Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
Хэргийн индекс | 168/2024/0221/Э |
Дугаар | 2024/ШЦТ/223 |
Огноо | 2024-07-22 |
Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.2.1., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Д.Ганчимэг /томилолтоор/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах
Шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч Г.*******туул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421002110255 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Ардын хэсгийн 6 дугаар шүүхийн 1987 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 240 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадваргүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настай хүнийг байнга буюу 2024 оны 02, 03 дугаар сар болон 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрүүдэд Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг тоотод оршин суух төрсөн эгч 61 настай гэрт нь ямар ч шалтаг шалтгаангүйгээр зодсон, мөн 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биеэ хамгаалж чадахгүй гэдгийг нь мэдсээр байж ямар ч шалтаг шалтгаангүйгээр хайруулын тавгаар зүүн шуу, толгойн тус газарт нь цохиж биед зүүн шуунд шарх, зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Би юу болсон талаар санахгүй байна...” гэв.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******туул шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... ямар ч шалтаг шалтгаангүйгээр асран хамгаалагч төрсөн эгч удаа дараа зодсон. ******* 6 сарын хугацаанд албадан эмчилгээ хийлгэсэн тохиолдолд хаврын улирал болж өвчин сэдрэх эрсдэлтэй, өөртөө болон бусдад аюул учруулах магадлалтай учир түүнд 1 жилийн хугацаанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* сумын 7 дугаар баг тоотод нөхөр хамт оршин суудаг. Манай нөхөр ...гэртээ байхаасаа байхгүй нь их байдаг. 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ нөхөр хамт байж байхад 10 цагийн үед манай дүү манай гэрт ирсэн. Түүний хувьд сэтгэцийн өөрчлөлттэй /солиорлын үлдэцтэй/ бөгөөд БОЭТ-ийн сэтгэц наркологийн тасагт 1998 оноос хойш хяналтад байгаа. Түүний асран хамгаалагч нь миний бие байгаа юм. Тухайн үед нь гал тогооны өрөөнд надтай юм яриад сууж байсан бөгөөд би түүнд хандаж “дүүдээ хоол хийж өгнөө” гээд бостол гэрт байсан хайруулын таваг аваад миний толгой руу 2 удаа цохисон. Тэгээд дахиад цохих гэж байхаар нь зүүн гараараа хамгаалахад миний гарыг цохиж гэмтээсэн. ...Түүний хувьд сүүлийн үед над руу уурлаж уцаарлах нь ихсэж байгаа бөгөөд миний бие их айдастай болоод байгаа. ... нь 2024 оны 02 дугаар сард манай гэрт намайг ямар нэгэн шалтгаангүйгээр гараараа цохиж зодсон. Дараа нь 2024 оны 03 дугаар сард мөн л намайг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож байсан. Тухайн үед надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Энэ асуудлыг манай нөхөр мэдэж байгаа. ...Миний хувьд шүүх хуралдаанд оролцохгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27, 29/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь 2024 оны 02 дугаар сард ******* сумын 7 дугаар баг тоот манай гэрт эхнэр ямар нэгэн шалтгаангүйгээр гараараа цохиж, зодож байсан. Мөн 2024 оны 03 дугаар сард дахин зодсон. Би тухайн асуудлуудыг харсан. ...2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ эхнэр хамт байж байхад 10 цагийн үед эхнэрийн дүү нь манайд ирсэн. Тухайн үед гал тогооны өрөөнд юм яриад сууж байсан бөгөөд дүүдээ хоол хийж өгнө гээд босоход нь хайруулын таваг аваад толгой хэсэгт 2 удаа цохисон. ...Тухайн асуудлын улмаас биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. сэтгэцийн 70 хувийн өөрчлөлттэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би ******* сумын 2 дугаар баг ******* тоотод ганцаараа амьдардаг. Би хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар групп тогтоолгосон бөгөөд миний асран хамгаалагчаар миний төрсөн эгч явдаг. Миний эгч нь ******* сумын 7 дугаар баг тоотод нөхөр хамт оршин суудаг. ...2024 оны 04 дүгээр сард эгчийн гэрт очсон. Тухайн үед эгч над руу уурлаад байхаар нь ширээн дээр байсан хайруулын тавгаар толгой руу нь цохисон. Хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна. Өмнө нь эгчийг зодож байсан эсэхээ мэдэхгүй байна. ...Би эгчийгээ хэзээ цохисноо мэдэхгүй байна. Ямар ч байсан уур хүргээд байхаар нь эгчийгээ хайруулын тавгаар толгойд нь цохисон. Эгч надад мөнгө өгөхгүй байсан. Өөр яагаа ч үгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58, 63/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 235 тоот дүгнэлтэд:
1. биед зүүн шуунд шарх, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 40-41/
Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 49 тоот дүгнэлтэд:
1. овогтой // нь одоо үлдэц шизофрения хэмээх сэтгэцийн өвчтэй байна. Хэрэг үйлдэх үедээ уг сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
2. овогтой нь зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.
3. ******* нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг, холбогдох өвчний түүх байна.
4. ******* нь өөрийн үйлдлийн бодит шинж чанарыг ойлгож ухамсарлан хэрэг хариуцах чадваргүй байна.
5. ******* нь өөртөө болон бусдад аюул учруулах эмгэг төрх төст байдал бүхий шинж тэмдэг илэрч байна.
6. Сэтгэцийн өвчин нь эдгэрэх боломжгүй ба засрал сайжралд орж болно. Уг хугацааг тогтоох боломжгүй байдаг болно.
7. *******т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авах шаардлагатай байна. Тусгай дэглэмд албадан эмчлүүлэх саналтай байна гэжээ. /хх-ийн 47-49/
- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 08/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/
- Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19/
- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38, 84/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-68/
- Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тамгын газрын ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 73/
- Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 74/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 02, 03 дугаар сар болон 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрүүдэд Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эгч 61 настай ямар ч шалтаг шалтгаангүйгээр зодсон, мөн 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биеэ хамгаалж чадахгүй гэдгийг нь мэдсээр байж ямар ч шалтаг шалтгаангүйгээр хайруулын тавгаар зүүн шуу, толгойн тус газарт нь цохиж биед зүүн шуунд шарх, зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж., гэрч Б. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 235 тоот “... биед зүүн шуунд шарх, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 49 тоот дүгнэлтээр шүүгдэгч Э. нь шизофрения хэмээх сэтгэцийн өвчтэй, хэрэг үйлдэх үедээ уг сэтгэцийн эмгэгтэй байсан байна. ******* нь ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг, өөрийн үйлдлийн бодит шинж чанарыг ойлгож ухамсарлан хэрэг хариуцах чадваргүй байна. Сэтгэцийн өвчин нь эдгэрэх боломжгүй ба засрал сайжралд орж болно. *******т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авч, тусгай дэглэмд албадан эмчлүүлэх шаардлагатай бөгөөд өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, мөн хуулийн үйлчлэлд гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор хуульчилжээ.
Хохирогч Ж. нь шүүгдэгч *******ын төрсөн эгч нь бөгөөд асран хамгаалагч болох нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын ажлын албаны тодорхойлолт болон хохирогч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9-т зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч *******т авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын клиникийн тусгай тасагт 1 жилийн хугацаагаар хэрэглэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, *******ыг эмчлүүлэх хүсэлтэй байна” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9-т зааснаар шүүгдэгч *******т сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар *******т сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүхийн сэтгэц эмгэг судлалын клиникийн тусгай тасагт 1 /нэг/ жилийн хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Нийслэлийн прокурорын газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА