Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/232

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421001670194 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн******* сумын 11 дүгээр баг ******* шилтгээн хотхон ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн******* сумын 8 дугаар багийн иргэн эзэмшлийн Asus маркийн Core i9 суурин компьютерыг түр хугацаагаар барьцаалан зээлдүүлэх газар тавиад буцааж өгнө гэж тохиролцон итгэмжлэн хариуцаж авсан эд хөрөнгөө бусдад зарж борлуулан 3,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирлоо нэг сарын хугацаанд төлж барагдуулна...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь надаас миний компьютерыг шилжүүлэн авах үедээ барьцаалан зээлдүүлэх газарт тавиад 7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гээд авсан. Миний хувьд *******ай компьютерыг маань бусдад зарах тухай ярьж байсан зүйл бол байгаа. Гэхдээ миний компьютерыг зарсан тохиолдолд бүх мөнгийг нь би авах ёстой байсан. Зарах тухай тодорхой хэлээгүй бөгөөд хэн нэгэнд зарах талаар надтай ярьсан зүйл огт байхгүй. Харин ломбардад тавиад мөнгийг нь 7 хоногийн дараа буцаан төлөөд миний компьютерыг буцаан өгнө гэж хэлээд авсан. Ингээд миний компьютерыг ломбардад 600,000 төгрөгөөр барьцаалан зээл авсан гэж хэлээд надад 100,000 төгрөг өгч байсан. Тухайн 100,000 төгрөг нь миний компьютерыг ашигласны төлбөр гэж хоорондоо тохиролцож авсан юм. Харин 500,000 төгрөгөө өөрөө хэрэглэнэ гэж байсан. Энэ үйл явдал нь 2024 оны 02 дугаар сарын сүүл үеэр болсон бөгөөд тухайн үеэс 1 сар орчим өнгөрсөн боловч  надтай холбоо барихгүй, уулзахгүй зугтаагаад байсан тул би цагдаагийн байгууллагад хандах болсон. миний компьютерыг гэх найздаа надаас зөвшөөрөл авалгүйгээр 1,600,000 төгрөгөөр зарсан байсан. Миний хувьд өөрийн компьютерыг бүрэн бүтэн хүлээн авсан. Харин тухайн компьютерын үнэлгээг Дамно гэх хөрөнгийн үнэлгээний газраар гаргуулсан төлбөр 88,000 төгрөгийг би өөрийн данснаасаа шилжүүлсэн. Иймд би аас уг 88,000 төгрөгөө нэхэмжлэх болно. Өөр надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

Иргэний нэхэмжлэгч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай найз надтай Дорнод аймгийн******* сумын 1 дүгээр багт байрлах******* номин худалдааны төвийн спорт зааланд таарч уулзахдаа “надад зарах компьютер байна, хямдхан зарна, мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлсэн. надад хэлэхдээ тухайн компьютерыг эзэмшлийн компьютер бөгөөд намайг зарж болно гэж зөвшөөрсөн гэх утгатай зүйл ярьсан. Ингээд би аас тухайн компьютерыг шилжүүлэн авах үед Asus загварын компьютер байсан. ...Ингээд би ын данс руу ...1,600,000 төгрөг шилжүүлэн худалдан авсан. Одоо тухайн компьютер нь манай гэрт байгаа. ... надад хэлэхдээ зарж болно гэж зөвшөөрөл өгсөн гэж ойлгуулсан учир би түүнд итгэж авсан. Худалдан авсан үйл явдлаас 2 цагийн дараа би холбогдож түүний компьютерыг худалдаж авсан гэдгээ хэлэхэд нь ******* тухайн компьютерыг зарж болно гэж өгөөгүй байсан. Иймд би т надаас буцааж авах бол 1,600,000 төгрөгийг маань буцааж өгөөд авч болно гэж хэлсэн. ...Би гэгчид 1,600,000 төгрөгийг компьютер худалдан авсан төлбөр гэж шилжүүлсэн ураас түүнээс 1,600,000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын эхэн үеэр шиг санаж байна. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад ахаас түүний суурин хар өнгийн компьютерыг нь авсан. ... ахтай тохирох үедээ түүний компьютерыг ломбардад 7 хоногийн хугацаатай барьцаалан зээл аваад мөнгийг нь төлөөд буцааж өгнө гэж хэлээд авсан. Ингээд би түүний компьютерыг ломбардад тавиагүй бөгөөд өөрийн таньдаг ах болох гэгчид 600,000 төгрөгт барьцаалан зээл авсан. Тухайн 600,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг өөрөө хэрэглээд ахад 100,000 төгрөгийг нь компьютерыг нь хэрэглэж байгаадаа шан хөлс болгож өгсөн. Ингээд тухайн компьютерыг буцааж авч өгөх мөнгө олдохгүй байсан учраас уг компьютерыг өөрийн найз од 1,600,000 төгрөгөөр зарж өөрөө хэрэглэсэн. ...Би хүмүүсээс мөнгө зээлсэн байсан учраас уг зээлээ дарах зорилгоор компьютерыг нь зарж мөнгийг хэрэглэсэн байсан. Хэрэв ахтай хамт уг компьютерыг зарсан бол мөнгийг нь ах өөрөө авах байсан. Ийм учраас би мэдэгдэлгүйгээр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/

- Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17/

- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38-40/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн******* сумын 8 дугаар багийн иргэн хохирогч эзэмшлийн Asus маркийн Core i9 суурин компьютерыг түр хугацаагаар барьцаалан зээлдүүлэх газар тавиад буцааж өгнө гэж тохиролцон итгэмжлэн хариуцаж авсан эд хөрөнгөө бусдад зарж борлуулан С.т 3,300,000 төгрөгийн хохирол учруулж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... ахтай тохирох үедээ түүний компьютерыг ломбардад 7 хоногийн хугацаатай барьцаалан зээл аваад мөнгийг нь төлөөд буцааж өгнө гэж хэлээд авсан. ...Ингээд тухайн компьютерыг буцааж авч өгөх мөнгө олдохгүй байсан учраас компьютерыг найз од 1,600,000 төгрөгөөр зарж мөнгийг нь өөрөө хэрэглэсэн. ...Хэрэв ахтай хамт уг компьютерыг зарсан бол мөнгийг нь ах өөрөө авах байсан учраас би түүнд мэдэгдэлгүйгээр зарсан...” гэх мэдүүлэг, хохирогч “... нь надаас миний компьютерыг шилжүүлэн авах үедээ барьцаалан зээлдүүлэх газарт тавиад 7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гээд авсан. ... миний компьютерыг гэх найздаа надаас зөвшөөрөл авалгүйгээр 1,600,000 төгрөгөөр зарсан байсан. Миний хувьд өөрийн компьютерыг бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.ын “...2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай найз надтай Дорнод аймгийн******* сумын 1 дүгээр багт байрлах******* номин худалдааны төвийн спорт зааланд таарч уулзахдаа “надад зарах компьютер байна, хямдхан зарна, мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлсэн. надад хэлэхдээ тухайн компьютерыг эзэмшлийн компьютер бөгөөд намайг зарж болно гэж зөвшөөрсөн гэх утгатай зүйл ярьсан. ...Ингээд би ын данс руу ...1,600,000 төгрөг шилжүүлэн компьютерыг худалдан авсан...” гэх мэдүүлэг,  хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 3,300,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгчид 1,600,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “өөрийн компьютерыг буцааж авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй. Харин хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 88,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж, иргэний нэхэмжлэгч Г. “шүүх хуралдаанд оролцохгүй, компьютер худалдан авсан 1,600,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэж тус тус тэмдэглүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1,688,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.т 88,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.од 1,600,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 1,688,000 /нэг сая зургаан зуун наян найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.т 88,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.од 1,600,000 төгрөгийг тус тус олгосугай

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА