| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2020/00443/И |
| Дугаар | 130/ШШ2021/00443 |
| Огноо | 2021-04-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 130/ШШ2021/00443
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суудаг Д.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н сумын ЗТ-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ш, гэрч М., А., Х., Т.А, К.Т, Ш.Б, Х.Д, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс эмчилгээний зардал 8000000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н сумын татварын алба нь 2018 оны жилийн эцсийн тайлангаар Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 170 % хувь буюу 18450000=00 төгрөгөөр давуулан биелүүлснээр Орон нутгийн төсвийн орлого 18450000=00 /Арван найман сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр давсан. Орон нутгийн төсвийн орлогын давсан хэсэгт төвлөрсөн дээрх мөнгийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн болон Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэж хувиарлан зарцуулах журамтай зарчимтай. Давсан хэсэгт төвлөрсөн 18450000=00 төгрөгийг сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 5-р сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд мөн өдрийн Төлөөлөгчдийн хуралдааны хүчин төгөлдөр 12-р тогтоолоор давсан хэсгийн дээрх мөнгөнөөс Д овогтой Б эмчилгээний зардалд 2000000=00 / Хоёр сая / төгрөгийг хувиарлан олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 05-р сарын 31-ний өдрөөр гаргасан хурлын дарга О.Хуанышийн гарын үсэг бүхий хуулийн хүчин төгөлдөр 12-р тоот тогтоол нотлох тул хавсаргав. Мөн давсан хэсэгт төвлөрсөн 18450000=00 төгрөгийг сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн хуралдаанаар дахин авч хэлэлцээд хувиарлатад өөрчлөлт оруулан мөн өдрийн Төлөөлөгчдийн хуралдааны хүчин төгөлдөр 14-р тоот тогтоолын хавсралтаар дараах хэлбэрээр хувиарлан зарцуулахаар шийдвэрлэсэн. Үүнд: Д-ы Б эмчилгээний зардалд 2000000 төгрөг, ИТХ-ын байгууллагад чуулганы бэлтгэл ажиллагааны зардалд 550000 төгрөг, сумын сонгуулийн хороонд Нөхөн сонгуулийн зардалд 8600000 төгрөг, ЗДТГ Аудитын төлбөрт 4500000 төгрөг, Д Т Оршуулгын зардалд 2000000 төгрөг, Ж Эмчилгээний зардалд 400000 төгрөг, Ж эмчилгээний зардалд 400000 төгрөг, нийтдээ 18450000 төгрөг байна. Үүнийг сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 10-р сарын 31-ний өдрөөр гаргасан хуралдааны дарга Д.Е-ын гарын үсэг бүхий хуулийн хүчин төгөлдөр 14-р тоот тогтоол нотлох тул тогтоолыг хавсралтын хамт хавсаргав. Энэ 2018 оны орон нутгийн төсөвт төвлөрсөн давсан хэсгийн 18450,000 төгрөгнөөс ЗДТГазар 2019 оны эцэст өөрийнхөө Аудитын төлбөрийн 4500,000төгрөгийг данснаас гарган Аудитын газард шилжүүлэн өгснөөр Орон нутгийн ерөнхий орлогын дансанд 13950,000 төгрөг зарцуулагдаагүй үлдсэн. Дээр нь энэ мөнгөнд 2019 онд Орон нутгийн орлого 33821,000 төгрөгөөр давж Орон нутгийн орлогын давсан хэсэгт нийтдээ 47771,000 төгрөг төвлөрсөн. Орон нутгийн орлогын давсан хэсэгт 2018, 2019 онуудад төвлөрсөн дээрх 47771,000 төгрөгийг сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн ээлжит хоёрдугаар хуралдаанаар дахин авч хэлэлцээд сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 10-р сарын 31-ний өдрөөр гаргасан 14-р тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр тогтоол болсон гэж үзээд мөн өдрийн Төлөөлөгчдийн хуралдааны хүчин төгөлдөр Давсан орлого зарцуулах тухай 05-р тоот тогтоолын хавсралтаар дараах хэлбэрээр хувиарлан зарцуулахаар шийдвэрлэсэн. Үүнд: Д-ы Б-д эмчилгээний зардалд 2000,000 төгрөг ... нийтдээ 47771,000 төгрөг байна. Иймд тус шүүхээс хүсэх нь: Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн ээлжит хоёрдугаар хуралдааны хүчин төгөлдөр Давсан орлого зарцуулах тухай 05-р тогтоолоор миний хүү болох Д.Б эмчилгээний зардалд шийдвэрлэж өгсөн 2,000,000 /Хоёр сая / төгрөгийг Н сумын ЗДТГ-ын санхүүгийн Орон нутгийн ерөнхий орлогын 100020800910 тоот данснаас гаргуулан авч өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн тухай хүсэлтдээ: Миний бие 2020 оны 12-р сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн ээлжит хоёрдугаар хуралдааны хүчин төгөлдөр Давсан орлого зарцуулах тухай 05-р тогтоолоор миний эмчилгээний зардалд шийдвэрлэж өгсөн 2,000,000 төгрөгийг тус сумын ЗДТГазрын санхүүгээс гаргуулан авч өгөхийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Н сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2018 оны 12-р сарын 20-ны өдрийн хуралдааны хүчин төгөлдөр 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн хувиарлалтыг батлах тухай 11-р тогтоолоор миний эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг, мөн сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 05-р сарын 31-ний өдрийн хуралдааны хүчин төгөлдөр 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгөний хувиарлалтыг батлах тухай 12-р тогтоолоор миний эмчилгээний зардалд 2,000,000 төгрөгийг түс түс 2018 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн 18450,000 төгрөгнөөс олгохоор батлан хувиарлаж өгсөн тул дээрх сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хоёр удаагийн хуралдаанаар шийдвэрлэж өгсөн 4,000,000=00 төгрөгийг, мөн сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 2019 оны 05-р сарын 31-ний өдрийн хуралдааны хүчин төгөлдөр 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгөний хувиарлалтыг батлах тухай 14-р тогтоолоор миний эмчилгээний зардалд 2000000 төгрөгийг 2018 оны орон нутгийн давсан хэсгийн 1845000 төгрөгөөс хувиарлан баталж олгохоор шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байгаа тул хэргийн хамт хэлэлцэж миний эмчилгээний зардалд сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн дөрвөн удаагийн хуралдаанаар шийдвэрлэж өгсөн нийтдээ 8,000,000 төгрөгийг Н сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Д.Б эмчилгээний зардалд шийдвэрлэсэн 2 сая төгрөг, мөн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгээс Д.Б эмчилгээний зардалд шийдвэрлэсэн 2 сая төгрөг, мөн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 2018 оны Орон нутгийн орлогын давсан хэсгээс эмчилгээний зардалд шийдвэрлэсэн 2 сая төгрөг мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны хүчин төгөлдөр 05 дугаар тогтоолоор Д.Б эмчилгээний зардалд шийдвэрлэсэн 2 сая төгрөг, нийтдээ 8 сая төгрөгийг сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол гээд байгаа. Энэ бол энэ асуудалтай хамаарахгүй. Энэ бол 2017 оны давсан орлогоос тусламж өгөх тухай тогтоол. Нэхэмжлэгч талаас 2018 оны давсан орлогоос хуваарилагдсан мөнгийг нэхэмжилж байгаа. Хоёрдугаарт, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаан бол Тэргүүлэгчдийн хуралдаан биш Төлөөлөгчдийн хуралдаан. Та андуурсан байна. Мөн хариуцагчийн зүгээс тогтоолуудыг хүчингүй болгосон гээд байгаа. Энэ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол шүүхээр хэлэлцэгдэж байгаа. Захиргааны хэргийн шүүхэд 2 удаа, давж заалдах шатны шүүхээр хуулийн хүчин төгөлдөр тогтоол болох нь тогтоогдсон. Энийг хүчингүй болгох нь Төлөөлөгчдийн эрх хэмжээний асуудал биш. Шүүхээр хүчин төгөлдөр болсон тогтоолыг хүчингүй болгох, шүүхээс эрх мэдэлтэй байгууллага биш. Гуравдугаарт, 10 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг аудитын аймгийн Төрийн аудитын байгууллага шалгасан байгаа. Аймгийн Төрийн аудитын байгууллага энэ тогтоолд шалгалт хийгээд хүчин төгөлдөр тогтоол гэж үзээд дүгнэлт гаргасан. Тэгээд аудитын шаардлагыг сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн. Энэ нь хавтаст хэрэгт байгаа. 2020 оны 3 дугаар сарын 0161 дугаартай албан шаардлагыг хүргүүлсэн. Дөрөвдүгээрт, 2019 оны 5 дугаар сарын 31-ний хуралдаан бол Төлөөлөгчдийн хүчин төгөлдөр хуралдаанаар буюу тухайн өдрийн хуралдаанаар хурлын даргыг сонгосон. Энэ хуралдаанаар О.Х-г хурлын даргаар сонгогдсон байгаа. Мөн тухайн өдөр Төлөөлөгчдийн хуралдаанаар орон нутгийн төсвийн давсан хэсгийг хэлэлцээд, хүн бүрд шийдвэрлэсэн мөнгийг тус тусдаа нь гаргасан. Хүчин төгөлдөр тогтоолууд гарсан, үүнийг бас сайн харж үзээрэй гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ш шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нь Орон нутгийн орлогын давсан хэсгээс Д.Б эмчилгээний зардалд 2 000 000 /хоёр сая/ төгрөг хуваарилсан сумын ЗДТГ-аас гаргаж гаргаж өгөхгүй байна гэж урьд нь нэхэмжлэл гаргаж байсан ба уг хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/Ш32020/00533 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосон. Энэхүү нэхэмжлэлийн талаар судлан үзэхэд Х.Д-ы нэхэмжилж байгаа 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг сумын ИТХ-ын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 2018 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай ИТХ-ын дарга О.Х-ын гарын үсэгтэй 12 дугаар тогтоолоор хүү нь болох Д.Бэд нэг хүний нэр дээр 2 000 000 /хоёр сая/ төгрөг тусдаа хуваарилсан байсан, мөн 2018 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай сумын ИТХ-ын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны Хуралдаан даргалагч Д.Есболатын гарын үсэгтэй 14 дүгээр тогтоолын хавсралтаар Д.Бэд дахин 2 000 000 /хоёр сая/ төгрөг хуваарилсан нэг оны орон нутгийн орлогын давсан хэсгийг хуваарилах 2 өөр хүний гарын үсэгтэй 2 өөр тогтоол гарсан нь эргэлзээ төрүүлж байна. Энэ талаар холбогдох хүмүүсээс тодруулж асууж, тодруулахад сумын ИТХ-ын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 08 дугаар тогтоолоор Татвар хураагч А.Амандыхын цалинд 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, байгаль хамгаалагч М.К-ын цалинд мөн хуралдаанаар 2 000 000 /хоёр сая/ төгрөг тус тус хуваарилсан байсан. Уг тогтоолуудыг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14-р тогтоолоор хүчингүй болгосон тогтоол бас гарсан ба Д.Бэд тусдаа 2 000 000 /хоёр сая/ төгрөг хуваарилсан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгосон эрхийн акт гараагүй тул тодорхойгүй ээдрээтэй нөхцөл байдал үүсээд байна. 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсэгт төвлөрсөн 18 450 000 /арван найман сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хуваарилан зарцуулах талаар ИТХ-аас дээрх тогтоолууд гарсан боловч тогтоолын хавсралт ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд дутуу орж ИТХ-ын нарийн бичгийн дарга хавсралтыг өөрчилсөн байна гэж үзээд тус хөрөнгийг зарцуулах сумын Засаг даргын захирамж гараагүй учраас мөнгө шилжүүлэх эрх үүсээгүй тул 2018 оны давсан орлого төрийн сангийн дансанд байсаар ирсэн. Дараа нь ИТХ-ын даргын маргаантай асуудлаас болоод 2018, 2019 оны давсан орлогыг дахин хуваарилагдаагүй болно. Үүнийг 2020 оны сонгуулиар сумын ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын дарга, Засаг дарга нар дахин сонгогдсоны дараа 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаанаар 2018, 2019 онуудын хуваарилагдаагүй үлдсэн давсан орлого болох 47,771,000 /дөчин долоон сая долоон зуун далан нэгэн мянга/ төгрөгийг дахин хуваарилалтыг хэлэлцсэн. Уг хуралдаанд миний бие өөрөө оролцож тэмдэглэл хөтөлсөн ба Д.Бэд эмчилгээний зардалд 2 000 000 сая төгрөг олгох талаар ямар асуудал орж хэлэлцээгүй. Энэ нь тухайн хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байгаа ба хуралдаанд оролцсон төлөөлөгчид ч үүнийг батлах болно. Уг хуралдаанаас давсан орлогыг хуваарилсан тогтоол гаргасан боловч хавсралтыг нарийн бичгийн дарга Х.Д нь дахин өөрөө дур мэдэн тогтоолын хавсралтыг өөрчлөн тамга дарж /ИТХ-ын тамга Х.Д-д байгаа/ баталгаажуулсан нь тогтоогдсон. Иймд Д.Б-эд эмчилгээний зардалд нь тусламж болгож урьд нь 3 000 000 /Гурван сая/ төгрөг олгосон ба эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төсвөөс дахин мөнгөн тусламж олгох боломжгүй байгаа болно гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Е нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэнтэй холбогдуулан гаргасан тайлбарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.2-т заасны дагуу Х.Ды нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч би нэхэмжлэгч Х.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нь Орон нутгийн орлогын давсан хэсгээс Д.Б эмчилгээний зардалд 2 000 000 /хоёр сая/ төгрөг хуваарилсан сумын ЗДТГ-аас гаргаж гаргаж өгөхгүй байна гэж урьд нь нэхэмжлэл гаргаж байсан ба уг хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 130/Ш32020/00533 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосон. Энэхүү нэхэмжлэлийн талаар судлан үзэхэд Х.Ды нэхэмжилж байгаа 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг сумын ИТХ-ын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 2018 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай ИТХ-ын дарга О.Х-ын гарын үсэгтэй 12 дугаар тогтоолоор хүү нь болох Д.Бэд нэг хүний нэр дээр 2 000 000 /хоёр сая/ төгрөг тусдаа хуваарилсан байсан, мөн 2018 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай сумын ИТХ-ын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны Хуралдаан даргалагч Д.Есболатын гарын үсэгтэй 14 дүгээр тогтоолын хавсралтаар Д.Бэд дахин 2 000 000 /хоёр сая/ төгрөг хуваарилсан нэг оны орон нутгийн орлогын давсан хэсгийг хуваарилах 2 өөр хүний гарын үсэгтэй 2 өөр тогтоол гарсан. Мөн тухайн хуралдаан болоогүй, хөрөнгө хуваарилах асуудал хэлэлцээгүй гэж тухайн үед ИТХ-ын дарга байсан О.Хуаныш ярьж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан болоогүй ямар ч шийдвэр гаргаагүй гэдгийг батлуулахаар О.Хуаныш нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шатны шийдвэрээр тус хуралдаанаас гарсан тогтоолуудыг захиргааны акт биш гэдгийг нотолсон болно. Нэхэмжлэгч Х.Д нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаан болгоноос гаргасан тогтоол, бусад шийдвэрүүдийн хавсралтыг дур мэдэн өөрчилж тамга даран өөрийн эрх ашигт нийцүүлэн хэлэлцэгдээгүй асуудлыг оруулж бичдэг нь цөөнгүй тохиолдсон. Хуралдаануудаас гарсан шийдвэрүүдийн хавсралтыг өөрчлөн, хууль бус нотлох баримт бүрдүүлсэн байж болзошгүй гэж үзэж Прокурорын байгууллагад шалгаж өгөх хүсэлт гаргаснаар цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа бөгөөд энэ талаар Цагдаагийн байгууллагаас нотлох албан бичиг, тодорхойлолт өгөхийг хүссэн боловч шүүхээс уг хэргийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас шууд татаж авч шалгана гэсэн тайлбар өгсөн болно гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын ЗТ итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжилж байгаа Д.Б эмчилгээний зардал 2 сая төгрөгийг урд Д.Б гэх хүн барилдаж байхад хотод хөлөө гэмтээгээд сумын Засаг даргын Тамгын газраас дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Тэр үед бол Д.Б эмчилгээний зардал гээд 3 сая төгрөгийг хуваарилаад өгсөн. Үүнийг шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Энэ хүнд анх хуваарилахад 5 сая төгрөгийг хуваарилсан. Одоо зөрүүд нь 2 сая төгрөгийг олгох ёстой байсан. Тухайн 2 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шүүхээр нэхэмжилж байна. Энэ нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 05 дугаар тогтоол гарсан. Энэ нь Д.Б эмчилгээний зардал гээд 5 сая төгрөг гээд хуваарилсан боловч төлөөлөгчдийн хуралдаанаас Д.Бэд 3 сая төгрөг хуваарилсан. 2018 оны 9 дүгээр тогтоолоор хуваарилсан байгаа. Тэгээд энэ зөрүү гээд 2 сая төгрөг нэхэмжилж байгаа нь Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар буюу орон нутгийн орлогын давсан хэсгээс хөрөнгө хуваарилсан. Тэгээд цаашид Тамгын газраас санхүүгийн боломж байхгүй, муу байсан учраас нэг хүнд тусламж болгоод 3 төгрөг олгосон байна. Одоо нэхэмжилж байгаа 2 сая төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа. Тэгээд бас жилийн төсвийн давсан орлогыг замбараагүй жилд 2 удаа хуваарилсан байсан. Энэ нь 2018 оны давсан орлогыг 01 дүгээр сарын 09-ний өдөр Тэргүүлэгчид хуваарилсан. Тэгээд Тэргүүлэгчдийн хуралдаанаас хуваарилчхаад 01 дүгээр сарын 11-ний болсон Төлөөлөгчдийн хуралдаанаас 2018 оны давсан орлогыг дахих хуваарилсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Тэргүүлэгчид дахин хуралдаан бас 2018 оны давсан орлогыг хуваарилсан. Нэг утгатай олон дахин хуваарилсан. Энд эргэлзээ төрүүлсэн, ээдрээтэй асуудлууд үүсээд байгаа, тийм учраас эдгээр тогтоолуудыг 4 дүгээр сарын 18-ны өдөр сумын Төлөөлөгчдийн хуралдааныг хийгээд өөрийн бүрэн эрхт асуудлаар хөрөнгө хуваарилсан гээд Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар тогтоолуудыг илт хууль бусд тооцож хүчингүй болгосон. Мөн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн сумын Төлөөлөгчдийн хуралдаанаас гарсан 11 дүгээр тогтоол, 2019 оны 5 дугаар сарын 31-ний 08, 09, 10, 11, 12 дугаар тогтоол зэрэг хүн тус бүрд нэг, нэг тогтоол гаргаад хүн бүрд тусламж болгоод хөрөнгө хуваарилсан тогтоолуудыг, мөн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг тус тусдаа нь хүчингүй болгосон байгаа. Тэгээд мөн 4 дүгээр сарын 18-ны өдрийн СД бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгөх гэсэн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй гэж шүүх хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь Баян-Өлгий аймгийн Н сумын З холбогдуулан эмчилгээний зардал 8000000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хоёрдугаар хуралдааны Давсан орлогыг хуваарилах тухай 05-р тогтоолоор Д.Б эмчилгээний зардалд 2000000 төгрөг хуваарилан олгохоор шийдвэрлэсэн тул уг мөнгийг гаргуулах
2.Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай 11 тогтоолоор Д.Б эмчилгээний зардалд 2000000 төгрөг, Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгөний хуваарилалтыг батлах тухай 12 дугаар тогтоолоор Д.Б эмчилгээний зардалд 2000000 төгрөг баталсан байх тул тус тус гаргуулах
3.Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай 14 дүгээр тогтоолоор миний эмчилгээний зардалд 2000000 төгрөг хуваарилсан тул гаргуулах гэжээ. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын ЗТ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. Талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай Давсан орлого зарцуулах тухай тогтоолоор Сумын орон нутгийн төсвийн давсан орлого болох 47771000 төгрөгийг хавсралт ёсоор зарцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолын хавсралт болох 2018, 2019 оны орон нутгийн орлогын давсан хэсгээс хуваарилсан мөнгөний жагсаалтын 1 дугаарт Ды Бэд эмчилгээний зардалд 2000000 төрөг гэж тусгажээ.
Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай тогтоолоор нэг дэх заалтаар Н сумын 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсэгт төвлөрсөн 18450000 төгрөнөөс Д овогтой Б эмчилгээний зардалд 2000000 төгрөгийг хуваарилан батлан олгохоор шийдвэрлэсэн байх ба уг тогтоолын хавсралт болох 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгээс хуваарилсан мөнгөний жагсаалтын 1 дугаарт Д овогтой Б эмчилгээний зардалд 2000000 төгрөг гэж тусгажээ.
Мөн Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай тогтоолоор нэг дэх заалтаар Н сумын 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсэгт төвлөрсөн 18450000 төгрөнөөс Д овогтой Б эмчилгээний зардалд 2000000 төгрөгийг хуваарилан батлан олгохоор шийдвэрлэсэн байх ба уг тогтоолын хавсралт болох 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгээс хуваарилсан мөнгөний жагсаалтын 1 дугаарт Д овогтой Б эмчилгээний зардалд 2000000 төгрөг гэж тусгажээ.
Баян-Өлгий аймгийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 дугаартай 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай тогтоолын нэг дэх заалтаар Н сумын 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсэгт төвлөрсөн 18450000 төгрөгийн 1-р хавсралтаар хуваарилан олгохоор шийдвэрлэсэн байх ба уг тогтоолын 1-р хавсралт болох 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгээс хуваарилсан мөнгөний жагсаалтаас үзэхэд Ды Б эмчилгээний зардал 2000000 төгрөг хуваарилжээ.
Дээрх тогтоолуудаас үзэхэд Н сумын 2018 оны орон нутгийн давсан хэсгийг 4 удаагийн тогтоолоор хуваарилан баталсан байх ба нэхэмжлэгч Д.Б эмчилгээний зардалд 2000000 төгрөгийг тус тусдаа 4 удаа буюу нийт 8000000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийг 4 удаа хэлэлцэн шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд нэг асуудлыг буюу 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсэгт төвлөрсөн 18450000 төгрөгийг хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн байх тул Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хоёрдугаар хуралдааны Давсан орлогыг хуваарилах тухай 05-р тогтоолоор, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай 11 тогтоолоор, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгөний хуваарилалтыг батлах тухай 12 дугаар тогтоолоор, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийг хуваарилалтыг батлах тухай 14 дүгээр тогтоолоор тус тусдаа Д.Б эмчилгээний зардалд 2000000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагчаас Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дээрх тогтоолуудыг хүчингүй болгосон, нэхэмжлэгч Д.Б эцэг болох Д нь хурлын нарийн бичгээр ажилладаг байх ба хурлын тамгыг ашиглан тогтоолуудыг засварлаж Д.Б эмчилгээний зардал гэж хавсралтад нэмж оруулсан гэж тайлбарлаж маргажээ.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална, 25.2-д Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна, 25.4-т Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хоёрдугаар хуралдааны Давсан орлогыг хуваарилах тухай 05 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хуралдааны 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай 11 дугаартай, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгөний хуваарилалтыг батлах тухай 12 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийг хуваарилалтыг батлах тухай 14 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгосон нь тогтоогдохгүй байгаа болно.
Шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдээс Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор дээр тогтоолуудыг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа боловч хүчингүй болгосон тухай тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзлээ.
Хуульд зааснаар хурлаас гаргах эрхийн акт нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т зааснаар хурлаас гарсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тогтоол байхгүй, бусад нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Мөн нэхэмжлэгч Д.Бэд орон нутгийн орлогын давсан хэсгээс мөнгө олгохоор шийдвэрлэсэн тогтоолуудын хавсралтыг түүний эцэг болох Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Д нь засварлаж нэмж оруулсан гэж тайлбарлаж байгаа боловч засварласан, нэмж оруулсан, хуурамчаар нотлох баримт үйлдсэн нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон талаар нотлох баримтгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдээс Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хоёрдугаар хуралдааны үед нэхэмжлэгч Д.Б эмчилгээний зардалд 2000000 төгрөг хуваарилах талаар юм яригдаагүй гэж тайлбарлаж байгаа боловч тухайн өдрийн Н сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн ээлжит хоёрдугаар хуралдааны Давсан орлогыг хуваарилах тухай 05 дугаартай тогтоолыг бүхэлдээ няцаах үндэслэл болохгүй гэж үзлээ.
Иймд Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын Тамгын газраас 2000000 төгрөгийг гаргуулан Ды Бэд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 46.3.3-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын Тамгын газраас 2000000 төгрөгийг гаргуулан Ды Бэд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172850 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын Тамгын газраас 46950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бэд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК