Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2020/00393/И |
Дугаар | 130/ШШ2021/00585 |
Огноо | 2021-06-17 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2021/00585
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Х овогт М.Г,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Х овогт Г.Е нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Х.Ад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: М.Г, нэхэмжлэгч Г.Еын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик, хариуцагчийн өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн “Тошинтын Цагаан хад” гэх газарт байршилтай өвөлжөөнөөс хариуцагч Х.Агийн байшин болон хашаа хороог албадан нүүлгэх тухай.
Нэхэмжлэгч М.Г, Г.Е нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн М.Г, Г.Е нар бид Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн “Тошинтын Цагаан хад” гэдэг газарт 1990 оноос хойш мал маллаж, одоо хүртэл амьдарч байна. Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай захирамжаар Б сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Тошинтын Цагаан хад” гэдэг газрыг 40 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалтаар ашиглан эзэмшихээр шийдвэр гаргуулан одоо хүртэл уг өвөлжөөг эзэмшин ашиглаж байна. Б сумын 4 дүгээр багийн иргэн Хажиманы А нь манай өвөлжөөнөөс 2 км орчим газар буюу Шар өлөн гэдэг газарт өвөлждөг байсан. Гэтэл Х.А нь олон жилийн турш өвөлжиж ирсэн Шар өлөн” дэх өвөлжөөг 2019 онд Б сумын иргэн А гэдэг хүнд худалдсан. Ингээд Х.А нь өөрийн эзэмшлийн өвөлжөөг бусдад худалдсаны дараа манай өвөлжөөнд 2020 онд түр оршин суухаар ирсэн. Тухайн үед бид Х.Ад хандаж “Энэ өвөлжөөг манайх хууль ёсоор эзэмшиж байгаа, Та цаашид удаан хугацаанд сууж болохгүй, байшин барилга, хашаа хороо барьж болохгүй” гэж хэлж анхааруулсан байсан. Гэтэл Х.А нь манай айлын өвөлжөөнд дур мэдэн байшин барьж, улмаар энэ хавраас эхлэн хашаа, хороо барина гэж бэлтгэл ажлыг хийж байна. Бид Х.Ад манай эзэмшлийн өвөлжөөнд байшин, хашаа, хороо барьж болохгүй гэж удаа дараа сануулсан боловч тэрээр бид нартай хэрэлдэж маргалдан хүч түрэмгийлэн өвөлжөөний байшин, хашаа хороо барих гэж байна. Байдал цаашид даамжирвал хүний амь насны хэрэг гарч магадгүй гэж бодож байна. Иймд М.Г, Г.Е бидний өвөлжөөнд дур мэдэн барьсан Х.Ан байшин болон хашаа хороог албадан нүүлгэх тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгч Г.Еын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Маргаан бүхий гэх Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн “Тошинтын Цагаан хад” гэдэг газарт хариуцагчийн эцэг Хажиман, хариуцагч Х.А нар Б сумын Засаг даргаас өвөлжөөний зориулалттай газар эзэмшүүлэх тухай захирамж гаргуулж байгаагүй. Уг газарт дээр үед “Ала-тау ХХК-ийн мал өвөлждөг хашаа хороо байсан ба уг хашаа хороог “Ала-тау” ХК-иас 180000 төгрөгөөр худалдаж авахад М.Гээс 1 үхэр, 2 хонь өгсөн юм. Х.А түүний аав Хажиман нарын “Ала-тау” ХК-иас 1996 оны үед худалдаж авсан гэх тал талдаа 10 метрийн зайтай модон хашаа, 5x10 метрийн дүнзэн байшин буюу пүнз, битүү саравчтай хашааны бүх модон материалуудыг Х.Ан ээж 2000 онд нас барсны дараа аав Хажиманы бие нь муудсан тул Өлгий суманд шилжин суух шаардлагаар буюу Өлгий сумын 9 дүгээр багт шинээр байшин барих болсон тул бүгдийг зөөгөөд аваад явсан. Одоо тухайн өвөлжөөнд “Ала-тау” ХК-ийн нэг ч хөрөнгө байхгүй. Одоо Х.А 2000 онд хашааны модон материалуудыг аав Хажиманд шинээр Өлгий суманд хашаа байшин барьсан ба түүнийг одоо хүртэл ашиглан сууж байна. Хариуцагчаас гаргаж өгсөн 030500142 дугаартай газар эзэмших гэрчилгээнд тусгагдсан 500.м.кв газар нь М.Г, Г.Е нарын өвөлжөөнөөс 4 км алсад оршдог Б сумын “Шар өлөн” гэдэг газарт байдаг өвөлжөөнд олгосон газар эзэмших гэрчилгээ учраас маргаан бүхий өвөлжөөний газарт огт хамааралгүй юм. Иймд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Х.Ан итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд холбогдуулан шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч М.Г, Г.Е нарын нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлээс үзэхэд М.Г, Г.Е нар нь Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн “Тошинтын Цагаан хад” гэх газарт 1990 оноос хойш мал маллан амьдарч байна гэжээ. Гэвч 1990 онд 9 настай Г.Е нь Б сумын дунд сургуульд 1 дүгээр ангийн сурагч байсан харин эцэг нь болох Г нь Б сумын төвд гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байсан. Гий дээрх газарт мал маллаж амьдарч байсан гэж байгаа нь орон зай хугацааны хувьд боломжгүй юм. Харин дээрх маргаан бүхий газарт Х.Ан аав болох Хажиман нь 1972 оноос хойш өвөлжиж байгаад 1996 онд аав Хажиман болон А нар нь “Ала-Тау” ХК-ийн эзэмшилд байсан дээрх өвөлжөө буюу “Тошантын Цагаан хад” гэх өвөлжөөг 180,000 төгрөгөөр тус компаниас худалдан авсан. Үүнийг тухайн үед “Ала-Тау “ХК-ийн захирал байсан Х.Аман нь нотолно. 2000 онд Х.Ан ээж нас барсны дараа аав нь болох Хажиманы бие нь муудаж Х.Анх гэдэг айл Өлгий сумд байрлах ахынх нь хашаанд түр хугацаагаар өвөлжиж байхдаа хүргэн ах болох Г нь “Тошинтын Цагаан хад” гэх газарт байдаг Хажиман Х.А нарын өвөлжөөнд хэсэг өвөлжиж байсан. Гий эзэмшдэг гэж байгаа газар нь одоогийн өвөлжөө байгаа газраас 150-200 м зайтай байрладаг юм. Дээрх хугацаанд өвөлжөөг өөр хэн нэгний нэр дээр шилжүүлээгүй ба зарж борлуулаагүй байсан. Хажиман нь 2003 онд маргаан бүхий өвөлжөөг Х.Ан дээр шилжүүлж 40 жилийн хугацаатайгаар гэрчилгээ авч өгсөн. Харин зарсан гэж байгаа “Шар өлөн” гэх газарт байрладаг өвөлжөө нь үнэн хэрэгтээ өвөлжөө биш бөгөөд Х.А нар намар болон хаврын улиралд тэнд хэсэг хугацаанд буудаг байсан. М.Г нь Х.Ан эцгээс нь өвлөж авсан өвөлжөөг өөрийн өвөлжөө мэтээр худал хэлж Х.Ан өмчлөх эрхэд нь халдах гэж байна. Иймд Гий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Х.Ан эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Г шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Маргаан бүхий хашаа хороонд бид нар 2001 оноос эхэлж 20 жил сууж байгаа. Уг хашаа хороо манай хадам эцгийн хашаа хороо байсан нь үнэн. Гэхдээ тухайн хашаа хороог худалдаж авахад бид хоёр хамтарч мөнгийг нь гаргаж худалдаж авч байсан. Тэгээд 2000 онд Сангүм нас барахад тухайн газарт байсан бүх барилгын материалыг аваад Өлгий суманд нүүж ирээд хашаа хороо барьж авсан. Тухайн үед надад зөвхөн чулууг нь үлдээгээд явсан. Тэгээд хадам эцэг маань “энэ хороог цаашид та нар эзэмшинэ” хэмээн бид нарт өгөөд явсан. Харин Ш.Ад манай тэндээс 4 км зайтай “Шар өлөн” гэх газарт буй өвөлжөөг эзэмшинэ хэмээн өөрийн эзэмшлийн газрыг бид хоёр хувааж өгсөн болно. Хариуцагчийн хувьд 20 жилийн турш ямар нэгэн асуудал үүсгэхгүй, бид нарын газарт ирэхгүй байж байгаад 2019 онд “Шар өлөн”-д буй өөрийн өвөлжөөг хүнд худалдсан. Тэгээд манай тэнд очиж хүчээр суусан. Анх суурьшихад нь бид нар “та нар энд байшин барьж болохгүй” гэж анхааруулан хэлэхэд тэд бидний анхааруулгыг үл тоож жижиг сууц барьж авч сууцгаасан. Тэгээд нэгэнт суурьшсан болохоор чимээгүй байсан чинь хариуцагч хэл ам гаргаад, хүн амьтны мал авчраад, хүүхдүүдэд дарамт үзүүлэх явдлууд гаргасан. Иймд хариуцагчтай нэг газарт хамт суух ямар ч бололцоогүй болсон учраас шүүхэд хандсан гэв.
Нэхэмжлэгч Г.Еын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Маргаан бүхий газар Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн “Тошинтын Цагаан хад” гэх газар юм. Энэ газрыг М.Г болон түүний хүү Г.Е нарт 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 24 дугаартай захирамжаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байгаа. Өнөөдөр энэхүү захирамж нь хүчинтэй. Эзэмшигч нар өнөөдөр хүртэл тус газарт амьдарч байгаа болно. Харин Х.Ад ямар нэгэн эзэмшсэн эрхийн гэрчилгээ байхгүй. Газрыг өвөлжөө, хаваржаа байна уу хамаагүй заавал эрхийн гэрчилгээгээр эзэмших ёстой. Эзэмших, ашиглах эрхийн актыг тухайн газар байрлаж буй газрын сумын Засаг дарга гарах ёстой. Хариуцагчид газар эзэмшүүлсэн тухай хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй. Тийм учраас нэхэмжлэгч нарын өвөлжөөний хажууд нь буюу 30 метрийн зайтай барьсан байшин, хашаа, хороог шүүхээс албадан нүүлгэж өгөхийг хүсэж байна. Нэгэнт тухайн газрыг төр М.Г болон Г.Е нарт хууль ёсоор эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч нар одоо тэр газарт мал маллаж амьдарч байгаа учраас хариуцагчийг тухайн газраас нүүлгэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Иймд М.Г болон Г.Е нарын эзэмшлийн газарт дур мэднэ барьсан Ш.Агийн хашаа хороог албадан нүүлгэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 1972 оноос 1996 он хүртэл хариуцагчийн эцэг нь болох Хажиман нь “Үржил” нэгдэл, үүний дараагаар “Ала-тау” компанид өнөөдрийн маргаан бүхий газарт мал маллаж малчин байсан. Харин Х.А 1992 онд цэргээс халагдаж ирсний дараа тухайн газарт эцгийнхээ хамт мал маллаж байсан. Тэгээд 1996 онд тухай газрыг Х.А болон түүний эцэг нь “Ала-тау” компаниас 180000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ нь тухайн үед “Ала-тау” компанийн захирал байсан Аманы тодорхойлолтоор нотлогдож байна. 2000 онд хариуцагч Ш.Агийн ээжийнхэн бие нь муудаж нас бараад улмаар аавынхаа бие нь муудсан учир эмнэлэгт ойр байх зорилгоор Өлгий суманд нүүж ирсэн. Тухайн үед хүргэн ах болох М.Г түр хугацаагаар сууж байснаа 2005 онд гэрчилгээ авсан юм шиг байна. Одоо хариуцагчийн оршин сууж байгаа газар нэхэмжлэгчийн өвөлжөөнөөс зайтай учир Нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх ашигт нөлөөлөхгүй гэж үзэж байна. Харин хариуцагчийн хувьд эцгийнхээ отгон хүүхэд нь учраас эцгийнхээ гал голомтыг цахиж 2003 онд өвлөн авч гэрчилгээгээ авсан. Хариуцагчийн хувьд эцгээсээ өвлөн авсан газарт хэн нэгний эрх ашгийг зөрчихгүйгээр өвөлжөө барьж байгаа гэж үзэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Г, Г.Е нар нь өвөлжөөнд дур мэдэн барьсан Х.Ан байшин болон хашаа хороог албадан нүүлгэж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Г, Г.Е нар нэхэмжлэлийн үндэслэлээ Х.А нь манай айлын өвөлжөөнд дур мэдэн хашаа, байшин барьж байгаа тул албадан нүүлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Г нь Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн 24 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 030400111 дугаар бүхий 700 (0,07) м2 (га) газрыг 40 жилийн хугацаатай Буга багийн “Тошинтын цагаан хад” дахь суурин өвөлжөөний хашаа байшин-д өвөлжөөний зориулалтаар эзэмшсэн болох нь Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргаас 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өдөр олгосон 0068433 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 0068433 дугаартай иргэний газар ашиглах гэрээ, газрын кадастрын зураг зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байна.
Зохигчдын хүсэлтээр маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт байрлах “Тошинтын цагаан хад” гэх газарт байршилтай маргаан бүхий газарт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр:
1.Нэхэмжлэгч М.Гий зааж харуулсан суурийн өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн гэх нэгж талбарын 03040011 дугаар бүхий 700 м.кв газарт барьсан өвлийн сууцыг хэмжихэд 81.4 м.кв, М.Гий малын хашааг хэмжихэд 487.8 м.кв, түүний өвсний хашааг хэмжихэд 14.0 м.кв амбаарыг хэмжихэд 32.5 м.кв байсан ба эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийн эзлэх талбайн нийт хэмжээ нь 2189 м.кв байна.
2.Хариуцагч Х.А нь нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газрын дээд талд өвлийн байшин, малын хашаа зэрэг үл хөдлөх хөрөнгө барьж ашиглаж байсан ба түүний өвлийн сууцыг хэмжихэд 25 м.кв, малын хашааг хэмжихэд 85.6 м.кв байсан ба эд хөрөнгүүдийн эзлэх талбайн нийт хэмжээ нь 700 м.кв байв.
3.Нэхэмжлэгч М.Г, хариуцагч Х.А нарын хамгийн ойр байршилтай үл хөдлөх хөрөнгө болох М.Гий малын хашааны зүүн хойд булангаас Х.Ан малын хашааны урд баруун булан хүртэл 30.5 метр байгаа болох нь тогтоогджээ.
Газрын үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд хариуцагч Х.Агийн барьсан гэх байшин болон малын хашаа нь нэхэмжлэгч М.Гий эзэмшлийн газарт баригдсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд М.Г, Г.Е нарын эд хөрөнгөө эзэмших, өмчлөх эрх зөрчигдсөн, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар хариуцагч Х.А нь саад учруулсан үйлдэл, эс үйлдхүй тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч М.Г, Г.Е нарын өвөлжөөнд дур мэдэн барьсан Х.Ан байшин болон хашаа хороог албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2-ыг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багийн “Тошинтын Цагаан хад” гэх газарт байршилтай өвөлжөөнөөс хариуцагч Х.Агийн байшин болон хашаа хороог албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэгч М.Г, Г.Е нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК