Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2021/00589

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн ТС газар /дарга Х.Х/-т холбогдох Баян-Өлгий аймгийн ТС газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилд томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О (Ховд аймгаас онлайнаар), хариуцагч Баян-Өлгий аймгийн ТС газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Б-ыг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн ТС газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн албан тушаалтай адил чанарын албан тушаалд, цалин хөлс бууруулахгүйгээр томилон ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай.

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Б нь тус газрын даргын 2012 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар томилогдон ажиллаж байсан билээ. Гэтэл Аймгийн засаг даргын 2017 оны 3 сарын 03-ны өдрийн 6/109 тоот захирамжаар тус газрын даргаар түр томилогдон ажиллаж байсан ба Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 12 р сарын 27-ны өдрийн Б/63 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Энэ өдөр хүртэл би тус газарт хөдөлмөрийн харилцаанд байсан бөгөөд ажилтай болгож, хуучин ажиллаж байсан орон тооны ажилд эгүүлэн томилох талаар аймгийн Засаг дарга болон аймгийн ТС газрын даргад хүсэлт тавихад аймгийн Засаг дарга А.Г намайг ажилтай болгох талаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1- 01/71 тоот албан бичгээр ТС газрын дарга Х.Хт уламжлан үүрэг болгосон боловч янз бүрийн шалгаг тоочиж намайг ажилд томилохоос үндэслэлгүй татгалзсан байна. Аймгийн Засаг дарга тухайн үед санал болгож тус газрын даргаар түр ажиллуулсан болохоос надад буруутай асуудал байхгүй юм. Миний ажиллаж байсан Хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орны тоонд С.Б ажиллаж байгаад тэр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн байсан ба уг орон тоо нь одоо сул чөлөөтэй байгаа болно. Тус газрын орон тоо бүтцийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын А/329 тоот захирамжаар баталсан бөгөөд уг захирамж одоо болтол хүчин төгөлдөр хэвээрээ байгаа болно. Иймд гомдол гаргагч Х.Б намайг аймгийн ТС газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилд томилох шийдвэр гаргахыг тус газрын дарга Х.Хт даалгаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн ТС газрын дарга Х.Х шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Х.Баас тус шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан ТС газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилд томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 1.Нэхэмжлэгч Х.Б нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 тоот захирамжаар тус газрын даргаар томилогдсон ба тус аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/63 тоот захирамжаар тус газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөөд 4 сарын нүүр үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.Б нь тус газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө газрын даргын ажлыг эрхэлж байсан ба хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд нэг ч өдөр ажиллаж байгаагүй юм. 2.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны06 дугаар сарын 09-ний өдрийн А/329 тоот захирамжаар тус газрын бүтэц, орон тоонд хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоо байсан боловч тус газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар уг хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоо болгон өөрчилсөн юм. Учир нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2019/ дугаартай шийдвэрээр өмнө нь тус газарт хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоонд ажиллаж байсан М.Тыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон юм. М.Т нь Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газарт 2011 онд хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ажилд орж эдүгээ 9 дэх жилдээ ажиллаж байгаа юм. Иймд нэхэмжлэгч Х.Б-ын маргаж буй хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажил бодит байдалд хүндийн өргөлтийн дасгалжуулагч М.Т хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. 3.Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-д заасан бололцооны дагуу ажил олгогч ажилтанд өөр ажил олж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Тухайн байгууллагын бүтэц орон тоо 2019 оны 3 дугаар сарын 01-ний байдлаар нийт 18 орон тоотой ба 18 ажилтан, албан хаагчид хууль ёсоор ажиллаж байгаа. Тэгэхээр ажил олгогчоос нэхэмжлэгч Х.Б-ыг бололцооны дагуу өөр ажилд томилох хууль зүйн болон санхүүгийн боломж байхгүй юм. Иймд нэхэмжлэгч Х.Б-ын аймгийн ТС газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилд томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхдээ: Миний бие нь Баян-Өлгий аймгийн ТС газрын даргын тушаалаар 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд томилогдон ажилласан. Тус газрын даргыг ажлаас чөлөөлснөөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 3 сарын 03-ны өдрийн Б/109 дугаар захирамжаар 2017 оны 3 сарын 03-ны өдрөөс эхлэн Х.Б намайг тус газрын даргаар түр хугацаагаар томилон ажиллуулсан. Баян-Өлгий аймгийн ТС газрын даргын үүргийг түр гүйцэтгэж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэх” гэсэн хуулийн зохицуулалтад хамаарах бөгөөд нөгөөтээгүүр Төрийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д зааснаар Баян-Өлгий аймгийн ТС газрын даргын ажлын байрны сул орон тоо зарлагдаж, томилогдох хүртэлх хугацаанд түр хугацаагаар үүрэг гүйцэтгэж байсан болно. ...миний бие газрын даргын үүргээс чөлөөлөгдсөний дараа тус газрын Хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд намайг үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байсан боловч ажиллуулахгүйгээр миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар үйлийн 35.1.7, 36 дугаар зүйлийн 36.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэлүүдээр миний хуучин ажиллаж байсан Хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажлын байр хэвээр хадгалагдах бөгөөд мөн ажил, албан тушаал, цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр адил чанарын албан тушаалд томилон ажиллуулах үүргийг биелүүлээгүй. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 3 сарын 13-ны өдрийн А/157 дугаар “Дүрэм, орон тоо батлах тухай” захирамжаар аймгийн ТС газрын бүтэц орон тоог баталж Хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоо хасагдах хүртэлх хугацаанд миний Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан үндсэн ажлын байр, албан тушаал тус газрын бүтцэд байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар “орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр миний Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан байнгын ажлын байр болох Хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр гараагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар “1 сарын өмнө мэдэгдэх” ажил олгогчийн үүрэг хэрэгжээгүй байгаа нь одоог хүртэлх хугацаанд хариуцагч байгууллагатай байгуулсан миний Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр бий болсон хөдөлмөрлөх харилцаа дуусгавар болоогүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан үндэслэлээр мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлага нь “аймгийн ТС газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөн 2018 оны 12 сарын 27-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон Хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн тухайн үед авч байсан цалин хөлс, орон тоо хасагдсанаас хойш адил албан тушаал /бусад дасгалжуулагч/-ын авч байгаа цалин хөлсөөр тооцон тодорхойлогдоно гэж үзэж байна. Иймд Х.Б намайг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн ТС газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн албан тушаалтай адил чанарын албан тушаалд, цалин хөлс бууруулахгүйгээр томилон ажиллуулахыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч аймгийн ТС газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нэхэмжлэгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Х.Б-ын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн "Дүрэм, Орон тоо батлах тухай’’ А\157 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн ТС газрын бүтэц, орон тоог баталсан. Уг захирамж нь одоо хүчинтэй ба захирамжид зааснаар тус газар нь одоо 20 орон тоотой ажиллаж байна. ...Х.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн хүсэлтэд хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн албан тушаалтай адил чанарын албан тушаалд цалин хөлс бууруулахгүйгээр ажиллуулахыг хүссэн тул тус газрын бусад үйлчилгээний албан хаагчдын цалингийн ангилал нь ТҮ-6-гаас доош ангилал буюу ТҮ-4, ТҮ-3, ТҮ-1 гэсэн ангилал хамаарч байгаа тул энэ тухай тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-д “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө“ гэж заасан.. Тус газрын даргаар ажиллаж байсан Х.Х нь ажлаас буруу халагдсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдон учраас Х.Хыг аймгийн Засаг даргаас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосноор Х.Б-ыг ажил олгогч болох Баян-Өлгий аймгийн Засаг дарга ажлаас чөлөөлжээ. Ингэхээр Х.Б-ыг бололцооны дагуу өөр ажил олж өгөх асуудал нь аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамааралтай гэж үзэж байна. Монгол улсын дээд шүүхийн 2006 оны "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 33 дугаартай тогтоолын 16-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ“ гэж тайлбарласан байна. Нэхэмжлэгч Х.Б-ын маргаж буй тус газрын дээр дурдсан албан тушаалд хууль ёсоор томилогдсон, ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан 10 мэргэжилтэн ажиллаж байгаа тул Х.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн хэсгийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар нь аймгийн Засаг даргын 2020 оны дугаартай захирамжаар 20 орон тоотой ажиллаж байгаа ба 2021 оны 06 дугаар сарын 01-ны байдлаар уг 20 орон тоонд 20 ажилтан, ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа тул нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 2012 онд аймгийн Биеийн тамир, спортын газарт хөнгөн атлетикийн дасгалжуулагч, жолоочоор ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас тодорхой бус хугацаагаар цалингүй чөлөө авсан. Тухайн үед миний орон тоонд түр хугацаагаар хүндийн өргөлтийн багш ажиллаж байсан. Хөнгөн атлетикийн дасгалжуулагч би буцаан ажилд орох болсон тул оронд нь түр хугацаагаар ажиллаж байсан дасгалжуулагчийг хүндийн өргөлтийн цагийн багш, дасгалжуулагчаар 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүндийн өргөлтийн багшийг түр хугацаагаар томилсугай гэсэн Баян-Өлгий аймгийг соёл спорт, аялал жуулчлалын газрын даргын 32 дугаар тушаал гарч байсан. Гэтэл надад 32 гэж ярьдаг мөөртлөө архив дээр 34 дүгээр тушаал болж хадгалагдсан байгаа. Би шүүхэд гаргаж өгсөн материалдаа 32 дугаар тушаалыг гаргаж өгсөн. 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр намайг аймгийн ТС газрын даргыг түр үүрэг гүйцэтгэгчээр аймгийн Засаг дарга Б/139 дугаартай захирамжаар томилсон. Ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б/63 дугаар захирамжаар түр гүйцэтгэж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байгаа. Түр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн гэдгийг тодруулъя. Тухайн үед аймгийн ТС газрын даргад ажлаа хүлэлцэж байхад урьд нь миний ажиллаж байсан хөнгөн атлетикийн орон тоо сул байгаа. Миний орон тоонд ажиллаж байсан хүнийг ажлаас сахилгын шийтгэлээр халагдсан гэдгийг хэлэхэд таныг бол хэрхэвч ажилтай болгож чадахгүй, тэр асуудлыг би мэдэхгүй Засаг даргатайгаа л ярь гэсэн. Тэгээд миний бие аймгийн Засаг даргад намайг ажилд оруулж өг хэмээн өргөдөл, хүсэлт гаргасан. Аймгийн Засаг даргаас аймгийн ТС газрын дарга Х.Хт 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр албан бичиг явуулсан ба тухайн албан бичиг нь танай байгууллагын удирдах албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Б ямар нэгэн орон тоонд ажилд оруулна уу гэсэн агуулгатай байсан юм. Хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Б ажлаас чөлөөлөгдсөн учраас тухайн орон тоон сул байсан. Сул орон тоо байсан учраас тухайн үед би хүсэлт гаргаж байсан. Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Бүтэц орон тоог батлуулсан тухай гомдол гаргасан. Уг гомдол маань явсаар байгаад Улсын Дээд шүүхээс 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр миний гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Аймгийн ТС газрын дарга 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүтэц орон тоо баталсан. Харин хөнгөн атлетикийн орон тоо батлахад, шүүхийн шийдвэрээр Т нь хүндийн өргөлтийн дасгалжуулагчаар эргүүлэн тогтоогдсон байна. Шүүхийн шийдвэр 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гарсан. Гэтэл аймгийн ТС газрын дарга нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө байгууллагын бүтэц орон тоог өөрчилсөн. Тэгтэл 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгууллагын бүтэц орон тоог батлуулахаар дээд шатны байгууллагад хандсан. Иймд шүүхийн шийдвэр гаргахаас өмнө энэхүү тушаал гаргаж байна. Энд хэн нэгэнд давуу байдал олгосон нөхцөл байдал харагдаж байна. Дээд шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолын 16 дугаар хэсэгт “хариуцагч Баян-Өлгий аймгийн ТС газрын даргын бүтэц орон тоог шинэчлэн батлуулах тухай А/03 дугаар тушаал нь аймгийн Засаг даргын 2017 оны А/329 дугаар захирамжаар баталсан байсан хөнгөн атлетикийн орон тоог хасаж шинээр хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоог бий болгож хуулиар эрх, хэмжээ олгоогүй асуудлыг шийдвэрлэсэн нь хууль бус гэж тогтоосон”. Иймд 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хөнгөн атлетикийн орон тоо тухай байгууллагад байгаа гэсэн үг. Дараагийн асуудал аймгийн Засаг даргын 2017 оны А/329 дугаар захирамжаар баталсан аймгийн ТС газрын бүтцэд хүндийн өргөлтийн дасгалжуулагч байхгүй ч гэлээ хүндийн өргөлтийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Тыг ажилд томилсон шүүхийн шийдвэрийг биелүүлж түүнийг ажилд томилсон тушаал нь маргаан бүхий захиргааны актын дараа гарсан. Дараа нь тайлбарлахад, миний бие хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар 4 жил сурсан, Монгол улсын спортын мастер цолтой. Тухайн байгууллагад хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар 4 жил ажилласан. Мөн ажилд орж байгаа хүмүүс тухайн мэргэжлийн суралцаагүй хүмүүс байгаа нь мөн харагдаж байна. Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа, иргэний хэргийн шүүхэд буй хэргээ сэргээсэн. Тэгтэл аймгийн ТС газрын дарга 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргад бүтэц орон тоог батлуулсан. Ингэж бүтэц орон батлуулсны дараа иргэний хэргийн шүүхэд байгаа хэргээ түдгэлзүүлээд захиргааны хэргийн шүүхэд дахиад хандсан. Маргаан бүхий орон тоог бүтцийн өөрчлөлтөөр өөрчилсөн хэмээн шүүхэд хандсан. Уг маргаан явсаар байгаад дээд шүүхийн тогтоол гарсан. Тухайн тогтоол нь захиргааны хэргийн маргаан биш, Засаг даргын эрх бүхий хэмжээ хэмээн дээд шүүхийн тогтоол гарсан. Тэгэхээр Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 560 дугаар магадлал дээр Х.Б-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дугаар зүйлд зааснаар иргэний хэргийн шүүхэд хандахад энэ магадлал саад болохгүй гэж зааж өгсөн. Миний бие уг байгууллагад 2012 оноос хойш хугацаагүй ажиллаж байсан. Дараа нь аймгийн Засаг даргын захирамжаар түр хугацаагаар байгууллагын даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд намайг хөнгөн атлетикийн дасгалжуулагчаас ямар нэгэн байдлаар чөлөөлсөн тухай тушаал байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн  35.1-д ажил албан тушаалыг хэвээр хадгална гэдэг нь энэ хэсэгт заасан шалтгаан арилсны буюу хугацаа дууссаны дараа урд ажиллаж байсан ажил үүрэгт нь үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил үүрэгт нь ажиллуулах үүрэгтэй гэж заасан. Ажилтныг ажилд авах, ажлаас халах тохиолдол бүрд ажил олгогч шийдвэр гаргах ба уг шийдвэрийг хууль зүйн факт буюу эрх зүйн үр дагавар үүсгэх тул шийдвэрээ бичгээр гаргана гэсэн. Энд намайг ажлаас халсан ямар нэгэн тушаал шийдвэр байхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байна. Гэтэл энэ дээр намайг ажлаас халах, чөлөөлөх тухай ямар нэгэн хэлсэн, сонсгосон үйл ажиллагаа явуулаагүй гэж бодож байна. Мөн хөдөлмөрийн гэрээ цуцлахаас өмнө 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн байх гэж заасан байгаа. Миний бие аймгийн Биеийн тамир, спортын газарт ажиллаж байхад Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан. Ажиллах байх хугацаанд нийт ажилчдын саналаар уг хорооны даргаар ажилласан. Ажиллаж байх хугацаанд аймгийн ТС газрын даргаар түр хугацаагаар ажиллаж байсан. Миний бие Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “тухайн байгууллагын захиргааны ажилтан Үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдоно ажиллана гэсний дагуу Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэж заасан. Би өнөөдөр хүртэл тус байгууллагад өөрийгөө ажиллаж байна гэж бодож байна. Учир нь тус байгууллагаас ажлаас халсан, чөлөөлсөн тухай ямар нэгэн эрх зүйн акт гараагүй. Мөн тухайн үед намайг ажиллуулах үндэслэл байсан. Яагаад гэвэл аймгийн ТС газрын нягтлан бодогч Г тухайн үед түр чөлөө авсан байсан. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр. Тэгээд тухайн байгууллагад ажиллаж байсан нярав Уатханыг 3 дугаар сарын 15-ны өдөр аймгийн ТС газрын даргын тушаалаар нягтлангаар түр томилсон. Тэгэхээр зэрэг нярвын орон тоо сул үлдсэн. Дараагийн асуудал аймгийн ТС газрын дарга Х.Х нь Х.Б-ыг ямар нэгэн ажилд оруулах боломжгүй гэсэн тайлбар гаргасан. Тэгэхэд намайг нярвын орон тоонд ажиллуулах бүрэн боломжтой байсан. Уатханыг явсны дараа 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Жанбылыг уг албан тушаалд түр ажиллуулсан. Адилхан хавсарган гүйцэтгэгчээр ажиллуулсан. Намайг тэнд ажиллуулж болох байсан. Энэ тухай тушаал хавтаст хэрэгт байгаа. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ямар нярав ажиллаж байсан нь тодорхойгүй. Үүний дараа Маржан гэдэг хүнийг нярваар оруулж ирсэн. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр. Энэ хугацаанд намайг ажиллуулж байгаад дараагийн бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажиллуулах боломж байсан гэж бодож байна. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны Б/03 дугаар тушаалаар томилон тавьсан. Дараагийн нэг асуудал Бейбит гэх хүн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Үүний оронд боксын дасгалжуулагчаар Нурланыг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр түр тушаалаар ажиллуулсан. Гэтэл ингэж гаднаас хүн авахгүйгээр тухайн оронд тоонд намайг ажиллуулж боломж байсан. Хоёрдугаарт, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тайкондагийн дасгалжуулагчийг бүр тушаалаар ажилд авсан. Гэтэл захиргааны хэргийн маргаантай, дээд шүүхийн шийдвэр гараагүй байхад бүтэц орон тоо батлан шинээр ажилтан ажилд авсан. Тэгээд аймгийн Засаг дарга 5 дугаар сарын 13-ны өдөр бүтэц орон тоог баталж өгсөн байгаа. Иймд Х.Хт намайг ажилд авахгүй гэсэн санаа байсан. Яагаад гэвэл аймгийн Биеийн тамир, спортын газарт би Үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байхад ажилчдын эрх ашиг хамгаалах үүднээс ажилласан. Тэр хугацаанд бид хоёр санал зөрдөг Санал зөрдөг гол асуудал нь ажилчдын нийгмийн асуудал, хэт их илүү цагийн ажил, бэлтгэлийн хувцас болон бусад асуудлуудын талаар санал зөрдөг байсан. Тухайн үеийн санал зөрдөг асуудлыг Х.Х өөрт нь хүндээр тусгаж аваад өш хонзон санаад, намайг ажилгүй болгох, хоёрдугаарт ажил амьдралгүй болгох санаа бодолтой байсан гэж бодож байна. Энэ бүхнээс хараад байхад аймгийн ТС газрын дарга ТС газарт Х.Б ажиллаж болохгүй, байх ёсгүй гэсэн санаатай. Мөн намайг хохирох бодолтой байна. Дараагийн нэг хөндөж ярих зүйл гэвэл Х.Х нь дандаа шүүхийн шийдвэр гарахын өмнө шийдвэрүүд гаргаад байсан. Жишээлбэл 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэр гарахаас өмнө бүтэц орон тоо баталсан байсан. Мөн бүтэц орон тоотой маргааны тухай дээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө бүтэц орон тооны шийдвэрүүд гаргаад байсан. Эндээс ажиглахад хэн нэгэнд давуу байдал олгосон асуудал харагдаж байна. Эцэс сүүлд нь хэлэхэд аймгийн ТС газрын дарга нь өнөөдөр хүртэл надтай холбоотой намайг ажлаас чөлөөлсөн ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй байгаа гэдэгт гомдолтой байна. Тийм учраас би Монгол улсын шударга шүүхэд өнөөдөр нэхэмжлэлээ хангаж шийдвэрлүүлэхээр хандаж байгаа. Иймд миний энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч аймгийн ТС газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Аймгийн Биеийн тамир, спортын газар өөрөө улсын төсөвт байгууллага. Орон нутаг Засаг даргын дэргэдэх агентлаг байдаг. Энэ байгууллагын орон тоо бүтцийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Биеийн тамир, спортын тухай хууль, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 35 дугаар тушаал зэрэг холбогдох хууль тогтоомжоор энэ байгууллагын орон тоог батлах бүрэн эрхтэй. Тэгэхээр аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн орон тоо батлах тухай А/165 дугаар захирамжаар аймгийн ТС газрын бүтэц орон тоог баталсан байгаа. Уг байгууллагад 20 орон тоо байгаа. Өнөөдрийн байдлаар энэ орон тоогоор ажиллаж байна. Уг байгууллага төсвөөс санхүүждэг учраас 21 хүнээр ажиллах боломж байхгүй. Тэгвэл төсвийн хууль зөрчсөн асуудал болно. Энэ Засаг даргын 175 дугаар захирамж хуулийн дагуу гарсан гэдгийг Монгол улсын захиргааны хэргийн 3 шатны шүүх тогтоосон. Энд маргах асуудал байхгүй. Нэхэмжлэгч Х.Б-ын гомдлоор шалгасан байгаа гэдгийг хэлье. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газарт хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагчийн албан тушаалтай адил чанарын албан тушаалд цалин хөлс бууруулахгүйгээр томилохыг даалгах гэж байгаа. Тэгэхээр энэ 20 орон тоонд тухайн байгууллагын орон тоо бас байгаа. Энэ хүн бас шүүхийн шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоолгосон. Тэгэхээр нэхэмжлэгч хуучин ажиллаж байсан даргын орон тоонд томилох боломжгүй. Дараа нь 4 үйлчлэгч, 2 манаач, 1 сантехникч, 1 архив бичгийн ажилтан, 1 нярав гэсэн төрийн үйлчилгээний 9 орон тоо байгаа. Энд Х.Б-ын нэхэмжлэлийн шаардлага тохирохгүй байгаа. Өөрөөр хэлбэл ТҮ-6-аас дээш албан тушаалд ажиллуулахыг даалгах гэж байгаа. Эдгээр хүмүүс нь ТҮ-1, ТҮ-2, ТҮ-3, ТҮ-4 гэх зэрэг байгаа. Дараа байгууллагын дарга Х.Хтай нийлээд 10 хүн болж байна. Дараа нь 10 мэргэжилтэн ажиллаж байгаа нь үнэн. Энэ тухай шүүхэд тайлбар өгөхөд дэлгэрэнгүй тайлбарыг гаргаж өгсөн. Санат нь 13 дахь жилдээ ажиллаж байгаа. ТЗ-6, Ромбо 9 дэх жилдээ ажиллаж байгаа ТЗ-6, Д, Б нар нь 2010 оноос хойш ажиллаж байгаа. Маргаж байгаа нягтлан бодогчоор ажиллаж байгаа Уатхан нь 2010 оноос хойш нярваар ажиллаж байгаад Г 2017 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Түүний оронд 2017 онд томилогдсон. Одоо 4 дэх жилдээ ажиллаж байгаа цалингийн ангилал нь ТҮ-8 байгаа. Уатхан нягтлан бодогчийн ажлын байранд бүр томилогдож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ хийсэн. Зохих санхүүгийн байгууллагын зөвшөөрлөөр ажиллаж байгаа. Тийм учраас энэ хүний оронд Х.Б-ыг томилох боломж байхгүй гэдгийг хэлье. Боксын дасгалжуулагчаар ажилласан Бейбит 2019 онд хувийн шалтгаанаар чөлөө авсан. Түүний оронд боксын дасгалжуулагч мэргэжилтэй Нурланыг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллуулж байгаа. Энэ боксын дасгалжуулагчаар боксын мэргэжилтэй хүн ажиллах ёстой. Энэ хүн бол боксын мэргэжилтэй хүн биш, хоёрдугаарт Нурлан ч гэсэн энэ албан тушаалд бүр ажиллаж байгаа. Хүндийн өргөлтийн дасгалжуулагчаар Т 2010 оноос хойш 9 дэх жилдээ ажиллаж байна. Мөн адилхан шүүхийн шийдвэрээр томилогдсон. Ажлын байр байж байгаа, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан хүн. Ербулан бол 2016 оны 01 дүгээр сард тайкондагийн дасгалжуулагчаар томилогдсон. Газрын даргаар ажиллаж байсан Х.Б нь тайкондагийн дасгалжуулагч Ербуланыг ажлаас халсан. Тэгээд нэг хэсэг ажилгүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сард орон тоо дахин батлагдсан тул тайкондагийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. М нь сагсан бөмбөгийн дасгалжуулагч. 2006 оноос хойш 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Жанбыл бялдаржуулахыг дасгалжуулагчаар ажилладаг. 2012 оноос хойш 9 дэх жилдээ ажиллаж байна. Нэг хэсэг нярвын ажлыг хавсарган гүйцэтгэж байсан. Сүүлд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамжаар нярвын орон тоо тусдаа болсон учраас нярвын орон тоонд Маржан ажиллаж байгааг хэлье. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэдгийг хэлж байна. Тэгэхээр Х.Х захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр аймгийн ТС газрын даргаар 2018 оны эцсээр томилогдсон. Тэгээд Х.Б ажлаас чөлөөлөгдсөн нь үнэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-д заасан Х.Бад ажил олгогч аймгийн Засаг дарга байна. Х.Х биш. Нэхэмжлэгч Х.Бад бололцооны дагуу өөр ажил олж өгөх нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал. Нэхэмжлэгч маань Х.Хын тухай олон удаа яримааргүй байна. Таныг ажлаас чөлөөлсөн хүн аймгийн Засаг дарга асан Г гэдэг хүн байсан. Таны бусад ажилд томилох нь таныг ажлаас чөлөөлсөн Засаг даргад хамааралтай асуудал. 2006 оны Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар Тогтоолын 16-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дугаар зүйлийг тайлбарласан. Бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж тайлбарласан. Гэтэл өнөөдөр аймгийн ТС газрын бүтцэд хөнгөн атлетикийн орон тоо байхгүй мөн түүнтэй дүйцэх ямар нэгэн орон тоо байхгүй тохиолдолд шүүх таныг 21 дэх хүнээр ажиллуул гэж даалгах боломжгүй гэж үзэж байна. Та энд бололцооны дагуу ажлын байр байна гэдгийг та шүүхэд нотлох ёстой. Энийг та нотолж чадаагүй. Нотлох боломж ч байхгүй. Бүтэц орон тооны 20 орон тоон дээр 20 хүн ажиллаж байгаа. Тэдгээр бүх хүмүүсийн хөдөлмөрийн гэрээ болон цалин хөлсний тухай баримтыг шүүхэд ирүүлсэн. Таны маргаад хөнгөн атлетикийн адилхан албан тушаалд 10 мэргэжилтэн ажиллаж байгаа. Тэдгээр мэргэжилтнүүдийг алийг нь ажлаас гаргаад Х.Б-ыг ажилд томил гэж шүүх өнөөдөр шийдвэрлэх боломжгүй. Эдгээр хүмүүс ажлын байр дээр ямар нэгэн асуудал гараагүй гэдгийг хэлье. Эцэст та 2017 оны 9 дүгээр сард аймгийн ТС газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр явсан. Таныг хөнгөн атлетикийн орон тоонд ажиллаж байсан. Та даргаар ажиллах үед өнөөдөр намайг ажлаас чөлөөлсөн тухай эрхийн акт байхгүй гээд тайлбарлаж байгаа эрхийн актаа та өөрөө гаргах ёстой байсан. Таныг анх хөнгөн атлетикийн ажилд томилсон тушаалыг та өөрөө хүчингүй болгох ёстой байсан. Тэгтэл та өнөөдөр тухайн байгууллагын даргаар ажиллаад дараа нь хуучин ажиллаж байсан орон тооноос намайг чөлөөлөөгүй гэж Х.Хыг буруутгаж байгааг би ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед Х.Х ажилгүй байсан. Та тухайн үед өөрийн ашиг сонирхлын үүднээс Х.Хыг шүүхээр маргаанд эргээд ажилдаа орж ирэх болов уу гэж бодод уг хөнгөн, атлетикийн орон тооноос чөлөөлөх тушаалаа гаргаагүй гэж бодож байна. Гэхдээ чөлөөлөх тушаал гаргах албагүй, 2012 онд хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд томилсон тушаалыг хүчингүй болгох байсан. Та удирдах албан тушаал эрхэлж байхад давхар ажил хэзээ ч эрхлэхгүй. Та хэрвээ өнөөдөр хүртэл газрын даргаар ажиллаж байсан бол хөнгөн атлетикийн дасгалжуулагч хэвээр явж байх уу. Нэхэмжлэгч маань багш, дасгалжуулагч байх хугацаанд дарга болно гээд бүр явсан хүн. Тэр даргаараа 2, 3 жил ажилласан. Тэр хооронд С.Б гэдэг хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар томилогдон ажиллаж байсан. 2018 оны сүүлчээр урьд нь арга хэмжээнд орж байсан болохоор өөрийн хүсэлтээр тэр арга хэмжээнд орж байсан. С.Б та өөрөө даргаар ажиллаж байхад томилсон хүн. Тухайн үед яагаад миний оронд ямар нэгэн хүн томилж байна гэж хэлээгүй бэ. Хөдөлмөрийн хугацаагаар түр ажилтан гэж 3 сарын хугацаа байна. Аймгийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хассан байгаа. Бүтэц орон тоонд өөрчлөлт оруулж хасах нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал байна. Тэр таны ажиллана гэсэн орон тоонд ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ нэгдүгээрт спортын хөгжүүлэхийн төлөө, хоёрдугаарт гэр бүлээ тэжээх явж байгаа тантай адилхан хүмүүс. Нэгэн цаг үе эдгээр хүмүүсийг та ажиллуулж байсан хүмүүс. Тын хувьд шүүхийн шийдвэрээр эргүүлэн тогтоогдсон хүн. Тэгвэл таны нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд эдгээр хүмүүсийн хэнийг ажлаас чөлөөлж, халах бэ. Эрхийн актуудын хувьд шүүхийн шийдвэр гарахаас өмнө гаргаж байсан гэж тайлбарлаж байна. Энийг тухайн байгууллага хэзээд гаргаж болох боломжтой. Заавал Улсын дээд шүүхийн шийдвэр эсхүл Х.Б шүүхэд нэхэмжлэл гаргасан байна хэмээн хугацаа харгалзах боломжгүй. Тухайн байгууллагын ажил тасралтгүй явагдах ёстой. Тийм учраас нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газарт хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагчийн албан тушаалтай адил чанарын албан тушаалд цалин хөлс бууруулахгүйгээр томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 25 сая гаруй төгрөгийг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгэм даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Б нь анх шүүхэд Баян-Өлгий аймгийн ТС газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилд томилох шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн ТС газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн албан тушаалтай адил чанарын албан тушаалд, цалин хөлс бууруулахгүйгээр томилон ажиллуулахыг хариуцагчид даалгах” тухай шаардлага гаргасан, мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгөхийг тус тус хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлээ миний бие 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн ТС газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд тус газрын даргыг Аймгийн засаг даргын захирамжаар чөлөөлж намайг тус газрын даргаар түр хугацаагаар томилон ажиллуулснаар түр хугацаагаар үүрэг гүйцэтгэж байсан. Шүүхийн шийдвэрээр ТС газрын даргаар ажиллаж байсан Х.Хыг эгүүлэн тогтоосон тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/63 тоот захирамжаар намайг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээс чөлөөлсөн. Даргын үүргээс чөлөөлөгдсөний дараа аймгийн ТС газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд намайг үргэлжлүүлэн ажиллуулах байсан боловч ажиллуулахгүйгээр миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 36 дугаар зүйлийн 36.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэлүүдээр миний хуучин ажиллаж байсан хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажлын байр хэвээр хадгалагдахаар байхад албан тушаал, цалин хөлсийг буруулахгүйгээр өөр адил чанарын албан тушаалд ажиллуулах үүргийг хариуцагч биелүүлээгүй болно гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.Б нь Баян-Өлгий аймгийн ТС газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай ажилд томилох тухай тушаалаар тус газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагч болон жолоочоор томилогдсон болох нь, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дугаартай захирамжаар ТС газрын даргаар Х.Б-ыг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн түр томилсон болох нь, мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/63 дугаартай захирамжаар Х.Х нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул ТС газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь тус тус тогтоогджээ.

Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн ТС газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэх гэсэн хуулийн заалтад хамаарах бөгөөд намайг тус газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажлаас чөлөөлсөн талаар ямар нэгэн шийдвэр байхгүй гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно” гэж заажээ. Тухайн заалтад тусгасан түр орлон гүйцэтгүүлэх гэснийг байгууллагын дарга буюу удирдах албан тушаалтан нь ажиллах боломжгүй тохиолдолд хөдөлмөрлөх үүргийн хувьд холбогдолгүй бусад ажилтнууд өөрсдийн ажлын зэрэгцээгээр тухайн хүмүүсийн ажил үүргүүдийг гүйцэтгэх явдлыг ойлгох бөгөөд орлон ажиллах үед тодорхой албан тушаал, түүнтэй холбоотой ажил үүргүүдийг доод шатны эсвэл үйл ажиллагааны хувьд нь холбогдолгүй бусад хүмүүс үндсэн ажлынхаа хамт хэрэгжүүлж байдаг онцлогтой болно. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дугаартай захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг үндэслэн Х.Б-ыг ТС газрын даргаар түр томилж, түүний цалинг ТЗ-9-ийн зохих шатлалаар бодож олгохыг байгууллагын санхүүд зөвшөөрч шийдвэрлэжээ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт нь “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах”, Биеийн тамир, спортын тухай хуулийн /2017 оны 03 дугаар сарын 03-ны үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ 10 дугаар 10.1.3 дахь заалт нь “аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороог байгуулан ажиллуулах ба биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай  зөвшилцөн тухайн биеийн тамир, спортын хорооны удирдлагыг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг” зохицуулсан байх тул Аймгийн Засаг даргын дээрх шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан үндэслэлээр Х.Б-ыг Баян-Өлгий аймгийн ТС газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр үзэх үндэслэлгүй байна.

Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцах учиртай бөгөөд нэхэмжлэгч Х.Б нь Баян-Өлгий аймгийн ТС газрын даргаар ажиллах үед 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар хөнгөн атлетикийн дасгалжуулагч Х.Б өөр ажилд шилжсэн тул оронд нь овогтой Быг түр томилон ажиллуулсан, мөн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар тус байгууллагын хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар түр хугацаагаар ажиллаж байсан Б-ыг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн бүр орон тооны дасгалжуулагчаар авч ажиллуулсан, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар ТС газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар Быг томилсон мөртлөө 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар ТС газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагч овогтой Быг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнд тооцсон, 2017 оны 03 дугаар сараас эхлэн 2018 оны 12 дугаар сар хүртэл хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар С.Б ажиллаж цалин авч байсан нь Баян-Өлгий аймгийн ТС газрын цалингийн хүснэгтээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ ТС газрын даргыг түр орлон гүйцэтгэж байсан,  ТС газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гараагүй гэх үндэслэл нь няцаагдаж байна.

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч Х.Б-ын эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн,  намайг тус газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажлаас чөлөөлсөн талаар ямар нэг шийдвэр байхгүй гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй болно.

Нэхэмжлэгч Х.Б-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 36 дугаар зүйлийн 36.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэлүүдээр миний хуучин ажиллаж байсан хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажлын байр хэвээр хадгалагдахаар байхад албан тушаал, цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр адил чанарын албан тушаалд ажиллуулах үүргийг хариуцагч биелүүлээгүй гэх үндэслэлийн талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тохиолдлуудыг зохицуулсан бөгөөд 35.1.7-д хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдол; гэж заажээ. Нэхэмжлэгч Х.Б-ын ажлын байр  хэвээр хадгалагдах тохиолдлыг хууль тогтоомжоор зохицуулагдсан нь тодорхойгүй, мөн хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр түүний ажлын байрыг хэвээр хадгалахаар тохиролцсон талаар нотлох баримтгүй байх тул хуулийн энэхүү заалтыг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т” Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заажээ. Хуулийн тухайн зохицуулалт  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтад холбоотой хэрэглэгдэх бөгөөд тус зүйлд зааснаар ажил олгогч нь ажилтныг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эргэж ирсэн, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь  эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд дээрх үйл баримт болон хугацаанд ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан тохиолдол байхгүй байгаа ба хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчид адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэг үүсэхгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасан бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/63 дугаартай захирамжаар Х.Х нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул ТС газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Х.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан  “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/157 дугаартай захирамжаар ТС газрын дүрэм болон бүтэц, орон тоог баталсан бөгөөд уг захирамжийн хоёрдугаар хавсралтаар Баян-Өлгий  Биеийн тамир, спортын газар бүтэц , орон тоо, албан тушаалыг тогтоожээ. Үүнд: ТС газрын дарга 1, ахлах мэргэжилтэн 1, нийтийн биеийн тамирын арга зүйч 1, нягтлан бодогч 1, Волейболын дасгалжуулагч 1, өхийн дасгалжуулагч 1, бөхийн дасгалжуулагч 1, боксын дасгалжуулагч 1, хүндийн өргөлтийн дасгалжуулагч 1, таеквондогийн дасгалжуулагч 1, сагсан бөмбөгийн дасгалжуулагч 1, бялдаржуулахын дасгалжуулагч 1, нярав 1, архив бичгийн ажилтан 1, сантехник манаач 1, манач 2, үйлчлэгч 4, нийт 20 орон тоотой байхаар  тусгажээ. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/157 дугаартай захирамжаар баталсан  ТС газрын бүтэц, орон тоо тус бүрд нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үргийг хэрэгжүүлж 20 ажилтан ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэлээр Х.Б-ыг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн ТС газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн албан тушаалтай адил чанарын албан тушаалд, цалин хөлс бууруулахгүйгээр томилон ажиллуулахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгөхийг тус тус хүссэн бөгөөд ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг 25077657 төгрөг гэж тодорхойлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Х.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар буюу ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах боломжгүй болно.

Иймд нэхэмжлэгч Х.Б-ын урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн ТС газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн албан тушаалтай адил чанарын албан тушаалд, цалин хөлс бууруулахгүйгээр томилон ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Б нь шүүх хуралдаан дээр ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг 25077657 төгрөгөөр тодорхойлсон байх тул тухайн үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцож нэхэмжлэгчээс нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-ын урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн ТС газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн албан тушаалтай адил чанарын албан тушаалд, цалин хөлс бууруулахгүйгээр томилон ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болго бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг, мөн нэхэмжлэгч Х.Б-аас 283338 төгрөгийг гаргуулан тус тус улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Х.МЕЙРАМБЕК