Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/237

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000267 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн хүнд даацын тоног төхөөрөмжийн засварчин, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг ******* шилтгээн хотхоны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр бусадтай хардаж 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг ******* шилтгээн хотхоны ******* тоот гэртээ нүүрэн тус газарт нь 4-5 удаа алгадаж зодсон, мөн 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат хорооллын тоотод хадам ээж гэрт газарт унагаах, хөлөөрөө өшиглөх зэрээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, эрүү, баруун, зүүн бугалга, нуруу, бүсэлхий, баруун зүүн шилбэнд цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

  Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр бусадтай хардаж 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг ******* шилтгээн хотхоны ******* тоот гэртээ нүүрэн тус газарт нь 4-5 удаа алгадаж зодсон, мөн 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат хорооллын тоотод хадам ээж гэрт газарт унагаах, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, эрүү, баруун, зүүн бугалга, нуруу, бүсэлхий, баруун зүүн шилбэнд цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Ойрын үед би сонгуулийн ажлаар хэд хоног явсан. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 29-ний өглөө 05 цагийн орчимд гэр рүүгээ  ороход эхнэр сэрчихсэн 06 цагт манай ажлынхан алхалттай гэж хэлээд явах гэхээр нь би уурлаж чи гэртээ ерөөсөө цаг заваа зарцуулахгүй, ажлаа нэгт тавих юм гэж хэлэхэд эхнэр манай алхалтын сүүлийн өдөр гэхээр нь би нүүр рүү нь нэг удаа алгадсан. Тэгээд 09 цагийн орчим эхнэр би хоёр хүүхдээ аваад ээжийн гэр рүү явлаа гээд чемодантай хувцсаа аваад гараад явсан. Тэгээд маргааш нь би хадам ээж гэр рүү очиход эхнэр нь хамт байсан. Намайг гар утсаар залгаад байхад утсаа авахгүй байсан болохоор нь ын нүүр рүү нь цохиж, хөл рүү нь өшиглөсөн. Тэр үед хадам ээж салгаж би гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.ын “...Би Хэрлэн сумын 11 дүгээр багт байрлах Ягаан цээнэ өрхийн эмнэлэгт их эмчээр ажилладаг. ...2024 оны 06 дугаар сарын 29-ний өглөө амралтын өдөр байсан тул манай өрхөөс 06 цагт Найрамдал парк дээр цуглаж тэндээсээ алхалтаа хийхээр болсон. Би 06 цагт сэрээд гэрээсээ гараад явах гэхэд нөхөр босож ирээд чи хар өглөөгүүр хэнтэй уулзах гээд байгаа юм бэ, худлаа хэлээд гэхээр нь би манай аяны хаалтын өдөр гэж ойлгуулж хэлэхэд өөдөөс уурлаад намайг 4-5 удаа нүүр рүү алгадсан. Тэгэхээр нь би тэвчээд ажлынхаа дарга руу утсаар залгаж очиж чадахгүй талаараа хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа манай ажлын ажилчид дуудаад байхаар нь би өөрийн дүү дуудаж машинаар нь хүргүүлэх гээд гэрээс гарах гэхэд нөхөр дахин уурлаад чи манай гэрээс зайл гэхээр нь би чемодантай хувцсаа аваад гэрээс гарсан. Тэгээд ажлын газар дээрээ очиж ажлаа хийж байгаад орой 19 цагт тарж Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах ээж гэрт очиж хоносон. Маргааш нь ээжийн гэрт байж байхад өдөр 12 цагийн орчим нөхөр орж ирээд над руу хүүхдүүдээ аваад сүүлийн удаа хөдөө явъя, орой хүрээд ирье гэхээр нь би үгүй, явахгүй гэж хэлэхэд нөхөр уурлаж намайг өргөөд газар шидсэн. Мөн нүүр рүү хөлөөрөө дэвссэн. Тэр үед ээж хажууд байсан болохоор салгаж явуулсан...” гэх мэдүүлэг, гэрч “...Би өөрийн гэртээ байж байхад ...миний төрсөн охин гаднаас орж ирсэн. Тэгээд би аас хаанаас ирээ гэж асуухад ажлаасаа гэж хэлсэн. Тэгээд өдөр 13 цагийн орчим хүргэн гаднаас орж ирээд ыг хоёулаа 2 хүүхдээ аваад хөдөө яваад ирье гэхэд явахгүй, чи өөрөө яв гэхэд явъя гэж байн байн шалаад гар хөлнөөс нь татаж чангааж байгаад хоорондоо маргалдаж, хэрэлдсэн. Гэтэл гэнэт уурлаж ыг өргөөд газар унагаагаад дээрээс нь хөлөөрөө дэвслээд, хамар амыг цуслаж цохихоор нь би охиноо өмөөрч ийг татаж чангааж салгасан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 383 тоот “...Ц.ын биед зүүн нүдний, дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, эрүү, баруун зүүн бугалга, нуруу, бүсэлхий, баруун шилбэнд цус хуралт, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, хохирогч Ц. нар нь эхнэр, нөхөр болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан болон бусад хохирол төлбөр нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь тусгай дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

   5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА