Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 66

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,  Улсын яллагч: Д.Ганцэцэг, Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Оюун-Эрдэнэ, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа, Шүүгдэгч: Ш.Чулуундорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шатайж овогт Шоовдорын Чулуундоржид холбогдох 201715000061 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр цэцэрлэгт нярав ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 1 дүгээр баг Согоот, бааз гудамж 35а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Шатайж овогт Шоовдорын Чулуундорж /РД: ЙВ85111111/  
Шүүгдэгч Ш.Чулуундорж нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18 цаг 40 минутын орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Талст төвийн авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн 51-65 ӨВР улсын дугаартай Тоёота спринтер маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17, 1 дүгээр бүлгийн 1.5, 2 дугаар бүлгийн 2.7г дэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарган иргэн Л.Бадмаанямбуугийн бие махбодид болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Ш.Чулуундорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Миний буруутай үйл ажиллагаанаас болж хохирогч Л.Бадмаанямбуугийн бие махбодид хүнд гэмтэл учирсан. Хохирогч Л.Бадмаанямбууд хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.  
Хохирогч Л.Бадмаанямбуу мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би машины арын суудал дээр, манай бэр Энхтүвшин жолооны ард суугаад юм яриад сууж байтал машины араас нэг машин мөргөчихсөн. Тэгтэл бэр Энхтүвшин гараад машины араас мөргөсөн машиных нь багаажин дээр гараараа цохиход мөргөсөн машины жолооч нь машинаасаа гарч ирэхгүй гар 
утсаараа оролдоод суугаад байхаар нь би баруун талын хаалгаар нь гараад машиных нь араар тойрч мөргөсөн машины жолоочийн хажууд очсон. Мөргөсөн машины жолооч нь жолооч талынхаа хаалгыг онгойлгочихоод машин дотроосоо гарахгүй суугаад байсан. Тэгсэнээ юу юугүй ухраад Лодойгийн машины ар талыг мөргөсөн. Би тэр машины онгорхой хаалга болон П.Лодойн машин 2-ын дунд хавчуулагдчихсан. Намайг 2 машины хооронд хавчуулагдаад хашгиртал тэр залуу өө пизда араагаа салгахаа мартчихжээ гэж хэлэх шиг болсон. Тэгээд машинаа жаахан урагшлуулаад намайг 2 машины завсраас гаргасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 47-49 хуудас/  
Гэрч Ч.Энхтүвшин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Харьер маркийн автомашин гарах гэхээр нь би гарч ирж машинаа холдуулан тэр машиныг гаргачихаад өмнөх машины байранд ороод зогссон. Тэгээд машин дотроо ээжийнхээ хамт нөхрөө хүлээгээд сууж байтал Талст төвийн урд талын замаар төв замаас баруун гар тийшээ эргээд цагаан өнгийн Тоёото спринтер маркийн автомашин зогсоол дотор орж ирээд ухраад манай машины зөв талын арын гуперийг мөргөсөн. Тэгэхээр нь би гараад тэр машины багаажин дээр гараараа цохиод машин мөргөчихлөө шүү дээ гэхэд тэр машин урагшилсан. Тэгтэл хадам ээж машинаас буугаад нөгөө машины жолооч талаар нь очоод машины цонхыг нь нүдэхэд тэр машины жолооч нь хаалгаа онгойлгосон. Тэгсэнээ хаалгаа онгойлгосон чигээрээ хойшоо огцом ухархад хадам ээж Л.Бадмаанямбуу тэр машины онгорхой хаалга, манай машины зөв талын арын гупер 2-ын хооронд хавчуулагдсан. Би голд нь хавчуулагдсан. Тэгэхээр нь би дахин багааж руу нь цохиход тэр машины жолооч жолоогоо баруун тийш эргүүлээд ухрахад ээж дахиад тэр 2 машины хооронд хавчуулагдсан. Би цаашаа гүйгээд гарсан. Ээжийг намайг дайрчихлаа шүү дээ гээд хашгирахад тэр машин зогссон. Тэр залуу би сандраад араагаа салгах гээд салгаж чадаагүй гээд байсан. Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 55-56 хуудас/  
Гэрч П.Лодой мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Тэр өдөр манай ажил 17 цаг 40 минутын орчимд тараад Цэргийн ангийн 64 айлын орон сууцны гаднаас намайг манай эхнэр Энхтүвшин нь 01-35 УБГ улсын дугаартай Приус 20 маркийн автомашинтай ирж авсан. Тэндээсээ шууд эмнэлэг дээр очоод ээж Л.Бадмаанямбууг ажлаас нь авсан. Би машин барьж явсан. Эмнэлгээс шууд Талст төв рүү яваад урд талын зогсоол дээр машинаа тавих гэтэл зогсоол байхгүй байхаар нь Харьер маркийн автомашины ард машинаа тавиад эхнэр Энхтүвшин бид хоёр Талст төв рүү орсон. Манай ээж Л.Бадмаанямбуу машинд суугаад үлдсэн. Эхнэр бид хоёрыг Талст төв рүү орсон хойно ээж над руу залгаад урд зогсож байсан машин гарах гээд байна гэж утсаар хэлэхэд манай эхнэр Энхтүвшин гараад машинаа холдуулсан. Би Талст төвийн 2 давхарт пиццаны газарт тооцоо хийхээр үлдсэн. Тэгээд Талст төвийн цонхоор харахад эхнэр Энхтүвшин машинаа зогсоолд оруулаад тавьсан байсан. Тэгээд намайг тооцоо хийгээд байж байтал эхнэр утсаар залгаад ээжийг машин мөргөчихлөө гэхээр нь би гараад иртэл мөргөсөн гэх машин нь ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү хараад зогсчихсон, жолооч талын хаалга нь онгойчихсон байсан. Ээж мөргөсөн машины жолооч талын суудал дээр ёолоод сууж байсан. Тэгээд л би цагдаад дуудлага өгсөн. Ээжийг мөргөсөн машиныг ирэхээс өмнө манай эхнэр машинаа зогсоол руу оруулаад зүүн тийш нь харуулаад тавьсан байсан. Ээж, эхнэр хоёр машин дотроо сууж байсан. Манай машин хөдлөөгүй байсан. Цагдаа нар ирээд үлээлгэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэж байсан. Энэ машин манай машин байгаа юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь ХААН банкны нэр дээр байдаг. Эхнэр Энхтүвшин бид хоёр 2015 оны 02 дугаар сард Улаанбаатар хотын ХААН банкнаас лизингээр 11 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Лизингийн хугацаа дуусаагүй байгаа учраас одоо Улаанбаатар хотын ХААН банкны нэр дээр байгаа. ХААН банктай байгуулсан гэрээн дээр манай эхнэр Энхтүвшингийн нэр байгаа. Энхтүвшингийн нэр дээр энэ машиныг авч байсан. Энхтүвшин бид хоёр эхнэр нөхөр, гэрлэлтийн баталгаатай учраас энэ машин манай машин гэж хэлж байна. Би хохирлоо бүрэн барагдуулаад авчихсан учраас машины хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 58 хуудас/  
Гэрч Т.Жүгдэрсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 02 дугаар сарын 14-ний орой 18 цагийн орчимд Талст худалдааны төвийн урд талын авто машины зогсоол дээр 51-65 ӨВР улсын дугаартай цагаан саарал өнгийн суудлын автомашин дотор жолоочийн хажуугийн суудалд би суугаад, жолооч Ш.Чулуундорж машинаа бариад Талст худалдааны төвийн авто зогсоол дээр зогсоод машинаа байрлуулж тавих гэж ухарч байгаад зогсоолд зогсож байсан машинаас буусан эмэгтэй хүнийг баруун гар талын жолооч талын хаалгаар хавчаад зогссон. / хх-ийн 63-64 хуудас/  
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 17ны өдрийн 80 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:… Л.Бадмаанямбуугийн биед аарцаг ясны мальгений хугарал, баруун гуяны цус хуралт, аарцаг хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 88 хуудас/  
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаар техникийн шинжээчийн дүгнэлтэнд:… 51-65 ӨВР улсын дугаартай Тоёота спринтер маркийн автомашиныг жолоодож явсан Ш.Чулуундорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17 дахь заалт, “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2 дугаар бүлгийн 2.7.г дэх заалт “Гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэхийг хориглоно”-ыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан байна. 01-35 УБГ улсын дугаартай Тоёота приүс-20 маркийн автомашины жолооч П.Лодой нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Батцэрэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан ослын акт үндэслэлтэй байна. 51-65 ӨВР улсын дугаартай Тоёота спринтер маркийн автомашиныг жолоодож явсан Ш.Чулуундорж нь хүчинтэй, “В” ангилалын 710697 тоот жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэж дүгнэлтийг гаргалаа. /хх-ийн 102 хуудас/  
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, хэрэг, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем, зураг, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ¹02/58, ¹02/60, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ¹03/26 дугаартай үнэлгээний тайлангууд, хохирлын баримтууд, Ш.Чулуундоржийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Бадмаанямбуугийн хохирол төлбөрт 1866600 төгрөг авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 1-11, 17-32, 34-38, 50-53, 66-72, 78-84, 99-100, 113-114, 116 хуудас/  
Шүүгдэгч Ш.Чулуундоржийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 295 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 118-119 хуудас/  
Шүүгдэгч Ш.Чулуундоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 хуудас/ зэрэг болно.   
Шүүгдэгч Ш.Чулуундорж нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18 цаг 40 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Талст” төвийн урд талын автомашин зогсоол дээр өөрийн эзэмшлийн 51-65 ӨВР улсын 
дугаартай, “Тоёота спринтер” маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2 дугаар бүлгийн 2.7.г “Гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэхийг хориглоно”, 7 дугаар бүлгийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Л.Бадмаанямбуугийн бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Чулуундоржийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Бадмаанямбуугийн би 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2 машины хооронд хавчуулагдсан. Тэр машины жолооч араагаа салгахаа мартчихжээ гэж хэлэх шиг болоод машинаа жаахан урагшлуулаад намайг 2 машины завсраас гаргасан. Гэрч Ч.Энхтүвшингийн “Талст” төвийн урд талын замаар төв замаас баруун гар тийшээ эргээд цагаан өнгийн Тоёото спринтер маркийн автомашин зогсоол дотор орж ирээд ухраад манай машины зөв талын арын гуперийг мөргөсөн. Тэгтэл хадам ээж машинаас буугаад нөгөө машины жолооч талаар нь очоод машины цонхыг нь нүдэхэд тэр машины жолооч нь хаалгаа онгойлгосон. Тэгсэнээ хаалгаа онгойлгосон чигээрээ хойшоо огцом ухархад хадам ээж Л.Бадмаанямбуу тэр машины онгорхой хаалга, манай машины зөв талын арын гупер 2-ын хооронд хавчуулагдсан. Тэр машины жолооч жолоогоо баруун тийш эргүүлээд ухрахад ээж дахиад тэр 2 машины хооронд хавчуулагдсан. Гэрч П.Лодойн тэр өдөр 17 цаг 40 минутын орчимд эхнэр утсаар залгаад ээжийг машин мөргөчихлөө гэхээр нь би гараад иртэл мөргөсөн гэх машин нь ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү хараад зогсчихсон, жолооч талын хаалга нь онгойчихсон байсан. Гэрч Т.Жүгдэрсүрэнгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний орой 18 цагийн орчимд 51-65 ӨВР улсын дугаартай цагаан саарал өнгийн суудлын автомашин дотор жолоочийн хажуугийн суудалд би суугаад, жолооч Ш.Чулуундорж машинаа бариад “Талст” худалдааны төвийн урд талын автомашин зогсоолд машинаа байрлуулж тавих гэж ухарч байгаад зогсоолд зогсож байсан машинаас буусан эмэгтэй хүнийг баруун гар талын жолооч талын хаалгаар хавчаад зогссон гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 80 дугаар шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаар техникийн шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, хэрэг, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем, зураг, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ¹02/58, ¹02/60, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ¹03/26 дугаартай үнэлгээний тайлангууд, хохирлын баримтууд, хохирогч Л.Бадмаанямбуугийн хохирол төлбөрт 1866600 төгрөг авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, Ш.Чулуундоржийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.   
Шүүгдэгч Ш.Чулуундоржийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзэв.  
Шүүгдэгч Ш.Чулуундоржид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. 
 Шүүгдэгч Ш.Чулуундорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.  
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ш.Чулуундоржийн эзэмшлийн 51-65 ӨВР улсын дугаартай, Тоёото спринтер маркийн автомашин, АЯ ¹0213075 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг шүүгдэгч Ш.Чулуундоржид, хохирогч Л.Бадмаанямбуугийн аарцаг ясны рентгэн зураг 1 ширхэгийг хохирогч Л.Бадмаанямбууд тус тус буцаан олгож, камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж, шүүгдэгч Ш.Чулуундоржийн ¹710697 дугаартай “В” ангилалын жолооны үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж,     
Шүүгдэгч Ш.Чулуундоржийн эзэмшлийн 220000 төгрөгийн үнэ бүхий, LG G Stylo маркийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,   
Шүүгдэгч Ш.Чулуундорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Бадмаанямбууд 1866600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Энхтүвшинд 365000 төгрөгийн хохирол тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,  
Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 213 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ш.Чулуундоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Иймд шүүгдэгч Ш.Чулуундоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Шатайж овогт Шоовдорын Чулуундоржийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Ш.Чулуундоржид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   
3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ш.Чулуундоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.     
4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ш.Чулуундоржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.  
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ш.Чулуундоржийн эзэмшлийн 51-65 ӨВР улсын дугаартай, Тоёото спринтер маркийн автомашин, АЯ ¹0213075 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг шүүгдэгч Ш.Чулуундоржид, хохирогч Л.Бадмаанямбуугийн аарцаг ясны рентгэн зураг 1 ширхэгийг хохирогч Л.Бадмаанямбууд тус тус буцаан олгож, камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж, шүүгдэгч Ш.Чулуундоржийн ¹710697 дугаартай “В” ангилалын жолооны үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.   6.Шүүгдэгч Ш.Чулуундорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Бадмаанямбууд 1866600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Энхтүвшинд 365000 төгрөгийн хохирол тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Ш.Чулуундоржийн эзэмшлийн 220000 төгрөгийн үнэ бүхий, LG G Stylo маркийн, хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.     
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ш.Чулуундоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.   
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Ш.Чулуундоржийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай.   10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Чулуундоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар болон иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
12.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Чулуундоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ