| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2021/00394/И |
| Дугаар | 130/ШШ2021/00850 |
| Огноо | 2021-11-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2021/00850
М аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б банкны М аймаг дахь салбар /захирал Л.Ө/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М аймгийн Б сумын 6 дугаар багт оршин суух, Ж овогт А.Е-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ск, хариуцагч А.Е-, хариуцагчийн өмгөөлөгч С.А, орчуулагч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ........... тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, уг зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 9,011,855 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,080,206 төгрөг, нийт 11,092,061 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Б банкны М аймаг дахь салбарын захирал Л.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Серик шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Ш.А, А.Е- нар нь Б Банкны Төв тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ............. тоот зээлийн гэрээ байгуулан 12,000,000 /Арван хоёр сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Ш.А, А. Е- нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь 480 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Банкны зүгээс Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.4-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэн зээл төлөх мэдэгдлийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1.2018 оны 09 дугаар сарын 04-ны өдрийн .......... тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,
2.3ээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг гаргуулах. Үүнд:
2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн .......... тоот зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 9,011,855 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,080,206 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 11,092,061 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Е- шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М аймгийн Б сумын 6 дугаар багт түр оршин суудаг ........ регистрийн дугаартай, Ж овогт А.Е- надаас М аймаг дахь Б банкны салбар нь авсан зээлийн үлдэгдэл гэж 11,092,061 төгрөг нэхэмжилсэн :....... дугаартай зээлийн өөрийн нэхэмжлэлтэй танилцаж зөвшөөрөхгүй тухайгаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Зээл авсан хүн Ш.А нь миний аав бөгөөд аав 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус нэхэмжлэгч Б банкнаас зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай авсан тухай нэхэмжлэлд хавсаргасан зээлийн гэрээний нэг хувьтай танилцаж мэдлээ. Энэ гэрээнд хамтрагч гэж миний гарын үсэг зурагдсан байна. Би энэ гарын үсгийг зурсан талаар сайн мэдэхгүй, эргэлзэж байна. Талийгаач аав маань ажиллаж байхдаа цалингийн зээл авсан байх боломжтой ч намайг хамтрагчаар оролцуулах үндэслэлгүй билээ. Намайг эрсэлд оруулж төлбөрт унагах хүн биш юм. Банкнаас хамтрагч олж ирэхийг шаардахад аав миний бичиг баримтыг аваачиж бүртгүүлж зээлийн баримт бичгийг бүрдүүлсэн байж болзошгүй гэж бодож байна. Учир нь би банканд очиж ямар нэгэн гарын үсэг зураагүй. Би банканд очиж ямар нэгэн гарын үсэг зураагүй, магадгүй аав миний гарын үсгийг дурайлган зурсан ч юм билүү гэж бодож байна. Энэ зээлийг миний эцэг авсан нь үнэн юм байна. Гэвч гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш учраас энэ зээлийг төлөхийг зөвшөөрөхгүй гэв. Иймд хариуцагч биш надаас 11,092,061 төгрөг нэхэмжилсэн Б банкны салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудыг тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б банкны М аймаг дахь салбар нь А.Е-д холбогдох 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ....... дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, уг зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 9,011,855 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,080,206 төгрөг, нийт 11,092,061 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, зээлдэгч Ш.А, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Е- нар нь Б банкны М төв тооцооны төвөөс цалингийн зээлийн гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулан 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авч, уг цалингийн зээлийн гэрээнд зээлдэгч Ш А, хамтран үүрэг гүйцэтгэгч А. Е- нар нь гарын үсэг зурж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн барьцааны гэрээ, зээлдэгч Ш.А, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Е- нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэтэл энэ хугацаанд үндсэн зээлдэгч Ш.А 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нас барсан болох нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр М аймаг, Б сумын улсын бүртгэгчээс олгосон Г-184, ............ дугаартай Нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.
Цалингийн зээлийн гэрээний дөрөв дүгээр бүлэгт зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийн талаар тодорхой заасан ба уг бүлгийн 4.2.7-т зээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн бусдад ашиглуулах, дамжуулан зээлдүүлэх, шилжүүлсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ зээлдэгч өөрөө хариуцан төлж барагдуулах, 4.2.11-т зээлийг буцаан төлүүлэх мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд зээлийн төлбөрийг заасан хугацаанд гүйцэтгэх, 4.2.15-т энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, давхар барьцаалуулах бол холбогдох гэрээг байгуулахаас өмнө гэрээний 2.4.1-т зааснаас үл хамааран нийт төлбөл зохих зээлийн үлдэгдэл, тооцогдсон хүү, тооцогдсон бол нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх, 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх (энэ гэрээний 4.1.1 болон 4.1.4-д зааснаас бусад)-ийг эдэлж үүрэг хүлээнэ гэж хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхийг хамтран үүрэг гүйцэтгэгч А.Е- нь хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан ба дээрх гэрээнд заасан эрх үүргээ хамтран үүрэг гүйцэтгэгч А.Е- нь зөрчсөн байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, мөн хуулийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Б банкны М аймаг дахь салбар нь үндсэн зээлдэгч Ш.А нас барсан тул 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан цалингийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч А.Е-аас дээрх мөнгийг нэхэмжлэх эрхтэй байна.
Хамтран үүрэг гүйцэтгэгч А.Е- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй, зээл төлөх хугацааг 480 хоногоор хэтрүүлсэн, гэрээнд заасан эрх үүргээ зөрчсөн учир зээлдэгч Ш.А, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Е- нартай 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг Б банкны М аймаг дахь салбар нь нэг талын санаачилгаар буюу хугацаанаас өмнө цуцлах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хамтран үүрэг гүйцэтгэгч А.Е- нь би Голомт банканд зээлтэй, тэнд зээл төлдөг, уг зээлийг төлөх боломж байхгүй, зээлдэгч /аав/ Ш.А нь талийгаач цалингийн зээл авсан байх боломжтой, хамтрагч гэж миний гарын үсэг зурагдсан байна, би энэ гарын үсгийг зурсан талаар сайн мэдэхгүй, эргэлзэж байна. Би банканд очиж ямар нэгэн гарын үсэг зураагүй, магадгүй аав миний гарын үсгийг дурайлган зурсан ч юм билүү, хариуцагч би надаас 11,092,061 төгрөг нэхэмжилсэн Б банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхэд тайлбар ирүүлсэн боловч дээрх үндэслэлээр хариуцагч А.Е- нь тус банктай байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Мөн зээлийн гэрээний тав дугаар бүлгийн 5.1.7-т зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэжээ.
Хариуцагч А.Е-ы Б банкны миний талийгаач аав Ш.А-д цалингийн 12,000,000 төгрөгийн зээл олгохдоо А.Е- намайг хамтрагчаар гарын үсэг зурсан гэх зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохын тул шинжээч томилж, дүгнэлт гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч, 2021 оны 06 сарын 02-ны өдрийн .......... дугаартай шүүгчийн захирамжаар шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулахад 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 1. Шинжилгээнд хүргүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ................ дугаартай Барьцааны гэрээний 2 дахь хуудасны ар талд доод хэсэгт зээлдэгч, барьцаалуулагч дээр зурагдсан гарын үсгийг А.Е- зурсан байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн харьцуулах загварт туршилтын загварын А.Е- зурсан гэх гарын үсгийн 4 дэх мөрийн 20 дахь гарын үсэг, БАРИМТ №4,6, Б банкны зарлагын мэдүүлэгт зурагдсан 4 гарын үсэг гарын үсгийн загваруудтай тохирч байна гэжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байхаар хуульчилсан байна.
Нэхэмжлэгч Б банкны М аймаг дахь салбарын М төв тооцооны төвтэй байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийн зээлээс үндсэн зээлийн үлдэгдэл 9,011,855 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,080,206 төгрөг бүгд 11,092,061 /арван нэгэн сая ерэн хоёр мянга жаран нэг/ төгрөг төлөгдөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн бүртгэлийн картаар нотлогдож байна.
Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч А.Е-аас үндсэн зээлийн үлдэгдэл 9,011,855 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,080,206 төгрөг, нийт 11,092,061 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б банкны М аймаг дахь салбарт олгож, нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Е-аас 192,423 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б банкны М аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг тус тус баримтлан 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ж овогт А.Е-аас үндсэн зээлийн үлдэгдэл 9,011,855 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,080,206 төгрөг, нийт 11,092,061 /арван нэгэн сая ерэн хоёр мянга жаран нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б банкны М аймаг дахь салбарт олгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б банкны М аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Е-аас 192423 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б банкны М аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор М аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б