Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1064

 

      2020           8              20                                          2020/ДШМ/1064                              

 

     Ч.Эт холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, В.Хүрэлхад,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг орозлцуулан,

              Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Н.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/318 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, Г.Өлзийсайхан нарын гаргасан гомдлоор Ч.Эт холбогдох эрүүгийн 1902000280033 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

               

            Ч.Э нь 2018 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт гялгар уутнуудын хамт 244,8 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

            2018 оны 10 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 20 дугаар байрны 27 тоотод хууль бусаар хадгалсан,

            2018 оны 12 дугаар сард Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинол болон 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан “Кариофиллен”-ын агууламжтай нийт гялгар уутны хамт 10 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр Нидерландын Нэгдсэн вант улсаас интернет сайт ашиглан олж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар  нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                           

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Эыг “хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан”, мөн “Хууль, Монгол улсын олон гэрээнд заасны дагуу хориглосон, сэтгэцэт нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг баримтлан Ч.Эт мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Ч.Эын биечлэн эдлэх ялыг нийт 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Эт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар уутны хамт 244.8 грамм каннабис ургамал, 10 грамм ургамал, 2 ширхэг тугалган цаас зэрэг эд зүйлсийг зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэж, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Худалдаа хөгжлийн банкны виза 4902490063512291 дугаартай картыг эзэмшигч Ч.Эт буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

           

            Шүүгдэгч Ч.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр надаас анх мэдүүлэг авахдаа миний эрх, үүргийг танилцуулаагүй, зөвхөн энд гарын үсэг зур хэмээн зуруулж авч байсан. Тухайн үед би хуулийн ямар ч мэдлэггүй, бас айж балмагдсан байдлыг минь мөрдөгч буруугаар ашиглаж эрх, үүргийг минь танилцуулалгүй байцаалт авсан. Би анх мэдүүлэг өгөхдөө гэрээс олдсон өвсийг хүнээс авснаа нууж, тухайн хүнийг давхар хэрэгт оруулахгүйн тулд худал мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэгт 2018 оны 10 дугаар сарын үед Дорнод аймагт амьдардаг найз Гарьдынх руу эхнэртэйгээ явж байхдаа Хэнтий аймагт замын хажуунаас өвс түүсэн гэж хэлсэн байдаг. Ингэж мэдүүлснийг минь шалгах буюу ямар нэгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй ба үнэн эсэхийг нь шалгаж тогтоогоогүй. ... Би тухайн өвсийг түүж бэлтгэсэн зүйл байхгүй.

... Мөн Нидерланд улсаас интернетээр миний захисан зүйл ирээгүй, оронд нь өөр зүйл ирсэн болохыг би мэдээгүй, яг ямар зүйл ирснийг надад танилцуулж, огт мэдэгдэж үзүүлж харуулаагүй байцаалт, мэдүүлэг авсан. ... Мөрдөгч яг ямар зүйл, хаанаас, хэзээ захисныг минь нягталж шалгаж тогтоолгүй, зөвхөн миний буруу ойлгож мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Би бүр сүүлд хэргийн материалтай танилцахдаа шуудангийн илгээмжээр ямар зүйл ирснийг зургийг нь харж мэдсэн. Энэ үед би аль хэдийн 2 удаа мэдүүлэг өгчихсөн байсан. ... Миний захисан зүйл CBD буюу Cannabidol эмчилгээний тосон хэлбэртэй бүтээгдэхүүн байсан. Захисан зүйл маань Cannabis-аас гаргаж авдаг зүйл байсан болохоор хууль бус хориотой зүйл байна гэж ойлгож мэдүүлэг өгсөн. Сүүлд судлаад үзэхэд миний захисан зүйл сэтгэцэд нөлөөгүй, НҮБ-ын конвенцийн жагсаалтанд байдаггүй болохыг мэдсэн. Надаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул гомдолтой байна. ... 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гэрт минь мөрдөгч Д.Нямрагчаа, 3 хүний хамт нэгжлэг хийхэд би сайн дураараа гэрт байсан өвсний ургамлыг гаргаж өгсөн. Би хууль бус өвс ургамлыг хадгалж байсан буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Харин тухайн өвс ургамлыг түүж бэлтгэсэн, улсын хилээр хууль бус мансууруулах бодис нэвтрүүлсэн гэх үйлдлийг хийгээгүй, буруу ташаа ойлгож мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоолгүй хэргийг шүүхэд шилжүүлж миний эрх зүйн байдлыг дордуулсанд, анхан шатны шүүх дээрх байдлыг бүрэн гүйцэд хянан шалгалгүй надад 3 жил 6 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

 

Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулалгүй мөрдөгчийн хэлснээр бүх зүйлийг хийж гүйцэтгэж байсан, бусдад учруулсан хохиролгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй эхнэр, нялх хүүхдийг минь харгалзан үзэж хууль бусаар мансууруулах өвс ургамал гэртээ хадгалж байсан үйлдэлд минь хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн тухайд: Ч.Э нь мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн үйлдэл нь нотлогдоогүй гэж би үзэж байна. Учир нь, энэ талаар шүүгдэгч Ч.Э 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө анх удаа хэлсэн байдаг. Шүүгдэгчийн мэдүүлгээс үзэхэд мөрдөгч зөвхөн сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэгт тулгуурлан мөрдөн байцаах ажиллагаа явуулсан болох нь харагдаж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3, 8 дахь хэсгийн 8.3, 9 дэх хэсэгт тус тус заасныг зөрчиж анхан шатны шүүх дүгнэлт гаргажээ. Шүүгдэгч Ч.Э нь автомашин жолоодох эрхгүй бөгөөд автомашин жолоодож чадахгүй хүн байдаг. Мөн эхнэр Б нь 2018 оны 10 дугаар сарын дундуур 6 сартай жирэмсэн байсан. Эхнэр нь автомашин жолоодох боломжгүй байсан. Гэтэл эдгээр байдлуудыг тогтоогоогүй. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй байна. 1 дүгээр хавтас хэргийн 33-40, 95-97 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаас харахад тухайн өвсийг 10 дугаар сард түүсэн гэдгийг тодорхойлох боломжгүй. Фото зургаас харахад өвс нь шар биш ногоон өнгөтэй харагдаж байдаг. Монгол улсад 10 дугаар сард ногоон өвс түүх боломж хэр байдаг билээ. Түүж бэлтгэсэн гэдэг нь эргэлзээтэй. Үзлэгийн тэмдэглэл дээр өвсний өнгийг тодорхойлж бичээгүй байдаг. 1 дүгээр хавтас хэргийн 195-198 дугаар хуудсанд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн баримт бичигт шүүгдэгч Ч.Эын түүж бэлтгэсэн гэх сэтгэцэт нөлөөт бодис нь Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумуудад 6-аас 8 дугаар сард ургадаг гэж тусгасан байдаг. Үнэхээр Ч.Эыг дээр дурдсан хориглосон ургамлыг түүж бэлтгэсэн гэж үзэж байгаа бол сэжигтэн, яллагдагчаас явсан замын маршрутыг тодорхойлж асуух, ямар тээврийн хэрэгслээр зорчсон болохыг тогтоох, тухайн бэлтгэж түүсэн ургамал нь түүсэн гэх газарт ургадаг эсэхийг болон, Дорнод аймагт очсон болохыг тогтоох, Гарьдаас гэрчийн мэдүүлэг авах, хураан авсан ургамал нь ямар өнгө, шинж тэмдэгтэй болох талаар үзлэг хийсэн баримтандаа тусгах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийх ёстой байсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар тийм ажиллагаа хийсэн баримт алга байна. Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хориглосон өвс ургамал түүж бэлтгэсэн гэж дүгнэж ял оногдуулсанд гомдолтой байна. Нөгөө талаас тухайн хориглосон өвс ургамлыг түүж бэлтгэсэн этгээдэд ял завших боломжийг олгож байгаад харамсалтай байна.

 

Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн тухайд: Шүүгдэгч Ч.Э нь энэхүү гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь, мөрдөгч нь Ч.Эт Нидерланд улсаас ямар илгээмж шуудангаар ирсэн болохыг танилцуулалгүй, шууд хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис захиалсан байна гэж ойлгуулж сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авсан байдаг. ... Өөрөөр хэлбэл худалдагч, худалдан авагч хоёрын аль нь тээвэрлэлтээ хариуцаж байгаа эсэхийг тогтоосон баримт алга. Энэ тохиолдолд Монгол Улсын хилээр тухайн хориглосон бүтээгдэхүүнийг шүүгдэгч Ч.Э нэвтрүүлсэн гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүйд тооцох учиртай. Магадгүй тухайн хориглосон бүтээгдэхүүнийг интернетээр захиалаагүй ч байх боломжтой, хэн нэгэн этгээд хувийн журмаар илгээсэн ч байх боломжтой, эсвэл бусдыг хорлох үүднээс хориглосон бүтээгдэхүүн илгээх боломжтой мэтээр харагдаж байна. Дээр дурдсанчлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, заавал өөр нотлох баримт, эх сурвалжаар давхар нотлох ёстой. Гэтэл уг хориглосон бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйлдлийг шүүгдэгч үйлдсэн болохыг тогтоосон баримт алга. ... Тээвэрлэлтээ худалдагч нь хариуцаж байгаа тохиолдолд худалдан авагч нь тээвэртэй холбоотой улс дамнасан хил нэвтэрч буй хариуцлагыг хүлээж байгаа нь шударга ёсонд хэрхэн нийцэх вэ. Худалдагч нь тээвэрлэлтээ хариуцаж байгаа бол худалдан авагч нь мөнгө төлөхгүй тухайн зүйлийг хүлээж авдаг. Харин худалдан авагч нь тээвэрлэлтээ хариуцаж байгаа тохиолдолд тодорхой мөнгө төлж тухайн шууданг хүлээж авдаг. Гэтэл мөнгө төлж тухайн шууданг хүлээж авсан эсэх нь тодорхойгүй. Шүүгдэгч Ч.Э нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж яллагдагчаар 2 удаа мэдүүлэг өгөхөөс татгалзсан, шүүгдэгч Ч.Эт эхнэр Т.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг, эхнэр Т.Бд шүүгдэгч Ч.Эын мэдүүлгийг тус тус харилцан уншуулж мэдүүлэг авч, хооронд нь үг үсэг, утга санааны зөрүүгүй мэдүүлэг авсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл болно. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасны дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч Г.Өлзийсайхан давж заалдах гомдолдоо: “... өмгөөлөгч миний зүгээс шүүгдэгчийн гэм буруугийн асуудал дээр маргаан гаргахгүй бөгөөд зөвхөн анхан шатны шүүхээс ял оногдуулж байгаа ялын бодлого дээр өөрийн зүгээс гомдол гаргаж байгаа болно. Анхан шатны шүүх шүүгдэгчид 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж байгаа ялын бодлогын хувьд шүүгдэгчид хүнд ял оногдуулсан гэж үзэж байна. Мөн шүүгдэгчид гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн  зөвшөөрч, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулаагүй, тухайн хэргийн улмаас бусдад учирсан хохирол байхгүй зэргийг анхаарч, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэн харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэжээ.

 

Өмгөөлөгч В.Хүрэлхад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өмнөх өмгөөлөгч Өлзийсайханы гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг заасан. Шүүгдэгч Ч.Эын дараах нөхцөл байдлууд хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа. Нэгдүгээрт, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Хоёрдугаарт, өөрийгөө илчилсэн. Гуравдугаарт, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн байдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Эын ар гэрийн онцгой нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ үү. Шүүгдэгч Ч.Э нь сэтгэцэт нөлөөт бодисыг бэлтгэж, хадгалахаар урьдаас төлөвлөөгүй. Тохиолдлын шинжтэйгээр найзтайгаа уулзаж, тааралдаад нурууныхаа өвчнийг намдаахад хэрэг болж магадгүй гэх байдлаар авсан байдаг. Энэ нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Сэтгэцэт нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн үйлдлийн хувьд мөн адил тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар үйлдсэн гэж үзэж байна. Нурууныхаа өвчинд хэрэглэх эмийг интернэтээс олж захиалсан. Гэхдээ захиалсан эм нь ирээгүй, өөр зүйл ирсэн байдаг. Иймд тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч Ч.Э нь урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хорих анги гэх зүйлийг шүүгдэгч мэдэхгүй. Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн хүнийг хорих ангид хорьж, зан төлөвийг нь эвдэж, өөр нийгэмд оруулж хүнийг эвдэх үү, нийгэмд нь үлдээж засаж авах уу гэдгийг шийдвэрлэх үе ирээд байна. Шүүгдэгч Ч.Э хорих ангид хоригдсоноороо хүмүүжих үү, эсхүл муу юм сураад, сонсоод, эвдэрээд гарч ирэх үү. Шүүгдэгч Ч.Эын хувийн байдлын талаар найз нөхөд, эхнэр, эцэг нь мэдүүлэг өгсөн байдаг. Хавтас хэргийн 33 дугаар хуудсанд, шүүгдэгч Ч.Эын гэрт үзлэг хийсэн тэмдэглэлийг харахад, шүүгдэгч Ч.Э өөрөө санаачилгаараа байгаа зүйлээ гаргаж өгөөд, ажиллагаанд ямар нэгэн саад учруулалгүйгээр гаргаж өгсөн. Үзлэг хйисэн хүмүүс нь гэрээс нь олсон эд зүйлийг нь мартаад явсан байхад аваачиж өгсөн байдаг. Өөрийгөө илчилсэн үйлдэл хийсэн байдаг. Эдгээр байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж үзэх нь зүйтэй. Сэтгэцэт нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн үйлдлийн хувьд шүүгдэгч Ч.Э нурууны эм захиалсан боловч захиалсан эмнээс нь огт өөр зүйл ирсэн. Хэрвээ захиалсан эм нь ирсэн бол хориглосон, хориотой бодис ирэхгүй байхаар байсан. Яг ямар зүйл захиалсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй. Захиалсан зүйлээс өөр зүйл ирсэн бол илгээгчийн гэм буруу болох буюу шүүгдэгч хэлмэгдсэн болох гээд байна. Шүүгдэгч Ч.Эын эхнэр Б нь бөөрний архаг үрэвсэлтэй, архаг цус багадалттай, эмчийн байнгын хяналтад байдаг. Мөн хамрын таславчийн мурийлттай, тархиний хүчилтөрөгчийн дутагдалтай. Үүнийг нь нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан. Иймд хүүхдээ асрах боломжгүй байдаг. Эх, хүүхэд хоёрын амь нас Ч.Эаас шууд хамааралтай. Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэх заалтын дагуу шүүгдэгч Ч.Эт хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэн харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. Шүүгдэгч Ч.Эын эхнэр Бгийн хагалгаа хийлгэх шаардлагатай гэх баримтыг гаргаж өгч байна.” гэв.

 

Прокурор Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаагаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан сэтгэцэт нөлөөт мансууруулах бодисыг хойшлуулшгүй ажиллагаагаар хураан авсан. Уг бодисын эх сурвалжийг асуухад шүүгдэгч Ч.Э өөрөө эх сурвалжаа зааж мэдүүлсэн байдаг. Хэн ч албадаагүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө хэлсэн. “Хэнтий аймгаас би өөрөө түүж бэлтгэсэн. Би хадгалаж байсан болох нь үнэн” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгийг гэрч Б давхар нотолж мэдүүлдэг. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Дээрх баримтууд хоорондоо уялдаа холбоотойгоор нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхээс сэтгэцэт нөлөөт бодисыг бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэж үзэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг захиалахдаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух хаягаа бүртгүүлсэн. Тэр хаягнаасаа Нидерланд улсаас бараа захиалсан байдаг. Бараа захиалсан хаягаар нь очиж шалгалт хийхээр “бид Э гэж хүнийг мэдэхгүй, нэг хүн гуйгаад байхаар нь манайх хаягаа өгсөн” гэдэг. Шүүгдэгч Ч.Эын яг оршин суух хаягаа өгөөгүй байдаг. Энэ гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн болох нь харагдаж байдаг. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны хаягнаасаа 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрүүдэд хоёр удаа илгээмж авсан гэдгийг гэрч Лхагвасүрэн хэлсэн байдаг. Захиалсан баримт нь Чулуунбаатарын Э гэх хүний нэр дээр гардаг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

            Ч.Э нь 2018 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт гялгар уутнуудын хамт 244,8 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

 

            2018 оны 10 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 20 дугаар байрны 27 тоотод хууль бусаар хадгалсан,

 

2018 оны 12 дугаар сард Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинол болон 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан “Кариофиллен”-ын агууламжтай нийт гялгар уутны хамт 10 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр Нидерландын Нэгдсэн вант улсаас интернет сайт ашиглан олж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар  нэвтрүүлсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Ч.Эын яллагдагчаар өгсөн “... Би 7 хоногийн өмнө өвс хэрэглэсэн байсан юм, харин өнөөдөр сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй. Би ямар хэрэгт шалгагдаж байгаагаа ойлгосон. Одоо он, сарыг нь сайн санахгүй байна, Ээгий гэдэг манай найз Белги улсад ажиллаж амьдардаг юм. Түүнтэй фэйсбүүкээр харилцаж байхад надад нэг сайтын холбоос өгсөн. Ээгийгийн өгсөн холбоосын дагуу сайт руу нэвтэрч өөрт хэрэгцээт зүйл байхаар нь 28 доллараар 2 билүү 3 граммыг захиалсан. Сайтынх нь нэрийг нь мэдэхгүй байна. Өөрийн “Dell” загварын зөөврийн компьютерээр захиалсан. Би өөрийнхөө зөөврийн компьютерын интернет хандалтын түүхийг нь устгачихсан болохоор одоо ямар сайт байсныг нь санахгүй байна. Биткойн /электрон мөнгө/-р төлбөрөө хийсэн. Өөрөө хэрэглэх гэж захиалсан ба тухайн үед хууль бус гэдгийг нь мэдэж байсан. Би мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис зарах гэж захиалаагүй. Өөрөө хэрэглэх гэж интернэт сайтаас анх удаагаа захиалсан. 2008 онд Англи улсад ажиллаж, амьдарч байхдаа хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын талаар анх ойлголттой болж, хамт ажилладаг хүмүүстэй өвс хэрэглэдэг байсан. Харин 2018 оны 10 дугаар сард ганцаараа Дорнод аймаг руу найз Гарьдынх руу очих гэж явахдаа Багануур дүүрэг өнгөрөөд Хэнтий аймгийн нутагт явж байхдаа бие засах гээд замаасаа гарч, ойролцоо байх жалганд бие засаад зогсож байхад Каннабис ургамалтай төстэй ургамал ургачихсан байхаар нь очиж үзэхэд Каннабис ургамал мөн байсан. Тухайн үед авч явсан үүргэвчээ дүүргэж түүж аваад, бага зэргийн нунтаглаж байгаад бэлэн тамхины оронд хийж татсан. Дорнод аймагт Гарьд найзындаа 3 хоноод хотод ирсэн. Хотод ирээд цүнхтэй өвсөө өөрийн өрөөндөө оруулаад хувцаснууд дунд хийчихсэн. Тэгээд өдөр бүр бэлэн тамхины оронд бага багаар хэрэглэдэг байсан. Өнөөдөр бүх өвсөө хураалгасан. ...Би захиалга өгөхдөө “Top browser” ашиглан, нууц сайтыг ашиглаж захиалахдаа Chuluunbaatar Erkhembayar Khan-Uul district8 2nd khoroo, Dund gol street Ulaanbaatar 17031 Mongolia гэх хаягаар бүрдүүлэн явуулсан. Уг хаягийн дагуу ирэх ёстой байсан юм. Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” /1хх 116-119, 126, 130-131/,

гэрч Т.Бгийн “... харин манай нөхөр өвчнөө намдаах гээд оройдоо хаа нэг өвс, ургамал тамхины голд ороож татсан. 2018 оны 10 сард байх Э бид хоёр агаарт гарч, амарч зугаалахаар машинтайгаа хотоос гарсан. Ингээд Багануур дүүрэг өнгөрөөд Хэнтий аймаг орж явахад миний шээс хүрээд бие засахаар зам чөлөөлөөд зогссон. Би бие засчихаад нөхрөө хартал жалганд бие засчихаад ирэхдээ ургамал байна гээд үүргэвчиндээ хийчихсэн ирсэн. Би тэр зүйлийг юу болохыг лавлаж асуугаагүй, эмчилгээндээ хэрэглэхээр эмийн ургамал авсан юм байх гэж ойлгосон. Манай хүн өөрөө ч тийм зорилготой авсан гэж бодож байна. ... Интернетээс мэдээ мэдээлэл харж байхад зарим сайтуудад каннабис өвс нь хүний биед сайн, дархлаа дэмждэг, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, мэдрэлийн тогтолцоог тэнцвэржүүлдэг гэх мэт мэдээллүүд байдаг болохоор уг өвсийг гол нь өвчнөө эдгээх, намдаах, тайван унтаж амрах зорилгоор л түүж аваад, интернетээр захиалсан байсан. Түүнээс ямар нэгэн байдлаар хар тамхи болгож мансуурах, донтох санаа зорилго огт байгаагүй. ...” /1хх 69-70/,

 

гэрч Б.Лхагвасүрэнгийн “... Би “Монгол шуудан” ХХК-ийн 36 дугаар салбарт касс үйлчилгээний ажилтнаар 2017 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд манай 36 дугаар салбар нь Хан-Уул дүүргийн 1, 2, 3 дугаар хороо, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Нарны хороолол зэргийг хамарч, үйл ажиллагаа явуулдаг. 17031 байршлын код нь манай салбарт харъяалагддаг бөгөөд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд хамаардаг. Chuluunbaatar Erkhembayar Khan-Uul district8 2nd khoroo, Dund gol street Ulaanbaatar 17031 Mongolia гэсэн хаягаар ирсэн илгээмж нь “Монгол шуудан” ХХК-иар дамжин манай салбарт ирж, эзэнд нь очих илгээмж байна. Илгээмж хүлээн авагчийн хаягнаас харахад Чулуунбаатарын Э гэдэг хүн байна. Манай салбарын захиа боодлын дэвтрээс харахад 2017 оны 9 сарын 26, 2018 оны 3 сарын 12-ны өдрүүдэд 2 удаа илгээмж хүлээн авсан гэсэн тэмдэглэлтэй байна. ...” /1хх 62-65/ гэсэн мэдүүлгүүд,

 

Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн даргын 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 07/0014 дугаартай “Дээж-1”-д кариофиллен, “Дээж-2”-д кариофиллен болон сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинол (ТНС) каннабисын давирхайн бүрэлдэхүүнд хамаарагдах каннабинол илэрсэн. Кариофиллен нь ургамлын эфирын тосны найрлагын бүрэлдэхүүнд ордог бөгөөд “Cannabis sativa” ургамалд хамгийн ихээр агуулагддаг. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн II жагсаалтад хамаарагдсан ба каннабисын давирхай нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтад тус тус хамаарагдсан болно.” гэсэн албан бичиг, 0024978 дугаартай итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /хх 78-79/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 967 дугаартай химийн шинжилгээ хийсэн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Ч.Э ШБ83050316” гэж хаягласан дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн /хх 90-91/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 968 дугаартай химийн шинжилгээ хийсэн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. “1-3” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлүүд, “Торны ёроолд байсан ургамал” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн /хх 95-97/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 966 дугаартай химийн шинжилгээ хийсэн шинжээчийн “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 4902490063512291 дугаартай “ERKHEMBAYAR” гэсэн бичиглэлтэй Худалдаа хөгжлийн банкны виза карт, хар өнгийн зүйлээр бохирлогдсон 2 хэсэг тугалган цаас тус бүрээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн /хх 101-102/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 1015 дугаартай химийн шинжилгээ хийсэн шинжээчийн ”Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Ямар нэгэн хаяггүй, улаан судалтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, ямар нэгэн хаяггүй гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “627-1 1.0040” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “627-2 1.1919” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэсэн /хх 106-109/ тус тус дүгнэлтүүд,

Гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-18/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 37-40/,

Хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 41-49/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 54-56/,

            Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 20-27 тоотод нэгжлэг хийж хураан авсан гялгар ууттай 62 грамм Каннабис, гялгар ууттай 148.6 грамм Каннабис, гялгар ууттай 32.2 грамм Каннабис, зиплок түгжээ бүхий ууттай 2 грамм Каннабис ургамал, Ч.Эын биед үзлэг хийж хураан авсан 2 ширхэг тугалган цаас, 49024900635112291 дугаартай Худалдаа хөгжлийн банкны виза карт, Монгол шуудан UA100007319MN серийн дугаартай цагаан өнгийн дугтуй, Joker бичигтэй хар ногоон өнгийн дөрвөлжин гялгар уут, ууттай 2 грамм ургамал, 2 дугаартай уут 2.6 грамм ургамал, дээж 1-0.7 грамм, дээж 2 0.8 грамм ургамал зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 60/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Шүүгдэгч Ч.Эын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт гялгар уутнуудын хамт 244.8 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 20 дугаар байрны 27 тоот дахь гэртээ хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

 

мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 10 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр Нидерландын Нэгдсэн Вант Улсаас интернет сайт ашиглан захиалж, тус улсаас шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Эыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, мөн хориглосон сэтгэцэт нөлөөт бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Ч.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Ч.Эын давж заалдах гомдлын үндэслэл болгосон “... мэдүүлэг авахдаа эрх, үүрэг танилцуулаагүй, тухайн өвсийг түүж бэлтгэсэн зүйл байхгүй, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлээгүй” гэх ... гомдлын хувьд, шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхээс түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлээгүй бөгөөд яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй ба гэрч Т.Бгийн “... 2018 оны 12 дугаар сард интернет сайтаас өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй ургамал захиалсан гэж хэлсэн. Манай нөхөр өвчнөө намдаах гээд оройдоо хаа нэг өвс ургамал тамхины голд ороож татдаг. ...бие засчихаад ирэхдээ үүргэвчиндээ ургамал хийчихсэн ирсэн. ...” /1хх 69/, гэрч Б.Лхагвасүрэнгийн “... Ч.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 26, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр илгээмж хүлээж авч байсан байна. 2018 оны 12 дугаар сард Ч.Э нь 2, 3 удаа ирж өөрийнх нь нэр дээр илгээмж ирсэн талаар асууж байсан. ...” /1хх 62-65/ гэсэн мэдүүлгүүд, гаалийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /1хх 78-80/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 28-32, 37-40/, гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 13-27/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар түүний гаргасан гомдол үгүйсгэгдэж байх тул хүлээн авах боломжгүй байна.

 

Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн давж заалдах гомдолдоо дурдсан “... өвс түүж бэлтгэсэн нь нотлогдоогүй, шүүгдэгч Ч.Э, гэрч Т.Б нарын мэдүүлгийг авахдаа харилцан уншуулж мэдүүлэг авсан ...” гэх гомдлын хувьд, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрч Т.Бгийн мэдүүлгийг авахдаа хуульд заасан журмын дагуу өөрийн гэр бүлийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх, үүргийг нь тайлбарлаж зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрч нь мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд уг мэдүүлгийг авахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудалгүй, энэ талаар урьд гомдол гаргаж байгаагүй, гэрчийн мэдүүлэг нь яллагдагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирсон, шүүгдэгчийн гэрээс хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэтгэцэд нөлөөлөх бодис болох каннабисийн төрлийн ургамлуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 54/, тэдгээрийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх-60/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар дээр дурдсан гомдлын үндэслэл нь үгүйсгэгдэж байгаа болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Өлзийсайханы “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр тэнсэх, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг мөн хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Эын үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэж хорих ялыг сонгон  ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх бөгөөд  түүнд оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 

  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Г.Өлзийсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/318 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Г.Өлзийсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                      ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                                      ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ