Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2021/00619

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багт оршин суудаг Н.А,

Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багт оршин суудаг М.З нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багт оршин суудаг М.Ө-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, М.З, хариуцагч М.Ө, шүүхийн орон тооны орчуулагч А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч М.Ө-аас 3333000 төгрөг гаргуулах  тухай.

Нэхэмжлэгч  Н.А, М.З нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч  Н.А, М.З бид гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарсан учраас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд байгаа Зил-130 маркийн 6349БӨТ улсын дугаартай, үнэлгээний комиссын тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр ёсоор 5000000 төгрөгөөр үнэлэгдэж, тухайн үед бидний гэр бүлийн гишүүн байсан М.Н-оос бидэнд ногдох хувь болох үнийн дүнгийн 3333000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох Зил-130 маркийн 6349БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэр бүлийн гишүүд болох Н.А, М.З, М.Ө бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 212/М2019/00031 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2021/00023 дугаартай тогтоол зэрэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдож байгаа тул бусад нотлох баримт шаардлагагүй гэж үзэж байна. Маргаан бүхий тээврийн хэрэгслийн үнийг 5000000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний комиссын шийдвэрийг хүчин төгөлдөр шийдвэрээр давхар баталгаажуулсан. Иймд нэхэмжлэгч Н.А, М.З бидэнд гэр бүлийн гишүүдийн хамран өмчлөх дундын хөрөнгөд байгаа Зил-130 маркийн 6349БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5000000 төгрөгөөс ногдох хувь болох 3333000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Тухайн машин одоо эвдэрсэн. Маргаан бүхий эд хөрөнгийг миний хүү М.Н тусдаа гэр бүл болоход нь би өөрийн биеэр цалингийн зээл авч 6 сая төгрөгөөр авч өгсөн. Тэгээд 2016 онд миний хүү болох М.Ө нь бид гурвыг зодоод гэрээс хөөж явуулсан. Шүүхийн шийдвэрээр М.Ө зарим зүйлүүдийг авсан. Харин машиныг шүүхийн шийдвэрээр дундын хөрөнгө гэж шийдвэрлэсэн. Дээд шүүх хүртэл маргаан үүсгэхэд дээд шүүхийн тогтоолоор дундын хөрөнгө хэмээн шийдвэрлэсэн. Зил-130 машиныг 5 сая төгрөгөөр үнэлсэн. Иймд шүүхээс тухайн машиныг бид гуравт хувааж бид нарт ноогдох хэсгийг гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч М.З шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний ээж болох нэхэмжлэгч Н.А-тэй санал нэг байна. Нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэв.

Хариуцагч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тухайн машиныг дундын хөрөнгө гэж шүүх шийдвэрлэсэн. Миний хувьд нэхэмжлэгчийн шаардаж буй үнийг дүнг зөвшөөрөхгүй байна. Машины одоо байгаа үнэ ханшийг үнэлгээчнээр үнэлүүлж зохих төлбөрийг төлөхөөр шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна. Нэхэмжлэгч тал машиныг эвдэрсэн, эд ангийг худалдаж борлуулсан гэж худлаа тайлбар хэлээд байна. Бүх зүйл нь бүрэн бүтэн асааж байгаа. Одоо очоод үзнэ гэсэн ч болно. Өнгөрсөн зун өвөлжөөнд тухайн машинаар нүүсэн гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.А, М.З нар нь хариуцагч М.Өд холбогдуулан  гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд байгаа Зил-130 маркийн 6349БӨТ улсын дугаартай 5000000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн ноогдох хэсэг болох 3333000 төгрөгийн гаргуулж өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийнхээ үндэслэлээ М.Ө-ы эзэмшилд байгаа Зил-130 маркийн 6349БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Н.А, М.З, М.Ө бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө тул оногдох хэсгийг хариуцагч М.Ө олгох ёстой гэж тайлбарлажээ.

Хариуцагч М.Ө нь  машин надад байгаа нь үнэн, нэхэмжлэгч нар тухайн машины үнийг 3 хувааж авна гэж байна. Машины бичиг баримтыг надад өгч үнийн дүнг авч болж байна. Эсвэл машины үнийг зохих хэсгийн үнийг надад өгч машиныг өөрсдөө авч болж байна гэж тайлбарлажээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2019/00031 дугаартай магадлалаас үзэхэд дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:

2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр А.М нас барах үед тус гэр бүлд М.Ө, М.З, Н.А нарын гэр бүлийн гишүүд нэг өрхөд амьдарч байсан байх ба А.М нас барсны дараа түүний эхнэр Н.А болон багас хүү М.Ө нар таарамжгүй харилцаатай байсны улмаас Н.А, түүний охин М.З нар нь гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарсан байна.

Мөн М.Н нь хариуцагч М.Ө-д холбогдуулан хувийн өмч болох Могойт гэх газарт байгаа 5х5 м хэмжээтэй модон байшин буюу 2500000 төгрөг, 3х5 м.кв хэмжээтэй модон амбаар буюу 800000 төгрөг, Загаст нуур гэх газарт байгаа 5х5 м.кв хэмжээтэй модон байшин, 4х4 м.кв хэмжээтэй 2 амбаарын хамт 2500000 төгрөг, Зил-130 маркийн 6349БӨТ улсын дугаартай ачааны машин буюу 5000000 төгрөг, 2 машин аргал буюу 160000 төгрөг, 2 машин өвч буюу 600000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Зил-130 маркийн 6349БӨТ улсын дугаартай ачааны автомашиныг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр А.М нас барахаас өмнө 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр түүний эхнэр Н.А нь банкнаас зээл авч Б.Асхараас худалдаж авсан учраас энэхүү хөрөнгө нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр М.Нын нэр дээр бүртгүүлсэн эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-т “... гэр бүлийн гишүүдийн бусад орлого, ... шинээр бий болсон хөрөнгө” гэж зааснаар А.М нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн” гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ...Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл буюу 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх үйл баримтууд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул М.Ө-ы эзэмшилд байгаа Зил-130 маркийн 6349БӨТ улсын дугаартай 5000000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл нь М.Ө, М.З, Н.А нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө тул нэхэмжлэгч нар нь өөрт оногдох хэсгийг шаардах эрхтэй байна гэж үзлээ.

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээний комиссын үнэлгээгээр Зил-130 машиныг 4000000-5000000 төгрөгөөр үнэлсэн байх ба энэхүү үнэлгээг няцаах нотлох баримтаа хариуцагчаас гаргаж өгөөгүй тул шүүх энэхүү үнэлгээнд дурдсан 4000000 төгрөгөөр тооцож гэр бүлийн гишүүдэд оногдох хэсгийг тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч хариуцагч нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Зил-130 маркийн 6349БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээс Н.А, М.З нарт оногдох хэсэг болох 2666660 /4000000:3=1333333 х 2=2666666/ төгрөгийг хариуцагч М.Ө-аас гаргуулан олгож, Зил-130 маркийн 6349БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг М.Өд үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан хариуцагч М.Ө-аас 2666666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А, М.З нарт олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 666334 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Зил-130 маркийн 6349БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч М.Ө-д үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68278 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Ө-аас 57617 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А, М.З нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Х.МЕЙРАМБЕК