| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2024/0073/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/73 |
| Огноо | 2024-07-23 |
| Зүйл хэсэг | 27.10.4., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баярмэнд,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Б-д холбогдох ......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн .... суманд төрсөн, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ..... сумын .... баг, ... хэсгийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, .... овогт -ын Б, регистрийн дугаар ........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Завхан аймгийн ..... сумын ..... багийн нутаг дэвсгэр ..... хэсгийн урд байрлах засмал зам дээр 00-00 улсын дугаартай “******* *******” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэр ..... хэсгийн урд байрлах засмал зам дээр 00-00 улсын дугаартай “******* *******” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөнөөс иргэн Л.Ц-г автомашинаар мөргөж амь насыг хохироосон,
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” гэсэн заалтуудыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-ийн “...2024 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн орчимд над руу цагдаагийн газраас залгаад “та Л.Ц гэх хүнийг таних уу. Л.Ц ........ сумын ..... багийн нутаг дэвсгэрт авто замын хажууд нас барсан байдалтай байна” гэж хэлээд дүүгээ ослын улмаас нас барсан болохыг мэдсэн. Талийгаач 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ..... суманд төрсөн бөгөөд бид нар эцэг эхээс тавуулаа, талийгаач Л.Ц бид нарын хамгийн бага дүү маань байсан. Талийгаач дүү маань хэрэг гарахын өмнө Завхан аймгийн ..... сумын .... баг ..... 00 тоотод П.А болон түүний 3-н хүүхэдтэй нь хамтран амьдарч байсан. Талийгаач Л.Ц-ийн тухайд ямар нэгэн архаг хууч өвчингүй байсан. Завхан аймгийн ....... албанд ..... хийж байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын орчимд уг ажилд томилогдон ажиллаж байсан. Би талийгаачийн амь насыг харамсалтайгаар алдсандаа маш их гомдолтой байна. Одоогоор талийгаачийн буяны ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд буян ажил дуусахаар буяны ажилд зарцуулсан төлбөр болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. ...Оршуулгатай холбоотой зардал 12,276,647 төгрөг, талийгаачийн зээл 13,846,063 төгрөг, олох ёстой байсан цалин орлого 270,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 198,000,000 төгрөг нийт 494,122,710 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч П.А-ийн “...2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр бид хоёр ажил тарж ирээд гэртээ хоолоо идчихээд машиндаа засвар хийгээд байж байхдаа утсаар яриад байсан бөгөөд 22 цаг өнгөрч амбаараас хадаас хайна гэж гарчхаад орж ирэхгүй болохоор нь би хойноос залгасан боловч утсаа авахгүй салгаад байсан. Тэгэхээр нь би утас руу нь хаана байна, хурдан утсаа ав гээд мессеж бичсэн чинь байж байгаад 22 цаг 29 минутад над руу залгахаар нь “чи хаана байгаа юм” гэхэд “гэртээ ойрхон байна” гээд хүмүүс цаана нь шуугилдаад байсан. Аккумлятор авсан хүн чинь залгаад байна чи архи уугаад байгаа юм уу гэхэд битгий үглээд бай гэж хэлээд утсаа салгасан. Түүнээс хойш надтай ярихгүй байж байгаад 03 цаг 41 минутад миний өөрийн 000000 дугаар руу өөрийнхөө 000000 дугаарын утаснаас 21 удаа залгасан байсан. Би унтаж байсан болохоор утсаа аваагүй, утасныхаа дууг хаачихсан байсан. Мөн манай охины 000000 дугаар руу нэг удаа залгасан байсан. Би өглөө 07 цаг 40 минутын орчимд боссон бөгөөд би ажил руугаа явах замд засмал зам дээр осол гараад зам хаачихсан байсан болохоор өөр замаар яваад ажил дээрээ очоод ажлынхаа хүмүүсээс Ц ирсэн үү гээд асуухад ирээгүй байсан. Тэгээд тэнд байсан хүмүүсээр утас руу нь залгуулахад утас нь дуудаад хариу өгөхгүй байсан. Би түүнийг 10 цаг өнгөрч байхад нас барсан болохыг цагдаагаас мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 112-113 -р хуудас/,
- Гэрч Д.М-ийн “...шөнө 04 цагийн орчимд хашааны гүйдэг хаалга онгойгоод гаднаас машин хашаа руу орж ирсэн. Тэгээд шууд граждаа машинаа хийчхээд орж ирсэн бөгөөд баруун талын орон дээр шууд унтсан. Би өглөө 07 цаг өнгөрч байхад галаа түлээд цай чанаад хүүхдийнхээ хувцсыг бэлдээд байж байтал 08 цаг өнгөрч байхад манайд 2 хүн ирээд цагдаагаас явж байна гээд манай нөхрийг унтаж байхад нь сэрээгээд аваад явсан. Би хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гарах гэж байхад дахиад цагдаа нар ирээд манай гражийг онгойлгож үзлэг хийгээд манай машиныг аваад явсан бөгөөд би нөхрийгөө машин жолоодож яваад осол гаргасан юм байна гэж бодсон. Манай нөхөр 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 04 цагийн орчимд гэртээ ирсэн. Манай нөхөр бага зэрэг согтуу бололтой байсан болохоор ямар нэгэн зүйл асууж тодруулаагүй, шөнө элдэв зүйл асуугаад уур уцаарыг нь хүргэчих юм болов уу гэж бодоод юу ч яриагүй. Би гэрийнхээ зүүн талын орон дээр хүүхэдтэйгээ унтаж байсан бөгөөд манай нөхөр баруун талынхаа орон дээр хэвтээд шууд унтсан. ******* өнгийн ..... маркийн, 00-00 гэсэн улсын дугаартай автомашинтай. Уг автомашины гэрчилгээ нь миний нэр дээр байдаг бөгөөд манай нөхөр бид хоёрын дундын өмчлөлийн машин байгаа юм. Манай нөхөр 2023 оны 09 дүгээр сарын орчимд байх архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Манай нөхөр М.Б намайг миний эзэмшлийн 00-00 улсын дугаартай “....” маркийн тээврийн хэрэгслээр хүргэж өгчхөөд өөрөө уг тээврийн хэрэгслийг жолоодоод ажилдаа явсан. 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 00-00 улсын дугаартай “.....” маркийн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй зүгээр байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116-р хуудас/,
- Гэрч С.П-ийн “...2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн орчимд ажлаа тараад Б, М хоёрын хамт дэлгүүрээс нэг шил архи аваад Ц-тай очиж уулзаад Б-ийн машинд сууж байгаад хувааж уучхаад Б-ийн машиныг Б дэлгүүрийн үүдэнд тавьж үлдээчхээд М-д таксигаар хүргүүлж очоод тэднийд 2 шил архи авч очиж бүгдээрээ хувааж уусан. Бид нарыг архи уугаад сууж байхад Ц гараад явчихсан байна. Намайг М-тай юм яриад сууж байхад Б, М хоёр гараад явчихсан бөгөөд бие засчхаад буцаад ороод ирэх юм байх гэж бодоод сууж байтал буцаж орж ирээгүй. М надад ор засаж өгөөд М бид хоёр тэднийд хоносон. Бид нар архи уугаад сууцгааж байсан болохоор Л.Ц-ийг яг хэдэн цагийн үед явсан болохыг мэдээгүй. Бид нарыг юм яриад сууж байхад л гараад явчихсан байсан. Б 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 03 цагийн орчимд л гараад явсан байх. Би цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Бид нар ер нь хоорондоо маргалдаж муудалцаагүй. Д.М-ны гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Бид нарыг Л.Ц-тай уулзах үед түүний биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119-р хуудас/,
- Гэрч Д.М-ны “...23 цагийн орчимд П, Б, М гурав Ц гэх нэг залуугийн хамт дөрвүүлээ 2 шил архи аваад манайд ирсэн. Тэгээд бид нар манай гэрт авчирсан архийг нь хувааж ууцгаасан. Бид нарыг юм яриад сууж байхад Ц нь гараад явчихсан. Тэгээд сүүлд нь Б, М хоёрыг гараад явчихаар нь гадаа бие засаж байгаа юм байна гэж бодож байтал явчихсан байсан. Тэд нарыг буцаж орж ирэхгүй болохоор нь би П ахад ор засаж өгөөд манайд унтацгаасан. Манай гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Би Л.Ц гэгчийг танихгүй, урьд өмнө нь уулзаж байгаагүй, Л.Ц-ийн биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас/,
- Гэрч Д.М-гийн “...Б согтчихоод явна гээд оволзоод эхэлтэл гэрийн эзэн нь чи согтуу байна машинаа хашаан дотор оруулчхаад яв гээд хэлсэн боловч Б явна гэж гараад машинаа асаагаад намайг суу гээд суулгачхаад хөдлөөд явж байгаад ер нь Ч буюу П-ийг аваад явна гээд буцаж очоод Ч-г явъя гэж хэлсэн боловч Ч явалгүй үлдсэн. Тэгээд Б бид хоёр буцаж гараад гэртээ харъя гээд бааз руу явсан. Тэгээд 2 дугаар сургуулийн замын урд талын дэлгүүрийн гадаа очоод зогстол нэг саарал машин зогсож байсан бөгөөд нөгөө машин хөдлөөд уруудаад явчихсан. Тэгсэн Б машинаасаа буугаад дэлгүүр орчхоод ирье гэж буучхаад нөгөө машин буцаад ирж байна ш дээ гээд машиндаа орж ирж суугаад хөдлөөд 2 дугаар сургуулийн хажуу талын замаар өгсөөд давхисан бөгөөд хойноос нэг машин ирж байгаа харагдаж байсан. Нефтийн хэсгээр дээшээ өгсөөд Б хар эрчээрээ замын хоёр тал руу буюу замын цагаан шугам болон явган хүний явдаг хэсэг рүү гараад давхисан. Тэгэхээр нь би “чи ингэж хурдан явж болж байгаа юм уу” гэсэн чинь юу ч дуугараагүй давхиад байсан. Тэгсэн бид хоёрын урд талд нэг хүн явж байгаа харагдсан. Тэр хүн утсаа оролдоод байгаа бололтой бид хоёрын урдаас явж байсан. Тэр үед Б машинаа хоёр тийш нь дараад явж байтал нэг юм мөргөх шиг болоод машин нь нэг үсэрч ойж буугаад Б зам өгсөөд дээшээ эрчээрээ давхиж байгаад зогссон. Тэнд машинаасаа буугаад Б, П руу утсаараа залгаад би хүн дайрчих шиг боллоо та нар хүрээд ирээч гээд ярьсан. Харин Ч буюу П бид нар нэг жолооч дуудсан байгаа тэр жолооч ирвэл яваад очъё гэж хэлсэн. Тэгээд тэр газраа бид хоёр 30 орчим минут хүлээж зогсож байгаад тэндээс хөдлөөд Б-гийн гадаа очоод би хашааных нь дааман хаалгыг онгойлгож өгөөд Б машинаа жолоодоод хашаа руугаа орж машинаа граждаа оруулж тавьчихаад буцаж гарч ирээд дахиж Ч буюу П ах руу залгаад та хоёр очоод үзээдхээч гээд ярьсан. Тэгэхээр нь би хоёулаа очиж үзэх үү гэсэн чинь Б надад хариулаагүй буцаад гэр рүүгээ орсон. Тэгэхээр нь би гэртээ харьж унтсан. Б-гийн өөрийнх нь эзэмшлийн ******* өнгийн машинтай л явж байсан. Би машины марк дугаарыг нь мэдэхгүй байна. Осол болох үед Б өөрөө машинаа жолоодож явсан юм. Тухайн үед Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн нэлээн согтуу байсан. Тухайн хүнийг мөргөснийхөө дараа л нэг удаа тоормос гишгэх шиг болсноо хурдаа нэмээд цаашаа давхиж байгаад зогссон. Зам дээр ямар нэгэн халтиргаа гулгаа үүсээгүй, гадаа цас ороогүй байсан. Тухайн хүнийг засмал замын хажуугаар явж байхад нь замаас гарч очоод жолоочийн урд хэсгээрээ мөргөчихсөн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/,
- Завхан аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.О-ын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 000000000 дугаартай “...1. Л.Ц-ийн цогцост: Хүзүүний нугалмын аман хүзүү хэсгээр бүрэн салсан хугарал мултрал, нугасны бүрэн тасрал, зүүн шилбэний шаант тахилзуур ясны далд хугарал, духны зүүн тал, баруун хацар, шанаа, хэвлийн урд хэсэг, баруун гарын чигчий, дунд хуруу, баруун гуя, зүүн гарын тохой, зүүн хөлийн тавхай, зүүн шилбэ хэсэгт зулгаралт, дотор эрхтнүүдийн доргилт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Амь хохирогч Л.Ц-ийн цогцост үүссэн гэмтлүүд нь авто ослын улмаас үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.
3. Амь хохирогч Л.Ц-ийн цогцост үүссэн гэмтлүүд нас барахаас өмнө үүссэн байна. Нас барсны дараа гэмтэл тогтоогдсонгүй.
4. Амь хохирогч Л.Ц-ийн цогцост үүссэн гэмтлүүд нь нас барахад шууд хамааралтай хүнд гэмтлүүд учирсан байна.
5. Амь хохирогч Л.Ц нь хүзүүний нугалмын аман хүзүү хэсгээр бүрэн салсан хугарал мултрал, нугасны бүрэн тасралын улмаас нас барсан байна.
5. Амь хохирогч Л.Ц-ийн цогцост үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 150-153-р хуудас/
- Завхан аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч З.Б-ын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 000000000 дугаартай “...1. Амь хохирогчийн өмсөж байсан гэх шинжлэгдэж буй хар өнгийн цамцанд түлэгдэлтээс үүссэн цооролтын гэмтэл, шар өнгийн хагас ханцуйтай цамцанд урагдалтын гэмтэл, ногоон цоохор өнгийн өмдөнд үүссэн 5ш урагдалтын гэмтэл, хөх саарал өнгийн дотуур өмдөнд урагдалтын гэмтэл тус тус үүссэн байна. Шар өнгийн хагас ханцуйтай цамцанд үүссэн 2 дугаартай сумаар заасан гэмтэл, ногоон цоохор өнгийн өмдөнд үүссэн 4, 5, 6, 7 дугаартай сумаар заасан гэмтэл, хөх саарал өнгийн дотуур өмдөнд үүссэн 8 дугаартай сумаар заасан гэмтлүүд шинээр үүссэн гэмтэл байна.
2. Шар өнгийн хагас ханцуйтай цамцанд үүссэн 2 дугаартай сумаар заасан гэмтэл, ногоон цоохор өнгийн өмдөнд үүссэн 4, 5, 6, 7 дугаартай сумаар заасан гэмтэл, хөх саарал өнгийн дотуур өмдөнд үүссэн 8 дугаартай сумаар заасан гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн гэмтлүүд байж болно.
3. Шар өнгийн хагас ханцуйтай цамцанд үүссэн 2 дугаартай сумаар заасан гэмтэл, ногоон цоохор өнгийн өмдөнд үүссэн 4, 5, 6, 7 дугаартай сумаар заасан гэмтэл, хөх саарал өнгийн дотуур өмдөнд үүссэн 8 дугаартай сумаар заасан гэмтлүүд нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буюу хэрэг болох үед үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,/хавтаст хэргийн 169-179-р хуудас/
- Завхан аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч З.Б-ын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 000000000 дугаартай “...1. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 4, 5, 8 гэж дугаарласан ******* өнгийн хуванцар эд зүйлүүдэд хэсгээс бүхэл тогтоох шинжилгээ хийж болно.
2. Хэргийн газраас хураан авсан 4, 5, 8 гэж дугаарласан эд зүйлүүд нэг бүхэл хэсэг үүсгэж байна.
3. Хэргийн газраас хураан авсан 4, 5, 8 гэж дугаарласан эд зүйлүүд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн 00-00 улсын дугаартай .... өнгийн ... маркийн тээврийн хэрэгслийн урд купертэй нэг бүхэл хэсэг болж байна.
4. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 6 гэж дугаарласан хар өнгийн под карло гэх нэршилтэй зүйл нь япон улсад үйлдвэрлэсэн .... маркийн тээврийн хэрэгсэлд ашиглагддаг эд зүйл байна. 00-00 улсын дугаартай .... өнгийн .... маркийн тээврийн хэрэгслийн эд зүйл байна.
5. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 7 гэж дугаарласан эд зүйлүүд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн 00-00 улсын дугаартай .... өнгийн .... маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын их гэрлийн никель хүрээтэй нэг бүхэл хэсэг болж байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 184-191-р хуудас/
- Завхан аймгийн авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер Б.Б-ын “..1. 2014 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2022.02.22 онд Монгол улсад орж ирсэн. /орж ирсэн оны техникийн үзүүлэлтийн дүгнэлтийн хуудсыг хавсаргав/
2. Урд салхины шил хагарч цацарч бяцарсан, баруун урд буфер хагарсан, баруун урд талын карлан чихэгдэж хэвээ алдсан, баруун урд гэрэл сууриараа хагарч эвдэрсэн, баруун талаараа копуд хонхойж замаск ховхорч хууларсан, зүүн толь сууриараа эвдэрсэн байна.
3. Энэ нь осол болох үед үүссэн.
4. Дээрх тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлүүд нь тухайн осол болоход үүссэн бөгөөд осол болоход уг гэмтлүүд нь нөлөөлөхгүй.
5. 2024.03.21-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн. /2024 оны техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудсыг хавсаргав/
6. Тухайн осол болох үеийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохоос өмнөх техникийн бүрэн бүтэн байдлыг мэдэхгүй учир тодорхойлох боломжгүй байна.
7. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.2кН, баруун талдаа 2.2кН, зөрүү нь 0% (стандарт <20%). Стандарт шаардлага хангаж байна. 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,9кН, баруун талдаа 0,7кН, зөрүү нь 22%, (стандарт <30%). Стандарт шаардлага хангаж байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 198-200 -р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээч 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0000 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “М.Б 29/эр” гэж хаягласан цуснаас 1,7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,7 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 136-137 -р хуудас/,
- Завхан аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Т-ийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “...2.1. ... ургийн ....ын Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.д, 3.5.а, 3.5.б, 3.7.а заалтад заасныг тус тус зөрчсөн байна.
2.2 Амь хохирогч Л.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6, 5.12.а, 5.12.б заалтад заасныг тус тус зөрчсөн байна.
2.3. .... ургийн ....-ын Б-ийн гаргасан үйлдэл нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.
2.4. Амь хохирогч Л.Ц-ийн Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь осол гарахад нөлөөлөх шалтгаан болоогүй гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа /хавтаст хэргийн 215-219-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 4-18-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан болон бусад нотлох баримтуудыг бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх бөгөөд тухайн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан. Уг гэмт хэргийн улмаас Л.Ц-ийн амь нас хохирсон болох нь хэргийн үйл баримт, түүнтэй холбоотой нотлох баримтууд болон Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 000000000 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч М.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан эрх бүхий албан тушаалтны “...2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 17 минутад М.Б-гийн согтолтыг Alcotest багаж ашиглан шалгахад 2,13 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэх тэмдэглэл болон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын химийн шинжээчий 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0000 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “М.Б 29/эр” гэж хаягласан цуснаас 1,7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,7 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргаж, бүх нийтээр дагаж мөрдөхөөр журамласан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарчээ.
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” гэсэн заалтыг зөрчиж хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлэхгүйгээр ослын газрыг зориуд орхиж зугтаасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч М.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б нь хэдийгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодсон санаатай үйлдэлтэй хэдий ч уг үйлдлийнхээ улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй, харин автотээврийн гэмт хэрэг үйлдсэнээ мэдсээр байж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг болон шүүгдэгч, амь хохирогч нарын архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5 дахь хэсэгт зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Б нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “…оршуулгатай холбоотой зардал 12,276,647 төгрөг, талийгаачийн зээл 13,846,063 төгрөг, олох ёстой байсан цалин орлого 270,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 198,000,000 төгрөг нийт 494,122,710 төгрөг нэхэмжилж байна” гэв. Шүүгдэгч М.Б-ийн зүгээс уг нэхэмжлэлээс 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг төлж барагдуулсан болох талуудын мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирлын талаарх бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад оршуулгатай холбоотой Е баримтаар 4,620,743 төгрөг, аж ахуйн нэжгийн зарлагын баримтаар 2,808,404 төгрөг, баримтгүйгээр 8,154,500 төгрөг, Х.Б-ийн ажлаасаа чөлөө авсан хугацааны цалин 2,750,000 нийт 18,333,647 төгрөг,
Амь хохирогч Л.Ц-ийн авсан зээл буюу ******* ХХК-иас авсан гар утасны зээл 209,900 төгрөг, ******* ББСБ-аас авсан зээл 364,543 төгрөг, ******* банкнаас авсан цалингийн зээл 13,271,620 төгрөг нийт зээл 13,846,063 төгрөг,
Ирээдүйд авах байсан цалин хөлс 270,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 198,000,000 төгрөг буюу нийт 500,179,710 төгрөгийн нэхэмжлэл байна.
Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгатай холбоотой 18,333,647 төгрөгийн нэхэмжлэлээс 7,128,747 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 11,204,900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн тухайд нотлох баримтаар тогтоогдохгүй баримтгүйгээр нэхэмжилсэн 8,154,500 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоогүй 1-р хавтаст хэргийн 62-р хуудасны 1-9 дугаартай хот хоорондын замын шалган нэвтрүүлэхийн хураамж 9,000 төгрөг, 63-р хуудасны 2 дугаартай Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний хөлс 50,000 төгрөг, мөн хуудасны 7, 10 дугаартай хот хоорондын нийтийн тээврээр зорчигчийн зардал нийт 157,400 төгрөг, мөн хуудасны 12 дугаартай Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээний хөлс 80,000 төгрөг, 64-р хуудасны 20-23 дугаартай хот хоорондын замын шалган нэвтрүүлэхийн хураамж 4,000 төгрөг, Х.Б-гийн ажлаасаа чөлөө авсан хугацааны цалин 2,750,000 төгрөг буюу нийт 11,204,900 төгрөг байна.
Мөн хохирочийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-гийн амь хохирогч Л.Ц-ийн авсан зээл буюу ******* ХХК-иас авсан гар утасны зээл 209,900 төгрөг, ******* ББСБ-аас авсан зээл 364,543 төгрөг, ******* банкнаас авсан цалингийн зээл 13,271,620 төгрөг нийт 13,846,063 төгрөгийн зээл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-гийн амь хохирогч Л.Ц-ийн ирээдүйд авах байсан цалин хөлс 270,000,000 төгрөг, түүний охин Ц.А-ийн сэтгэцэд учирсан хохирол 198,000,000 төгрөгийн нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж, уг гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх зүйтэй байна.
Амь хохирогч Л.Ц нь Ц.С-тэй 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ц-ийн А төрсөн болон эхнэр Ц.С 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нас барсан нөхцөл байдал Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн “гэрлэсний бүртгэлийн лавлагаа”, “нас барсны бүртгэлийн лавлагаа” болон бүртгэлийн 8170000010 дугаартай Ц.А-ийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Амь хохирогч Л.Ц-ийн охин Ц.А нь ээж Ц.С-ийг нас барснаас хойш өдий хүртэл хугацаанд нагац эмээ /ээжийнхээ ээж/ Б.Э-ийн асран хамгаалалтанд амьдарч байгаа болох нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан баримт, тайлбар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д “гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасан. Иймд амь хохирогч Л.Ц-ийн насанд хүрээгүй охин Ц.А-гийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээд дээрх гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүгдэгч М.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт 12,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч М.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 248-р хуудас/
Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял,
Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд мөн хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э “...шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн байдал, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэснийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүх шүүгдэгч М.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч М.Б-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан байх тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 10 /арав/ жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа үеэс... эхлэн тоолно” гэж заасан тул шүүгдэгч М.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг түүнд шүүхээс оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолно.
Энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан авсан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт М-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосон”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч М.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5-д тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-ийн 500,179,710 /таван зуун сая нэг зуун далан есөн мянга долоон зуун арав/ төгрөгийн нэхэмжлэлээс амь хохирогчийн ирээдүйд авах цалин хөлс 270,000,000 /хоёр зуун далан сая/ төгрөг, Ц.А-гийн сэтгэцэд учирсан хохирол 198,000,000 /нэг зуун ерэн найман сая/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, уг гэм хорын хохирлыг шаардах эрх бүхий этгээд нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол оршуулгатай холбоотой зардал 18,333,647 /арван найман сая гурван зуун гучин гурван мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөгийн нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоогүй 3,050,400 /гурван сая тавин мянга дөрвөн зуу/ төгрөг, нотлох баримтаар тогтоогдохгүй 8,154,500 /найман сая нэн зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоогүй зээлийн төлбөр 13,846,065 /арван гурван сая найман зуун дөчин зургаан мянга жаран тав/ төгрөг нийт 25,050,963 /хорин таван сая тавин мянга есөн зуун жаран гурав/ төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 7,128,747 /долоон сая нэг зуун хорин найман мянга долоон зуун дөчин долоо/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч М.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ