Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2020/0035/З |
Дугаар | 128/ШШ2020/0339 |
Огноо | 2020-05-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2020/0339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоол нь хууль бус байх тул хүчингүй болгуулж, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тогтоосон газрын төлбөрийг өсгөж, бууруулж болох итгэлцүүрийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн батлахыг даалгах
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж , Т.Ж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э , Д.А нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална. гэж заасны дагуу сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын төлбөрийг тогтоох эрх хэмжээ байгаа эсэх талаар зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай юм.
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар тогтоолыг гаргахдаа дор дурдсан заалтуудыг эрх хэмжээ олгосон заалт хэмээн үндэслэсэн байна. Үүнд:
a. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн д заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг,
б. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг.
Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3 дахь заалтаас үзвэл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь урьд тогтоогдсон газрын төлбөрийг ихэсгэж, багасгах итгэлцүүрийг тогтоох эрх л олгосон зохицуулалт байна. Тодруулбал, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2 заалтыг баримтлан хэрэглэх эрхгүй этгээд юм.
Өөрөөр хэлбэл, хуулийн зохицуулалтаар хоёр үндсэн ойлголт гарч байгаа юм. Үүнд:
1. Суурь үнэлгээнд үндэслэн газрын төлбөрийн хэмжээг тогтоох,
2. Тогтоосон газрын төлбөрийг ихэсгэж, багасгах.
Суурь үнэлгээнд үндэслэн газрын төлбөрийн хэмжээг тогтоох эрхтэй этгээдүүд:
1. Суурь үнэлгээнд үндэслэн газрын төлбөрийн хэмжээг тогтоох хуулиар эрх олгосон этгээд нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Засгийн газар юм. Тодруулбал, Засгийн газар газрын төлбөрийн хэмжээг тогтоох бөгөөд ийнхүү тогтоосон төлбөрийн хэмжээг өсгөж бууруулах хууль зүйн боломж байгаа юм. Ийнхүү өсгөж бууруулах итгэлцүүрийг сум, дүүргийн ИТХ батлахаар Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3 дахь заалтад зохицуулжээ. Засгийн газрын 2018 оны 182 тоот тогтоолоор хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг тогтоохдоо түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь байхаар тогтоосон нь Газрын төлбөрийн хуулиар тогтоосон газрын төлбөрийн хэмжээг тогтоох дээд, доод хязгаартай адил байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас Сүхбаатар дүүргийн газрын төлбөрийн хэмжээг тогтоогоогүй байна.
2. Ийнхүү Засгийн газар газрын төлбөрийн хэмжээг тодорхой тогтоогоогүй тул уг газрын хэмжээг ямар эрх бүхий этгээд тогтоож болох талаар авч үзэх нь зүйтэй. Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.2-7.4.6, 7.4.8, 7.4.10-7.4.14, 7.4.16-д заасан болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.3-т заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно. гэж заасан бөгөөд уг зүйлийн 7.4.11-д газрын төлбөр гэж тусгагдсан байна. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд Аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын төлбөрийн хэмжээг тогтоох эрхтэй байх байна.
Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар тогтоол нь итгэлцүүрийг бус шууд газрын суурь үнэлгээнд үндэслэн газрын төлбөрийн хэмжээг тогтоосон нь хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн, хуулиар эрх олгоогүй байхад хэм хэмжээний актыг батлан гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл, тодорхой тогтоосон (өсгөж, бууруулах) газрын төлбөрийн хэмжээ байхгүй, мөн тогтоосон итгэлцүүргүйгээр Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хувь хэмжээний хязгаарт багтаан шууд газрын төлбөрийн хэмжээг тогтоосон нь хуулиар эрх олгоогүй хэм хэмжээний актыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталсан гэж үзэх үндэслэл болж байгаа юм.
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын батлан гаргах итгэлцүүрийн гол зорилго нь тогтоосон газрын төлбөрийн хэмжээг өсгөж, бууруулж байхаар зохицуулсан байхад Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоол гаргахдаа итгэлцүүрийг бус шууд суурь үнэлгээнд үндэслэн газрын төлбөрийн хэмжээг тогтоожээ.
Энэхүү нөхцөл байдал нь тухайн дүүрэгт Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-д заасан журмын дагуу тогтоосон газрын төлбөрийн хэмжээг тодорхой итгэлцүүрээр өсгөж, бууруулах хууль зүйн боломжийг үгүй болгож байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус тогтоол нь Газрын төлбөрийн тухай, Захиргааны ерөнхий хуулиудад заагдсаны дагуу холбогдох бүхий л ажиллагааг хийсний дүнд захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 4115-т бүртгэгдэж, захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлийн 2019 оны №1-д хэвлэгдсэн билээ.
Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийг Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д заасны дагуу газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тогтоосон. Үүнээс гадна газрын байршил, төвөөс алслагдсан байдал, дүүрэг хороодын хил, ундны усны болон ойн хамгаалалтын бүс, ногоон бүсийн хамгаалалтын хил, тусгай хамгаалалттай газар нутгийн хил, газар ашиглалтын бүсийн зураг, нийслэл Улаанбаатар хотыг 2020-2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зэрэг ажлын болоод бодлогын зургуудыг ашигласан байна.
Газрын төлбөрийн хэмжээг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу газрын суурь үнэлгээний 0,1-1,0 хувийн хооронд буюу хуулийн хүрээнд баталсан. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол нь 1997 оноос хойш өөрчлөгдөөгүй, 21 жилийн дараа газрын суурь үнэд өөрчлөлт орсноор газар ашиглалтын байдалд ахиц гарсан.
Мөн хүрээлэн буй орчны бохирдол ихсэж байгаа өнөө үед байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, ойн сангийн хамгаалалтын бүсэд хамаарах газрыг газрын үнэлгээний 6 дугаар бүсэд хамааруулан газрын суурь үнэлгээний 1,0 хувиар газрын төлбөр ногдуулахаар зохицуулж өгсөн болно.
Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу нөлөөллийн шинжилгээг танилцуулгын хамт батлагдсан аргачлалын дагуу хийн тогтоолын төслийг танилцуулан батлуулсан.
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх бүлгийн хүрээнд буюу Сүхбаатар дүүргийн хороод тус бүр дээр тогтоолын төслийг танилцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн явцад оролцсон иргэд хамгаалалтын бүсийн төлбөрийг нэмэгдүүлэн байгаль орчныг хамгаалах эдийн засгийн хөшүүрэг хийж буйг дэмжиж байсан.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 62.4.3-д заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын болон нийслэлийн Газрын албаны албан ёсны сайтуудаар тогтоолын төсөлд өгөх саналыг 30-аас доошгүй хоногийн хугацаагаар авсан боловч санал ирээгүй байна.
Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн 1 тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тоггоох нь Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д зааснаар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарч байгаа тул ямар нэг хууль зөрчсөн асуудал байхгүй болно. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Суурь үнэлгээнд үндэслэн газрын төлбөрийн хэмжээг тогтоох хуулиар эрх олгосон этгээд нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар Засгийн газар юм. Тодруулбал, Засгийн газар газрын төлбөрийн хэмжээг тогтоох бөгөөд ийнхүү тогтоосон төлбөрийн хэмжээг өсгөж бууруулах хууль зүйн боломж байгаа юм. Ийнхүү өсгөж бууруулах итгэлцүүрийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3 дахь заалтад зохицуулжээ.
Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. гэж заасны дагуу итгэлцүүрийг батлан уг итгэлцүүрийн үндсэн дээр тогтоосон газрын төлбөрийг өсгөж бууруулах хууль зүйн боломж байгаа юм.
Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06-р тогтоол нь итгэлцүүрийг бус шууд газрын суурь үнэлгээнд үндэслэн газрын төлбөрийн хэмжээг тогтоосон байх бөгөөд тухайн итгэлцүүрийг ашиглаж газрын төлбөрийг ихэсгэж багасгах хууль зүйн боломжгүй болж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулж Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолоор газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон. Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь гэж тогтоож өгсөн. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэж заасан байдаг. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай тогтоол батлагдаж 0,12-1.0 хувь хүртэл итгэлцүүрүүд нь тогтоогдсон. Мөн итгэлцүүрийн ард газрын төлбөр заагдаж өгсөн учир нь итгэлцүүр нь бутархай тоогоор үүсгэгдэх боломжтой учраас илүү ойлгомжтой болгохын тулд ард нь бодолтыг хийж өгсөн. Тухайн тогтоол нь итгэлцүүрийн хувь хэмжээг тогтоож өгсөн. М а МАК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь тус тогтоолыг хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоол нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт тус тус заагдсанаар хууль ёсны дагуу гарсан тогтоол юм. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоол нь хууль бус байх тул хүчингүй болгуулж, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тогтоосон газрын төлбөрийг өсгөж, бууруулж болох итгэлцүүрийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн д заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн маргаан бүхий Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 06 дугаар Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолыг баталжээ.
Тогтоолын нэгдүгээр хавсралтаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/, хоёрдугаар хавсралтаар Газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг, гуравдугаар хавсралтаар Хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг тус тус баталсан байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ, 18.1.2-ын д-д хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох, 18.2-т Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ, 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална гэж зохицуулсан ба мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-д заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно хэмээн тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, (бүс) суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолоор Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээг шинэчлэн тогтоож баталсантай холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3 дугаар ээлжит хуралдаанаар хэлэлцсэний дагуу маргаан бүхий акт болох Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай 06 дугаар тогтоолыг баталсан байна.
Ийнхүү уг тогтоолыг батлахад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/311 дүгээр захирамжийн дагуу Газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх бүсийн хил заагийн санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, холбогдох судалгаа шинжилгээг хийн, Сүхбаатар дүүргийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас санал авах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсны дагуу Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолын нөлөөллийн шинжилгээг боловсруулан гаргасан бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно гэж зааснаар маргаан бүхий тогтоолын хавсралтаас үзвэл Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 17 бүсчлэл бүхий газрыг ашиглагдах хэрэгцээнд зориулан тус бүр нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувьд багтаан тогтоосон нь хуульд заасан хэмжээг хэтрүүлсэн зөрчилгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...эрх олгоогүй этгээд хэм хэмжээний акт баталсан, ...Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт тогтоосон газрын төлбөрийг өсгөж, бууруулж болно, өсгөж, бууруулсан итгэлцүүрийг хэрэглэх зааг хязгаарыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална гэж заасан. Маргаан бүхий тогтоол дээрээ итгэлцүүрийг хуульд заасан дээд, доод хязгаарын дундуур нь хувь хэмжээг тавьсан. Хувь хэмжээ нь суурь үнэлгээн дээр үндэслэгдээд тухайн хувь хэмжээгээр үржигдээд газрын төлбөрийн хэмжээ гарч ирж байна. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал суурь үнэлгээн дээр үндэслээд хувь хэмжээгээр тооцоод газрын төлбөрийн хэмжээг тогтоох эрхгүй. Баталж байгаа итгэлцүүр нь газрын тогтоосон төлбөр дээр үндэслэж дээш, доош болгосон итгэлцүүр байх ёстой. Гэтэл суурь үнэлгээ, итгэлцүүр, хувь хэмжээгээр газрын төлбөрийн хэмжээг тогтоосон нь ямар сөрөг үр дагавартай вэ гэвэл газрын төлбөрийн хэмжээг 1.0 хувь гээд тогтоосон байхад дээрх хүчин зүйлсийг харгалзан итгэлцүүрийг ашиглан тодорхой хэмжээгээр бууруулах хууль зүйн боломж байсан. Хуульд суурь үнэлгээг Засгийн газар тогтооно, газрын төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтооно, өсгөж бууруулах итгэлцүүрийг иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтооно гэж маргаангүй зааж өгсөн. Гол асуудал нь Засгийн газар газрын төлбөрийн хэмжээг тогтоохдоо хуульд заасан дээд, доод хязгаарыг тавьчихсан. Энэ нь газрын төлбөрийн хэмжээг тогтоогоогүйтэй ялгаагүй болж байна. Ийм учраас Иргэдийн Төлөөлөгчдийн хурал Засгийн газрын эрхийг өөртөө авч итгэлцүүр нэрээр газрын төлбөрийн хэмжээг тогтоож байна гэх тайлбарыг шүүхэд мэдүүлдэг,
Хариуцагч хариу тайлбартаа: ...Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай тогтоол батлагдаж 0,12-1.0 хувь хүртэл итгэлцүүрүүд нь тогтоогдсон. Мөн итгэлцүүрийн ард газрын төлбөр заагдаж өгсөн учир нь итгэлцүүр нь бутархай тоогоор үүсгэгдэх боломжтой учраас илүү ойлгомжтой болгохын тулд ард нь бодолтыг хийж өгсөн. Тухайн тогтоол нь итгэлцүүрийн хувь хэмжээг тогтоож өгсөн гэж маргадаг.
Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн нийт газар нутгийг ашиглалтын зориулалт, байгаль орчин, инженерийн хангамж, ногоон бүс зэргийг харгалзан тодорхой тооны бүсчлэлд хувааж, Засгийн газраас тогтоосон газрын үнэлгээнд газар нутгийн онцлогийг харгалзсан байдлаар 0,12-1,0 хувь хүртэл итгэлцүүрээр үнэлсэн нь хуульд заасан эрхээ хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй, дүүргийн хэмжээнд мөрдөгдөх энэхүү тогтоол нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт төлбөрийн хэмжээ дээш доош болох нөхцөлийг бүрдүүлэх бус, нийт дүүргийн нутаг дэвсгэрийн газрын онцлогоос шалтгаалж төлбөрийн хэмжээний дээд доод хязгаарыг зохицуулсан гэж үзнэ.
Үүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ., 67 дугаар зүйлийн 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ, 67.3-д Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй хэмээн тодорхой заасан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3-2/58 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа бүхий нотлох баримтаас үзвэл маргаан бүхий акт нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж, захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 4115 дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл -ийн 2019 оны №1 дугаарт хэвлэгдэж хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр болсон хэм хэмжээний акт болох нь тогтоогдож байх тул нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан тогтоолыг хуулиар эрх олгогдоогүй этгээд баталсан гэж үзэх боломжгүй байх тул маргаан бүхий хэм хэмжээний актыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тогтоосон газрын төлбөрийг өсгөж, бууруулж болох итгэлцүүрийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн батлахыг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын д, 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоол нь хууль бус байх тул хүчингүй болгуулж, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тогтоосон газрын төлбөрийг өсгөж, бууруулж болох итгэлцүүрийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн батлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ С.ГАНБАТ