэл болсон анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон нөхцөл байдал үүссэн тул уг А/407 дугаар тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтийг хариуцагчид хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй гэж заасантай нийцэж байна.

Харин энэхүү хүсэлтийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлэх, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хянах, нэхэмжлэгчээс хүргүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх эрх, үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байна.

Шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх, мөн захиргааны байгууллагын аливаа шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх зарчмын үүднээс нэгэнт хүчингүй болсон шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон тушаалаа захиргааны байгууллага засах залруулах үүргийг биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д захиргааны актын үндэслэж байгаа бодит, эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эерэгээр өөрчлөгдсөн, 50.1.2-т хаяглагдсан этгээдийн талд ашигтай нотлох баримт бий болсон тохиолдолд хаяглагдсан этгээдийн хүсэлтээр захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно гэж зааснаар сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ.

Хоёр. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалын И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалаар И ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцлахдаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэр болон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор баталсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/158 дугаар албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 618 тоот санал зэргийг үндэслэсэн байдаг.

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг үндэслэл болгосны тухайд:

Дээр дурьдсанчлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/407 дугаар тушаалын үндэслэл болсон анхан шатны шүүхийн 2018 оны 144 дүгээр шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор хүчингүй болсон тул маргаан бүхий тушаал хүчингүй болсон шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн байдаг.

2.               Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор баталсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсгийг үндэслэсэн.

Энэхүү хоёр баримт бичиг нь Монгол Улсад үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах арга замыг тодорхойлох, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үүний дотор аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж байгуулах, аялалын жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтарсан хөрөнгө оруулалтыг дэмжих, дотоодын аялал жуулчлалын байгууллагуудын үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тусгай хамгаалалттай болон соёлын өвийн бүс нутгуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт, зорилгыг дэвшүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөрүүд байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэгт Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ гэж заажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 0,44 га газар ашиглах зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар И ХХК-д олгож, тухайн талбайд Аялал жуулчлалын хөгжлийн төвийг бариулахаар холбогдох захиргааны эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл олгосон нь дээрх хөтөлбөрүүд, холбогдох зүйл заалттай хэрхэн зөрчилдсөн нь ойлгомжгүй.

Түүнчлэн эдгээр баримт бичгүүд нь эрх бүхий этгээдээс олгогдсон газар ашиглах эрхийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэл болохгүйгээс гадна газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдвол мөн тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор заасан.

Мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл 39.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, ... газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан; эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан; газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон; газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдуулуудад газар эзэмших дуусгавар болохоор, 40 дүгээр зүйлд 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хуульд заасан тохиолдлууд үүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус тусгайлан заасан байдаг.

Нэхэмжлэгч И ХХК-ийн хувьд дээрх хуульд заасан хориглосон үйл ажиллагааг явуулаагүй, газар ашиглагчийн хувьд үүргээ биелүүлээгүй талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчаас энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Дээрх дурьдсан хууль зүйн үндэслэлийн дагуу л иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах эрх хэмжээ хариуцагчид байгаа болохоос биш, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор баталсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалтуудыг үндэслэн цуцлах хууль зүйн үндэслэлгүй.

3. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/158 дугаар албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 618 тоот саналын тухайд:

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 10/1820 тоотоор И ХХК-ийн газар ашиглах хүсэлтэд санал авахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 04 дүгээр сарын 07-ны дотор саналаа ирүүлэхийг мэдэгдсэн, мөн ийнхүү санал авахаар И ХХК 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 04/5 тоотоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан байдаг. Үүний хариу болгож Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 207 тоотоор хүсэлтэд дурдсан солбицол бүхий газар нь яамны газарт хамаарагдаж буй болохыг тодорхойлсон.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн А/87 дугаар тушаалаар И ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэсний дараа 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг дарга газар ашиглагчтай тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах гэрээ байгуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл ийнхүү газар ашиглуулах гэрээ байгуулсан нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон дүүргийн Засаг дарга И ХХК-д газар ашиглуулахыг зөвшөөрснийг илэрхийлэхийн зэрэгцээ тэдгээр байгууллагуудын 2018 оны санал гэх тоот нь тус компанид газар ашиглах эрх олгож эерэг үйлчлэл үзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох, ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалтыг зааж өгсөн, энэ үндэслэлд хамаарахгүйн дээр сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн А/87 дугаар тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл энэхүү саналын хувьд тогтоогдохгүй байна.

Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 618 тоот албан бичгийн агуулгаас үзвэл ...Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн газар ашиглах эрхийг хамгаалалтын захиргаа авч, төлбөртэй зогсоол ажиллуулах хүсэл зоригтой, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээс гадуур аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн, энэ хүсэл зоригийг газар ашиглагчийн эрхэд халдах үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Харин Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/158 тоот тухайн газарт барилга байгууламж барих тохиолдолд олон нийтийн эрх ашиг хөндөгдөхөөргүй, Бурхантай хөшөөнөөс зайтай бариулах талаар анхаарч ажиллана уу гэсэн агуулга бүхий албан бичиг нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй, газар ашиглах эрх олгоход татгалзах санал өгсөн гэж үзэхээргүй, харин ашиглах эрх олгох тохиолдолд анхаарах нөхцлийг заасан байна.

Нэхэмжлэгч И ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн А/87 дугаар тушаалаар газар ашиглах эрхтэй болсон ба энэ газар дээр Аялал жуулчлалын төвийг барихаар эрх бүхий захиргааны байгууллагуудаас холбогдох зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу авч үйл ажиллагаа явуулж байсан, энэхүү төсөлд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар 1,319,751,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагчаас газар ашиглах эрхийг цуцалснаар дээрх үйл ажиллагааг тасалдагдахад хүргэж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн төдийгүй захиргааны үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны итгэл хамгаалах зарчим алдагдах нөхцөл бүрджээ.

Г ХХК захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан боловч ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзахаас өмнө гарсан тушаалын хууль зүйн үндэслэлийг тэр үед гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон И ХХКийн нэхэмжлэлээр хянан шийдвэрлэхэд Г ХХКийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзээд гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шүүх шийдвэрлэсэн.

Харин тухайн хэргийн гуравдагч этгээд болох Г ХХК нь маргаан бүхий газартай маргахгүйгээ илэрхийлж, мөн шүүх хуралдаанд оролцохгүйгээ бичгээр илэрхийлснийг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Газрын тухай хуулийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин аялал, жуулчлалын сайдад И ХХК-аас гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалын И ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА

ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ