Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2021/00455

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын Ө сумын 13 дугаар багт оршин суух, Х.Ж-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 0 сургуульд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ж, түүний өмгөөлөгч Я.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Н, гэрч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын Е-0 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/05 дугаартай “Ня-бо Б.Ж, нярав Х.Ж нарт сануулах арга хэмжээ авах тухай” тушаалын Х.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэгч Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Ж би 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тус сургуульд нярвын бүр орон тооны ажилд томилогдсон. 2017 онд ажил олгогч намайг нярвын үүрэгт ажлаас хууль бусаар халсан боловч гурван шатны шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдсон. Гэвч тус сургуулийн захирал Х.Х нь намайг шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдсон явдалд байнга өш хонзон санаж, 2018 оноос хойш одоо хүртэл ажлын байранд элдэв дарамт шахалт үзүүлж ирлээ. Би тус сургуульд ажиллаж байгаа хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гарган арга хэмжээ авхуулж байгаагүй. Гэтэл Б аймгийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаартай албан шаардлагыг үндэслэн надад сануулах арга хэмжээ авсан явдалд гомдолтой байна. Ажил олгогч нь намайг буруутгаж байгаа гэх зүйл нь 2019-2020 онд эд хөрөнгийн тооллого хийгээгүй гэж байгаа. Тухайн үед тус сургуулийн захирал эд хогшлыг тоолох ажлын хэсэг гаргаагүй учраас би өөрөө эд хөрөнгийн тооллого хийх ямар ч бололцоогүй. Сангийн яамнаас баталсан журам ёсоор сургуулийн эд хогшлыг тоолох ажлыг байгууллагын нябогын чиг үүрэгт хамаарч байна. Гэлээ гэхдээ би өөрөө жил бүр сургуулийн эд хогшлыг санхүүгийн тайлан бүрэн тэнцэлд тусгаж байсан, ямар нэгэн зөрчил дутагдал, ашиглал, шамшигдал гаргаж байгаагүй. Иймд ажил олгогч надад сануулах арга хэмжээ авах ёсгүй гэж үзэж байна. Ажил олгогч энэ удаад сануулах арга хэмжээ авч байгаагийн цаад далд зорилго нь цаашид Х.Ж намайг нярвын ажлаас халах бэлтгэл ажил гэж үзэж байна. Иймээс би өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б аймгийн Ө сумын Е 4 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б\05 дугаартай тушаалын Х.Ж надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн Х.Ж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Урьд нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн дэмжиж байгааг илэрхийлж байна. 2019 онд миний бие жирэмсний амралтад явсан байна. Тухайн үед миний оронд Жийг түр томилсон байсан. Би 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралтаас орж ирээд бүх тайлан, тооцог хийгээд өөрт нь өгөөд шалгуулсан. Тэр үед би жирэмсний амралтаас орж ирээд тайлан, тооцоо огт гаргаагүй байсан. Тэгээд шууд гараагүй байгаа бүх тайлан тооцоог нөхөж гаргасан. 2020 онд манай сургуульд 78 сая төгрөгийн эд хогшил ирэхэд надад танилцуулаагүй, тушаал ч гаргаж өгөөгүй байхад миний бие өөрөө очиж танилцаж, нийлүүлсэн байгууллагатай өөрөө очиж тооцоо нийлүүлж тайлан гаргасан. Хэрвээ үзнэ гэвэл баримт нь байгаа. Тэгээд хариуцагч талаас тооллого явуулах комисс байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч тэр комисс байгуулсан тушаал шийдвэрийг би харж байгаагүй. Шүүхэд ирээд хавтаст хэрэгттэй танилцахад анх харж байсан. Шаардах хуудасны хувьд гэвэл 2019 онд “Ковид-19” халдварт өвчин гарсан түүнээс болж бүгдээрээ явсан болохоор би санхүүгийн баримтуудтай хамт шаардах хуудсыг хавсаргаж өгсөн. Тэгээд сургуульд ажилчид байгаагүй болохоор шаардах хуудсыг бичээгүй, бусад баримтуудыг бүгдийг гаргаж өгсөн. Би жирэмсний амралтад байх хугацаанд миний оронд ажиллаж байсан Ж тухайн үеийн бүх тайлан, тооцоог гаргах ёстой байсан тэр болгоныг би өөрөө гаргаж, ирсэн эд хогшил бараа материалыг бүгдийг нь зарлагын падааныг өөрөө авч байсан. Тухайн үед захирал надад хандаж чи очиж эд хогшлын падааныг аваарай гэж хэлээгүй ч гэлээ би өөрөө авч байсан. Иймд Б аймгийн Ө сумын Е 0 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б\05 дугаартай тушаалын Х.Ж надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Ө сумын Е 0 дүгээр сургуулийн захирал Х.Х шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Ө сумын 13 дугаар багт оршин суудаг иргэн Х.Ж-ы нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 1.Нярав ажилтай Х.Ж нь нэхэмжлэлдээ “2017 онд ажил олгогч намайг нярвын үүрэгт ажлаас хууль бус халсан боловч гурван шатны шүүхийн шийдвэрээр эргүүлэн томилогдсон учраас өш хонзон санаж ажлын байранд элдэв дарамт шахалт үзүүлж ирлээ” хэмээн бичиж тус сургуулийн захирал ажилтай Х.Х намайг үндэслэлгүйгээр гүтгэсэн байна. Х.Ж нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоогдсоноор түүнийг хэвийн ажиллуулж байгаа ба ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байгаагүй. Хэрэв намайг ажлын байрны дарамт үзүүлсэн гээвэл Хүний эрхийн үндэсний комисст харьяаллын дагуу гомдлоо гаргаж шалгуулах эрх нь нээлттэй байгаа гэдгийг дурдаж байна. 2.Нярвын ажлын байрны тодорхойлолтыг үндсэн зорилтын 1-д нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.4 дэх заалтууд Сангийн сайдын 2000 оны 69 дүгээр тушаалаар батлагдсан эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм, 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмуудыг хэрэгжүүлэх, мөрдөж ажиллах, 2-т Батлагдсан маягт зааврын дагуу анхан шатны маягтыг хөтөлж, мөнгөн хөрөнгө бараа материалын тайланг гаргах 3-т Байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах үүрэг хүлээдэг юм. Үүнийг нярвын ажлын байрны тодорхойлолтод зааж өгч, тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хийж гүйцэтгүүлнэ хэмээн хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж 2 тал гарын үсэг зурж байсан. Мөн холбогдох хуулийн дагуу эрх бүхий этгээдээс баталж Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмуудыг хэрэгжүүлэх, мөрдөж ажиллах үүрэгтэй юм. Нярав Х.Ж нь дээрх хүлээсэн үүргээ зөрчсөн болохыг эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон. 3.Нярав Х.Ж нь ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын 2.4-д өөрийн хариуцаж байгаа мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгө, эд зүйлсийн орлого, зарлагын мэдээ тайланг тухай бүр зохих маягтаар гарган орлого зарлагын холбогдох анхан шатны болон зарцуулалтын баримтуудыг хавсарган нягтлан бодогчид өгч байх гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. 4.Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын 3.2-т заасан байгууллагын ажиллагсдын эзэмшиж байгаа эд хөрөнгийг хүн нэг бүрийн нэр дээр карт хөтлөн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах гэсэн заалтыг Нярав Х.Ж нь хэрэгжүүлж ажиллаагүй. 5.“Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийн эд хариуцагчийн эрх гэсэн заалтын 4-т заасан “өөрийн хариуцаж байгаа эд хөрөнгөнд тооллого хийх, тооцоог бодуулах ажлыг тогтоосон хугацаанд хийх” гэсэн заалтыг нярав зөрчсөн, 6.Сургуулийн захирлын 2020 оны 12-р сарын 07-ний өдрийн А/17 тоот тушаалаар өмч хамгаалах байнгын зөвлөлийг байгуулж, 2020 оны Эд хариуцагчийн үлдэгдлийн бүртгэлд үндэслэн хяналтын тооллого хийх эрх үүрэг өгсөн юм. Нярав Х.Ж нь өмч хамгаалах байнгын зөвлөлтэй байгааг мэдсээр байж 2020 оны жилийн эцсийн тооллогыг зөрүүд хийгээгүй. Сургуулийн захирлын зүгээс 2020 оны 12-р сард хэд хэдэн удаа тооллого хийхийг анхааруулсан боловч үл тоомсорлосон. Өмч хамгааллын байнгын зөвлөлийн гишүүд болох К.И, Т.Р нар тооллого хийх талаар нярав, нягтлан нарт анхааруулж хэлэхэд элдэв шалтаг зааж хийгээгүй. Нэхэмжлэгч Х.Ж нь 2019 онд эд хөрөнгийн тооллого хийж байгаагүй талаар дурдсан байна. Сургуулийн захирлын хувьд 2019 онд мөн өмч хамгаалах зөвлөл байгуулан, эд хөрөнгийн тооллого хийхийг үүрэг болгосон. 2019 онд манай байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.З нь санхүүгийн баримтуудыг үрэгдүүлж, алга болгосон тул аудитын газраас шалгалт хийгдээгүй байсан. Тухайн жилд эд хөрөнгийн тооллогоо хийгээгүй байсныг миний бие мэдээгүй. Харин 2020 онд энэхүү зөрчлийг Аудитын газраас илрүүлж, албан шаардлага хүргүүлсэн үед олж мэдсэн. Зөрчил илэрсний дараа ня-бо Б.Ж, нярав Х.Ж нараас аудитын газрын албан шаардлагыг танилцуулан холбогдох зөрчлийг арилгуулах талаар хэлэлцсэн. Тэр үед Х.Ж нь захирал намайг үл хүндэтгэж, эрх бүхий байгууллагын албан шаардлагыг зөвшөөрөхгүй гэж яваад өгсөн. Харин Б.Ж нь тухайн зөрчил гарах болсон шалтгааны талаар илтгэх хуудас бичиж өгч байсан. Б аймаг дахь Төрийн Аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 50 тоот албан шаардлагын 2-т нярвын бараа материалын тайланг батлагдсан маягтаар сар бүр гаргуулж тооцоо хийгээгүй, орлого, зарлагын дүн зөрүүтэй, зарцуулсан материалыг шаардах хуудсаар олгодоггүй бараа материалын үлдэгдлийг баталгаажуулах боломжгүй гэж дурдаад зөрчлүүдийг арилгаж хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг даалгасан. Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны дүрэм Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалын 8.2-т шалгалтаар зөрчил дутагдал илэрвэл мөнгөн кассын нярав болон холбогдох албан тушаалтанд хуульд заасны дагуу хариуцлага тооцож зөрчлийг барагдуулна гэж заасан байдаг. Иймд Б аймаг дахь Төрийн аудитын албан шаардлагад заасан зөрчлүүдийг давтан гаргахгүй байх үүднээс ня-бо Б.Ж, нярав Х.Ж нарт зохих хуулийн дагуу сануулах арга хэмжээг авсан тул Ж-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Ж нь Б аймгийн Ө сумын Е-0 дүгээр сургуулийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Ня-бо Б.Ж, нярав Х.Ж нарт сануулах арга хэмжээ авах тухай” Б/05 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б аймгийн Ө сумын Е-0 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/05 дугаартай  тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт, Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 50 тоот албан шаардлагыг үндэслэн ... нярав ажилтай Х.Ж-д 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ миний бие сахилгын зөрчил гаргаагүй тул сануулах арга хэмжээ авсныг зөвшөөрөхгүй байгаа болно гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заажээ.

Сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд хариуцагч нь Х.Ж-ы сахилгын зөрчил гаргасан эсэхийг нотолж чадаагүй байна.

Хариуцагчаас татгалзлынхаа үндэслэлээ ажилтан Х.Ж нь нярвын ажлын байрны тодорхойлолтод заасан өөрийн хариуцаж байгаа мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгө, эд зүйлсийн орлого, зарлагын мэдээ тайланг тухай бүр зохих маягтаар гарган орлого зарлагын холбогдох анхан шатны болон зарцуулалтын баримтуудыг хавсарган нягтлан бодогчид өгч байх, байгууллагын ажиллагсдын эзэмшиж байгаа эд хөрөнгийг хүн нэг бүрийн нэр дээр карт хөтлөн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах, өөрийн хариуцаж байгаа эд хөрөнгөд тооллого хийх, тооцоог бодуулах ажлыг тогтоосон хугацаанд хийх ажил үүргийг хэрэгжүүлээгүй болохыг Аудитын газраас илрүүлж тогтоосон гэж тайлбарлажээ.

Б аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 50/А0470231 дугаартай Зөрчил арилгах тухай албан шаардлагаас үзэхэд

“Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд Ө сумын Е-0 дүгээр сургуулийн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн баталгаажуулах аудит хийгдсэн ба 5 төрлийн зөрчил илрүүлж дараах шаардлагыг хүргүүлжээ. Үүнд: 1. Үндсэн хөрөнгө, бараа материалын тооллогыг дахин хийж, хөрөнгийн үлдэгдлийг тооцоо хийж санхүүгийн тайлангийн үлдэгдэлтэй тулган баталгаажуулах, орлогод авагдаагүй 8798,0 мянган төгрөгийн иж бүрэн бөхийн дэвжээг, номыг 1 улиралд багтаан орлогод авах 2. Няравын бараа материалын тайланг сар бүр гаргуулж тооцоо хийх, материалын үлдэгдлийг хуулийн хугацаанд тоолж үлдэгдлийг баталгаажуулж тооцоо хийж хэвших, цалингийн цэсийг зөрүүгүй бодож, ажиллагсдад танилцуулж гарын үсэг зуруулж баримтжуулах 3. Авлага, өглөгийн тооцоог харилцагч байгууллагуудтай тооцоо нийлж үлдэгдлийг баталгаажуулах 4.Санхүүгийн анхан шатны баримтын бүрдүүлэлт, эмх цэгцийг сайжруулах, санхүүгийн тайланг холбогдох стандарт, журам, зааврын дагуу үнэн зөв гаргаж хэвших 5.Батлагдсан төсвөөс зарцуулагдаагүй үлдэгдэл санхүүжилтийг Төсвийн тухай хуульд заасны дагуу төсөвт буцаан төвлөрүүлж, үндэслэлгүй авлага үүсгэхгүй байх, авлагыг барагдуулах 6. Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан журмын холбогдох заалтуудыг мөрдөж ажиллах, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулах мэдээллүүдийг хугацаанд нь бүрэн оруулах, зөрчлийг арилгаж, албан шаардлагын биелэлтийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны дотор аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэх шаардлага хүргүүлж, цаашид алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Ө сумын Е-0 дүгээр сургуулийн захирал Х.Х, нягтлан бодогч Б.Ж нарт даалгажээ. 

Тухайн албан шаардлагад илэрсэн зөрчлүүдээс “Сургуулийн 2020 оны жилийн эцсийн үндсэн хөрөнгө, бараа материалын тооллого хийгдээгүй, 101746,5 мянган төгрөгийн бараа материалын үлдэгдлийг тооцоо хийж баталгаажуулаагүй, 2018 оны жилийн эцсийн бараа материалын үлдэгдлийг 2020 оны бараа материалын эхний үлдэгдлээр авч тайлагнасан, үүнээс шалтгаалан санхүүгийн тайлан дахь бараа материал, үндсэн хөрөнгийн үлдэгдлийг тулган баталгаажуулах боломжгүй байна. Тайлант онд аймгийн Боловсрол соёлын газраас үнэ төлбөргүй олгосон 3679,9 мянган төгрөгийн үнэ бүхий номыг орлогод авч, санхүүгийн тайланд тусгаагүй, хөрөнгө оруулалтаар ирсэн 24750.0 мянган төгрөгийн тээврийн хэрэгслийг машин тоног төхөөрөмж дансанд орлого авч бүртгэж тайлагнасан. Иргэн А.Муратбекээс бэлтгэн нийлүүлэх гэрээгээр нийт 22761.4 мянган төгрөгийн иж бүрэн бөхийн дэвжээг биетээр хүлээж аваагүй байгааг орлогод авснаар бүртгэж санхүүгийн тайланд тусгаж тайлагнасан, Няравын бараа материалын тайланг батлагдсан маягтаар сар бүр гаргуулж тооцоо хийгээгүй, орлого зарлагын дүн зөрүүтэй, зарцуулсан материалыг шаардах хуудсаар олгодоггүй, бараа материалын баталгаажуулах боломжгүй. ... гэж дурдсан байна.

Б аймаг дахь Төрийн аудитын газрын дээрх албан шаардлагаас үзэхэд Ө сумын Е-0 дүгээр сургуулийн 2020 оны санхүүгийн тайланд аудит хийсэн байх ба жилийн турш хөтлөгдсөн санхүүгийн баримтад  нягтлан бодох бүртгэлийн  зөрчил илэрсэн зөрчлүүдийг  гаргасан цаг хугацааны хувьд тодорхой тусгаагүй, нярав Х.Ж нь ажил үүргээ зохих журмын дагуу хийгээгүйн улмаас тухайн зөрчил гарсан болохыг шууд тусгаж өгөөгүй бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна” гэж заасан байх тул тухайн албан шаардлагаар нярав Х.Жы сахилгын зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шалгалтаар бүрэн нотлогдсон гэж үзэх боломжгүй байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Төрийн Аудитын газрын албан шаардлагад дурдсан зөрчлүүд хэзээ гарсан, энэ нь нягтлан бодогч эсхүл нярвын ажил үүрэгтэй холбоотой зөрчил болох нь  тодорхой бус байх тул дээрх хуулийн заалтын дагуу сахилгын зөрчлийг гаргасан хугацааны хувьд дүгнэлт хийх боломжгүй байна.

Хариуцагчаас ажилтан Х.Ж нь сургуулийн 2020 оны жилийн эцсийн үндсэн хөрөнгө, бараа материалын тооллого хийгдээгүй талаар тайлбарлажээ. 

Нягтлан бодох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна гэж заасан байх ба Б аймгийн Ө сумын Е 4 дүгээр сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/17 дугаартай Өмч хамгаалах байнгын зөвлөл байгуулах тухай тушаалаар 2020 оны өмчийн хөрөнгийн тооллогын комиссын даргаар А.М /сургалтын менежер/, гишүүдээр нь Б.Ж /ня-бо/, Х.Ж /нярав, Т.Рахат /сантехник/, К.И /цахилгаанчин/, С.Б /мужаан/ нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, 2 дахь заалтаар сургуулийн өмчийн хөрөнгийн тооллогыг зохих журмын дагуу явуулж 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 21-нд дуусгахыг комисст үүрэг болгожээ. Эрх бүхий албан тушаалтан нь гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангах, түүнд хяналт тавих үүрэгтэй байх ба Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.2, 12.2.1-д зааснаар Хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө  заавал хийхээр хуульчилсан байх тул сургуулийн эд хөрөнгөд тооллого хийгээгүй зөрчил нь илэрхий зөрчил бөгөөд уг зөрчлийг илрүүлсэн хугацааг Аудитын газрын шаардлагаар илрүүлсэн гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд Хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө ... заавал хийхээр, мөн Б аймгийн Ө сумын Е 0 дүгээр сургуулийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/17 дугаартай Өмч хамгаалах байнгын зөвлөл байгуулах тухай тушаалд хөрөнгийн тооллого эхлэх, дуусгах  хугацааг тодорхой заасан байх тул зөрчил илэрсэн хугацааг хуульд заасан болон захирлын шийдвэрт заасан хугацаагаар тооцоход Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай журам зөрчигдсөн байна.

Ажил олгогчоос ажилтан Х.Ж-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байх ба нотлох баримтаар нярвын ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч тухай ажлын байрны тодорхойлолтод заасан нярвын ажлын байрны үндсэн зорилтын хүрээнд мөрдөж ажиллах чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй болохыг шууд нотлох баримт байхгүй байгаа, эд хөрөнгийн тооллого хийх комиссыг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулж тооллого хийгээгүй гэсэн үндэслэлээр нярав Х.Ж-д сахилгын шийтгэл ногдуулсан боловч зөрчил илэрснээс хойш сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрсөн байх тул Б аймгийн Ө сумын Е 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/05 дугаартай “Ня-бо Б.Ж, нярав Х.Ж нарт сануулах арга хэмжээ авах тухай” тушаалын Х.Жд холбогдох хэсэг нь хуульд нийцээгүй байна гэж үзлээ.

Иймд Б аймгийн Ө сумын Е 4 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/05 “Ня-бо Б.Ж, нярав Х.Ж нарт сануулах арга хэмжээ авах тухай” тушаалын Х.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Ө сумын Е-0 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого олгох нь зүйтэй байна.нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-г баримтлан Б аймгийн Ө сумын Е-0 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/05 дугаартай “Ня-бо Б.Ж, нярав Х.Ж нарт сануулах арга хэмжээ авах тухай” тушаалын Х.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Ө сумын Е-0 дүгээр бүрэн дунд сургуулийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Х.МЕЙРАМБЕК