| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2024/0074/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/74 |
| Огноо | 2024-07-25 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал
Улсын яллагч Б.Сансарбаяр
Шүүгдэгч Г.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц холбогдох .............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ... дүгээр сарын ... -ний өдөр Завхан аймгийн ........ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн ....... ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ....... сумын ....... баг ........ ...... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ...... овогт .......... .............. /регистрийн дугаар: ................../
Шүүгдэгч Г.Ц нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох 137.4 кг килограмм хуурамч хонин арцыг 2024 оны 05 дугаар сарын 07-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Завхан аймгийн ........... сум ......... багийн нутаг “............” гэх газраас түүж бэлтгэн, экологид 13,533,900 (арван гурван сая таван зуун гучин гурван мянга есөн зуу) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүж бэлтгэсэн” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Завхан аймгийн .......... сумын Засаг даргын тамгын газрын хууль ёсны төлөөлөгч Д.Д.......... шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааны хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
1.1 Шүүгдэгч Г.Ц......... нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Завхан аймгийн .......... сумын ........... багийн нутаг ............ гэх газраас арц түүж бэлтгэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Г.Ц.......... тухайн газраас арц түүсэн талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Ц.Ж............ “.............. ах ...Б............. бид гурав 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд ууланд очсон тэгтэл Ц......... ах машины араас шуудайнууд гаргаж ирээд за ах нь жаахан арц түүгээдэхье гэсэн би урьд өмнө нь арц түүж байхыг хараагүй болохоор түүнийг жаахан дагаж арц түүж байхыг нь харж байгаад машин дээрээ ирээд машиныхаа стачер, тормоз хоёр жаахан болохгүй байхаар нь янзалсан. Б.......... эгч аргал түүж гал асааж хоол, цай хийсэн тэгээд орой болоход Ц.......... ах хэдэн шуудай арц түүчихлээ гэж ярьсан тэгээд харанхуй болоод бид гурав машин дотроо унтсан. Маргааш өглөө нь Ц......... ах эрт босоод арц түүнэ гээд яваад өгсөн. Б........... эгч бид хоёр машинд унтаж байтал байгаль хамгаалагч Н.......... гэдэг хүн ирээд сэрээсэн. Тэгээд арц түүж болохгүй гээд бид нарыг түүсэн арцаа машиндаа ачаад миний араас аймаг ор гэхээр нь Ц.......... ахын түүсэн арцыг машинд ачихад 7 шуудай арц түүсэн байсан. Тэгээд бид нар байгаль хамгаалагч Н........ дагаж аймаг орж ирсэн юм...” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/
Г.Ц........... арц түүж байхад нь илрүүлж түүний үйлдлийг таслан зогсоосон тухай мэдүүлсэн гэрч Б.Н........... “...Би 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ......... сумын .......... багийн нутаг .......... улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах ........ орчимд судалгаа шинжилгээ хийхээр ганцаараа явж байтал машин явсан шинэхэн мөр байхаар нь дагаад явахад “.........” -ын .......... гэдэг газарт нэг машин уулын дунд хэсэгт зогсож байсан. Би холоос дурандаж харахад нэг машин харагдаж байсан машины дээд хэсэгт нэг хүн уулнаас арц түүж байгаа нь харагдсан тэгээд яваад очиход ......... гэсэн улсын дугаартай ...... өнгийн Ланд-80 маркийн машин зогсож байсан бөгөөд машины хойд талын хоёр хаалга онгорхой байхаар нь очиж үзэхэд дотор нь хоёр хүн унтаж байхаар нь дуудаж сэрээгээд уулзаад ууланд арц түүж байсан хүнийг дуудаж түүсэн арцыг нь үзэхэд нийт 7 шуудай арц түүгээд тавьчихсан байсан бөгөөд тэр хүн бас нэг шуудайны ёроолд жаахан арц түүгээд явж байсан. Тэгээд би дархан цаазат газар нутгаас арц түүж болохгүй гэдгийг нь тайлбарлаад машин болон арцны зургийг нь гар утсаараа дарж аваад түүсэн арцыг нь машинд нь ачуулаад дагуулж ........ сум орж ирсэн...” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д.......... “...Намайг ......... сумын засаг даргын тамгын газраас энэ хэрэгт оролцож мэдүүлэг өг гэж хууль ёсны төлөөлөгчөөр томилсон тул би ирсэн. Иргэн Г.Ц........ нь зохих зөвшөөрөлгүйгээр “Арц” түүж бэлтгэсэн гэх асуудлаар миний хувийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Харин энэ хэрэгт сумын засаг даргын тамгын газрыг төлөөлөн оролцож байгаа тул байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Г.Ц......... мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн орчимд ......... сумаас эхнэр Б.........., хуурай дүү болох ........ нарын хамт ........... Ланд-80 маркийн машинтай нь гарч яваад ........... сумын ........... багийн нутаг ......... .......... гэдэг газарт очсон...Тэгээд машины ар талаас шуудай, гар хайчаа аваад уулнаас арц түүж эхэлсэн ........... би арц түүж чадахгүй гээд машинаа янзалж байсан, миний эхнэр ............. хоол, цай хийгээд байж байсан. Тэгээд би орой 19 цаг хүртэл арц түүхэд нийт 7 шуудай болсон байсан. Тэгээд бид нар тэндээ хоол цайгаа хийж идээд машиндаа хоносон маргааш өглөө нь би 08 цагийн орчимд босоод ахиад арц түүгээд явж байтал нэг хүн машин дээр ирээд ............, ............ хоёртой уулзчихаад намайг дуудаад байхаар нь яваад очиход байгаль хамгаалагч .......... гэдэг хүн байсан. Тэр хүн арц түүхээ боль гэсэн шаардлага тавиад түүсэн арцаа аваад ир гэхээр нь .............. бид хоёр яваад нөгөө 7 шуудай арцаа машин дээр авч ирэхэд ............. наад арцаа машиндаа ачаад намайг дагаад яв гэсэн хаашаа явах талаар асуухад аймаг орно гэсэн. Тэгээд түүсэн арцаа машиндаа ачаад байгаль хамгаалагчийг дагаад .......... суманд орж ирсэн юм...” гэсэн мэдүүлгээр, болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон байна.
Г.Ц........... нийт 137,4 кг арц түүсэн нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр, түүсэн арц нь ховор ургамалд хамаарах хуурамч хонин арц бөгөөд нийт 13,533,900 төгрөгийн үнэтэй болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1845 дугаартай шинжээчийн “ 1. Шинжилгээнд хүргүүлж буй 1-7 хүртэл дугаарласан 7 уут ургамлын дээжид шинжилгээ хийж ургамлын төрөл зүйлийг тогтоох боломжтой байна.
1.Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг ууттай ургамал нь Cupressaceae-Агарууны /Арц/ овог, Juniperus L- Арцны төрөл, Juniperus pseudosabina Fisch.et C.A.Mey- Хуурамч хонин арц байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн 7 ууттай ургамлууд нь бүгд нэг төрөл, нэг зүйлийн Juniperus pseudosabina Fisch.et.C.A.Mey- Хуурамч хонин арц байна.
3.Cupressaceae-Агарууны /Арц/ овог, Juniperus L- Арцны төрөл, Juniperus pseudosabina Fisch.et C.A.Mey- Хуурамч хонин арц нь Монгол улсын засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралт “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан.
4.Шинжилгээнд ирүүлсэн ургамлыг хуурай, нойтон аль нь болохыг тогтоох зорилгоор уут тус бүрээс дээж авч жинлэн, хатаах зууханд 105° С -ийн температур 5 цагийн турш хатаан хэмжиж, жингийн алдагдлыг тооцож үзэхэд дундаж чийг 66.3% байх тул нойтон байна.
5.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1кг нойтон Juniperus L- Арцны төрөл, Juniperus pseudosabina Fisch.et C.A.Mey- Хуурамч хонин арц ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.500 төгрөг байна.
Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 137.4 кг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ тооцвол 98.500 төгрөг × 137.4кг= 13,533,900 төгрөг байна. ...” гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдсон байна.
1.2 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах...нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
1.3 Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болохоор заасан байна.
Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон бусад хэрэгцээг хангах зорилгоор ашиглахдаа сум дүүргийн засаг даргын зөвшөөрлөөр, судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглахдаа төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр ашиглахаар Байгалийн ургамлын тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд тус тус зохицуулсан.
Шүүгдэгч Г.Ц........ нь хуурамч хонин арцыг түүж бэлтгэхдээ зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдүүдээс зөвшөөрлийг зохих журмын дагуу аваагүй болох нь хэрэгт авагдсан Г.Ц......... мэдүүлгээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь ховор ургамлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэх нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгож түүнийг хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч нь Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11, 12 дугаар зүйлүүдийг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр 137,4 килограмм ховор ургамал болох хуурамч хонин арцыг түүж бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг санаатай зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах зорилгоор ховор ургамлыг түүж бэлтгэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч ............ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
1.4 Шүүгдэгч Г.Ц.......... зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг түүж бэлтгэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 13,533,900 төгрөгийн хохирол учирсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Ц........... 67,669,500 /жаран долоон сая зургаан зуун жаран есөн мянга таван зуу/ /төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо шүүх хуралдааны үед жинлэсэн хэмжээгээр буюу нийт 98,9 кг-аар тооцож хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас... эд хөрөнгө-д ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор заасан ба эд хөрөнгөд учирсан шууд хохирлын хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хэмжээгээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл тухайн үед арцыг жинлэсэн хэмжээгээр буюу 137,4 кг-аар хохирлыг тооцох тул дээрх дүгнэлтүүдийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Шүүгдэгч Г.Ц.......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ц.......... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Г.Ц............ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзэж түүнд 1 жилийн хугацаагаар Завхан аймгийн ........... сумаас гадагш явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б........... эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учир түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэснийг хангах боломжгүй байна. Учир нь:
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд “хохирлыг нөхөн төлнө” гэсэн мэдүүлэг нь дангаараа учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь шүүгдэгч хохирлын дүнтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө өөрт байгаа, эсхүл тухайн хохирлыг нөхөн төлөх төлбөрийн чадвартай болохоо баримтаар нотолсон байхыг ойлгоно. Хэрэгт энэ талаар ямар нэгэн баримт байхгүй тул шүүгдэгчийн хохирол нөхөн төлөх илэрхийлэл нь бодитой гэж үзэх боломжгүй байна. Иймд өмгөөлөгчийн дүгнэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 шуудай хуурамч хонин арцыг худалдан борлуулж орлогыг улсын орлого болгож гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хайчийг дахин ашиглах боломжгүй учир устгаж шийдвэрлэлээ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4 зааснаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого байгаль орчин уур амьсгалын сангийн эх үүсвэрт хамаарах учир гэмт хэрэг үйлдэж олсон 7 шуудай хуурамч хонин арцыг худалдан борлуулж үнийг улсын орлого болгохдоо байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ц........ нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүний иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......... овогтой ......... .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ц........... 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц.......... Завхан аймгийн ............ сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 жилийн хугацаагаар хориглож, шүүгдэгчид шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц........ нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Г.Ц........... 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Г.Ц.......... 67,669,500 төгрөгийг гаргуулж байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 шуудай хуурамч хонин арцыг худалдан борлуулж үнийг Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, хар өнгийн бариултай хайчийг устгасугай.
8. Шүүгдэгч Г.Ц.......... нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүний иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ