Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2021/00520

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, З.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х банкны А салбарт холбогдох “Зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл хасуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С хариуцагч Х банкны А салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн мэдээллийн сангаас Бд холбогдох регистрийн дугаар БЮ79020911, ... 7. Төрөл: зээл,  валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 590843.01 төгрөг, зээлийн хүү: 0, зээл олгосон огноо: 2009-12-24, төлөгдөх огноо: 2010-12-24, үндсэн зээлийн үлдэгдэл: 590843.01 төгрөг, ангилал: хэвийн, олгосон байгууллага: Х банк, ... 9. Төрөл: зээл, Валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 1191013.82 төгрөг, зээлийн хүү: 0, Зээл олгосон огноо: 2011.06.03, төлөгдөх огноо: 2012-06-03, үндсэн зээлийн үлдэгдэл: 1191013:82 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага Х банк  гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагч Х банкны А салбарт үүрэг  болгох тухай.

Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Х банкнаас 15000000 төгрөгийн зээл авч үүнээс 5397031 төгрөгийг төлж чадаагүй. Ингэснээр Х банкны А аймаг дахь салбараас 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр уг үлдэгдэл 5379031 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилсэн. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шүүхээс холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дараа нь Х банкны А аймаг дахь салбараас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлснээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулаад төлбөрөө 100% төлөөд дуусгасан юм. Өөрөөр хэлбэл төлбөр авагч Х-ы банкны А аймаг дахь салбар нь шүүхийн шийдвэрийн дагуу авах төлбөрөө барьцаа хөрөнгөөр бүрэн авснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан байсан. Үүнээс хойш миний бие Х банкнаас ямар нэгэн зээл авч байгаагүй тул уг банканд өргүй юм. Гэтэл миний бие 2021 оны 3 дугаар сарын эхэнд тус аймаг дахь Төрийн банкнаас зээл авах гэтэл “Зээлийн мэдээллийн сан”-д хугацаа хэтэрсэн зээлтэй байна. Өөрөөр хэлбэл Х банкнаас 2009 оны авсан зээлийн үлдэгдэл 590843.01 төгрөгийн, мөн 2011 оны авсан зээлийн үлдэгдэл 1069013.82 төгрөгийн нийт 1659856.83 төгрөгийн зээлийг төлөөгүй муу зээлийн үлдэгдэлтэй тул зээл олгох боломжгүй гэж татгалзсан. Бусад арилжааны банкнуудад хандахад мөн адилхан “Зээлийн мэдээллийн сан”-д Х банканд төлөх зээлийн үлдэгдэл төлбөртэй тул зээл олгох боломжгүй гэсэн хариулт хэлээд байна. Миний бие Х банкнаас 2009 онд 15 сая төгрөгийн зээл авч байснаас хойш огт зээл авч байгаагүй. Миний бие үүний учир шалтгааныг мэдэхийн тулд Монгол банкны А аймаг дахь салбарт очиж эрх бүхий албан тушаалтнаас лавлахад тэд мөн адилхан намайг “Зээлийн мэдээллийн сан”-д хугацаа хэтэрсэн зээлтэй байна гэсэн мэдээллийг гаргаж өгсөн. Ингэсээр миний бие аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж энэ талаар асууж лавлахад тэрбээр бусдад төлөх төлбөргүй тухай тодорхойлолт өгөв. Миний бие 2009 оноос хойш Х банкнаас ямар ч зээл аваагүй байхад банк миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж “Зээлийн мэдээллийн сан”-д миний тухай үндэслэлгүй бусдад төлөх өр төлбөртэй мэтээр мэдээлэл оруулсанд гомдолтой байна.  Х банкны А салбараас ингэж мэдээлэл оруулахдаа урьдчилж надад мэдэгдээгүй, ямар нэгэн зөвшөөрөл аваагүй юм. Хариуцагчаас “Зээлийн мэдээллийн сан”-д  өр төлбөртэй холбоотой мэдээлэл оруулах эрхтэй хэдий хуульд заасан 6 жилийн хугацаа өнгөрсөн байсныг анхаараагүй холбогдох хуулийг ноцтой зөрчсөн байна. Миний бие Х банкны А аймаг дахь салбарт очиж уг хууль бусаар оруулсан мэдээллийг хасаж залруулж өгөхийг хүссэн боловч тэрбээр үл ойшоож олигтой тайлбар өгөхгүй байна. Иймд зээлийн мэдээллийн сангаас нэхэмжлэгч Б-д холбогдох, Валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 590843.01 төгрөг, зээлийн хүү: 0, Зээл олгосон онгоо:2009-12-24, төлөгдөх огноо: 2010-12-24, үндэслэн зээлийн үлдэгдэл:590843.01 төгрөг, ангилал: хэвийн гэсэн мэдээллийг, түүнчлэн Валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ:1191013.82 төгрөг, зээлийн хүү: 0, Зээл олгосон онгоо: 2011-06-03, төлөгдөх огноо: 2012-06-03, үндсэн зээлийн үлдэгдэл: 1191013.82 төгрөг, ангилал муу гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагч Х банкны А салбарт үүрэг болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х банкны А салбарын захирал шүүхэд гаргасан тайлбарт: З.Б-ын нэхэмжлэлтэй Х банкны А аймаг дахь салбарт холбогдох зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл хасуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Х банкны А аймаг дахь салбар 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А аймаг дахь сум дундын шүүхэд З.Б-д холбогдуулан зээлийн төлбөрт 5828522 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тухай нэхэмжлэлийн шаардлагыг З.Б хүлээн зөвшөөрч тус шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1013 дугаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарч дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэгдсэн боловч өнөөдрийг хүртэл З.Б зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байна. МУ-ын иргэний хууль болон гэрээнд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрхтэй хэдий ч хэргийн талаар үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргуулах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Х банкны А салбар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж, үл хөдлөх хөрөнгийг банк төлбөртөө тооцон авснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон гэж, зээлийн мэдээллийн санд буруу таашаа мэдээлэл нийлүүлсэн гэх мэтээр ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг банкны зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч З.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдээлэл авсан. Тухайн үед үлдэгдэл 5979000 төгрөг төлөх чадваргүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өөрийн орон байраа хураалгаж зээлээ төлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тухайн үед тухайн байшинг зарах тухай зар тавьсан. Тухайн үед худалдан авах хүмүүс ирээгүй. Тэр үед тэр байр маань 4200000 төгрөгөөр үнэлэгдсэн. Тэгээд би 4200000 төгрөгийг төлж тэр байрны гэрчилгээгээ өөрөө буцааж авсан. Одоо шүүхийн журмын дагуу Монгол банкны нэхэмжлэлийн сангаас надад холбоотой мэдээллийг хасуулахыг хүсэж байна гэв.

            Хариуцагч Х банкны А салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: З.Б нь 15000000 төгрөгийн зээл аваад, 2 удаа сунгуулаад төлж чадаагүй. Тэгээд шүүхэд өгсний дараа шүүхийн шийдвэрээр тухайн байшингийн аваад 2 удаа дуудлага хийхэд байшин нь зарагдаагүй болохоор банк руу 4200000 төгрөгөөр буцаасан. Банкнаас 4200000 төгрөгөөр З.Б-ын хадам аав нь худалдаж аваад тэр мөнгөөр З.Б-ын мөнгийг төлүүлсэн. Тэрнээс үлдсэн мөнгийг банк зээлийн мэдээллийн санд бүртгэсэн байгаа. Одоо нэхэмжлэгч зээлийн үлдэгдэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь зээлийн мэдээллийн сангаас Б-д холбогдох валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 590843.01 төгрөг, зээлийн хүү: 0, зээл олгосон огноо: 2009-12-24, төлөгдөх огноо: 2010-12-24, үндсэн зээлийн үлдэгдэл: 590843.01 төгрөг, ангилал: хэвийн гэсэн мэдээллийг, түүнчлэн Валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 1191013.82 төгрөг, зээлийн хүү: 0, Зээл олгосон огноо: 2011.06.03, төлөгдөх огноо: 2012-06-03, үндсэн зээлийн үлдэгдэл: 1191013:82 төгрөг, ангилал: муу гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагч Х банкны А салбарт үүрэг болгож өгөхийг хүсжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч З.Б нь 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Х банкны Баян Өлгий салбараас 15000000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан байх ба зээлдэгч З.Б нь зээлээ хугацаанд төлөлгүй үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тул Х банкны А салбар нь зээлдэгч З.Б-д холбогдуулан зээлийн үлдэгдэл 5379031 төгрөг, зээлийн хүү 409400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40108 төгрөг, нийт 5828522 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд А аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1013 дугаартай захирамжаар хариуцагч З.Б нь Х банкны А салбарын нэхэмжилсэн 5828522 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөн А аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191 угаартай захирамжаар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаартай тогтоолоор З.Бд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байх ба төлбөр төлөгч З.Б-ын Ө сумын 6 дугаар багт байрлалтай 5 өрөөтэй модон байшинг хашаа хорооны хамт 4200000 төгрөгөөр үнэлэн төлбөр авагчид шилжүүлжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой 5828522 төгрөгөөс З.Б-ын өмчлөлийн байшинг 4200000 төгрөгөөр тооцож төлбөр авагч болох Х банк нь авсан байх үлдсэн төлбөр төлөгдсөн талаар нотлох баримтгүй байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн зээлийн мэдээллийн лавлагаанд Зээлдэгчийн нэр: Б, регистрийн дугаар, ... 7. Төрөл: зээл,  валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 590843.01 төгрөг, зээлийн хүү: 0, зээл олгосон огноо: 2009-12-24, төлөгдөх огноо: 2010-12-24, үндсэн зээлийн үлдэгдэл: 590843.01 төгрөг, ангилал: хэвийн, олгосон байгууллага: Х банк, ... 9. Төрөл: зээл, Валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 1191013.82 төгрөг, зээлийн хүү: 0, Зээл олгосон огноо: 2011.06.03, төлөгдөх огноо: 2012-06-03, үндсэн зээлийн үлдэгдэл: 1191013:82 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага Х банк  гэсэн мэдээллүүдийг тус тус нийлүүлсэн байна.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “мэдээлэл нийлүүлэгч” гэж зээлийн мэдээлэл нийлүүлэгч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгчийг ойлгоно гэж заасан байх тул мэдээлэл нийлүүлэгч нь зээлдэгч буюу Х банк байна.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчмын талаар зохицуулсан бөгөөд 5.1, 5.1.2-т “зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авсан байх зарчмыг баримтална” гэж заажээ. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд өгөх журмыг баримтлахаар заажээ.

Нэхэмжлэгч З.Б-ын Х банканд төлөх зээлийн үлдэгдэл нийт 1659856.83 төгрөгийг зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийн дээрх заалтуудад заасан журмыг зөрчиж З.Б-оос мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд өгөхийг зөвшөөрсөн талаарх зөвшөөрөл аваагүйгээр мэдээллийг нийлүүлсэн байна.

Зээлийн мэдээллийн тухай хуулийг 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталж, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг мэдээллийг 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр оруулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухай нотлох баримтгүй,  2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 590843.01 төгрөгийн, 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр  1191013.82 төгрөгийн зээл олгосон талаар Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн зээлийн мэдээллийн лавлагаанд тусгасан байгаа боловч тухай бүрт нь зээлийн гэрээ байгуулагдаж байсан нь тодорхойгүй байна.

Иймд Х банкны А салбар нь мэдээлэл нийлүүлэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийг зөрчиж мэдээлэл нийлүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн мэдээллийн сангаас Зээлдэгчийн нэр: Б, регистрийн дугаар, ... 7. Төрөл: зээл,  валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 590843.01 төгрөг, зээлийн хүү: 0, зээл олгосон огноо: 2009-12-24, төлөгдөх огноо: 2010-12-24, үндсэн зээлийн үлдэгдэл: 590843.01 төгрөг, ангилал: хэвийн, олгосон байгууллага: Х банк, ... 9. Төрөл: зээл, Валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 1191013.82 төгрөг, зээлийн хүү: 0, Зээл олгосон огноо: 2011.06.03, төлөгдөх огноо: 2012-06-03, үндсэн зээлийн үлдэгдэл: 1191013:82 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага Х банк  гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагч Х банкны А салбарт үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18,2-т заасныг баримтлан зээлийн мэдээллийн сангаас Б-д холбогдох регистрийн дугаар, ... 7. Төрөл: зээл,  валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 590843.01 төгрөг, зээлийн хүү: 0, зээл олгосон огноо: 2009-12-24, төлөгдөх огноо: 2010-12-24, үндсэн зээлийн үлдэгдэл: 590843.01 төгрөг, ангилал: хэвийн, олгосон байгууллага: Х банк, ... 9. Төрөл: зээл, Валютын нэр: MNT, анх олгосон зээлийн хэмжээ: 1191013.82 төгрөг, зээлийн хүү: 0, Зээл олгосон огноо: 2011.06.03, төлөгдөх огноо: 2012-06-03, үндсэн зээлийн үлдэгдэл: 1191013:82 төгрөг, ангилал: муу, олгосон байгууллага Х банк  гэсэн мэдээллүүдийг тус тус хасуулахыг хариуцагч Х банкны А салбарт үүрэг  болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х банкны А салбараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Б-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Х.МЕЙРАМБЕК