| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2021/0045/И |
| Дугаар | 130/ШШ2021/00822 |
| Огноо | 2021-11-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 130/ШШ2021/00822
Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ө аймгийн Б сумын Сонгуулийн салбар хороо /дарга Х.Д/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Нөхөн сонгуулийн зардалд 19.200.000 /арван есөн сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Ө аймгийн Б сумын Сонгуулийн салбар хорооны дарга Х.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө аймгийн Б сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан, сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Т нь 2019 оны 02-р сард өвчний учир нас барсан тул орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх, сумын ИТХ-ын даргыг шинээр сонгох зайлшгүй шаардлага гарч Б сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хүчин төгөлдөр 2019 оны 04-р сарын 10-ны өдрийн Нөхөн сонгуулийг товлон зарлах тухай" 32-р тогтоолоор Б сумын 8-р тойрог А багийн Орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх нөхөн сонгуулийг 2019 оны 6-р сарын 30-ны өдрийн Ням гарагт явуулахаар товлон зарласан. Мөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 04-р сарын 30-ны өдрийн хүчин төгөлдөр Сонгуулийн салбар хороо байгуулах тухай" 43 дугаар тогтоолоор сумын сонгуулийн салбар хороог дараах 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Үүнд: Сумын сонгуулийн салбар хорооны даргаар - Х.Д / Хурлын нарийн бичгийн дарга/, Нарийн бичгийн даргаар Х.Шн /Нийгмийн бодлогын түшмэл/, Гишүүдээр нь: Нийгмийн даатгалын байцаагч Х.Т , Мал зүйч Х.Ц , Мал эмнэлгийн тасгийн дарга А.С нарыг томилсон тул сонгуулийн салбар хороо Сонгуулийн Ерөнхий Хорооноос хүргүүлсэн нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нөхөн сонгуулийг зохион байгуулж явуулсан. Сумын сонгуулийн салбар хороо 2019 оны 05-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар Б сумын 8-р тойрог А багийн нөхөн сонгуулийн хэсгийн санал авах байрыг сумын төвийн Соёлын төвийн Б" зааланд байгуулж, хэсэгт санал авах , тоолох ажлыг зохион байгуулж явуулах хэсгийн хороог дараах 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсан. Үүнд: Хэсгийн хорооны даргаар - А.Х/ Байгаль Орчны Улсын байцаагч/, Нарийн бичгийн даргаар - А.М /Халдвартын их эмч /, Гишүүдээр нь: Газрын даамал Т.М , Цаг уурын ээлжийн техникч М.А, ЗДТГазард татвар хураагч А.А нар, Мэдээлэл технологийн даамлаар Ахлах сургуулийн физикийн багш Д.С ажиллуулсан. Сонгуулийн Ерөнхий Хороо 222 ширхэг саналын хуудсыг хэвлүүлэн санал тоолох хар машины хамт сумын сонгуулийн хороонд тагнуулын байгууллагаар дамжуулан хүргүүлсэн тул сумын сонгуулийн хороо хэсгийн хороонд 222 ширхэг саналын хуудсыг санал тоолох хар машины хамт хүлээлгэн өгснөөр санал авах байр цагдаагийн хамгаалалтад авагдсан. 2019 оны 06-р сарын 29-ний өдөр 09 цагаас 20 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авагдсан. Хэсгийн хорооны гишүүд 2019 оны 06-р сарын 30-ны өдөр сонгогчдын саналыг Улаанбаатарын цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авсан. Б суманд зууны цагт ялаа, шумуул их гардаг учраас зусланд 30-100 км газард зургаадугаар сарын сүүлээр нүүдэг нүүдлийн сум. Манай сумын төвийн айл өрх хөдөөгийн малчин өрхүүд зусланд 2019 оны 6-р сарын 20-нд нүүсэн. 2019 оны 6-р сарын 30-ны өдөр явагдсан А багийн Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд сонгогчдын 50% нь хол газраас зуслангаас сумын төвд ирэх унаагүйгээс болж сонгуульд ирж санал хураалтад оролцож чадаагүй тул сонгуулийн ирц 50%-д хүрээгүй юм. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна гэж заасан. Сонгуулийн ирц 50%-д хүрээгүй тул А 8-р тойрог буюу 164-р хэсэгт нэмэлт санал хураалт явагдсан. Өөрөөр хэлбэл А 8-р тойрог 164- р хэсэгт нөхөн сонгуулийн санал хураалт хоёр удаа явагдаж дууссан. Сумын сонгуулийн хороо 2019 оны 07-р сарын 06-ны өдөр хуралдаж А багийн 164-р хэсэгт 2019 оны 6-р сарын 30-ны өдөр буюу 07-р сарын 06-ны өдөр явагдсан нэмэлт санал хураалтын хоёр удаагийн саналын дүнг нэгтгэхэд нэр дэвшигч С.А нь нийт сонгогчдын 82 сонгогчийн саналыг авч ялалт байгуулан сумын ИТХ-ын хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Дээрх өдрүүдэд явагдсан нөхөн сонгуульд байгууллагын ажилтан, албан хаагчдаас 13 хүн, цагдаагийн тасгаас 3 хүн, Сонгуулийн ерөнхий хорооноос 2 хүн, Аймгийн улсын бүртгэлийн газраас 3 хүн, нийтдээ 20 хүн ажилласан. Ингээд А багийн 164 дүгээр хэсэгт явагдсан 2 удаагийн нөхөн сонгуульд ажилласан ажилчдын урамшууллын мөнгө, хоолны мөнгө, байгууллага, хоршоо, компани, хувь хүнд төлөх шуудан холбоо, бичиг хэрэг, бензин шатахуун, унааны зардал зэрэг сонгуулийн биелэгдэх ажиллагааны зардал нийтдээ 19.200.000 төгрөг гарсан гэсэн тооцоо гарч байгаа. Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дугаар заалтад орон нутгийн нөхөн, дахин ээлжит бус сонгуулийн зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж тодорхой заасан байгаа тул энэ нөхөн сонгуулийн төсөв орон нутгийн төсвөөс гарах ёстой. Б сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны хүчин төгөлдөр хөрөнгө зарцуулах тухай 61 дүгээр тогтоолоор Засаг даргын нөөц хөрөнгөнөөс нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны урьдчилгаанд 2.000.000 төгрөгийг шийдвэрлэсэн боловч тухайн үед орон нутгийн төсвөөс нөхөн сонгуулийн зардалд нэг ч төгрөг гаргаж өгөөгүй. А багийн 164-р хэсэгт хоёр удаа явагдсан нөхөн сонгуульд гарсан нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардлын 8.600.000 төгрөгийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн ээлжит бус долоодугаар хуралдаанаар авч хэлэлцээд уг мөнгийг 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгээс гаргуулан олгохоор шийдвэрлэж мөн өдрийн хуралдааны хүчин төгөлдөр 2018 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай" 14-р тоот тогтоолыг гаргаж тогтоолын хавсралтаар нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөгийг шийдвэрлэж баталсан. Тухайн үед Ө аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргахад Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх тогтоолын хууль зүйн үндэслэл нь хэлэлцэгдэж байгаа гэсэн. Тус сумын А багийн 164-р хэсэгт хоёр удаа явагдсан нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардлын 8.600.000 төгрөгийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн ээлжит хоёрдугаар хуралдаанаар авч хэлэлцээд уг мөнгийг 2018, 2019 оны орон нутгийн орлогын давсан хэсгээс гаргуулан олгохоор шийдвэрлэж мөн өдрийн хуралдааны хүчин төгөлдөр төгөлдөр Давсан орлогыг зарцуулах тухай" 05-р тогтоолыг гаргаж тогтоолын хавсралтаар нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөгийг баталсан. Орон нутгийн давсан хэсгийн дээрх мөнгөний эрх нь 2019 оны 12-р сарын сүүлээр нээгдэж Аймгийн Төрийн сангаас санхүүжилтийн мөнгөний хамт сумын ЗДТГазарын Төрийн сангийн дансанд батлагдан хуваарилагдан ирсэн байхад өгөөгүй. Энэ мөнгө өнөөдрийг хүртэл ЗДТГазрын орон нутгийн ерөнхий орлогын 100020800910 тоот дансанд зарцуулагдаагүй бэлэн байгаа. Иймд тус шүүхээс хүсэх нь: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12-р сарын 11- ний өдрийн ээлжит хоёрдугаар хуралдааны хүчин төгөлдөр Давсан орлогыг зарцуулах тухай" 05-р тоот тогтоолын хавсралтаар баталж шийдвэрлэж өгсөн сумын сонгуулийн хорооны нөхөн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны бэлтгэл ажиллагааны зардлын мөнгө болох 8.600.000 / найман сая зургаан зуун мянган/ төгрөгийг мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны хүчин төгөлдөр 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгөний хуваарилалтыг 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталж шийдвэрлэж өгсөн сумын сонгуулийн хорооны нөхөн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны бэлтгэл ажиллагааны зардлын мөнгө болох 8.600.000/ найман сая зургаан зуун мянган/ төгрөгийг мөн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгө зарцуулах тухай 61 дүгээр хүчин төгөлдөр тогтоолоор нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардалд 2.000.000 / хоёр сая /төгрөг нийт 19.200.000 / арван есөн сая хоёр зуун мянган / төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн болон төлөөлөгчдийн 3 удаагийн хүчин төгөлдөр тогтоолоор Б сумын А багийн 164 дүгээр хэсэгт 2 удаа явагдсан нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардалд гарч байгаа нийт 19.200.000 төгрөгийг 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсэг болон Засаг даргын нөөц хөрөнгөнөөс хуваарилан олгохоор шийдвэрлэж өгсөн тул энэ мөнгийг тус сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гаргуулан тус сумын Сонгуулийн салбар хороонд олгож өгөхийг хүсье гэв.
Хариуцагч Ө аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Т.Ш шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Д нь Орон нутгийн орлогын давсан хэсгээс сонгуулийн зардал гаргуулах талаар ЗДТГ-т удаа дараа хүсэлт ирүүлж байсан. Энэхүү асуудлын талаар судлан үзэхэд Х.Д-ы нэхэмжилж байгаа 8,600,000 /найман сая зургаан зуун мянга/ төгрөгийг 2018 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай сумын ИТХ-ын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны Хуралдаан даргалагч Д.Е-ын гарын үсэгтэй 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан боловч уг хуралдаанаар тийм асуудал хэлэлцээгүй, тогтоолын хавсралтыг өөрчилсөн байна гэж тухай үеийн зарим төлөөлөгчид ярьж байна. 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсэгт төвлөрсөн 18 450 000 /арван найман сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хуваарилан зарцуулах талаар ИТХ- аас дээрх тогтоолууд гарсан боловч тогтоолын хавсралт ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд дутуу орж ИТХ-ын нарийн бичгийн дарга хавсралтыг өөрчилсөн байна гэж үзээд тус хөрөнгийг зарцуулах сумын Засаг даргын захирамж гараагүй учраас мөнгө шилжүүлэх эрх үүсээгүй тул 2018 оны давсан орлого төрийн сангийн дансанд байсаар ирсэн. Дараа нь ИТХ-ын даргын маргаантай асуудлаас болоод 2018, 2019 оны давсан орлогыг дахин хуваарилагдаагүй болно. Үүнийг 2020 оны сонгуулиар сумын ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын дарга, Засаг дарга нар дахин сонгогдсоны дараа 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаанаар 2018, 2019 онуудын хуваарилагдаагүй үлдсэн давсан орлого болох 47,771,000 /дөчин долоон сая долоон зуун далан нэгэн мянга/ төгрөгийг дахин хуваарилалтыг хэлэлцсэн. Уг хуралдаанд миний бие өөрөө оролцож тэмдэглэл хөтөлсөн ба нөхөн сонгуулийн зардалд 8,600,000 /найман сая зургаан зуун мянга/ олгох талаар ямар асуудал орж хэлэлцээгүй. Энэ нь тухайн хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байгаа ба хуралдаанд оролцсон төлөөлөгчид ч үүнийг батлах болно. Уг хуралдаанаас давсан орлогыг хуваарилсан тогтоол гаргасан боловч хавсралтыг нарийн бичгийн дарга Х.Д нь дахин өөрөө дур мэдэн тогтоолын хавсралтыг өөрчлөн тамга дарж /ИТХ-ын тамга Х.Д-д байгаа/ баталгаажуулсан нь тогтоогдсон. Нөхөн сонгууль явуулах үед сум орон нутгийн эдийн засаг хүндрэлтэй төсөв мөнгө хүрэлцэхгүй байсан учир Сонгуулийн ерөнхий хороонд хандаж зардал шийдвэрлүүлэх талаар хүсэлт илгээснээр Сонгуулийн Ерөнхий хорооноос санал тоолох төхөөрөмж хүргэх, буцаах зардал, саналын хуудас хэвлэх зардлыг гаргаж өгөөхөөр болж, сумаас зардал гаргахгүйгээр дотоод нөөц боломжид тулгуурлан төрийн албан хаагчдыг дайчлан томилолт, урамшуулал олгоогүй явуулах талаар чиглэл ирүүлснээр тухай үед сонгуулийг явуулсан ба зардал гаргаагүй болно.Хэсгийн хороодод ажиллах үеэр гарах шатахууны зардлыг сумын ИТХ-аас гарган өгсөн болно. Иймд дээрх байдлуудаас харгалзан үзэхэд нөхөн сонгуулийн зардалд хуваарилагдсан гэх 8600.0 мянган төгрөг нь ямар ч үндэслэлгүй гарч ирсэн мөнгө гэж үзсэн тул уг мөнгийг орон нутгийн орлогын давсан хэсгээс гаргах боломжгүй байна. Шат шатны сумын ИТХ-ын хуралдаанаар ямар сонгуулийн зардалд тийм мөнгө хуваарилах талаар хэлэлцэгдээгүй, мөнгө хуваарилаагүй болохыг ИТХ-ын төлөөлөгчид болон сумын удирдлагууд баталж байгаа гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ш-т 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаан хийж өгөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ө аймгийн Б сумын Сонгуулийн салбар хорооны дарга Х.Д-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ө аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох нөхөн сонгуулийн зардалд 19,200,000 /арван есөн сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ Ө аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №05 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зардал 8,600,000 төгрөг, тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №14 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зардал 8,600,000 төгрөг, тус сумын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №61 дүгээр тогтоолоор нөхөн сонгуулийн зохион байгуулах сумын сонгуулийн хорооны үйл ажиллагааны бэлтгэл ажиллагаа болон бусад зардалд зориулан 2,000,000 төгрөг нийт нөхөн сонгуулийн зардалд 19,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Е-аас Ө аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар тус сумын нөхөн сонгуулийн зардлыг хэлэлцээгүй тус сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Х.Д нь тогтоолын хавсралтыг өөрчилж, хуурамч тамга тэмдэг ашигласан. Нөхөн сонгууль явуулах үед сум орон нутгийн эдийн засаг хүндрэлтэй төсөв мөнгө хүрэлцэхгүй талаар албан бичиг явуулснаар Сонгуулийн Ерөнхийн хорооноос санал тоолох төхөөрөмж хүргэх буцаах, зардал,саналын хуудас хэвлэх зардлыг гаргаж өгсөн.Төрийн албан хаагчийг дайлан томилолт,урамшуулал олгоогүй явуулах талаар чиглэл ирүүлснээр тухайн үед нөхөн сонгууль явуулсан ба хэсгийн хороодод ажиллах үеэр гарах шатахууны зардлыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргаж өгсөн өөр зардал гаргаагүй гэж маргажээ.
Ө аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №14 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зардалд 8,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Ө аймаг Б сумын Иргэдийн төлөөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 14 дугаартай “ 2018 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн хувиарлалтыг батлах тухай” тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1. “к”, 18.2, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1, 30.4.3, 30.4.4, Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Төлөөлөгчдийн ээлжит бус долдугаар хуралдаанаас тогтоох нь 1. Б сумын 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсэгт төвлөрсөн 18,450,000-00 /арван найман сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 1-р хавсралтаар хуваарилан батлан олгосугай гэж, 1-р хавсралтаар 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгээс хуваарилсан мөнгөний жагсаалтыг баталж, энэхүү жагсаалтын 3-т сумын сонгуулийн хороонд, зориулалт нөхөн сонгуулийг зохион байгуулах СХ-ны бэлтгэл ажиллагааны зардалд, мөнгөний дүн 8,600,000 гэж баталсан байна.
Ө аймаг дахь Төрийн Аудитын газрын албан шаардлага 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/63 дугаартай “ Зөрчил арилгуулах тухай” -д ... тайлант онд уг мөнгийг сумын Сонгуулийн хороонд олгоогүй бөгөөд оны эцэст сумын орон нутгийн ерөнхий орлогын 100020800910 тоот дансанд төвлөрүүлсэн байна. Уг мөнгө нь сумын ерөнхий орлогын дансанд үлдэгдэлтэй байна. Сумын Засаг дарга өөрөө өргөн барьж сумын ИТХ-ын хуралдаанд оруулж батлуулсан арга хэмжээнд хуваарилагдсан хөрөнгийг тайлант онд зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй боловч тогтоолыг хэрэгжүүлээгүй байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.4.8-д “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 41.2.2-д “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. ... шаардах нь; 1. Сумын ИТХ-ын тогтоолоор нөхөн сонгуулийн зардалд хуваарилагдсан 8600,0 мянган төгрөгийг сумын Сонгуулийн хороонд нөхөн олгож, сумын ИТХ-ын хуралдааны тогтоолыг хэрэгжүүлэх гэсэн байна.
О.Х-ийн нэхэмжлэлтэй, Ө аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан даргалагч, Тэргүүлэгчдэд холбогдох “Ө аймгийн Б сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас гарсан бүх тогтоолууд, Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох, Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоох, 2019 оны 11 дүгээр сарын 01-ээс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн АААА дугаартай шийдвэрээр 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 25 дугаар зүйлийн 25.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар “Хурлын даргыг чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, О.Х-ийг Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сар 19 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4918909 төгрөгийг Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр “Төлөөлөгчдийн хуралдааныг хүчингүйд тооцох тухай” 08 дугаар “Тэргүүлэгчээс чөлөөлөх тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Х-ийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01,02,03, 05,06, 09, 10, 11, 12, 13, 14 дүгээр тогтоол, Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэж байсан байна.
Нэхэмжлэгч О.Х-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын Тэргүүлэгчдэд болон хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан даргалагч, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн анхдугаар хуралдаан даргалагчид холбогдох захиргааны хэргийг Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 110/ШШ2020/..... дугаартай шийдвэрээр 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Х-аас Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд болон Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан даргалагчид холбогдуулан гаргасан “Ө аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний, 2019 оны 10 дугаар сарын 16-ны, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдийн хуралдаанууд, мөн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдаан болоогүй болохыг тогтоох шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзсугай гэж хянан шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч О.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 151 дугаартай магадлалаар Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн тогтоох нь хэсгийн 3 дахь заалтын 7 дугаар хуралдааны 01,02,03,04,05,06,08,09,10,11,12,13,14 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах гэсний дараа “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох” гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Е-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, нэхэмжлэгч О.Х нарын гомдлыг хангахгүй орхисон байна. Улмаар нэхэмжлэгч О.Х нь магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн АААА дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
Иймд нэхэмжлэгч Ө аймгийн Б сумын Сонгуулийн салбар хорооны дарга Х.Д-аас тус шүүхэд хариуцагч Ө аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №14 дугаар тогтоол болон түүний нэгдүгээр хавсралтыг үндэслэн нөхөн сонгуулийн зардалд 8,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газраас нөхөн сонгуулийн зардалд 8,600,000 төгрөгийг гаргуулан Б сумын Сонгуулийн салбар хороонд олгох нь зүйтэй байна.
Ө аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №05 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зардалд 8,600,000 төгрөг мөн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №61 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зохион байгуулах сумын сонгуулийн хорооны үйл ажиллагааны бэлтгэл ажиллагаа болон бусад зардалд зориулан 2,000,000 төгрөг нийт 10,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс Ө аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №05 дугаар тогтоолын хавсралтын 3 дахь заалтаар сумын нөхөн сонгуулийн хооронд нөхөн сонгуулийн зардалд 8,600,000 төгрөг шийдвэрлэж өгсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлжээ.
Гэтэл тус сумын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар сумын орон нутгийн давсан орлого хуваарилах асуудлыг хэлэлцсэн ба хэлэлцэхдээ сумын нөхөн сонгуулийн хооронд нөхөн сонгуулийн зардалд 8,600,000 төгрөг олгох талаар хуралдаанаар хэлэлцээгүй болох нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдаанд Б сумын Засаг дарга Х.Е, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Т, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид А.Т, Т.А, Ш.Б, К.Т нарын гэрчээр өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс миний бие сумын ИТХ нарийн бичгийн даргын хувьд тухайн ИТХурлын хуралдааны тэмдэглэлийг би хөтөлсөн гэж 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №02 дугаартай хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг хурлын тэмдэглэлд хурлын нарийн бичгийн дарга Х.Д нь гарын үсэг зурсан байх боловч тухайн хурлыг удирдсан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Т-ы хянаж зурсан гарын үсэггүй мөн хөндлөнгийн өөр бичгийн нотлох баримтаар тухайн хурлаар нөхөн сонгуулийн зардалд 8,600,000 төгрөгийг шийдвэрлэсэн эсэх нь тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс Ө аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №61 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зохион байгуулах сумын сонгуулийн хорооны үйл ажиллагааны бэлтгэл ажиллагаа болон бусад зардалд зориулан 2,000,000 төгрөг шийдвэрлэж өгсөн гэж уг тогтоолыг нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь хариуцагч байгууллагаас нөхөн сонгуулийн зардалд 10,600,000 төгрөг нэхэмжилж үүнтэй холбогдуулан Ө аймгийн Б сумын сонгуулийн хорооны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн урамшуулал, хоолны мөнгө олгох тухай № 02 дугаар тогтоол болон Б сумын 8-р тойрог А багийн орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх нөхөн сонгуулийн Б сумын сонгуулийн хооронд ажиллагсдын урамшуулал мөнгөний тооцоо, Ө аймгийн Б сумын сонгуулийн хорооны 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн урамшуулал, хоолны мөнгө олгох тухай №07 дугаар тогтоол болон Б сумын 8-р тойрог Асгат багийн орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх нөхөн сонгуулийн Б сумын сонгуулийн хооронд ажиллагсдын урамшуулал мөнгөний тооцоо, Б сумын иргэн Д-аас Б сумын сонгуулийн хэсгийн хооронд өгсөн болон хөлсөлсөн барааны үнэ 170,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэх №02, Төрөл бүрийн барааны дэлгүүрийн худалдагч К-аас 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №24 дугаар нэхэмжлэхээр 212,400 төгрөг мөн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримтаар 212,400 төгрөг, Б сумын Х хоршоогоос А-80 бензин буюу 240 литр 552,000 төгрөг 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэх №11 мөн А-80 бензинээс 300 литр буюу 690,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №13 дугаар нэхэмжлэхээр А-80 бензин 572 литр буюу 1,315,600 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б сумын нөхөн сонгуулийн дарга Х.Д болон нарийн бичгийн дарга Х.Ш нараас №01 дугаар бензиний талоноор 60 литр, №02 дугаар бензиний талоноор 50 литр, №03 дугаар бензиний талоноор 50 литр, №04 дугаар бензиний талоноор 80 литр, №05 дугаар бензиний талоноор 140 литр, №06 дугаар бензиний талоноор 160 литр, №0709 дугаар бензиний талоноор 160 литр, №10 дугаар бензиний талоноор 172 литр, №11 дүгээр бензиний талоноор 240 литр, №12 дугаар бензиний талоноор 100 литр нийт 1212 литр-д бензиний талон олгосон зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Гэвч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Ө аймгийн Б сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны №07 дугаар тэмдэглэлийн 16 дугаар хуудсанд Х.Д-аас ...А багийн 8-р тойрог 164-р хэсэгт үндсэндээ нөхөн сонгууль 2 удаа явагдсан.Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-р нөхөн сонгуулийн зардлыг Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр заасан тул тус сумын 8-р тойрог А багт нөхөн сонгуулийг явуулахад сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардалд 8,600,000 /найман сая зургаан зуун мянган/ төгрөгийн тооцоо гарч байгаа тул уг мөнгийг энэ удаагийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцээд 2018 оны орон нутгийн орлогод төвлөсөн давсан хэсгийн 18,450,000 төгрөгийн хуваарилалтад өөрчлөлт оруулан хуваарилан олгож өгнө үү гэсэн саналыг хурлын ажлын албаны даргын болон сонгуулийн хорооны даргын хувьд тавьж байна... гэснээр тус хурлаас 14 дүгээр тогтоолоор тус сумын Сонгуулийн салбар хороонд нөхөн сонгуулийн зардалд 8,600,000 төгрөгийг шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс дахин нөхөн сонгуулийн зардал гэж 8,600,000 төгрөг болон 2,000,000 төгрөг төгрөг нийт 10,600,000 төгрөг нэхэмжилсэн хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №05 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зардалд 8,600,000 төгрөг мөн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №61 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зохион байгуулах сумын сонгуулийн хорооны үйл ажиллагааны бэлтгэл ажиллагаа болон бусад зардалд зориулан 2,000,000 төгрөг нийт 10,600,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанд Х.Д-аас ...А багийн 8-р тойрог 164-р хэсэгт үндсэндээ нөхөн сонгууль 2 удаа явагдсан.Сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардалд нийт 8,600,000 /найман сая зургаан зуун мянган/ төгрөгийн тооцоо гарч байгаа гэж өөрийнхөө тайлбарласнаар тухайн хурлаас шийдвэрлэсэн байх тул шүүхээс нөхөн сонгуулийн зардал нь 8,600,000 төгрөг л байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн Б сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №14 дугаар тогтоол болон түүний нэгдүгээр хавсралтыг үндэслэн хариуцагч Ө аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөг гаргуулан Ө аймгийн Б сумын Сонгуулийн салбар хороонд олгож, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн илүү нэхэмжилсэн 10.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Аймаг, Нийслэл, Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10 дугаар зүйлийн 10.1.13-д заасныг баримтлан хариуцагч Ө аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас нөхөн сонгуулийн зардалд 8,600,000 төгрөгийг гаргуулан Б сумын Сонгуулийн салбар хороонд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 10,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү маргаан нь эцэслэн шийдвэрлэтэл тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн Хүсэлтийг шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай АААААААААА дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 01 дэх заалтыг хэвээр үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН